Бид хар нүхийг жинхнээсээ харах боломжтой болов уу?

Халдлага дүүрэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахиныг цочроосон хэд хэдэн террорист халдлага, харамсалт үйл явдлууд тохиолоо. ОХУ-ын Санкт Петербург хотноо 4-р сарын 3-ны өдөр метроны буудалд дэлбэрэлт болж, 14 иргэн амь насаа алдсан байна. Энэхүү халдлагыг Киргизстанд төрсөн, Узбек гаралтай Оросын иргэн амиа золиослон үйлдсэн бөгөөд нийт 40 гаруй хүнийг гэмтээжээ. Цагдаагийнхан өөр метроны буудлаас хараахан дэлбэрч амжаагүй байсан төхөөрөмжийг мөн аюулгүй болгосон юм. Яг дэлбэрэлт болох үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Санкт Петербург хотноо ажиллаж байсан билээ. Шведийн Стокхольм хотод ачааны машинтай этгээд явган хүмүүсийг санаатайгаар дайрч хохироосон хэрэг гарсан нь мөн цочроом үйл явдал байлаа. Нийт 4 хүн амь насаа алдаж, 10 гаруй хүн гэмтээд байгаа бөгөөд 39 настай Узбек гаралтай этгээдийг сэжигтнээр тооцон баривчлаад байгаа ажээ. Швед улс энэхүү үйл явдлыг террорист халдлага хэмээн үзэж байгаагаа зарласан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн агаарын хүчний бааз руу цохилт өгсөн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. 2011 онд эхлэсэн Сирийн иргэний дайнд Америк анх удаа шууд оролцож байгаа нь энэ. БНХАУ-ын дарга Ши Жинпинийг хүлээж авч байсан үетэй зэрэгцэн өгсөн энэ тушаалыг нь олон орны лидерүүд буруушааж байна. Яг энэ үйл явдлын өмнө Сирийн арми химийн зэвсэг ашиглан босогчид байрлаж байсан бүсэд дайралт хийж, 80 гаруй хүн, түүний дотор хүүхэд, гэмгүй хүмүүсийг хохироосон нь гол шалтгаан байсан хэмээн АНУ-ын засаг захиргаа мэдэгдэж байна.

Huffington Post: Яагаад Трампын шийдвэр буруу гэж?
Vox: Трампын тушаалыг 2 өгүүлбэрээр тайлбарлах нь

Дэлхийн хамгийн хүчирхэг 2 гүрний тэргүүд "ямар нэг асуудалгүй" уулзалдаж чадав.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Verizon-д зарагдаад удаагүй байгаа Yahoo шинэ нэр, брэндийн дор үйл ажиллагаа явуулах болсон гэнэ. Үүнийг Verizon-ий CEO Тим Армстронг хувийн твиттер хуудсаар анхлан зарласан бөгөөд өөрсдийн эзэмшилд байсан The Huffington Post, Techcrunch зэрэг брэндүүдийг эзэмшдэг AOL-тэй нэгтгэн OATH нэртэйгээр зах зээлд нэвтрүүлэх юм байна. Yahoo-ийн CEO-оор ажиллаж байсан Марисса Майер үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх нь тодорхой болсон бөгөөд одоогоор Oath-ийг удирдах багийн нэр тодроогүй байгаа юм. Германы хувцас хэрэглэлийн томоохон үйлдвэрлэгч Adidas 3D принтерээр үйлдвэрлэсэн анхны пүүзээ зарлалаа. Энэ оны сүүлээс эхлэн зах зээл дээр зарагдаж эхлэх Futurecraft 4D нь 5000 ширхэг л хийгдэх ч 2018 оны эцэс гэхэд масс үйлдвэрлэлд шилжин 100 мянган ширхэг бүтээгдэх гэнэ. Adidas өнгөрсөн жил 333 долларын үнэтэй, мөн 3D принтер ашиглагдсан гүйлтийн гутлаа туршилтын зориулалтаар гаргасан. Тэд энэ удаад Google, GE-ийн хөрөнгө оруулалттай стартап Carbon-тай хамтран энэхүү бүтээлээ гаргажээ. Германы өөр нэг компани Volkswagen хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хятадын стартап Mobvoi-д 180 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 2012 онд экс Гүүглийн ажилчдын байгуулсан энэ стартап дуу таних, хэл сургах чиглэлээр дагнан ажилладаг гэнэ.

NPR: Oath-тэй танилц: Yahoo + AOL-ийн хослол супер бүрдэл мөн үү?
The Verge: Адидас 3D принтерийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна

Адидас тоглоомын дүрмийг ахин өөрчлөхийг хүсч байна

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Хойд Америкийн хамгийн том, эрэлттэй мэргэжлийн спортын лиг NFL-ийг интернетээр шууд дамжуулах эрхийн төлөөх тулаанд Амазон ялалт байгуулсан байна. Тэд пүрэв гарагийн үдэш бүр Amazon Prime-аараа нийт 10 тоглолт шууд дамжуулах эрхийг 50 сая доллараар худалдан авчээ. Өнгөрсөн жил хамгийн анх удаа NFL-ийг шууд дамжуулж байсан Твиттер болон Youtube, Google бүгд энэ эрхийн төлөө өрсөлджээ. Твиттерийн үүсгэн байгуулагч Эв Уильямс өөрийн эзэмшлийн хувьцааныхаа 30 хувийг "хувийн шалтгаанаар" зарж байгаагаа зарласан. Тэрээр олон нийтийн ажилд болон Медиум зэрэг бусад бизнесүүд рүүгээ хөрөнгө оруулахаар зэхэж байгаа нь энэ гэнэ. Сүүлийн үед зах зээл дээр нэр муутай байгаа Uber-ийн гол өрсөлдөгч, зорчигч болон жолоочиддоо илүү ээлтэй, нөхөрсөг үйлчилгээтэй гэдгээрээ брэнд болсон Lyft 500 сая долларын хөрөнгө оруулалт босгосон байна. Ингэснээр тэд нийт 7,5 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй болж байгаа юм. Youtube 2-р сард зарласан интернетээр кабелийн телевиз, онлайн шоу үзэх боломж олгох Youtube TV-ээ Америкийн хэд хэдэн хотод нээлттэй болголоо. Хэрэглэгчид энэ үйлчилгээний төлөө сард 35 доллар төлөх учиртай. Google сүүлийн үед ихээхэн асуудал дэгдээгээд буй хуурамч мэдээтэй тэмцэх шинэ хэрэгслээ зарлалаа. Тэд Politifact, Snopes зэрэг мэдээ нягталдаг сайтуудтай хамтран хайлтын систем дээр тухайн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгах боломжийг хэрэглэгчдэд олгох ажээ.

Recode: Lyft 500 сая долларын хөрөнгө оруулалт татжээ
VICE: Гүүглийн хуурамч мэдээлэл нягтлах хэрэгслийг шалгасан нь

Гүүгл танд үнэн зөвийг ялгахад тань туслана

Спортын ертөнцийн эргэн тойронд

"3-р сарын галзуурал" нэрээрээ алдаршсан, их сургуулиуд, коллежуудын дунд явагддаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ялагч өнгөрсөн долоо хоногт тодорлоо. Бүс, муж болон улсын хэмжээний олон шат дамжлагуудыг даван гарч ирсэн шилдэг 32 баг аваргын төлөө хасагдах журмаар өрсөлдсөний эцэст Хойд Каролинагийн их сургуулийн баг тэмцээний ялагч боллоо. 79 дэх удаагийн тэмцээний финалд тэд анх удаа шигшээд үлдсэн, "даруухан" Гонзагогийн их сургуулийн багийг 71:65-аар хожжээ. М.Жордан, В.Картер зэрэг олон алдарт сагсан бөмбөгчдийг төрүүлсэн Хойд Каролинагийн их сургуулийн баг 6 дахь удаагаа аваргын эзэн болж байгаа нь энэ юм. Өнгөрч буй долоо хоногт Монголын тамирчид дэлхийн өнцөг булан бүрт гайхалтай амжилтууд ээлж дараалан үзүүлж, ард түмнээ баярлууллаа. Тайландын Бангкок хотноо явагдсан, А зэрэглэлийн "Эзэн хааны цом" тэмцээнд МУГТ, олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай түрүүлж, алтан медаль хүртлээ. Энэ тэмцээнд 49 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм. Харин Арабын Нэгдсэн Эмират улсад явагдаж буй Эл Эйний олон улсын тэмцээнд буудлагын ОУХМ Ц.Мөнхзул 25 метрийн спорт гар бууны дасгалд мөнгөн медаль хүртжээ. Чөлөөт бөхийн олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "Дан Коловийн нэрэмжит" тэмцээн Болгарын Русе хотноо явагдаж байгаа. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өрсөлдсөн МУГТ Э.Бэхбаяр түрүүлж, энэ тэмцээнд түрүүлсэн монголын 9 дэх тамирчин болжээ. Монголын лигийн 10 дахь удаагийн аварга Эрчим клуб Азийн хөлбөмбөгийн холбооны AFC Cup тэмцээний хүрээнд БНАСАУ-ын аварга Кигванча клубтэй Улаанбаатар хотно тоглон 3:0-ээр хожигдлоо. Тэд өмнөх тоглолтонд 6:0-ээр хожигдоод байсан билээ.

358: Хойд Каролинагийн "муухан" ялалт
Olloo: Эрчим хожигдлоо

Шинжлэх ухааны ертөнцийн эргэн тойронд

Эрдэмтэд анх удаа дэлхийтэй төстэй гарагаас агаар мандал олж илрүүлсэн тухайгаа зарлалаа. Astronomical Journal сэтгүүл дээр нийтлэгдсэн судалгааны ажил дээрээ тэд 2015 онд нээгдсэн, дэлхийгээс 39 гэрлийн жилийн зайд орших GJ1132b нэртэй гараг нь ус, метан эсвэл аль аль нь холигдсон бүтэц бүхий нарийн бүрхүүлтэй байгааг илрүүлснээ зарласан юм. Харамсалтай нь энэ гарагийн дундаж температур нь 370 градус байдаг учир амьдрал оршин байх магадлал байхгүй. Гэхдээ агаар мандал байгааг илрүүлж чадсанаараа цаашдын судалгааны ажлуудад ихээхэн түлхэц болох чухал ач холбогдолтой нээлт болсныг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ. Сансар судлалын өөр нэг анхаарал татсан нууцуудын нэг "хар нүх"-ний зургийг авах зорилго бүхий Event Horizon Telescope төсөл дэлхий даяар 4-р сарын 4-өөс эхэллээ. Сансар судлалын хамгийн том 14 судалгааны институт, байгууллагуудын хамтарсан энэхүү төслийн хүрээнд АНУ, Чили, Франц, Испани, Мексик зэрэг нийт 8 газарт байршсан телескопуудыг ашиглан, сүүн замын төв рүү чиглүүлэн тасралтгүй ажиглалт хийнэ гэнэ. Бэйсболын бөмбөгөн дээрх жижиг уранхайг 12 мянган км-ийн цаанаас ч харах чадалтай энэхүү туршилт амжилттай болбол хүн төрөлхтөн анх удаа хар нүхний зургийг бодитойгоор харах боломжтой болох юм. Nature сэтгүүл энэ долоо хоногт далайн усыг хэрэглээний ус болгон хувиргах шүүлтүүрийг бүтээсэн багийн судалгааны ажлыг нийтлэсэн байна. Манчестерийн их сургуулийн эрдэмтэд графен шүүлтүүр ашиглан далайн уснаас давсыг нь салгах туршилтаа амжилттай хийжээ. Энэхүү технологийг хэрхэн хэрэглээнд нэвтрүүлэх талаар олон багууд хамтран ажиллаж байгаа аж.

Vox: Хар нүхний зургийг тэд ингэж авна
BBC: Агаар мандалтай гараг анх удаа илрүүлжээ