Өнөөгийн ширүүн өрсөлдөөнт зах зээлд жижиг, дунд бизнес амжилттай эрхлэхэд олон сорилт тулгардгийн нэг нь санхүүгийн бүртгэл, тайлан, төлөвлөлт байдаг билээ. Энэ төрлийн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ төвлөрч санхүүгийн хэсгээ орхигдуулдгаас гадна санхүүч ажиллуулах мөнгөний боломж багатай байх нь түгээмэл. Тийм учраас өнөөдөр бид жижиг, дунд бизнесүүдэд зориулан санхүү, нягтлан бодох бүртгэл, тайлагнал, төлөвлөлтийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэн тэдний цаг, хөрөнгийг хэмнэж, мөн банкнаас зээл авах, хөрөнгө оруулалт татах боломжоор хангадаг www.sanhuuch.mn сайт буюу "Будханат" компанийг онцолж байна.
Бизнесийн нэр: www.sanhuuch.mn
Хаяг: Хүннүгийн гудамж, Олимп Плаза, 1001А
Үйл ажиллагааны чиглэл: Жижиг дунд бизнесийн санхүү бүртгэл, тайлагнал, төлөвлөлт
Үүсгэн байгуулагдсан: 2016 оны 3 сар
Үүсгэн байгуулагч: Ч.Мөнхбадрах, Н.Баярмаа
Ажилтны тоо: 4
Фэйсбүүк: Sanhuuch

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?
Би 2005 оноос эхлэн 8 жил банкинд жижиг дунд бизнесийн зээл хариуцаж, мэргэжилтнээс эхлээд хэлтсийн захирал хүртэл ажилласан. Энэ хугацаанд жижиг дунд бизнес эрхэлж буй олон харилцагчтай ажиллаж, тэднийг судалж, зөвлөгөө өгч ирсэн. Эндээс жижиг дунд бизнесүүдэд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үнэхээр дутагдалтай, нэн хэрэгцээтэй байдгийг олж мэдсэн юм. Энэ төрлийн бизнесүүдийн дийлэнх хувь нь нягтлан бодогч, санхүүч ажиллуулах санхүүгийн бололцоогүй байдаг. Нягтлан бодогчтой байлаа ч тэр хүн санхүү бүртгэлээ хийх, татвараа тайлагнах ажлыг хийхээс биш эдийн засгийн үр ашгийг тооцох, санхүүгийн төлөвлөлт хийхэд хүндрэлтэй. Нэг хүн энэ бүхнийг хийхэд үнэхээр хэцүү.
Тиймээс санхүү, татварын зөвлөх үйлчилгээний чиглэлээр 10 гаруй жил ажилласан эхнэртэйгээ хамт жижиг дунд бизнесүүдэд зориулан санхүүгийн зөвлөх үйлчилгээний компаниа байгуулсан. Манай харилцагч нар санхүүгийн аутсорсинг үйлчилгээг авах нь санхүүч ажиллуулснаас хэд дахин хямд тусаж байгаа юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?
Зөвлөх үйлчилгээ эхлүүлэх гарааны санхүүжилт бол харьцангуй бага. Хамгийн гол нь оюуны хөрөнгө оруулалт юм даа. Үүнтэй холбоотойгоор нэг ажигласан зүйлээ хэлэхэд, гарааны компаниудын эзэд өөрсдөө оюуны хөрөнгө оруулалт асар их хийчихээд, компаниа үнэлэхдээ түүнийгээ тооцохгүй, зөвхөн биет хөрөнгөө тооцоод байдаг нэг асуудал байдаг.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?
Бид жижиг дунд бизнесүүдийг зорилтот хэрэглэгчээ болгон, санхүү бүртгэл, бодит гүйцэтгэл, тайлагналын цогц үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлогтой. Яг энэ чиглэлээр дагнасан өөр компани байдаг гэж одоогоор сонсоогүй л явна. Бичил, жижиг дунд, том бизнес гээд 3-4 сегмент байгаа. Том бизнесүүд бол өөрсдийн гэсэн нягтлан бодогч, эдийн засагчтай байдаг бол жижиг дунд компаниудад манай санхүүгийн цогц үйлчилгээ яг тохирдог.
Санхүүгийн цогц үйлчилгээ гэдэг нь бид бизнесийн санхүүгийн бүртгэлийг хийж бодит тайлан гүйцэтгэлийг боловсруулж өгнө, түүнчлэн эдгээрт үндэслэн цаашдын үр ашгийн тооцоо, санхүүгийн төлөвлөлтийг хийж өгөх юм. Ер нь бол санхүү татварын тайлан гаргаж өгдөг мэргэжлийн компаниуд зөндөө байдаг л даа. Гэхдээ, жишээ нь тухайн бизнес банкнаас зээл авъя гэхэд санхүүгийн бодит тайлан, төлөвлөгөө гаргах ёстой байдаг ч үүнийг тэдгээр газрууд тэр бүр хийж өгөх боломжгүй байдаг юм.
Харилцагч заавал цогц үйлчилгээ авах албагүй, аль хэрэгцээтэй байгаа хэсэгт нь бид туслах болно. Зарим компаниудын бүртгэл замбараагүй, эмх цэгцгүй, баахан баримт цуглуулсан байдаг, үүнийг бид эмхэлж, тайлангаа хялбар гаргахад тусалж болно. Ер нь бүртгэл цэгцэрсний дараа л эдийн засгийн үр ашгийн тооцоо, санхүүгийн төлөвлөлт хийгдэх болдог. Банкны зээл авах, хөрөнгө оруулалт татах зэрэгт зөвхөн санхүүгийн төлөвлөлт дээр нь ажиллаж, зээл авбал ямар мөнгөн урсгалтайгаар төлж барагдуулах вэ гэдэг дээр ч зөвлөж болно.
Мөн энд бид хуримтлуулсан туршлагаа онцлох нь зүйтэй. Миний хувьд жижиг дунд бизнесүүдэд санхүүгийн зөвлөгөө өгөөд 10 гаруй жил болж байна. Эхнэр маань татварын зөвлөх үйлчилгээгээр арвин туршлагатай.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?
Санхүү бүртгэл, бодит тайлан, төлөвлөлтийн шилдэг зөвлөх компани болох зорилготой. Sanhuuch.mn сайт маань нээгдээд нэг жил болох гэж байна. 3 жилийн дотор 2 оронтой тооны ажилтантай, 100 гаруй харилцагчтай компани болно гэсэн том зорилго тавьсан.
Мөн санхүүгийн бүртгэлийг хялбарчлах гар утасны апп хөгжүүлэхээр төлөвлөөд байна.
БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?
Хамгийн гол үнэт зүйл маань харилцагчийн эрх ашиг. Бид чадахгүй юмаа чадна гэж худлаа амлахгүй. Харилцагчид маань өөрсдөө хийж чадах зүйл байвал зааж өгч, үнэхээр чадахгүй, боломжгүй зүйл байвал түүн дээр нь төлбөртэй үйлчилгээ үзүүлээд явна.
Мөн компанийн хувьд сэтгэлтэй, зүтгэлтэй ажилтнуудыг авч, тэднийгээ сайтар хөгжүүлж явахыг хүсдэг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
Сүүлийн үед манайх зөвлөгөө нийтлэлүүд нэлээд бичиж байгаа. Харилцагчдадаа бид эхлээд ихийг өгөх хэрэгтэй. Чадахаар юмыг нь зааж өгөөд, чадахгүй зүйл дээр нь л үйлчилгээ үзүүлэх бодлого барьж байна. Харилцагчдын маань үйл ажиллагаа томорч сайжирвал бидэнд өөрсдөд хэрэгтэй шүү дээ. Ийм ч учраас бизнесийн санхүүгийн бүртгэл хийх эксел файлыг сайт дээрээ үнэгүй тавьсан. Хүмүүс их татаж авч байна.
Мөн 5-6 оролцогч бүхий, интерактив, кэйс дээр суурилсан санхүүгийн сургалтуудыг хийж байна. Олон хүнтэй бол сургалт үр дүн багатай болох тул ингэж шийдсэн. Оролцогчдынхоо компани, бизнест зориулсан эксел файлуудыг хөгжүүлж өгдөг.
Эксел файл гэснээс, компаниуд танайх санхүүгийн програмтай юу гэж их асуудаг. Санхүүгийн програм нь харин нэлээд нүсэр байдаг юм. Програмтай байж болох ч олон төрлийн бизнесүүдтэй ажилладаг учраас бизнес бүрийн онцлогийг шингээсэн програм байхад хүндрэлтэй. Тиймээс бизнес бүр дээр эксел файл хөгжүүлээд явах нь үр дүнтэй байдаг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?
Эерэг тал нь бид аливаа бизнестэй хамтарснаар тухайн бизнесийн чадамж илтэд сайжирдаг. Жишээ нь тухайн бизнест банк 200 сая төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн байхад бид тус компанийг судлаад, орлогуудыг баталгаажуулж, санхүүгийн гүйцэтгэлийг гаргаж, бизнесийн өсөлт бууралтыг тооцсон төлөвлөлтийг гаргасны дараа 500 сая төгрөгийн зээл авсан тохиолдол гарч байлаа.
Компанийн мөнгө, эзний мөнгөтэй холилдоод учир зүй нь олдохоо байсан компаниуд ч олон байдаг. Энэ тохиолдолд компанийн цаашдын стратеги ярих ямар ч боломжгүй. Компанийн мөнгийг эзний мөнгөнөөс салгаж бүртгэх зэргээр энэ бүхнийг засаж залруулж, ирээдүйд өсөн дэвжихэд нь тусалдагтаа баяртай байдаг.
Хэцүү бэрхшээлтэй асуудлууд бас бий. Зөвлөх үйлчилгээг ойлгох ойлголт тааруугаас хамаг юмаа хийлгэх гээд зүтгэдэг харилцагчид байна. Бас "би чадна"-ууд буюу сайн дурынхан энэ салбарт олон бий. Тэднээс болж салбарын нэр хүнд бас унадаг талтай. Энэ бол зөвлөх үйлчилгээний салбарт тохиолддог нийтлэл зүйлс юм. Манай үйлчилгээ үнэхээр хэрэгтэй байгаа ч санхүүгийн боломжгүй газрууд бас нэлээд бий.
Сэтгэгдэл бичих (3)


D Dr Adity 102.89.82.205
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
М Мөнхжаргал 202.179.26.206
Аутсорсинг үйлчилгээний үр шимгийг бүрэн утгаар нь хүртээд явж байгаадаа баяртай байдаг. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Д Даавка 202.55.183.173
Нягтлан авах шаардлагагүй компанийн хувьд хамгийн зөв сонголт бол аутсорсинг үйлчилгээ юм. Миний хувьд энэ компаниар үйлчлүүлснээс хойш нягтлан бодогч хайх, эсвэл нөгөө хүнийхээ завтай эсэхийг харах, өөрөө нийгмийн даатгал болон НӨАТ-ын тайлангаа гаргаж өгөх гээд л толгой өвтгөсөн асуудлуудаа бүгдийг нь цэгцэлсэн. Бусад жижиг компаниуддаа зөвлөхөд санхүүгээ зөв гаргах нь маш чухал. Тэгээд итгэлтэй бас ажил хөнгөвчилсөн, зөвлөгөө авчихдаг газрыг сонгоорой.