Орчуулга хийх хэрэгцээ ихэнх хүнд гардаг. Тиймээс өнөөдөр орчуулга хийхэд ялангуяа хэл найруулгын тал дээр анхаарах хэдэн зүйлсийг нэгтгэе гэж бодлоо. Хэдийгээр би зөвлөгөө өгөх хэмжээний сүрхий орчуулагч болоогүй ч гэсэн, цөөн номын орчуулга дээр ажиллах үедээ мэдсэн, ажигласан, бусад мэргэн гүүш, орчуулагч нараас уншсан дуулсан зүйлсээ хүргэвэл илүүдэхгүй байх гэж бодлоо. Зарим зүйл нь та бүхэнд огтхон ч шинэ юм биш байж магад. Бас ингэж орчуул гэж тулгаж байгаа хэрэг биш. Ямар ч гэсэн энэ зөвлөгөө таны орчуулгад тус нэмэр болно гэж найдаж байна.
1. Аливаа утга санааг үйл үгээр буулгавал хэл яруу, уян налархай сонсогддог. Ер нь ажиглаад байхад англи хэл нэр үгээрээ, монгол хэл үйл үгээрээ "түрүү барьдаг”. Тиймээс орчуулгад үйл үгийг сайн ашиглах. Үүн дээр Аким гуайн энэ зөвлөгөөг уншвал сайн ойлгоно.
2. Текст монголжуу, уран яруу уншигдахад холбоо үг чухал байдаг. Албаны, бизнесийн хэлээр юм орчуулж байгаа үед товч бөгөөд тодорхой буулгах хэрэгтэй ч дийлэнх тохиолдолд холбоо үг хэрэглэхгүй байх нь орчуулгыг "модон" болгодог талтай. Ахиц дэвшил, тус дэм, хахир хатуу, яруу сайхан гээд монгол хэл холбоо үгээр юутай баян.
3. Өгүүлбэрт үгийг аль болох давтахгүй байх. Сайн орчуулагч нар нэг үгийг өгүүлбэрт байтугай догол мөрт (paragraph) давтдаггүй гэж хаанаас ч билээ сонсож байсан. Нэр үгийг гарцаагүй давтах тохиолдолд төлөөний үгээр орлуулах, үйл үгийг бол ижил утгатай өөр үгээр орлуулаад явчихаж болно.
4. Орлуулах гэснээс, төлөөний үгийг ер нь аль болох бага хэрэглэж байгаарай. Монгол хэл бол англи хэл шиг төлөөний үгээр "бөмбөгддөг" хэл биш. Үйлийн эзэн нь хам текстээсээ илтэд мэдэгдэж байгаа тохиолдолд хэрэглэхгүй байсан нь зөв. Үүн дээр энийг уншихыг зөвлөе.

5. Хоёр хэлний ялгааг дөнгөж сая ярьсан тул бас нэгэн зүйлийг сануулъя. Англи текстэд “I will go home soon” said John. “Then I will hug my children” гэсэн бүтэцтэй өгүүлбэр олон гардаг. Үүнийг, “Би гэртээ удахгүй харина” гэж Жон хэлснээ “Тэгээд хүүхдүүдээ тэвэрнэ” хэмээн нэмж өгүүллээ гэлгүй, “Би гэртээ удахгүй харьж хүүхдүүдээ тэвэрнэ” гэж Жон хэлэв хэмээн нэгтгээд явчих нь ихэнхдээ дээр байдаг.
6. Маш гэдэг үгийг маш бага хэрэглэх. Маш гэдэг нь хүч нэмэх хэллэг боловч олон хэрэглээд ирэхээр хүчээ, утгаа алддаг. Тиймээс хааяа нэг, үнэхээр л маш их, маш олон зүйл дээр хэрэглэж байгаарай. Мөн маш гэдгээс гадна нэн, тун, асар, үлэмж гэсэн ойролцоо утгатай үгс бийг санагтун.
7. Өгүүлбэрийн төгсгөл чухал. Дараалсан өгүүлбэрүүд нэг янзаар бус өөр өөр үгээр, ондоо ондоо байдлаар төгсвөл сонсголонтой байдаг. "Тэр ингэсэн. Би тэгсэн. Тэгээд дууссан." гэх юм уу "Явж байлаа. Ирж байлаа. Дуусаж байлаа." гээд байвал эгээ л гурилтай хоолыг 7 хоног дараалан идэхтэй ижил. "Тэр ирэв. Тэгээд би баярлаж билээ. Одоо бодоход нэн сайхан." гээд явбал хавьгүй дээр. Миний хувьд -сан, сэн гэсэн төгсгөлтэй өгүүлбэрийг нэг их таашаадаггүй. Ерөнхийдөө ярианы хэллэг тул текст доторх харилцан яриа, эшлэл зэрэгт л ашиглууштай санагддаг. Гэхдээ хүүрнэл дунд хэрэглэчихмээр үе цөөнгүй гардаг тул хааяа нэг донжийг нь олоод хэрэглэхэд зүгээр ээ.
8. Болон, ба -г бага хэрэглэх. Дорж, Дондог, Бат гээд явчих байтал Дорж, Дондог, болон Бат гэх нь илүүц. Зарим тохиолд болон-г гарцаагүй хэлмээр болдог
9. Олон тооны нөхцөлийг бага хэрэглэх. Монгол хэл уг нь олон тооны нөхцөл барагтай ашигладаггүй хэл байсан гэсэн утгатай зүйлийг Ринчен гуай хэлж байсан юм билээ. Сүүлийн үед англи, орос хэлийг дагаад юм л бол -ууд үүд гэх гээд байх болж. Тиймээс хам текстээсээ олон тоон дээр гэдэг нь мэдэгдэж буй тохиолдолд, бас унших буюу хэлэхэд эвгүй биш бол олон тооны нөхцөл хэрэглэхгүй байхыг эрмэлзэж байгаарай. Энэ 8, 9-р зөвлөгөөг Чой.Лувсанжав багш бүр ойлгомжтой тайлбарлаад өгнө, үүнийг уншаарай:
Сэтгэгдэл бичих (5)


з зочин 103.111.68.3
Тухай бүрд нь холбоотой холбоосуудыг нь оруулж өгсөн нь сэдвийг бүхэлд нь ойлгоход тун эвтэйхэн байлаа.
З Зочин 202.21.107.93
er n mongol hel angli hel ruu ochuulahad engiin bdag tgsen hernee angli hel nd utga sanaand mongol ru oruulahad budeg badag aldaa zaagaad bdag end dr ymar uchir bn a orchuulga hiine gdeg tiim engiin zuil bish yum shig sanagddag minii huvid tsaanaa mash ih utag sanaa aguulagagd ag bolovch hurvulen bichich chadadgu odoogiin oyutnud uuniig hiij chadah a bchich bagsh nar t bas bn a tiim yum buruu yum helee ghed ta nar aldaa zasj bj nadhiig oilgono orchuulgig mash zadrangui bolgoh yostoi bdag
Б Б.Өлзийбадрах 193.233.71.10
Энэ зөвлөгөө бол заавал орчуулахад таардаг асуудлуудыг зөвлөх биш үргэлж л хэрэглээд хэвшүү л зүгээр санагдлаа. Их хэрэгцээтэй сайхан нийтлэл болсон байна. Шаардлагатайг нь ч холбоод өгсөн бүтээлчээр хандсан байна шүү. Баярлалаа
Б Болор 122.201.17.100
Баярлалаа. Мэдүүштэй бас мэдлэг өгөх холбоосуудтай нийтлэл байна. Туршлагатай орчуулагч нар маань мэргэжлийн орчуулга хийх зөвлөмж өгвөл сайн сан.
M Maral 49.0.184.20
Баярлалаа. Үүн дээр нэмээд Монголоос Англируу орчуулга хийхэд анхаарах зүйлсийг ч мөн адил оруулвал сайнсан.