"Шатраа өрж эхлэхээс өмнө надад хожих зуун хувийн магадлал байдаг."

Их мастер Б.Мөнгөнтуул

Бүтэлгүйтлийн түүх, түүнээс олж авсан сургамжаа хуваалцдаг "ФаакАп" булангийн энэ удаагийн зочин бол медиа, сэтгүүл зүйн салбарын нэгэн тод төлөөлөл, Ц.Балдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал.

Тэр чухам юун дээр алдсан юм бол? Тэгээд юу сураа бол?

ТА ХЭН БЭ?

Би утга зохиол судлаач, редактор мэргэжилтэй. Өнөөдөр сониноос сэтгүүлчийн гараагаа эхлэн таван жил ажиллаад “Гэрэг” долоо хоног тутмын сэтгүүлийг үүсгэн байгуулалцсан. Одоо “Ub.life” мэдээллийн сайт, “Гэрэг” сэтгүүлийг багтаасан “Unlimited Media Group”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн “25” эсээ тэмдэглэл номын зохиогч. Өнөөдөр сонинд ажиллаж байхдаа эдийн засгийн албаны тоймч, “Гоодаль” сэтгүүлд чөлөөт сэтгүүлчээр бичдэг байсан. Ер нь бол бичгийн хүн болно л гэж багаасаа бодсон. Сэтгүүлч мэргэжлийг сонгосон нь миний хамгийн дуртай, үхэн үхтлээ баяр бахдалтайгаар хийх мэргэжил гэдгийг мэддэг.

АНХНЫ БИЗНЕС/ТӨСЛИЙН САНАА ЮУ БАЙСАН БЭ?

“Гэрэг” гэдэг долоо хоног тутмын сэтгүүл гаргана гэж зорьсон. Манай ажил дээр гаднын гоё сэтгүүлүүд ирдэг байх үед догдолж хүлээж уншаад, ёстой л хүнд дурладаг шиг тэр сэтгүүлүүдэд дурласан. Монголд тийм сэтгүүлүүд ерөөсөө байгаагүй. Монголд хийдэг сэтгүүл зүйгээс чанар шал өөр байсан. Өндөр мэргэжлийн түвшинд бичсэн нь атаархмаар, чадвар тааруу нэг нь сэтгүүлч байхаа шууд больж шантармаар тийм мэргэжлийн контентууд байсан.

Ер нь л сэтгүүл их таалагдсан. Анх гурвуулаа нийлээд, зориглоод хийгээд үзье гээд ажлаасаа гарлаа. Өдөр тутмын сонинд нэг хүний ачаалал их өндөр, төвлөрөх хугацаа байдаггүй. Мэргэшсэн байгаад даацтай контентууд бэлдэж чадвал аяндаа уншигч татаад компаниуд рекламаа өгнө гэж бодож эхэлсэн. Контентийн хувьд бол бодсон санаснаа хийж байсан. Сонин захиалдаг бүх хүмүүс тэр сэтгүүлийг захиалах боломжтой гэж тооцоолсон. Тухайн үед нэг кофений мөнгөөр сэтгүүлээ 3000 төгрөгөөр зарахад сэтгүүлийн зардал 2800 болдог байлаа. Хувь хүний хувьд сэтгүүл гаргах мөрөөдлөө биелүүлээд сайхан л байсан, зардал цалингаа олоход л хангалттай байх байсан, учиргүй машин, хаустай болъё гэж бодоогүй л дээ. Тэгээд тасралтгүй 80 дугаар гаргасан даа.

ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Бодит амьдралд алгадуулсан ба мөнгө алгадахаараа манартал авдаг юм билээ. Хэвлэлтийн зардлууд өссөн, сүүлдээ давтамж алдагдсан. Сэтгүүлээ Kids, Fashion чиглэлийн болгоод амьдрахын тулд олон юм үзсэн л дээ. Хэвлэлт дээр алуулаад байхаар нь дижитал аппликейшн болгож үзсэн. Сард нэг удаа, улиралд нэг удаа болоод сүүлдээ дижиталаа бүр больсон. Ямар нэг аргаар болгоно гээд, баахан өрөнд орчихсон хэрнээ ямар нэг гайхамшиг тохиолдох байх хэмээн тэнэг итгэл тээсээр л байв. Их ашиг олох тухай ерөөсөө бодож байгаагүй ч хэвлэлтийн зардлаа, цалингийн зардлаа дийлэхээ болино гэж бодоогүй. Амьгүй зүйлийн өмнө өртэй юм шиг, үр хүүхдээ хүнд өргүүлчихсэн, явуулчихсан ч юм шиг, нэг л дотор хоосон эвгүй байсан. Тэгээд гунигтайгаар бүр больсон доо. Бууж өгсөн юм шиг хэцүү л байв. Сэтгүүлд мөнгө төлдөг соёл манайд байхгүйг ойлгоогүй эхэлсний зэрэгцээ өөрсдөө маркетингаа сайн хийж чадаагүй. Хэн нэгний ивээлд орж хараат болохгүй гэдгээ анхнаасаа тохирсон байсан тул энд тэндээс хөрөнгө оруулалт авах сонирхолгүй байв.

ЯМАР СУРГАМЖ АВСАН БЭ?

Хүч чадал, тамир дуусаад юу ч хиймээргүй санагдаж байв. Зүгээр л сэтгүүлчээ хийн цалингаа аваад, санхүүгийн том хариуцлага үүрдэггүй үеэ бодтол үнэхээр л жаргаж байсан юм шиг санагдаж байв. Ер нь больё гэдгээ бүр шийдээд эрхлэгчдээ хэлчхээд, нэг кофе шоп ороод бодсон. Анх сэтгүүл эхлэхээс өмнө дуртай нийтлэлүүдээ хайчилж наасан цаасны салбархайг шүүгээнээсээ олоод тэр үеийн хүсэл хүсэл зоригоор ундарсан, алаад өгье гэж бодож байсан хүүг тэврээд авмаар болсон. Гомдоод ч байгаа юм уу, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрээд, гоё ч байсан, өрөвдөлтэй ч байсан үеүдээ бодоод, хорвоо дэлхийн хаанаас ч юм нэг итгэл найдвар ороод ирсэн. Хамгийн сүүлийн удаа хичээгээд үзье...

Ингээд сард нэг удаа сэтгүүлээ гаргадаг болоод зарахаа больсон. Түгээлтийн сувгаар хүмүүс худалдаж авна гэж санаа зовохгүй, рекламаар хамтарч байгаа газруудаас зардлаа олоод, бүтэн жилийн турш уншигддаг сэтгүүл болсон. Романтик байхаа больж, асуудлууд ч цэгцрээд ирсэн. Яагаад алдав, яаж мөнгө олох вэ гэдэг асуултуудаа нухацтайгаар тавьсан, маркетингийн албатай болсон. Одоо бол “Гэрэг” сэтгүүл, “Ub.Life” сайт хоёр нийлээд арван тавуулаа ажиллаж байна.

Авсан нэгэн том сургамж юу вэ гэвэл мөрөөдөл дээрээ нэмээд бодит байдлыг маш сайн тооцох хэрэгтэй юм билээ. Үнэхээр тэр мөрөөдлөө тултал нь биелүүлье гэж чин сэтгэлээсээ бодож байвал тооцоотой шударга хандах хэрэгтэй. Мөрөөдөлтэйгөө шударга харьцана гэсэн үг. Бодит байдал дээр сайн буулгаж чадахгүй бол мөрөөдлөө алж хаяна. Шантраад зовоод ирэхийн цагт буцаад зориглоод бариад авах хэмжээний мөрөөдөл байх ёстой байх. Одоо тэгээд өсөж өндийгөөд л явж байна, олон гоё юм хийнэ гэж найдаж байна.


Зочлох: Fuckup Nights Ulaanbaatar

Та бүхэн бидэнтэй үнэтэй сургамж авсан түүхээ хуваалцахын зэрэгцээ онц содон түүхийг хүүрнэх сонирхолтой зочдыг санал болгоорой.

#sharethefailure #fuckupnights #fuckupnightsulaanbaatar