Дональд Трамп ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө

Д.Ганзориг, Виржиниагийн Их Сургуулиас

1 сарын 20-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж, Дональд Трамп нэр дэвшихээ зарласнаас хойш 584 өдрийн дараа албан ёсоор АНУ-ын 45 дахь төрийн тэргүүн, "чөлөөт ертөнцийн” хамгийн хүчирхэг хүн боллоо. Тэрээр эхнэрийн хамт үдээс өмнө Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Обама, тэргүүн хатагтай Мишэл Обама нартай уулзан цайлж, тэндээсээ Капитол руу хамт хөдөлсөн юм. Олон хүний таамаглаж байсанчлан, түүний тангараг өргөх ёслолын үг "сонгодог Трамп”-ынх байлаа. Олныг нуршихгүй, өөрөө үгээ бичнэ гэж байсан Трамп уран яруу бус энгийн тодорхой хэлээр, 20-оод минут үг хэлсэн нь 1977 онд Ерөнхийлөгч Жимми Картераас хойших нээлтийн хамгийн богино үг болжээ. Трамп “Засаглалыг ард түмний гарт эргэн өгөх болно” хэмээн тунхаглаад, America First буюу АНУ-ын эрх ашгийг юу юунаас илүүд үзэх болно хэмээснийг нь АНУ гадаад бодлогодоо эрс өөрчлөлт хийхийн илрэл хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Үүний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод хүмүүсийн сэтгэгдэл ар араасаа хөвөрсөн ба цөөнгүй медиа түүнийг эелдэг, даруу байсангүй, хүндэтгэлтэй хандсангүй хэмээн шүүмжилж байв.

Миний хувьд тус ёслолыг Виржиниа мужид АНУ-ын 4 дэх ерөнхийлөгч, үндсэн хуулийн эцэг гэгддэг Жэймс Мэдисоны гэр музейн дэргэд орших "Үндсэн хуулийн төв" дээр үзэх завшаан тохиосон юм. Арга хэмжээг үзэж дууссаны дараа бидэнд хичээл хичээл орж байсан америк эмэгтэй “Трамп бол ердийн биш, тун өвөрмөц хүн. Юу хийхийг нь одоо хүмүүс мэдэхгүй ч тангаргаа өргөхдөө үндсэн хуулийн өмнө үүрэг хүлээж байгааг нь анзаараарай. Хэн ч ерөнхийлөгч боллоо гэсэн, тэр хүн үндсэн хуулийн өмнө энгийн иргэдтэй адил тэгш эрхтэй байна. Тэр хэмжээгүй эрхт хүн биш. Бас магадгүй дэлхийн хамгийн том, хамгийн чухал албан тушаалыг тайван замаар шилжүүлэн өгч байна гэдэг бол ардчиллын гол давуу тал юм “ хэмээн ярьсныг энд онцлохыг хүсэж байна.

Гэхдээ Трампыг эсэргүүцэгчид энэ үед зүгээр суугаагүй юм. Тангараг өргөх ёслолын дараа үдээс хойш өрнөсөн баярын жагсаалыг зогсоож саатуулах гэсэн 100 гаруй хүнийг энэ үеэр баривчилжээ. Тэдний зарим нь нэг давхрын үйлчилгээний газруудыг эвдэлж сүйтгэх, машин шатаах үйлдлүүд гаргасан байна. Харин тангараг өргөх ёслолын дараа шинэ ерөнхийлөгчөөр үдүүлж, Цагаан ордоныг орхин ниссэн Обама ерөнхийлөгч гэргийн хамтаар өөрсдийнг санг үүсгэн байгуулж байгаагаа зарласан юм.

Telegraph: Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр хэрхэн өнгөрсөн бэ?
Vox: Ерөнхийлөгч Трампын хэлсэн үгийг тайлбарлах нь

Давост Дэлхийн Эдийн Засгийн чуулган явагдлаа

А.Ундрал, Давос хотоос

Төрийн тэргүүнүүд, улс төрчид, бизнесменүүд болон нийгмийн зүтгэлтнүүдийг нэг дор цуглуулж, дэлхий нийтийн өмнө хамгийн тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг Дэлхийн Эдийн Засгийн чуулган өнгөрч буй долоо хоногт явагдлаа. Жил бүрийн 1-р сард Швейцарийн Давос хотноо хуралддаг энэхүү арга хэмжээнд энэ удаад 99 орны 3000 орчим төлөөлөгч оролцож, "Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал" сэдвийн хүрээнд 4 өдрийн турш хуралдав.

БНХАУ-ын удирдагчдаас анх удаа Давост ирсэн Ши Жинпин энэ хурлын нээлтийн илтгэлийг тавьж, даяарчлалыг хамгаалах хятад улсын үүргийг ухамсарлаж буйгаа тунхаглаж, чөлөөт худалдааг үргэлж тэргүүн эгнээнд тавих болно гэдгээ мэдэгдсэн нь олон хүний талархлыг хүлээсэн. НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес шинэ албан тушаалаа авсныхаа дараах хамгийн эхний томоохон илтгэлээ Давост тавьж, НҮБ-ийг шинэчлэх, засаглалыг сайжруулах асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллахаа амласны сацуу ядуурал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтаар хүчин зүтгэхийг уриалав. Ерөөс хариуцлагатай, алсын хараатай манлайлал үгүйлэгдсэн 2016 онд болсон "дэлхийг цочроосон" гэнэтийн үйл явдлуудаас олон улс хэрхэн гарах, сөрөг үр дүнгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг нь энэ өдрүүдэд гол асуудал байлаа.

Давосын чуулганы үеэр технологи, инновацийн салбарын лидерүүд хуран чуулж, айсуй буй "Аж үйлдвэрийн 4-р хувьсгал"-д хүн төрөлхтөн бэлэн эсэх талаар, технологийн дэвшил бидний хаашаа хөтөлж, ямар ирээдүй хүлээж буй талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ удаад ч хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, их тоон өгөгдөл, робот, автоматжуулалтын салбар хамгийн эрэлттэй байв.

Монгол улс Давосын чуулганд төлөөлөгчдөө илгээж, хөрөнгө оруулагчдад зориулсан "Монголын үдэш" арга хэмжээг зохион байгуулдаг болоод чамгүй хугацаа өнгөрч буй. Энэ жилийн тухайд Монгол улсаас ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Глобал Шэйпэрс нийгэмлэгийг төлөөлөн миний бие А.Ундрал нар Давосын чуулганд албан ёсны оролцогчийн статустай оролцсон. Ерөнхийлөгч "Торгон замын нөлөө" сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар сууж, энэ төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтанд манай улсыг оролцуулах талаар нухацтай авч үзэхийг бусад оролцогч талуудаасаа хүссэн юм.

Бид удахгүй Давосын уулзалттай холбоотой тусгай нийтлэлүүдээ та бүхэнд хүргэх болно.

Forbes: Давос 2017: Юу шинэ байв? Юу өөрчлөгдсөнгүй вэ? Дараа нь яах бол?
Fortune: 2017 оны гол эрсдлийг лидерүүд юу гэж тодорхойлов?

Эмэгтэйчүүдийн жагсаал сая сая хүнийг хамрав

Эмэгтэйчүүдийн эрх, цагаачлалын асуудал, LGBT-ийн эрх, ажлын байран дээрх ялгаварлан гадуурлах зэрэг асуудлуудад эрх баригчид болон олон нийтийн анхаарлыг илүү хандуулах зорилго бүхий "Эмэгтэйчүүдийн жагсаал" энэ амралтын өдрийн гол үйл явдал байлаа. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд "аюул" учруулж магадгүй хэмээн айдас төрүүлж буй Д.Трампыг тангаргаа өргөсний маргааш зохион байгуулагдсан энэ арга хэмжээ эхэндээ Вашингтонд төлөвлөгдөж байсан ч дэлхий даяар хамарсан томоохон арга хэмжээ болж чадсан юм. Энэхүү тайван жагсаал зөвхөн Америк даяар 408 газар явагдаж 3 сая гаруй хүн оролцсноороо тус улсын түүхэн дэх хамгийн олон хүн оролцсон нэг өдрийн жагсаал болсон байна. "Эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүний эрх" хэмээх үндсэн уриан дор явагдаж буй энэ жагсаал 168 оронд мөн зэрэг зохиогдож, сошиал медиагаар шууд дамжуулан сая сая хүний дэмжлэгийг авсан юм. Урлаг, соёлын одод, нийгмийн зүтгэлтнүүд дуу хоолойгоо нэгтгэн Д.Трампын засаг захиргааг илүү санаачилгатай ажиллахыг шаардаж, хүчтэй дохио өгч чадлаа.

CNN: Жагсаалын талаар юу мэдвэл зохих вэ?
Quartz: Жагсаалын үеэрх онцлох самбарууд

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Технологийн ертөнц шүүхийн маргаан, жагсаал цуглаанаар дүүрэн долоо хоногийн өнгөрүүлж байна. Фэйсбүүкийн эзэмшдэг виртуал реалити технологи хөгжүүлэгч Окулусыг оюуны өмчийн хулгай хийсэн хэмээн 2 тэрбум доллар нэхэмжилсэн ZeniMax Media-ийн хэрэг хамгийн том нь байлаа. Окулусыг хөгжүүлэгч П.Лаки тус компанийн ажилтнаас тусламж хүсэн, зөвлөгөө авч байсан нь ийн нэхэмжлэл гаргахад хүргэсэн бөгөөд Фэйсбүүкийн CEO М.Зукерберг хүртэл шүүхэд очин мэдүүлэг өгчээ. Окулусын амжилтаас хамааран гол лидерүүдэд нь 700 сая долларын бонус олгох гэрээтэй гэдэг нь ил болсон Фэйсбүүк энэ хэрэг өөрсдийнх нь талд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Apple өөрсдийн гол хамтрагчдын нэг Qualcomm-оос 1 тэрбум доллар нэхэмжлэн гомдол гаргасан байна. Гомдолд мэдүүлснээр Qualcomm Apple-ийн патент ашигласны төлбөрөө төлөлгүй удаасан учир ийм арга хэмжээ авах болжээ. Д.Трампыг тангараг өргөж байгаатай холбоотой Whatsapp, Palantir-ийн оффисийн өмнө эсэргүүцлийн цуглаан зохион байгуулагдлаа. Цуглаанд оролцогсод П.Тиелийн хөрөнгө оруулалттай Palantir-ийг Трампын засаг захиргаанд Муслим иргэдийн жагсаал, мэдээлэл бүхий датаг нийлүүлнэ гэж хардаж байгаа бол Whatsapp-ийг мессежний датагаа засгийн газруудад "арын хаалгаар" нууцаар өгдөг гэж тэд үзэж байгаа юм. "Twilight" киногоороо олны танил болсон жүжигчин Кристин Стьюарт хиймэл оюун ухааны асуудлаар академик судалгааны ажлаа нийтлэсэн байна. Тэрээр өөрийн найруулж буй анхны бүтээл Come Swim богино хэмжээний кинондоо "style transfer" хэрхэн ашигласан тухай бүтээлээ arXiv-т гаргасан нь олон хүний анхаарлыг татаж байна.

Techcrunch: Зукерберг Окулусыг өмгөөлөн шүүхэд мэдүүлэг өглөө
The Verge: К.Стьюарт хиймэл оюун ухааны асуудлаар судалгааны ажил бичжээ