Миний бие саяхан Хятадын Шэнжэн хотод зохион байгуулагдсан, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтой холбоотой төсөл, инновацуудыг дэмжих Unleash хэмээх хөтөлбөрт хамрагдсан юм. Энэ үеэр өөрийн багийн ментор, 145 оронд 6000 сайн дурын ажилтантай, энтрепренершипийн дэлхийн хамгийн том сүлжээ Startup Weekend байгууллагыг үүсгэн байгуулалцсан эрхэмтэй ярилцлага хийх боломж олдсон билээ. Францаас гаралтай энэ америк энтрепренер ашгийн төлөө ба ашгийн бус олон төслийг эхлүүлж, дэлхийг тойрон ажилладаг аж. Компьютерийн тооцооллын илүү нөөцөө бусдад ашиглуулан онлайнаар мөнгө олох JoinMassive.com, аяллын салбарт инновац хийхээр зорьж буй 600 орчим стартапыг нэгтгэсэн Voyagerhq клуб, ардчиллыг бэхжүүлэхэд технологийг ашиглах Electis.io ашгийн бус байгууллага, амжилттай яваа энтрепренерүүдийг том компаниудтай холбох Recorp.co зэрэг сонирхолтой төслүүд дээр тэр хэрхэн ажилладаг бол?

Байршил: Пуэрто Рико, Парис, Киев, Таллинн, Нью Йорк
Эрхэлдэг ажил: Electis.io, JoinMassive.com, Recorp
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудсууд: Franck Nouyrigat (Linkedin), Franck Nouyrigat (Facebook)

ТА БИДЭНД ӨӨРИЙГӨӨ ЖААХАН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Би Францад төрж, тэнд компьютерын шинжлэх ухаан, бизнесийн удирдлагаар суралцсан. Төгссөнийхөө дараа хэдэн жил консалтингийн ажил хийсэн юм. Гэвч нэг л өөр юм хиймээр санагдаад байв. Ингээд “Би хэрхэн өөртөө туслангаа бусдад тусалж болох вэ?” гэж бодож эхэлсэн. Эхэндээ яахаа мэдэхгүй байв. Тэгээд Цахиурын хөндий рүү нүүж, 2009 оны үед хоёр хамтрагчтай танилцаж, Startup Weekend-ийг байгуулсан юм. Эхэндээ байгууллага маань ашгийн төлөө байсан ч бид сүүлд нь ашгийн бус болгосон. Одоо тус байгууллага маань 145 оронд 6000 сайн дурын ажилтантай, энтрепренершипийн дэлхийн хамгийн том коммюнити болоод байна. Өнөөдрийн хүртэл бид үйл ажиллагаагаараа 200,000 хүний амьдралд нөлөөлжээ.

Маш олон хүнд санаа байвч түүнийгээ бизнес болгож чаддаггүй болохоор туслахыг хүссэндээ бид Startup Weekend-ийг байгуулсан. Startup Weekend Монголд ч нэлээд олон жил хийгдсэн. Бид сүүлд нь энэ төслөө тогтвортой авч явахын тулд Techstars-тай нэгтгэсэн.

Одоо энтрепренерүүдэд тусалж байна, харин ирээдүйд юу хийх вэ? гэдэг асуулт мэдээж тавигдана. Миний бодлоор өнөөгийн нийгэмд энтрепренерүүд гайхалтай зүйлсийг бүтээж байгаа ч том корпорацууд, том сангууд тэднийг хангалттай үнэлэхгүй байгаа мэт санагддаг. Үнэндээ 1 сая долларын бизнес босгох нь Харвардын бизнесийн сургууль төгсөхөөс хавьгүй хэцүү. Энэ байдлыг өөрчлөх нь миний дараагийн зорилго.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний өдөр бүр өөр өөр. Би өдрөөр гэхээсээ сараар ажилладаг хүн. Жишээ нь нэг сард Unleash шиг том эвентэд оролцож, нөгөө сард нь хүмүүс ба элдэв сатаарлаас холдон гэртээ ажилладаг. Нэг сарыг хүмүүстэй харилцахад, нөгөө сарыг уншиж өөрийгөө цэнэглэхэд, түүний дараах сарыг амрахад гэх мэтээр.

Яг одоо бол би шинэ юм эхлүүлэх үе шатандаа явна. Судалгааны явц үргэлжилж байгаа болохоор олон хүнтэй уулзаж, шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Бизнес, төслөө тэлж томруулахыг хүсэж байвал зөв хүмүүсийг олж, багтаа элсүүлэх хэрэгтэй шүү дээ.

Ер нь надад ажлын өдөр гэж байхгүй гэж болно доо. Уншиж буй ном бүр, хийж буй бүхэн минь ажил. Ажлаас гадуур амьдрал гэж байхгүй. Өдрийн турш, 7 хоногийн турш. Ажлаа би ажил гэж боддоггүй. Энтрепренер байхын сайхан нь энэ. Энтрепренер хүн ажлын цагаа тоолоод суудаггүй.

Оффис, байршлын тухайд гэвэл хаанаас ч хамаагүй хажилладаг. Гэхдээ дундын оффис, ердийн оффисоос илүү кафед суух сонирхолтой. Юун дээр ажиллаж байгаагаас л нэлээн хамаарна даа. Хийж буй ажлын мэдрэмжийг өгөх, амин сүнсийг илтгэх газрыг олж суух дуртай. Хэрвээ коммюнититэй холбоотой ажил бол дундын оффист суух гэх мэт.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Gmail, GSuite, Slack, WhatsApp, Github (хөгжүүлэлт), Keynote зэргийг хэлж болно. Криптотой холбоотой зүйлсдээ Telegram-ийг ашигладаг.

Миний хамгийн чухал зүйл бол гар утас. Саяхан би AirPods Pro авсан. Өмнө нь Bose-ийн том чихэвчтэй байлаа. Гэвч оффисоо халаасандаа багтаахыг хүссэн юм. AirPods Pro өндөр чанартай болохоор эргэн тойрноос хүссэн цагт тусгаарлах юм билээ.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би цаг хэмнэх элдэв арга, техник гэж сүйд болоод байдаггүй. Паркинсоны хууль буюу хүн аливаа зүйлийг төлөвлөсөн цагтаа л хийж дуусгадаг гэх ойлголт бий. Тэгэхээр нэг цагт амжуулж болох ажлыг 3 цаг хийнэ гэж төлөвлөвөл цаг алдана.

Нөгөө талаар, цаг зарцуулна гэж чухал ойлголт бий. Зарцуулах ёстой цагийг нь зарцуулж байж л аливаа зүйлд амжилт олно. Цагаас зугтана гэж үгүй, харин түүнийг талархан хүлээн авах хэрэгтэй гэж боддог.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

15 жил дэвтэр хөтөлж, бүгдийг нь хадгалсан. Одоо бол учир замбараагүй олон дэвтэр байдаг юм. Гэхдээ хааяа эргэж үзэхэд их зугаатай шүү. Би хүссэнээ л бичдэг. Амьдралыг зохиол (story) гэж харвал надад зүгээр санагддаг юм. Одоогийн амьдралаа хөндлөнгөөс, гуравдагч этгээдийн нүдээр ажиглахыг хичээдэг. Хэрвээ тэгвэл, зарим шийдвэр хэдий зөв оновчтой биш байлаа ч гоё түүхийг, гоё зохиолыг бий болгоод байх шиг санагддаг юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД САЙН БЭ?

Хэний ч бодоогүй санааг бодож олохдоо. Технологи ашиглах, ирээдүйг таамаглан ажиллахдаа сайн гэж боддог. Эдгээр зүйлсэд цаанаасаа л сайн байгаад байдаг юм.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Шинэ санаа гаргадаг нь сайхан. Бодож төлөвлөсөн зүйлдээ зорьж, хүмүүстэй баг болон ажиллаж, бодит болгох үнэхээр сайхан мэдрэмж шүү.

Нөгөө талаар, хэвийн гэгддэг зүйлсээс таслагдчихдаг талтай. Заримдаа параллель ертөнцөд амьдраад ч байгаа юм шиг санагдана. Кафед сууж хүмүүсийг хараад өөрийгөө энэ дэлхийн нэг хэсэг биш юм шигээр мэдэрнэ гээч.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Хоёр төрлийн ажил байна. Нэг нь Electis нэртэй ашгийн бус байгууллага юм. Миний бодлоор дараагийн арван жилийн хоёр чухал асуудал бол боловсрол болоод ардчиллын ирээдүй. Одоогийн ардчиллын систем 300 жилийн настай. Энэ системийг сайжруулахад бид технологийн хүчийг ашиглах ёстой. Энэ ажлын хүрээнд улс дамнасан, оролцоотой, идэвхтэй иргэдийн коммюнитиг бий болгож, ардчиллыг сайжруулах талаар хэлэлцдэг механизмыг бий болгохоор зорьж байна.
Ойрын зорилт гэвэл, 2020 оны 11-р сард Глазговд болох COP26 чуулга уулзалтын өмнө уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр улс дамнасан санал асуулга зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр иргэд COP26-д ажиглагчийн статустай оролцох төлөөлөлчдийг сонгох боломж бүрдэх юм. Бид НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаар чуулганы (UNFCCC) ЕНБД-ын газар болон Их Британийн төлөөлөгчийн газартай энэ талаар хэлэлцээр хийж байна.

Нөгөө нь Recorp.co. Recorp нь 10 сая доллараас илүү үнэлгээтэй стартап байгуулж байсан буюу худалдаж байсан амжилттай энтрепренерүүдийн нэгдэл юм. Бид өндөр амжилттай яваа энтрепренерүүдийг хувийг том компани, корпорацуудтай холбож, тэнд байршуулж, богино хугацаанд үр нөлөө гаргах боломжоор хангах юм. Одоогоор Fortune 500 компаниудад үзүүлж буй ийм үйлчилгээ, хөрөнгө оруулалт маань 22 дахин их үр өгөөж өгч байна. Товчхондоо Recorp нь том компаниудад стартап шиг хурдтай өсөлт үзүүлэхэд туслах юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Дуурь, электро, сонгодог рок хөгжимд дуртай. Гэхдээ ер нь юм юмны захтай шүү. Харин одоохондоо таалах учраа олохгүй байгаа нэг төрөл бол орчин цагийн сонгодог хөгжим. Заримдаа би аль нэг хөгжим, дууг өөрт таалагдталаа сонсдог. Яг л судалгаа мэт. Сайн хөгжмийг ойлгох гэж хичээдэг. Саяхан би Вьетнам яваад, тэндхийн рэп хөгжмийг сонссон. Олон төрлийн хөгжим сонсох нь хүмүүсийг ойлгоход тусалдаг. Эхэндээ энд тэндхийн хөгжмүүд өөр, хүмүүс нь өөр мэт санагдавч эцсийн дүнд бид адилхан л хүмүүс байдаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би найзуудтайгаа боломжгүй гэмээр, есөн шидийн төслүүдийн талаар ярилцах дуртай. Одоо үндсэн ажлаасаа гадуур нэг хоёр санаан дээр ажиллаж байна. Хүмүүсийн гарын үсгийн зураг аваад, хиймэл оюунаар зураг ангилах технологи ашиглан алдартай хүмүүсээс хэн нь тантай хамгийн төстэй гарын үсэгтэй вэ гэдгийг олох нэг “төсөл” байгаа юм.

Мөн би алхах, байгалийг ажиглах дуртай. Байгалийг, физикийн үзэгдлүүдийг ажиглах нь олон зүйлд сургана гэж боддог. Ерөөс энэ дэлхий хэрхэн эргэдэг нь олон зүйлийг хэлж өгдөг. Амьдрал болоод байгалийн суурь хөдөлгөөн, зарчмуудыг ойлгохыг хичээдэг гэх үү дээ.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Сонгодог номуудад дуртай. Хүн бүр нэрийг нь сонссон ч тэр бүр уншаад байдаггүй тийм номуудад. Жишээ нь Сенекагийн “Амьдралын урт богинын тухайд” байна. Ухаантай л амьдарвал бидэнд амьдрах хугацаа хангалттай байдаг тухай өгүүлдэг. Буддагийн тухай өгүүлсэн "Сиддхарта"-г мөн хэлж болно.Нобелийн шагнал хүртсэн энэ зохиол ялангуяа залуу хүмүүст тун зүгээр.

Бас, Фэйнманы физикийн хичээлүүд бүхий 3 боть. Нас залуу бол физикийн тухай унших, шинжлэх ухааны мэдлэгтэй болох хэрэгтэй. Эйнштэйний зарим номыг санал болгомоор байна.

ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД НЭЭЛТТЭЙ ТАЛДАА ЮУ, ДОТОГШОО ТАЛДАА ЮУ?

Бас л сар сараар. Нэг сард дотогшоо, нөгөө сард нээлттэй. Хүмүүстэй уулзах дуртай ч заримдаа тамир тэнхээгүй болчихдог. Тийм үед өөрийгөө тусгаарладаг.

ТА ХЭДЭН ЦАГ УНТАЖ, ХЭДЭН ЦАГТ БОСДОГ ВЭ?

Залуу байхдаа шөнөөр тэнгэр их ажигладаг байлаа. Тийм сайн унтдаггүй байсан гэсэн үг. Гэхдээ нойр чухал. Би өөрийн биеийн хэмнэлийг дагахыг хичээдэг. Ядарсан үедээ унтдаг. Эрч хүч авсан үедээ сэрдэг. Шөнийн 02 цагт би бүтээмжтэй байдаг тул ажилладаг. Энтрепренер хүнд нарийн цагийн хуваарь байдаггүй нь таатай. Хэрэгтэй үедээ хангалттай амарна. Одоо бол би том эвентэд оролцож байна. Тэгэхээр дараа сард л сайн унтах нь.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Сонин сонсогдох болох ч хааяа би бунханд очдог юм. Өнгөрсөн дэх хүмүүсээс үлдсэн зүйлс, гавлын яс зэргийг хардаг. Хаан ч бай, харц ч бай, тэдэнд төгсгөл ирсэн. Бидэнд ч адил ирнэ. Энэ утгаараа надад үхэл гэдэг тун сонирхолтой санагддаг. Сөрөг утгаараа биш шүү. Үхлийн тухай бодох нь илүү утга учиртай амьдрах, хийж бүтээх урам зориг өгдөг гэж болно.

ТА ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

Бид бүгд өөр өөрсдийн замаар яваа. Тэгэхээр зөвлөгөө бүрийг тодорхой шүүлтүүртэйгээр авч үзэх хэрэгтэй. Ерөнхийлөгч өгсөн байна уу, дэлхийн хамгийн баян хүн хэлсэн байна уу, ялгаагүй. Survivorship bias буюу хүмүүс зөвхөн амжилтын түүхүүдээр л аливааг дүгнэх гээд байдгийг санууштай.

Залуучууд, энтрепренерүүдэд би физик, математик, програмчлал, түүх зэргийг аль чадахаараа судлаарай гэж хэлнэ. Та бүхэн одоо бүх л мэдээлэлд нэвтрэх боломжтой. Өнөөгийн хамгийн гол сорилт бол анхаарлаа төвлөрүүлэх л байна. Өнөөдөр нэг ном уншаад л Харвард, МIT-г төгсөгчийн олж хуримтлуулсан мэдлэгийг өөрийн болгох боломж бүрдсэн байна. Нэг хоёр ном л маш том ялгааг үүсгэж болно. Тиймээс залуу байгаа дээр унш, суралц. Шинэ зүйлийг сурах шинэ аргуудыг бас эрэлхийлж, өөртэйгөө ижил санаа зорилготой хүмүүстэй нэгдэх хэрэгтэй.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Өвөрмөц арга барилтай, гайхалтай зүйлсийг бүтээж яваа энтрепренерүүдтэй ярилцаасай гэж хүсэж байна.