Өнөөдрийн дугаартаа бид "Нью Яармаг хаусинг прожект" компанийн Маркетинг, борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Г.Болдыг урилаа. Маркетингийн чиглэлээр 20 гаруй жил мэргэшсэн тэрээр Мобиком корпорац, Голомт банк, Юнител групп, Гоёо, Ddish зэрэг Монголын томоохон компаниудын маркетинг, менежментийн төслүүдийн голлох автор болж, удирдлагын түвшинд олон жил ажилласан туршлагатай. Бизнесийн удирдлагын чиглэлээр Монголд төгсөж, Австралид мэргэжил дээшлүүлсэн Г.Болд захирал өдгөө барилгын салбарт шинэ жишиг, шинэ стандартыг тогтоохоор Шинэ Яармаг цогцолбор хороолол төсөл дээр ажиллаж байна. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Нью Яармаг хаусинг прожект ХХК-ийн Маркетинг, борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 7 plus
Хэрэглэдэг компьютер: Lenovo Thinkpad
Сошиал хуудас: Bold Ganbat (Facebook)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би карьерынхаа туршид маркетинг, мэдээллийн технологийн салбарт голлон ажилласан. Ингэхдээ нэг компанид удаан ажиллахаас илүү тодорхой нөхцөл байдалд үр дүнтэй ажиллаж, дараагийн боломжуудыг өөртөө нээж, цааш сурч хөгжихийг эрмэлзсээр ирсэн.

Мобиком корпорац, Голомт банк, Юнител группд ажиллах хугацаандаа маркетинг хариуцахаас гадна хүнтэй харилцах, хамт олноо удирдах зэрэг менежментийн чиглэлд өөрийгөө сорьж, арвин туршлага хуримтлуулсан гэж хэлж болно. Юнителд анх бизнесээ дөнгөж хөл дээр нь босгож байх үед ажиллаж, байр сууриа олж өргөжин тэлэх үед нь тус бизнесийн стратеги, бодлого төлөвлөлт дээр төвлөрөн тэргүүн дэд захирлаар ажиллаж байв. Дунд нь засварлага авч Австрали руу сургуульд яваад ирснийхээ дараа Гоёо компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж шинэ салбарт шинэ хамт олонтой ажилласан туршлага бий.

Ингээд 2015 оноос хойш Нью Яармаг хаусинг прожект дээр өмнөх мэдлэг туршлагаа ашиглан ажиллаж, барилгын салбарт шинэ жишиг, стандартыг бий болгохоор зорьж байна. Орон сууцны төсөл бол олон гэр бүлийн гал голомтыг бадрааж, хүмүүсийн амьдралын хамгийн чухал асуудлыг шийддэг эерэг ажил. Энэ бол ерөөс байшин барих төдий ойлголт бус хүмүүсийн ая тухай амьдрах баталгаа, амьдралын хэв маягийг өгдөг ажил юм. Хүний аз жаргалтай байх орчин нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг эерэг гэгээлэг бизнес юм.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажлаас онцлогоос шалтгаалан ажилтнууд, худалдан авагчидтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг гэж хэлж болно. Ажлын өглөө төслийн талбайд эрт ирээд төлөвлөгөөт уулзалт хийн ажилтнуудтайгаа ярилцахаас гадна оршин суугчидтайгаа тогтмол уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсохыг эрмэлздэг. Миний хувьд төлөвлөлтийг их чухалчилдаг. Сайн төлөвлөгөө бол ажил гүйцэтгэлийн 50 хувь гэж ойлгож болно. Хэр сайн төлөвлөгөө боловсруулна, тэр хэрээр үр дүнг сайжруулах боломжтой.

Ингээд төслийн талбай дээр гарч ажлын үйл явц, гүйцэтгэлийг хянана. Мөн хотын төвд манай оффис байрладаг тул заримдаа тэнд уулзалт хийх нь ч бий. Харин илүү төвлөрч суух, бодож эргэцүүлэх ажлуудаа үдээс хойш амжуулдаг. Хотын төвтэй харьцуулахад дуу чимээ бага учраас төвлөрч суухад тохиромжтойгоос гадна эрүүл агаартай байдаг нь ажлын бүтээмжид эергээр нөлөөлдөг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хамтын ажиллагааг юуны түрүүнд онцолдог. Удирдагч хүн аливаа ажлыг жижиглэж, өөрөө бүгдийг хийх бус зөв хуваарилалт хийн бусдаар сайн гүйцэтгүүлэх нь чухал. Тиймээс хамт олонтойгоо асуудлаа ил тод, нээлттэй ярилцаж, юу хүсэж байгаагаа сайн ойлгуулж, гүйцэтгэлд нь нөлөөлж чаддаг байх учиртай. Мөн ямар ч нөхцөлд хувирч өөрчлөгдөхгүй тодорхой мөрддөг зарчимтай байх нь зөв. Ингэснээр асуудалд илүү шударга, нэг талыг барихгүй хандаж, ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлж чадна. Хамт олондоо болж байгаад нь урам өгөх, болохгүйд нь хариуцлага тооцох буюу дэмжих байдлаар үргэлж тэнцвэрийг хадгалах ёстой. Хэт зөөлөн юм уу хэт хатуу байж нэг талдаа туйлшрах нь хүмүүсийн итгэл үнэмшлийг олж, ажлаа гүйцэтгэхэд саад болдог. Тиймээс үргэлж үндсэн зарчмаа тодорхойлж, түүнийг сайн мөрдөх хэрэгтэй байдаг.

Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд аливаад хандах хандлагаас эхлэн олон зүйлд зааж чиглүүлэх хэрэгтэй. Ялангуяа их сургуулиа дөнгөж төгссөн туршлага багатай залууст сурах хугацаа олгож, тодорхой хугацааны дараа үр дүн, гүйцэтгэл харах нь зөв. Дөнгөж ажилд орсон хүмүүстэй үр дүн ярина гэдэг хэцүү. Харин туршлагатай хүмүүст зааж зөвлөх гэхээсээ бие даан хийх боломжийг олгох нь зүйтэй.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Барилгын төслийн багууд хоорондоо ажлуудаа маш нарийн уялдуулах шаардлагатай учраас харилцаа холбоо нэн чухал. Тиймээс Viber, Slack, имэйл зэргээр мэдээллээ солилцож, гар утсаа тогтмол ашигладаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Бид өнгөрснийг буцааж чадахгүй учраас өнөөдөр байгаа цаг хугацаагаа хайрлаж, үр бүтээмжтэй байх ёстой. Энэ дэлхийн бүх хүнд тэнцүү байдаг зүйл бол цаг хугацаа. Үүнийг яаж ашиглахаас л тухайн хүний ирээдүй тодорхойлогдоно.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлууд нүдэнд ил харагдаж байх тусам сайн хийх магадлал нэмэгддэг учраас аль болох ил харагдах зүйлс дээр тэмдэглэх, ноороглох дуртай. Цаасан дээр ажлынхаа ихэнх төлөвлөлтийг гараар бичээд боловсруулдаг. Мөн ажлын самбарууд дээр хийх ажлуудаа тэмдэглэж, хийсэн ажлуудаа дарах байдлаар хөтөлдөг. Гар ажиллахын хэрээр тархи ажилладаг учраас ийм хэлбэрийг илүүд үздэг.

Төлөвлөгөө гаргахдаа ажлуудаа урт хугацаанд төлөвлөж, дотор нь бүлэглэнэ. Тэдгээрийг сар, өдөр тутмын төлөвлөгөөндөө хувааж буулгадаг. Ажлыг өглөө ирээд бодох бус урд өдөр нь төлөвлөчихвөл маргааш шууд нь хийж эхлэхэд амар. Гэхдээ зөвхөн цаас, дэвтэрт найдахгүйгээр толгой дотроо бодож төлөвлөхийг хичээдэг. Бодож сэтгэх тархитай хүн бүх зүйлээ технологид, тоног төхөөрөмжид найдаж болохгүй шүү дээ. Хэтэрхий ухаалаг төхөөрөмжийн хэрэгсэл нь болж болохгүй.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хэцүү бэрхшээлтэй зүйл тохиолдох үед юуны төлөө амьдарч байгаагаа санаж, хамгийн үнэ цэнтэй зүйлс болох гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө тэр бүхнийг даван гарах эрч хүчтэй болдог. Ямар ч бэрхшээл тохиолдсон гэр бүл минь түүнийг давах урам зориг, энерги, цэнэг болж өгдөг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Барилгын төсөл бол маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг учраас зав зай гарвал гэр бүлдээ л зориулахыг хүсдэг. Сүүлийн үед сургууль барих төсөлтэй холбогдуулан боловсролын тухай сонирхон судалдаг болоод байна. Мөн мэргэжлийн онцлогоос үүдэн борлуулалтын зах зээл, худалдан авалт, хэрэглэгчдийн сэтгэл зүйтэй холбоотой сэдэв анхаарал татдаг. Бусдыг удирдах, хэрэглэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ тайлбарлах, өөрийгөө ойлгуулах, нөлөөлөх зэрэг хүмүүс хоорондын харилцаа, сэтгэл зүйтэй холбоотой маркетинг, зар сурталчилгааг мэргэжлийн, шинжлэх ухаан түвшинд судалж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монголын барилгын салбарыг бусад оронтой харьцуулахад шинэ зах зээл гэж хэлж болно. Монголчууд эрт дээр үеэс дөрвөн улирлаар нүүдэллэж ирсэн болохоор суурин газар төвлөрч амьдрах соёл бол саяхных юм. Хот суурингийн түүх 300 гаруй жилийн өмнөөс эхэлж, орон сууцанд амьдрах хэв маяг 100 хүрэхгүй жилийн өмнө л бүрэлдсэн шүү дээ.

Өмнөх нийгмийн тогтолцооны үед маш нарийн тооцоолол хийж, сургууль цэцэрлэг, орон сууц, дэлгүүр гээд цогцоор нь төлөвлөдөг байсан нь одоо алдагдаад байна. Хүмүүс нэг дор олноор амьдарч, аль болох бүх юмандаа ойр байх хүсэлтэй болохын хэрээр орон сууцны нөхцөл муудсаар байна. Тиймээс бид дээрх асуудлыг шийдэх гарцыг хайж судалсны эцэст төвлөрлийг сааруулах зорилгоор суурьшлын шинэ бүсийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Суурьшлын шинэ бүс гэдэг хэдэн блок байшинг хотын төвөөс зайдуу байгуулах төдий ойлголт бус бүгдийг цогцоор нь төлөвлөхийн нэр юм. Тиймээс Шинэ Яармаг цогцолбор хороолол төсөл хүмүүст тав тухтай, аюулгүй, эрүүл амьдрах орчныг бүрдүүлж өгөхийг зорьж байна.

Бэрхшээл гэвэл манай орон эрс тэс уур амьсгал, цаг агаар барилгын салбарт шууд нөлөөлдөг. Мөн ихэнх түүхий эдээ гаднаас импортолж авчирдагтай холбоотойгоор янз бүрийн хориг, өвчин тахал гэх мэт давагдашгүй хүчин зүйлс гарах, үүнээс үүдэн бараа нийлүүлэх ажлууд саатах магадлалтай. Нөгөө талаар гүйцэтгэгч компаниудтай сайн хамтарч ажиллах, гэрээний дагуу ажиллахын тулд тогтсон стандартыг бий болгох гэх мэтийн амаргүй сорилтуудтай нүүр тулдаг. Гэхдээ манайд гаднын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжихийн хэрээр монгол инженерүүдийн ур чадвар сайжирсаар байгааг дурдах нь зүйтэй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Бид бизнесийнхээ хүрээнд олон төсөл хэрэгжүүлэхийнхээ зэрэгцээ нийгмийн хариуцлагын зорилтот "30 гэр бүл" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дундаж орлоготой иргэдийн хувьд орон сууц худалдан авахад хамгийн түрүүнд тулгарч буй бэрхшээл бол урьдчилгаа төлбөрийг шууд төлөх явдал байдаг. Тиймээс бид хуримтлал үүсгэж амжаагүй 30 хүртэлх насны залуу гэр бүл болон гурваас дээш хүүхэдтэй өрх, хөгжлийн ялгаатай (хөгжлийн бэрхшээл) гэр бүл манай төслөөс байр авахаар бол урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг даахаар шийдсэн. Нийтдээ 30 гэр бүлийн орон сууцны урьдчилгааны төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх юм. Мөн арилжааны дөрвөн банктай хамтран ипотекийн зээл олголт удаашралтай байгаа энэ үед манай төслөөс ипотекийн зээлээр байр авах боломжийг хангахаар болсон.

Шинэ Яармаг цогцолцор хороололд нийтдээ 3000 айлын орон сууц барихаас энэ жил 1500 айлыг эхний ээлжид дуусгаж, 800 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм. Одоогоор манай цогцолборт 120 айл байрандаа төвхнөөд байгаа. Дараагийн 160 айлын орон сууц удахгүй ашиглалтад орно. Мөн цогцолборын урд хэсэгт байрлах жилийн дөрвөн улирлын турш ажиллах “Мөсөн өргөө” төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн Шинэ Яармаг цогцолбор хороололд 1680 хүүхдийн багтаамжтай олон улсын ЕБС байгуулахаар судалгаа, төлөвлөлтийн ажил хийж байна. Эхний ээлжид 800 гаруй хүүхдийн бага сургууль байгуулах юм.

Бидний төсөл иргэдийн ирээдүйн чиг хандлага руу чиглэсэн. Шинэ залуу үеийнхний амьдралын хэв маяг, хандлага, үзэл бодол өөрчлөгдөж буй учраас Шинэ Яармаг цогцолборын тодорхой хэсгийг залууст зориулан төлөвлөж байгаа. Тухайлбал, Studio концепт нь өрөөний хуваалтгүй өөрсдийн хүссэнээр ажлын байр юм уу орон сууц, эсвэл аль алиныг хослуулан тохижуулах уян хатан, саруулхан төлөвлөлтийг санал болгож байгаа. Харин Loft концепт нь өндөр таазтай, хоёр давхар орон сууцны загвар юм. Доод давхрыг оффис юм уу урлан хэлбэрээр, дээд давхрыг амьдрах зориулалтаар ашиглаж болно. Ингэснээр бид орчин үеийн залуус, уран бүтээлчдэд эрх чөлөөтэй бүтээлч ажиллах орон зай, хэв маягийг олгож байгаа юм.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Амьдрал гэдэг өөрөө маш том сургууль. Хүний амжилт ололт, алдаа дутагдал бүхэн сургамж болдог. Сургуульд сурсан мэдлэгээс илүү амьдралаас олж авсан туршлага юугаар ч үнэлшгүй. Аливаа асуудлын гарц, шийдлийг эрэлхийлж, толгойгоо ажиллуулах нь өөрийгөө хөгжүүлж төлөвшүүлэхэд их нэмэр болдог. Асуудлыг хэрхэн давах нь ямар нэг дүрэм зохицуулалтаас бус тухайн хүний хандлагаас цэвэр шалтгаалдаг. Нийгмийн том өөрчлөлтийг хэн нэгэн хийхийг хүлээж суух биш алхам бүрдээ өөрийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Хандлагыг бий болгох нь бодохоос эхэлж, бодол нь үг, үг нь дадал, дадал нь амьдралын нөхцөл болж төлөвшдөг. Тиймээс үргэлж өөртөө суралцах боломжийг олгох учиртай.

Би өөрийн сурсан мэдсэнийг үргэлж бусдад хуваалцахыг хүсдэг. Тэрийг сонссон хүмүүс богино хугацаанд зорьсон үр дүндээ хүрч чадвал амжилт юм.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Сүүлийн үед ажил мэргэжлийн онцлог, зарим нэг шалтгаанаас үүдээд ном уншихаас илүүтэй подкаст сонсдог болоод байна. Тухайлбал, ажил руугаа ирж буцах замдаа М plus апп-аас подкастууд сонсдог.

Аль болох хэрэгтэй мэдээлэл авч, өөрийн ажил, амьдралдаа уялдуулахыг хичээдэг учраас сүүлийн үед барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын чиг хандлага, интерьер дизайны тухай мэдээллийг сонирхон судалж байна.

Хөгжмийн хувьд тухайн уран бүтээлчийн чин сэтгэлээс гарсан дуу, хөгжимд дуртай. Сүүлийн үед дуучин Наагийгийн дуунууд их таалагдаж байгаа. Уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж, дуугаараа өөрийгөө илэрхийлж буй харагддаг. Мөн шинэ үеийнхний хөгжмийн урсгал, өнгө аясыг мэдэрч, ойлгохыг хичээдэг. Тухайлбал, The HU хамтлагийн уран бүтээлийг хэрэг болгон сонирхож байгаа шүү. Маркетингийн чиглэлээр мэргэшсэн хүний хувьд монгол брэндинг ямар байх ёстой, уран бүтээлээр дамжуулан хэрхэн дэлхийд танигдаж болох вэ гэх мэт асуултын хариултыг эрэлхийлдэг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Ер нь бусдаас аль болох л үг сонсохыг хичээдэг. Бизнес гэдэг харилцаа, итгэлцэл дээр тогтдог учраас бусдыг сайн сонсож сурах ёстой. Ялангуяа туршлагатай, амьдрал үзсэн хүнээс суралцах хэрэгтэй гэж боддог. Юнител группд ажиллаж байхдаа олон сорилт бэрхшээлтэй тулгарсан цаг мөчид амьдралын туршлагатай хүмүүс аливаа бэрхшээлийг зовлон, асуудал гэж томьёолохоос илүү өөрийг нь хурцлах сорилт, шалгуур гэж хүлээн авч, давж гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэйг ойлгуулж байлаа. Мөн юмыг хийж бүтээе гэсэн хүнд арга олддог, хийхийг хүсээгүй хүнд шалтаг олддог гэх үгийг санаж явдаг.

Анзаараад байхад хүний үгээр аливааг хийдэг, бусдын санааг сонсдоггүй, өөрийн үзэл бодлыг тулгадаг, өөрөөр хэлбэл нэлээн туйлширдаг залуучууд цөөнгүй байх юм. Эдгээрийн тэнцвэрийг олох нь тун чухал гэж боддог. Туршлагатай хүмүүсээс үг сонсож, авах гээхийн ухаанаар хандаасай.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүний итгэлийг дааж явах хэрэгтэй. Бид нийгэмд бие хүн болж оролцдог боловч ямар ч нөхцөлд итгэлцэл хамгийн чухал үнэлэмж болдог. Тиймээс хүний итгэлийг алдахгүйн төлөөх нандин харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Итгэл гэдэг тухайн хүний үнэ цэнийг тодорхойлдог.