"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

Одоо энэ цагт технологи олон салбарыг, олонх хүний амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилж байна. Санхүүгийн салбарт л гэхэд технологийн шийдлүүд нэмэгдсээр, cashless буюу бэлэн мөнгөгүй ирээдүй рүү явсаар байгаа юм. Монгол улс энэ чиг хандлагаас хоцорсонгүй, цахим төлбөр тооцооны олон хэрэгсэл бий болж, зах зээл өрсөлдөөнтэй, сонирхол байгааг бид мэднэ.

Энэ байдлаас орчин цагийн монголчуудын дэлхийд тодрох учиртай талбар нь оюун ухаан, мэдлэг чадварынх байх ёстой гэдгийг баталж цөхөх зүйлгүй. Технологи ба даяаршлын ачаар бид хөгжингүй орнуудын туулсан замыг дөтлөх, ухаалаг бөгөөд хөдөлмөрч байж чадвал үсрэнгүй урагшлах боломж бүрдээд байгаа билээ. Тэгвэл энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлэхэд томхон хувь нэмэр оруулж чадах, “түшиц газар” ажиллаж буй нэгэн өртөөлөгчийг бид өнөөдөр танилцуулах гэсэн юм.

Тэр бол “Анд Глобал” компанийн Технологи хариуцсан захирал Пүрэвсүрэнгийн Отгонбаяр. Эмч аав ээжийн дөрвөн хүүхдийн отгон нь болж мэндэлсэн тэр нийслэлийн 11-р сургуулийг төгссөн юм. Жаалхүү математик, мэдээлэл зүйн хичээлдээ сайн байж, улсын олимпиадаас медаль хүртэж байжээ. Багын сониуч хүүхэд байсан тэр 5-р ангидаа сургуулийнхаа мэдээлэл зүйн лаборатори дахь компьютертой танилцаж, ажиллах зарчмыг нь ихэд сониучирхах болсон гэдэг. Энэ сонирхолдоо хөтлөгдсөөр 10 жилээ төгсмөгц хуучнаар ШУТИС-ийн Компьютер, техник, менежментийн сургуульд (КТМС) элсэн оржээ.

П.Отгонбаяр хоёрдугаар курсэд байхдаа хиймэл оюунтай холбоотой зүйл сонирхон хийж үзсэн нь компьютер дээр шатар бүтээх байж. Сэтгэн бодох чадвартай машиныг код бичиж бүтээнэ гэдэг тун амаргүй оролдлого байсан ч сонирхлыг нь улам бүр татаж, хожим хиймэл оюунтай холбоотой ажил хийх очийг бадраажээ. 2004 онд тэр их сургуулиа төгсөөд багшлах шийдвэр гарган МУИС-ийн Математик, компьютерийн сургуульд хичээл зааж эхэлсэн байна. Оюутан байхдаа гэр бүл зохиосон тул ар гэрээ тэтгэхийн төлөө өөр хоёр ч сургуульд цагийн багш давхар хийдэг байв. Ингэж хоёр жил хичээл заан мэдлэг чадвараа хурцлаад 2006 онд Мобикомд шалгуулан оржээ.

Шинэхэн инженер Мобикомын тухайн үед хэрэглэгчдэд танил болоогүй байсан цахим худалдааг идэвхжүүлэх төслийг хариуцан авч, жил хэртэй ажилласны эцэст Tedy.mn-ийг хүлээлгэн өгч байснаа ярив. Тус сайт нь 2014 онд компанийн үндсэн сайтад нэгтгэгдэх хүртлээ үүргээ тун амжилттай биелүүлж, цахим худалдаа дэлгэрэхэд хувь нэмэр оруулжээ. Үүний дараагаас компанийн дотоод системүүдийг сайжруулах, нэгтгэх ажилд төвлөрөх болсон бөгөөд баг ахлан, програм хангамжийн инженерүүдийг ажилд авах болжээ. Эдгээр төсөл дээр ажиллах явцдаа П.Отгонбаяр бизнесийн багийн хүсэлт болоод програм хөгжүүлэлтийн багийн хэрэгжүүлэлтийн хооронд зөрүү үүссэнээс байгууллагууд ихээхэн цаг болоод зардал алддагийг анзаарч, энэ хоёрын завсар холбон тоглолт хийхийн чухлыг ойлгосон гэнэ. Түүнчлэн ажлынхаа онцлогоос ч тэр үү, хүнтэй гэхээсээ машинтай сайн харьцаж сурсан инженерүүдийг ялган таньж, ажилд авах нь нэн чухал болохыг ухаарч, шалгалт зэргээ нарийн боловсруулах болжээ. Ийнхүү дотоодын болон олон улсын төслүүдийн ард гарч, хөгжүүлэгчийн хувиар туршлагажих тусмаа аливаа ажилд хэр их нөөц зарцуулах, ямар баг бүрдүүлэх, хэр удаан хийх, ер нь хийх хэрэгтэй эсэх зэргийг баримжаалдаг болж, шийдвэр гаргах чадвараа сайжруулсан байна.


Нэг жишээ дурдахад П.Отгонбаяр багаа удирдан санхүүгийн системүүд бүтээж байжээ. Тухайн үед санхүүгийн систем бүтээе гэвэл санхүүгийн мэргэжилтэй л байх ёстой гэсэн ойлголт амь бөх байж. Үнэхээр ч санхүүгийн мэдлэггүй хүн ийм систем бүтээхэд тун хэцүү гэнэ. Зөвлөгөө авч байсан санхүү, нягтлан бодохын багш нар нь давхар хичээлд суух хэрэгтэйг хэлж байсан ч нягтлан бодох бүртгэлийн сурах бичгийг эхнээс нь гүрийж уншсаар, хийх зүйлээ бага багаар ойлгож, эцэст нь санхүүгийн програмаа хийж чаджээ. Яг л энэ маягаар хөгжүүлэгчид ямар систем хийхийг хүснэ, тухайн салбараа маш сайн ойлгох ёстой, энэ нь програм хөгжүүлэх ажлын гол онцлог хэмээн тэр ярьсан юм.

П.Отгонбаярын амьдралд нэг эргэлтийн цэг гарсан нь 2016 онд хөлөө гэмтээж гэртээ хэсэг суусан явдал байжээ. Тэр хүртэл олон жилийг төслөөс төслийн хооронд тасралтгүй ажиллаж өнгөрүүлээд байсан бөгөөд энэ завсарлага ажил амьдралаа тухтай эргэцүүлж бодох бололцоог олгосон хэрэг. Улмаар 10 жил ажилласан, гурван ч удаа оны шилдэг ажилтнаар тодорч байсан компаниа орхин Анд Глобалын багт нэгдсэн аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Анартай G-Mobile-д хамт ажиллаж байсан ахаараа дамжуулан уулзаад, багт нь нэгдэх хүсэлтийг хүлээн авч, “Анд”-ын Технологи хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн нь тэр юм.

П.Отгонбаяр удалгүй Анд Глобалын тал талаас цугласан чадварлаг, амбицтай залуусын хамтаар бичил санхүүгийн зээл олгодог LendMN апп-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд Lend Wallet буюу цахим хэтэвч, хөгжүүлэгчдэд зориулсан Open API зэрэг тун хэрэгцээт үйлчилгээнүүдийг дараа дараагаар нь зах зээлд гаргахад голлох үүргийг гүйцэтгэсэн билээ.

Програм бичиж хөгжүүлэх, тэр дундаа хиймэл оюуны чиглэлд ажиллана гэдэг математик сэтгэлгээг ихээр шаарддаг. Бүх л шинжлэх ухааны суурь болдог математикаар мэргэшигчид, тэр дундаа Ү.Отгонбаяр тэргүүтэй Монголын топ математикчид тэдний багт бий. Түүнчлэн П.Отгонбаярын 17 настай хүү улсын олимпиадын аварга төдийгүй олон улсын математикийн олимпиадаас хошой медаль хүртэж бахдам амжилт үзүүлжээ. Хэдийгээр ууган хүү О.Мишээл нь ийн өндөр амжилт гаргаж буй ч ирээдүйн мэргэжлээ өөрөө л сонгох хэрэгтэй гэж тэр үздэг. Харин түүний ирээдүйд илүү их цаг зарцуулна, хувь нэмрээ оруулна гэж боддог зүйлсийн нэг нь боловсролын систем юм. Монгол улс яаж хөгжингүй орох болох вэ, математиктаа сайн цөөн хүүхдийг биш суралцагсдыг нийтээр нь хэрхэн сайжруулж хөгжүүлэх вэ гэдэгт санаа тавьж, цаг нь ирэхээр мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулна хэмээн ярилаа.


Тэр өдөр бүр жигд ажиллаж, урт хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллахыг эрмэлздэг онцлогтой бөгөөд ажиллаагүй чөлөө завтай үедээ бусад салбарыг нэлээд сонирхон судалдаг аж. Физик, астрономи, түүх зэрэгт хорхойсож, Youtube-ээр аливаа ойлголтыг тайлбарласан видеонууд, Станфорд, МIT-ийн нээлттэй хичээлүүдийг үзэх дуртай гэнэ. Ялангуяа физик, астрономийн үзэгдлүүд яагаад гарав, яагаад ийм болов хэмээн нарийн учрыг нь олох гэж толгойгоо гашилгавал урдах ажил нь харьцангуй хөнгөн санагддаг гэсэн юм. Ер нь П.Отгонбаяр олон талт байдал, олон зүйлд сонирхолтой байхыг дэмждэг бөгөөд хүмүүс аливаа мэдээллийг нягталж хүлээж авдаг, аливаа асуудлыг өөрөө жаахан судлаад сурчихвал нийгэмд буй олон асуудал арилна гэж итгэдэг нэгэн.

Яг одоо түүний төвлөрч буй ажил үүрэг бол Анд Глобалын олон улсын өргөжилт юм. Програм хөгжүүлэлтийн шийдлүүд, шийдвэр гаргалтууд дээр шаардлагатай үед оролцохын сацуу гадаадад томилолтоор их явж, гаднын компаниудтай хамтарсан төслүүдийг эхлүүлэх болжээ. 2019 онд л гэхэд Филиппин дэх оффисоо удирдан ажиллахын сацуу Өмнөд Солонгос, Мексик улсуудад хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж, эхнээс нь хэрэгжүүлээд эхэлсэн байна.


200 орчим хүнтэй Анд Глобалын баг өдгөө 60 гаруй хөгжүүлэгчтэй. Мэдээллийн технологийн салбарт Монголын хамгийн том компаниудын нэг болоод байна гэсэн үг. Үүн дотор Сингапур, Филиппин зэрэг улсын гадаад инженерүүд байгаа бөгөөд тал талаас ажиллаж буй эдгээр ажилтныг нэг баг болгож ажиллах, компанийн соёлд нэгтгэх нь П.Отгонбаяр захирлын томоохон сорилт юм. Дийлэнх ажилтнууд нь гаднын төслүүд дээр төвлөрч, гадаад мэргэжилтнүүдтэй өрсөлддөг болохоор монгол хөгжүүлэгчид заавал гадагшаа явалгүйгээр олон улсын талбарт ажиллах, суралцах боломж бүрдэж байна хэмээн ярив.

Банк, санхүүгийн салбарын ирээдүйг ойртуулахаар шамдан ажиллаж буй Анд Глобалынхан хамгийн сүүлд нэг шинэлэг бүтээгдэхүүн гаргасан нь SuperUp аппликейшн юм. Бичил зээлийн LendMN, онлайн худалдааны Banana Mall, олон үйлдэлт SuperUp-ийг багтаасан цогц цахим дэд бүтцээр дамжуулан П.Отгонбаяр болон түүний нөхөд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын бүх л хэрэгцээг нэг дороос тун хялбархнаар хангахаар зорьж байна. SuperUp нь өдөр тутмын бүх л хэрэгцээт худалдаа, үйлчилгээг санал болгохоос гадна сонирхолтой нэмэлт үйлчилгээнүүдийг турших, ихээхэн хэмнэлт хийх боломжийг олгож байгаагаараа орчин үеийн залуучуудын амьдралын хэв маягт яв цав нийцжээ.

Монгол компани мэдээллийн технологиор дэлхийд цахиур хагалж чадна шүү гэдгийг үзүүлэх мөрөөдөлтэй тэдэнд цаашид олон бэрхшээл тулгарах нь ойлгомжтой боловч энэ оролдлогууд нь, салбартаа шан татаж буй нь дангаараа л өндөр үнэлүүштэй алхам билээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, компаниа 30.4 сая ам.доллароор үнэлүүлээд буй Анд Глобалын нэгэн тулгуур П.Отгонбаяртай ийн хөөрөлдөж, ажил карьерынх нь түүхийг сонсоход дандаа л байхгүйг бий болгохын төлөө, болохгүйг шийдэж урагшлахын төлөө явж ирсэн байх юм.

Хиймэл оюуны эрин цаг наашлах тусам Монголд маань түүн шиг технологийн нарийнийг бизнесийн ухаантай уяж зангидаж чадах өндөр чадамжтай мэргэжилтнүүд байгааг мэдэх туйлын таатай байлаа.


П.Отгонбаярын сошиал хуудсууд:
Фэйсбүүк
ЛинкэдИн


Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.