Оны хамгийн онцгой, уншууртай нийтлэлүүдийг багтаасан "Атаархлын жагсаалт 2019"-д тавтай морил. Бид үргэлж бусад редакц, сэтгүүлчдийн нийтлэлүүдийг алдалгүй уншихыг хичээж, цагаа олсон, нэн сонирхолтой, туйлын бүтээлч бичвэрүүдийг энэхүү жагсаалтдаа багтаадаг уламжлалтай. Энэ сэдвийг бид барьж авсан ч болоосой, ийм өнцгийг нь анзаарсан ч байгаасай хэмээн шүүрс алдаж, урам зориг авдаг учраас бид энэ жагсаалтаа "Атаархлын жагсаалт" хэмээн нэрлэдэг билээ.

Өнгөрсөн жилүүдэд шинэ оны өмнө танилцуулдаг байсан жагсаалтаа бид энэ удаа дорнын тооллоор он солигдоод удаагүй байгаа энэ цаг мөчид хүргэж байна.

Холдох тусмаа гэрэлтэнэ /Б.Энхцэцэг, UB.LIFE/


Өнгөрсөн жил эх хэл дээрээ уншсан хамгийн яруу тунгалаг, сэтгэл хөдөлгөм түүх. Эхлэл, өрнөл, төгсгөлийн холбоос нь уламжлалт медиагийн "нуршуу, хэт уянгалсан" бичлэгээс огт өөр. 2019 оны Балдорж наадмын шилдэг бүтээлүүдийн нэг болсонд нь гайхах зүйл үгүй. Уншиж суухдаа үйл явдлыг нь төсөөлж, заримдаа шүүн тунгааж, өмнөөс нь шаналж, бас харуусах мэдрэмж төрүүлэх нь энэ нийтлэлийн ид шид. Кино зохиол ч болох чансаатай бүтээл.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ


хайртай гэдгээ хэлэх гэж залгалаа /М.САРУУЛ-Эрдэнэ, BAABAR.mn/


Аливаа хэлийг ийм сонирхолтой, ийм цэгцтэй, ийм тодорхой зааж болдог гэдгийг эртхэн ч мэдсэн болоосой! "Зугаатай хэл шинжлэл"-ийн мастер М.Саруул-Эрдэнэ үе үеийнхний сэтгэлд хоногшсон С.Уондерын хит дууны үг, агуулгыг бүтцээс нь эхлэн эвлэгхэн задалж, бүтэн үндэстний соёл, үзэл санаатай огтлолцуулан тайлбарласан нь үнэхээр урамтай уншлага байв. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт ч оруулахад болохгүй юмгүй мэт санагдлаа.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ


Хоосноос дүүрэн хүртэл /Б.Алтанхуяг, монцамэ/


"Уран бүтээлчид улсын хилээр" төслийн хүрээнд сэтгүүлч Б.Алтанхуягийн бичсэн энэхүү цуврал нийтлэл Монгол орны үзэсгэлэн гоо, байгалийн сүр жавхлан, өв соёл, зон олны аж амьдралын талаарх төсөөллийг тань улам баяжуулах болно. "Зөөлөн", "Дүүрэн", "Ганцхан" зэрэг түлхүүр үгсээр бүрдэл хэсгүүдээ нэрлэн тусгаарлаж, тэр болгонд өөр өөр өнгө төрх шингээсэн сэтгэл хөдөлгөм гэрэл зургийг хавсаргасан нь нийтлэлийг улам чимж өгчээ.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ /1-р хэсэг/

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ /2-р хэсэг/


Шинэ үеийнхэн яг юугаараа ялгаатай вэ? /Аанхаа, BAABAR.mn/


2019 оны Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их яригдсан сэдвүүдийн нэг нь яах аргагүй үеүдийн ялгаа, үе хоорондын онцлог байлаа. Цаг үеийн дуудлага болсон энэ сэдвээр хийгдсэн олон нийтлэл, судалгаа, видео, подкаст хэрэглэгчдийн хүртээл болж, олон нийтийн дундах ойлголтын зөрүү, үл ойлголцлыг багахан ч гэсэн бууруулсан гэдэгт итгэлтэй байна. Тэр дундаас гярхай ажиглаж шулуухан бичдэг Аанхаагийн энэ нийтлэлийг онцолж байна. Яг л шинэ үеийнхэнд зориулсан гэмээр хялбар бичлэгтэй хэрнээ нухацтай, нарийн холбоосуудтай сайн нийтлэл.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ


САНАЛ БОЛГОХ: Genz, Mllenals, Boomers: Үе хоорондын ялгааг ойлгох нь

Unread

Би шинэ үеийнхэнд найддаг /Д.Гансаруул, ӨДРИЙН СОНИН/


Өнөө цагийн хамгийн нөлөөт соён гэгээрүүлэгчдийн нэг Баабартай хийсэн магадгүй хамгийн сайн ярилцлагуудын нэг энэ байх. "Улс төргүй яриа шүү" гэж анхааруулсаар эхэлж, сануулсаар дуусгасан уг яриа угаас таньдаг, мэддэг хүнтэй минь чин сэтгэлийн угаас яриа өрнүүлж, асуугаасай-хариулаасай гэсэн бодол бүрийг алдалгүй барьж авсан мэт сэтгэгдэл төрүүлэв.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ


"БОЛОВСРОЛ ӨӨРӨӨ ТЭГШ БУС БАЙДЛЫН ШАЛТГААН БОЛОХ НЬ" ЦУВРАЛ /Ч.БОЛОРТУЯА, IKON/


Монголын боловсролын системийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хөндсөн энэ цуврал бол "классик айКон". Тоон мэдээлэлд суурилсан, товч тодорхой баримтууд бүхий, энгийн боловч хурц өгүүлбэрүүдээс бүрдэх эдгээр нийтлэл нэг талыг барилгүй олон оролцогч талын байр суурийг багтааж, гол сэдвээ олон талаас нь "мөлжиж" чадсанаараа онцлогтой. Мөн яагаад гэдэг асуулт тавиад зогсохгүй цаашид яах вэ гэдэгт ч хариулт өгөхөөр хичээж буй нь энэ цувралыг илүү үнэ цэнтэй болгож чаджээ.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ


АРД ОЛОНДОО АХИАД ҮНСҮҮЛЭЭРЭЙ /Г.Улсболд, NEWSPRESS/


Энэ жагсаалтад багтсан хамгийн богинохон, гэхдээ хамгийн тодорхой агуулгатай нийтлэл. Монгол түмний их баяр цэнгэл наадмын түрүү бөхөөс допинг илэрч, ард түмний түүнд бэлэглэсэн их хайр хүндэтгэл хоромхон зуур үзэн ядалтаар хувирахын цагт Г.Улсболдын энэ нийтлэл олон хүний хэлэхийг хүссэн, хэлмээр санагдсан үгсийг зүрхэнд тустал өгүүлсэн мэт. Үнэхээр л өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ...

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ


Найрагчийн мөрөөр: Алдагдсан цагийн эрэлд /У.Бямбаням, ГЭРЭГ/


Медиа төсөл гэж ямар байх учиртайг салбарынхаа акулуудад хүртэл мэдрүүлж, хүрэхэд амаргүй жишиг тогтоосон энэ төслийн үр дүнг хүлээсэн хүн их байсан. У.Бямбаням ч тэдний, бидний итгэлийг алдсангүй. Түүний нийтлэл эгээ л цаг хугацаагаар аялуулж байгаа юм шиг. Хөндөгдөөгүй үлдсэн дурсамжууд, хүрч амжаагүй үгс, холоо хоцорсон дуртгалуудыг эргэн сөхөөд ч байгаа юм шиг. "Найрагчийн мөрөөр" араасаа олон олон шинэлэг-бүтээлч, "инновацлаг" бүтээлүүдийг төрүүлэх булган сүүлтэй байна гэдэгт үл эргэлзнэм.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ


САНАЛ БОЛГОХ: THE CONVERSATION #1 - У.БЯМБАНЯМ

Unread

"КВАЛИА" ЦУВРАЛ /ТОМЁ БОДЁ/


Энэ жил нийтлэлийн онц сонирхолтой номоо уншигчдын хүртээл болгосон "Томё Бодё" хагас жил гаруй завсарласны эцэст энэ нийтлэлтэйгээ сүр жавхлантай эргэн ирсэн юм. Философи, шинжлэх ухааны зааг дахь магадгүй хамгийн төвөгтэй бөгөөд маргаантай сэдвийг хөндсөн, дахин уншихгүй бол эргэлзэм, эргүүлж бодуулам энэ цувралыг нь бид онцолж байна. Блогтоо 2012 оноос эхлэн бичсэн нийтлэлүүдээ эмхэтгэн сайжруулж цуврал болгон хүргэсэн нь энэ юм. Өмнө нь текстээ 8 өөр өнгөөр эрээлжлүүлэн бичсэн нийтлэлийг дурлан унших үе ирнэ гэж санаж ч байсангүй.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ /1-р хэсэг/

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ /2-р хэсэг/

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ /3-р хэсэг/

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ /4-р хэсэг/


ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: ГУРАВ ДАХЬ ХОРТ ХАВДАРТАЙГАА ТЭМЦЭЖ БУЙ ЭЭЖ /Б.ГЭРЭЛМАА, EGUUR/


Сошиал ертөнцөд нэлээн сайн түгсэн энэ нийтлэлийг уншиж амжаагүй бол сэтгэл зүйн бэлтгэлтэй эхлүүлэхийг сануулъя. Үнэхээр л эгэл бус амьдралын жимийг тойрч бус сөрж, давж яваа энгийн нэгэн бүсгүйн энэ түүх олон хүнд нэг бусыг бодогдуулсан нь гарцаагүй. Эрүүл байхын жаргал, цаг хугацааны үнэ цэн, итгэл найдварын хүч энэ нийтлэлийг үг, үсэг бүрд шингэжээ. Заавал унших, уншаад үйлдэл хийх, хийгээд бусдыгаа уриалах учиртай бүтээл.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ


Синдикат Ярилцлага: ХӨГЖИЛ БОЛ ХҮНИЙ ЭРХ /В.Ганзориг/


В.Ганзоригийн эрхлэн явуулдаг "Syndicate Talk" ярилцлага цар хүрээгээ тэлж, гол дүрийн ганц зочинтой хувилбараар буюу exclusive хэлбэрээр хүрэх болсон нь Монголын контентийн орон зайд шинэ өнгө нэмсэн хэрэг байлаа. Мультиформаттай контент хэмээн тодруулсан уг ярилцлагын эхний зочин нь НҮБ-д алба хашиж буй монгол мэргэжилтэн А.Бат-Эрдэнэ байсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг байв. Хөгжил, хүний эрх, боловсрол зэрэг олон сонирхолтой сэдвээр цэгцтэй ойлголт өгөхүйц өгөөжтэй яриа болсныг онцолъё.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ


Элчин сайд цуврал /Б.Нямдарь, Gogo.mn/


Өнгөрсөн жилийн жагсаалтад маань "Соёлын довтолгоо" цувралаараа багтсан Gogo-ийн хамт олны эхлүүлсэн өөр нэгэн шинэлэг, сонирхолтой цувралыг онцолж байна. Энэ бол Монголд ажиллаж буй гадаад улсын элчин сайд нарыг танилцуулдаг "Элчин сайд" ярилцлагын цуврал юм. Одоогоор ороод буй зургаан орны элчин сайдын ярианаас улс тус бүрийн онцлог, соёлын ялгаа, улс хоорондын хамтын ажиллагааны цар хүрээ, гол бодлогууд, хувь хүний арга барил, характерын онцлог зэргийг бүгдийг нь мэдэж болох ажээ.

ЦУВРАЛЫГ УНШИХ


дурдах ёстой нийтлэлүүд


Жеокэч буюу тоглонгоо аялахуй /Г.Сонинбаяр, Eagle/

Салхин дээр ургасан сарнай /М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан/

Эрдэнэбилэгизм II /Д.Жаргалсайхан, Defacto/

Монгол хүний саруул ухаанд итгэнэ /О.Мөнхсайхан, Trends/

Зүрхэнд мөнх /Б.Алтанхуяг, МОНЦАМЭ/

450 мянган төгрөгийн үнэтэй хүүхдийн дөрвөн хуруу /Ж.Мандхай, Ikon/

Монгол, Зимбабве хоёр юугаараа адилхан бэ? /Б.Болор-Эрдэнэ, Trends/

Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнгүй /Г.Отгонбаяр, iToim/

Судлаач бүсгүйн Монголоос амссан дарамтыг хүчингүйд тооцох шалтгаан юу байв? /Э.Намуун, UB.Life/

Популизмын попури /Х.Батсайхан, Үндэстний тойм/


ӨМНӨХ ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ:

АТААРХЛЫН ЖАГСААЛТ - 2018

АТААРХЛЫН ЖАГСААЛТ - 2017

АТААРХЛЫН ЖАГСААЛТ - 2016

Unread