Шинэ жилийн тусгай-цуврал нийтлэлийн ээлжит дугаарт бид “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын онцлох хариултуудыг хүргэж байна. Хүн бүр ажил, салбараасаа хамаараад өөр өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай байдаг болохоор бид аль болох олон хүнд хамаатай байж болох, зарим тохиолдолд сонирхолтой санагдсан хариултуудыг онцолсноо дурдах нь зүйтэй. 2016 онд бид уншигчдынхаа хамгийн ихээр хүсэн хүлээдэг энэ цуврал контентыг эмхэтгэн ном болгосны сацуу тайзан дээр амьдаар хийж эхэлснийг та бүхэн мэдэж байх байх. Ирэх жил үлгэр жишээ болсон олон хүнийг та бүхэнтэй уулзуулахын сацуу контент хүргэх хэлбэрээ ч баяжуулна гэдгээ бид амлаж байна.

Таны ажлын онцлох арга барил?

Би өөртөө хэт их ачаалал өгөлгүйгээр, тайвнаар бэлтгэл хийх дуртай. Ямар ч чухал тоглолт, тэмцээн дөхөж байсан, өдөр тутмын ажлаа хийж байгаа юм шигээр дарамт өгөлгүйгээр бэлтгэлээ хийж чаддаг. Мэдээж жин хасаж тоглодог учир хүндрэлтэй тохиолдлууд гардаг ч тэр бүрт сэтгэл зүйгээ тайвшруулж, зугуухан, тайвнаар формондоо орж, дарж бэлддэг. Тоглолтын өмнөх өдөр бол дараагийн зүйлсээ бодолгүй, сайхан унтаж амарна. Харин тулааны өмнө 2-3 минутыг заавал гаргаж, өөрөө өөртэйгөө ярилцах дуртай. Өөрийгөө дарамтаас чөлөөлж, маш сайн төвлөрч чаддаг гэж боддог. Багш нар маань ч үүнийг сайн бэлддэг болохоор ганцааранг маань үлдээж, сайн төвлөрөх бололцоо олгодог. Чи ийм том тоглолт хийх гэж байна, зурагтаар гарна, олон хүн үзэж байгаа шүү гэх мэт элдэв бодлоо хаяж чаддаг. Тэгээд л бэлэн болно доо.

Н.Төгсцогт (Монгол Улсын Гавьяат Тамирчин, мэргэжлийн боксчин, 2016.08.10)

Мэргэжлийн спорт гэдэг хатуу. Манай залуухан гавьяат энэ талбарт хэрхэн өөрийгөө бэлддэгийг, хэрхэн “ажилладгийг” энэ хариултаас мэдэж болно. Тэр бас өрсөлдөгчдөө чамбай судалдаг, толгойгоо ажиллуулан сайн бодож тоглодог арга барилтай.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Миний ажил өглөө сэрээд утсаа авч, имэйлээ шалгахаас эхэлдэг. Ихэнх хүнээс илүү имэйл ашигладаг гэж боддог. Заавал утсаа солилцож, уулзалт товлож, уулзаж байснаас имэйлээр урьдчилан мэдээлэл солилцож, дараа нь шаардлагатай бол бэлтгэлтэйгээр уулзах нь аль аль талынхаа цагийг хэмнэж байгаа хэрэг болдог. Имэйл бол өдөр тутмын харилцааны гол хэрэгсэл гэдэг утгаар ажлынхандаа имэйл бичих соёл, дадлыг хэвшүүлэхэд анхаарч байгаа. Ажлын хэрэгсэл талаасаа самбарыг их ашигладаг.

Сошиал сайтуудаас бол Linkedin-ийг илүүтэй ашигладаг. Твиттер хуудастай, гол эх сурвалжууд руу тогтмол зочилж, гадаад дотоодын мэдээг уншдаг.

Б.Бямбасайхан ("Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2016.03.30)

Замын түгжрэл ихтэй Улаанбаатар хотод биеэр уулзахаас илүүтэй онлайнаар, имэйлээр ажлаа явуулахын давуу талыг Б.Бямбасайхан, Д.Энхбат нарын зочид маань онцлон хэлж байсан. Имэйлээр мэдээллээ сайн солилцоод, чамбай бэлтгэлтэйгээр уулзалт хийх нь үнэхээр чухал шүү, уншигчид аа.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Бурханы шашинд цаг хэмнэх хамгийн сайн арга бол төвлөрөл гэж үздэг юм. Төвлөрөл хэдий чинээ өндөр байна, нэгж хугацаанд ноогдох ажлын бүтээмж төдий чинээ өндөр байна гэдэг. Үнэхээр л тухайн зүйлдээ гүнзгий төвлөрч чадвал өндөр амжилт үзүүлж чадна. Өнөө цагт хүмүүс өөрийгөө ч танихын аргагүй болчихсон юм шиг санагддаг. Яг л өрөөнд өчнөөн олон хүн орж гараад байвал зүс царайг нь анзаарч тогтоож чаддаггүйтэй адил нүүгэлтсэн үүл шиг олон төрлийн бодол санаа толгойнд нь эргэлдэж, энийг харсан бил үү, үгүй бил үү, үүнийг бодсон бил үү, үгүй бил үү гэх мэтээр ийш тийшээ үсчсэн байдал элбэг болжээ. Тийм учраас тэр бүгдийг цэгцэлж, төвлөрч байгаа нь өөрөө цаг хэмнэж байгаа хэрэг юм. Нэг зүйлдээ гүнзгий төвлөрч, түүнийгээ яс гүйцэтгэж, бодлоо чулуу мэт нягт байлгах нь их чухал.

Д.Нямсамбуу (Жавзандамба хутагт төвийн багш, гавж, 2016.02.10)

Орчин цагийн хамгийн хэцүү зүйлсийн нэг нь төвлөрөх. Нөгөө талаас олон зүйлсийн шийдэл нь төвлөрөх чадвар болсон. Энэ тухайд Д.Нямсамбуу гавж нэгийг бодож, хоёрыг тунгаатал хэлсэн байгаа биз?

Хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Би алгын чинээ хар дэвтэр яс хөтөлдөг. Тухайн өдөр хийсэн зүйлсээ, хүнтэй ярилцсан бол юу ярьснаа тэмдэглээд явдаг. Ер нь өдрийн тэмдэглэлэрхүү. Харин яг хийх ажлуудаа (task) наадаг цаасан дээр тэмдэглээд энэ дэвтэр дотроо нааж, хийж гүйцээсэн ажлуудаа дараад явдаг. Учир нь ойр зуур хийх зүйлсээ дэвтэр дээрээ бичихээр хэрэгтэй хэрэггүй зүйлсээр амархан дүүрчихнэ. Өөрөөр хэлбэл наадаг цаас бол миний богино хугацааны санах ой, дэвтэр маань урт хугацааны санах ой юм. Нэг хар дэвтэр маань нээгээд яг нэг жил болоод дуусдаг нь сонин шүү.

Мөн имэйл бол нэг төрлийн хийх ажлын жагсаалт болдог. Хүмүүс утасдаад төрөл бүрийн зүйл хүсдэг. Тэр үед нь наадахаа имэйлээр явуулчих гэдэг юм. Имэйлээр ирсэн зүйлсийг мартахгүй. Харин надтай мессенжер, фэйсбүүкээр ажил ярьсан тохиолдолд заримдаа мартчихаад байх нь бий.

М.Тулгат (Хишиг Арвин Индустриал ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал, 2016.05.25)

Энэ асуултанд бид өнгөрсөн төрөл бүрийн сонирхолтой хариултууд сонссон. Эдгээрээс М.Тулгат захирлын тэмдэглэлийн дэвтрийг наадаг цаастай хослуулдаг аргыг онцоллоо.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Би өөрийгөө бизнесийн болон хувийн ёс зүйтэй хүн гэж бардам хэлж чадна. Би шударга, үнэнч хүн. Харилцагчид маань, хамтрагчид маань, дарга нар маань надад итгэдэг. Тийм ч учраас би энэ ажлыг нэр төртэйгөөр эрхэлж байна. Америкт байгаа дарга нар маань намайг өөрсдийнх нь нүд, гар, чих бол гэж томилсон учир хувийн эрх ашгийг хойш тавин, ажилдаа сэтгэл гаргаж, үүргээ ухамсарлаж, бүх зүйлд нухацтай хандан ажиллаж байна.

Надад хэзээ ч амархан ажил гэж байгаагүй. Хэчнээн олон жил хийсэн, хэчнээн мундаг мэргэшсэн ч би бүх ажлыг хүнд, чухал гэж авч үзэн, бүх зүрх сэтгэлээ зориулан хийдэг. Би хэзээ ч ажлаасаа, хийж байгаа зүйлээсээ уйдаж байгаагүй. Хамгийн сүүлд энэ үгийг хэзээ хэлснээ ч санахгүй байна. "Уйдаж үхлээ" гэсэн постууд сошиал медиагаар зөндөө байхыг хараад би их гайхдаг. Тийм өнгөгүй, тийм зорилгогүй, сонирхолгүй амьдарч болдог гэж үү? Ядаж ном нээгээд юм уншаач гэж хэлмээр санагддаг. Амьдралыг хувь хүн өөрөө бүтээдэг, цогцлоодог шүү дээ.

Г.Вилсон ("Вагнер Ази Автомотив"-ийн гүйцэтгэх захирал, 2016.08.10)

Гаррет Вилсон захиралтай ярилцсаны дараа бид ямар нэг ажлаас уйдсан, жижиг сажиг гэж голсон гэж ам нээхээс тун ч эмээдэг болсон шүү.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Эрүүл мэнд, боловсролын салбарт эмч, багш бэлтгэдэг сургалт хийгээд ажилдаа хандах хандлага алдагдсанаас болж бусад асуудлууд нь урган гарч байна. Анх биднийг ашгийн бус ажил хийдэг гэхэд хүмүүс их гайхаж хүлээж авдаг байсан. Шалтгаан нь монголчууд хэт материаллаг нийгмийг шүтдэг болчихжээ. Хүний төлөө хүн ажил хийж болдог юм аа гэхэд итгэдэггүй болчихсон байна. Заавал хэн нэгэн байгууллага, хүнтэй холбоотой гэж боддог.

Бидний хувьд элэгний өвчлөл гэдэг гамшгийн хэмжээнд очсон асуудлыг гарган тавьсан. Монголд элэгний вирүстэй 400 мянга гаруй хүн байна. Элэгний өвчнөөр Монголд өдөрт 7 хүн нас барж байна. Дэлхийд энэ үзүүлэлтээрээ бид “толгой цохиж” явна. Монголчууд хаа хаанаа энэ асуудлыг мэддэг хэрнээ бүр дөжирчихсөн, зоригтой далайцтай алхам ер хийхгүй байсан. Тиймээс бид энэ асуудлыг барьж авч “Эрүүл элэг" хөтөлбөрийг эхлүүлсэн. Төр, эмнэлэг, өвчтөнүүд гэх олон тал оролцсон нийгмийн том асуудал, нүсэр ажил учраас явц нь тийм ч хурдан биш. Талуудад асуудлыг ойлгуулж таниулахад цаг их орно. Олон янзын санаа бодолтой, ажлын гүйцэтгэлтэй хүмүүс таарна. Тиймээс бодит байдалтайгаа нийцүүлэн уян хатан байдлаар ажиллахаас өөр аргагүй болдог. Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй зүйлс байгаа боловч эерэг сайн тал нь хавьгүй их байгаа нь ойлгомжтой. “Эрүүл элэг” хөтөлбөрийн үр нөлөө нь бусад ажилтай харьцуулшгүй их.

Д.Наранбаатар (Оном Сангийн үүсгэн байгуулагч, 2016.06.22)

Энэ асуултанд бид Оном сангийн үүсгэн байгуулагч, Эрүүл элэг хөтөлбөрийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатарын хариултыг онцлохыг хүсэж байна. ДЭМБ-ын судалгаагаар элэгний өвчлөлтэй тэмцэхгүй бол 2030 он гэхэд Монгол улс 1.5 тэрбум долларын алдагдал хүлээнэ, харин одоо энэ асуудалд 1 төгрөг зарцуулж гэмээнэ 2030 он гэхэд 22 дахин өсгөн эргүүлж авна гэсэн тооцоог хийсэн байдаг. Оном сангийн хувьд нийгэмд тулгамдсан хамгийн том асуудлуудын нэг болох элэгний өвчлөлийг барьж авч, эрх баригч намын мөрийн хөтөлбөрт "Эрүүл элэг" хөтөлбөрөө тусгуулан ажиллаж байгаа юм.

Та ажиллаж байхдаа хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Машинд явж байхдаа бол хөгжим сонсдог. Би гэрээсээ ажил руугаа ирэхдээ, орой буцахдаа тус бүр 30-аад минутыг машинд өнгөрөөдөг юм. Хөгжмийг фитнесс хийхдээ, гүйх үедээ бас сонсдог. iTunes дээрх санал болгож плэйлистүүдийг сонсоод явчихдаг. Надад айхавтар дурладаг хөгжим, төрөл гэж байхгүй, гэхдээ дургүй хөгжим гэж бол бий. Би Панк рокд дуртай. Хуучны классикуудыг, The Beatles, Queen-ийг бол хэзээ ч сонссон уйдахгүй. Red Hot Chili Peppers, Daft Punk-аас эхлээд Робби Уиллиамс, Аделе гээд л явчихна.

Би ер нь аливаа юманд туйлшраад байдаггүй, автдаггүй онцлогтой. Бүх спортыг оролдож үздэг, ихэнхийг нь дунджаас илүү түвшинд тоглож чаддаг болоод хаячихдаг. Бусад шиг нэг юманд донтож, амьдралаа зориулдаггүй гэхээр амархан уйдамтгай ч гэмээр. Гэхдээ тийм биш. Цаг бол хомс, амьдрал бол богино, нэг л юмаа хийсээр насыг барчихвал харамсалтай гэж боддог. Төрөхөөс үхэх хүртэлх нэг шугамаар өрнөдөг амьдралыг уртасгах ганц л арга байдаг юм шиг. Авч байгаа мэдрэмж, кайф, сэтгэл хөдлөлөө аль болох олон болгож, тэр нэг шугамыг дээш доош нь сунган хэлбэлзүүлж амьдралаа уртасгаж болно гэж ойлгодог. Тиймээс спорт машинаас эхлээд мотоцикль унаж, дэлхийгээр аялж, марафонд гүйж, цанаар гулгаж, теннис, гольф, сагс, хөлбөмбөг тоглодог. Олон төрлийн санаачилга, төрийн бус байгууллагуудыг байгуулж, компаниудыг үүсгэн байгуулж, төслүүдийг зохион байгуулдаг. Хүмүүс намайг энергийн түвшин өөр хүн гэж хэлдэг л юм. Гэхдээ би бусадтай адилхан л хоол идэж, адилхан л агаар амьсгалж байгаа шүү дээ. Үүний гол нууц нь олон зүйлийг туршиж, мэдэрч үзэх миний энэ философи болов уу.

Ч.Ганхуяг (Ард Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал, 2016.09.14)

Ч.Ганхуяг захирал шинэ санаа гаргахдаа гаргууд, олон зүйлд анхдагч болсон хүн. Үүний учир нь түүний амьдралын философитой холбоотой юм билээ. Дуртай хөгжмөө хэлнэ үү гэсэн манай асуултанд хариулах далимдаа энэ талаар хүүрнэсэн юм.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Хамгийн чухал нь эхлээд унших дадлыг өөртөө суулгах. Би сүүлийн 16 жил тасралтгүй уншиж байна. 10-аад жил 7 хоногт 2 ном унших дадал баримталж ирсэн, одоо бол өдөрт 2 цаг уншдаг. Номыг сэдэвчилж буюу хувь хүний хөгжил, менежмент гээд сэдэв сэдвээр нь дагнаж, герман, англи хэлээр уншдаг.

Тэгээд мэдээж унших зүйлээ, номоо хэрхэн сонгох вэ гэдэг нэн чухал. Эхлээд өөрийнхөө зорилгыг тодорхойлж, түүнд хүрэхэд ямар чадварууд хэрэг болох вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэгээд тэр чадваруудыг нэмэгдүүлэх номуудыг уншина даа. Би хувьдаа тухайн санаа, ойлголтуудыг анх гаргасан, хөгжүүлсэн хүмүүсийн номыг буюу оригиналь санаануудыг нь аль болох олж уншихыг хичээдэг. Дараа нь яаж унших вэ гэдэг асуудал тавигдана. Миний хувьд тухайн сэдвийн номуудыг зэрэг зэрэг уншдаг барилтай. Тухайн номоос мэдлэг олж авахын тулд би 3 зүйлийг эрхэмлэдэг юм. Нэгдүгээрт, зохиогчийн хэлэх гэсэн санаа нь юу вэ? Хоёрдугаарт, энэ номоос миний авах зүйл юу юм бэ? 3. Үүн дээр үндэслээд би юу хийх юм бэ? Олж авсан зүйлсээ юунд ашиглах юм бэ? гэсэн асуултуудад хариу олохыг зорьдог. Зарим тохиолдолд тэмдэглэл үйлдээд, заримдаа толгойдоо тогтоогоод авдаг.

Ш.Алтанбагана (Терра Экспрессийг үүсгэн байгуулагч, 2016.11.02)

Ш.Алтанбагана захирал хувь хүний хөгжил, маркетинг, менежментийн чиглэлээр хамгийн их уншсан хүмүүсийн нэг. Цөөн зүйлд төвлөрч ажиллах арга барилтай түүний гол зэвсэг бол ном. Номыг ямар барилаар уншдагаа бидэнтэй хуваалцсаныг нь бид өнөөдөр онцолж байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би маш нээлттэй хүн. Бүр нээлттэйгийн нээлттэй хүн. Би сурсан мэдсэн бүхнээ хүмүүстэй хуваалцахыг хүсдэг. Би Холливудад очоод өөр олон монгол хүн энэ орчныг мэдрээсэй гэж хүссэн, үнэхээр хичээсэн. Тиймдээ ч "Марко Поло"-ийн 2-р улиралд манай Ц.Цэрэнболдоос эхлээд 100-аад монгол жүжигчин оролцон тоглосон.

Миний хувьд нээлттэй байна гэдэг өөрөөрөө байхын нэр гэж ойлгодог. Би хэний ч өмнө дүр эсгэдэггүй, бүх нөхцөлд өөрийнхөөрөө байж чаддаг. Айж байвал айснаа хэлж, чадахгүй бол чадахгүйгээ хэлж чаддаг. Өөрөөсөө өөр байна гэдэг өөрийгөө алж байгаагийн шинж. Өөрөөсөө өөр байх гэж ""баг" зүүж байгаа хүмүүс бишгүй л байна. Тэгэх ямар ч хэрэг байдаг юм бэ дээ.

Б.Амарсайхан (Жүжигчин, 2016.11.30)

Unplug 2016 дээр бид Би хэрхэн ажилладаг вэ? ярилцлагаа анх удаа амьдаар хийж, зочноор нь жүжигчин Амарааг урьсан билээ. Тэрээр өөрийн зорилго, үзэл баримтлал, уран бүтээл туурвих арга барил, хувь хүний дадал хэвшлээ танхимд цугласан 500 залууд илэн далангүй илэрхийлж, тэднийг "цэнэглэсэн" юм.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ? 

Хүүхдүүдээ 21:00 гэхэд оронд нь оруулчихаад 22:30 гээд унтдаг. Өглөө бол 6 цагт яг босож, хүүхдүүдийнхээ хоол ундыг бэлдээд "албанд" нь хүргэж өгнө дөө.

Н.Наранбат (SPS телевизийн захирал, Microsoft Mongolia-гийн бизнес хөгжлийн захирал, 2016.12.14)

SPS Телевиз, Microsoft Mongolia зэрэг байгууллагуудыг удирддаг Наранбат захирал ёстой зовлонгүй ажилладаг хүн мэт санагдсан. Өнөөгийн хурдан хэмнэлт, өрсөлдөөнт бизнесийн ертөнцөд амжилттай ажиллахын зэрэгцээ гэрийнхээ дасгалын өрөөнд өдөрт 3 цагийг зарцуулж, орой орондоо 22:30 цагт орно гэдэг үнэхээр гайхам санагдсан шүү.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Чөлөөт цагаа “тэнэж” өнгөрөөдөг. Кофе шопт сууж юм ярих дуртай. Амьд хөгжимтэй пабд суух дуртай. Ер нь би хөдөө өссөн хүн хэрнээ тэгж их хөдөө яваад байдаггүй, хотын амьдралд дуртай хүн юм шиг байгаа юм. Сонирхолтой интерьертэй байшин барилга, дэлгүүр хоршоо, соёл урлагийн арга хэмжээнүүдээр хэсэх дуртай. За тэгээд үүргэвчээ үүрээд камериа бариад аялчихна. Ер нь удлаа гэхэд 3 сар сайн ажиллаад нэг завсарлага авахгүй бол хийж байгаа юмандаа төөрөх, стресстэх магадлалтай. Ингэж завсарлага авч юу хийж байгаагаа мэдрэх хэрэгтэй байдаг. Завсарлага аваад буцаад ажилдаа ороход хаана яваагаа мэддэг, алдаагаа хардаг.

Дугуй унаад Японоор аялна гээд дугуй авсан ч чадахгүй л байна. Спортоос гэвэл K1 буюу холимог тулааны урлаг болон бокс үзэх дуртай. 2 хүү маань бэйсболоор хичээллэдэг. Тэдэнтэйгээ гадаа гарч хааяа бөмбөг шиднэ.

С.Заяасайхан (Зураач, 2016.07.27)

Ажиллаагүй үеэ хэрхэн өнгөрөөх нь тухайн хүний ажлын бүтээмж, амьдралын сэтгэл ханамжид ихээхэн нөлөөтэй байдаг. Энэ асуултанд хариулт өгөхдөө С.Заяасайхан зураач хэсэг шаргуу ажиллаж байгаад засварлага авч ажлаасаа түр хөндийрөхийн ач холбогдлыг өгүүлжээ.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Бага залуу байхдаа мундаг хүмүүсийн үлгэр дууриалыг их сонирхон уншдаг байсан. Одоо бол ертөнцийг арай өөрөөр хардаг болсон. Урам зориг, эрч хүч буюу inspiration гэдэг зүйл хүнд үргэлж өөрт нь байж байдаг, харин түүнийгээ бид сэрээх аргаа мэддэггүй гэдгийг мэддэг болсон. Өмнө нь би сэтгэл санаа бэлэн болоогүй бол, онгод ороогүй бол эрчтэй ажилладаггүй гэж боддог байлаа. Харин жинхэнэ мэргэжлийн (professional) хүн сэтгэл санааны байдал, онгод, inspiration-аасаа үл хамаарч ажиллах, бүтээх өндөр чадвартай байдгийг хожим ойлгосон. Нэрт зохиолч, гаргасан ном бүр нь алдаршдаг Стэфэн Кинг “Хэрхэн бичих вэ?” (On writing) номондоо, сонирхогч ба мэргэжлийн хүн хоёрт ганц л ялгаа бий, сонирхогч онгод орохыг хүлээдэг байхад мэргэжлийн хүн ямар ч үед суугаад л бичиж эхэлдэг гэж хэлсэн байдаг.

Тиймээс онгод чинь орсон ч бай, ороогүй ч бай өглөө босоод л хийх ёстой ажлаа хий. Урьд шөнө нь шоудаад өглөө нь шартаж үхмээр байсан ч босоод хийх ёстой ажлаа чадах хэмжээгээрээ эргэлзэлгүй хий. Inspiration гэдэг зүйлийг бүү хүлээ, өөрөө ирнэ. Төвлөрч чадвал урам зориг ургаж эхэлдэг гэдэгт би итгэдэг.

Анзаараад харвал хүмүүсийн 99 хувь нь нөгөө 1 хувиасаа урам зориг авдаг байлаа гэхэд тэр 1 хувь нь урам зориг, онгод ирэхийг хүлээдэггүй, хийх ёстойгоо л босоод хийдэг хүмүүс байдаг. Мэргэжлийн фото зурагчдыг хараарай. Би жишээ нь гоё зураг авахын тулд тэнгэр хангай сайхан болж, нар гарахыг хүлээсээр суухад тэд ямар ч цаг агаартай байсан гадаа гарч, ямар ч үед, ямар ч газар сайхан зураг дардаг. Тэднийг өрөөндөө сууж бай гэсэн ч тэд урдаа байгаа аягыг хүртэл өөрөөр олж харж авах болно. Тэд зураг аваад эхлэхээрээ л улам урам зоригтой болдгоо мэддэг. Түүнийг хүлээдэггүй.

Д.Энхбат (Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн тэргүүн, 2016.01.13)

Хүн бүрт урам зориг, эрч хүч авах өөрийн гэсэн эх сурвалж, арга зам байдаг.Тэгвэл Д.Энхбат гуай урам зориг, эрч хүч авах гэдэг ойлголтын тухай өөрийн туршлага, үзэл бодлыг хуваалцаж, жинхэнэ мэргэжлийн, бүтээгч хүн ямар байх ёстойг бэлхнээ хэлж өгсөн билээ.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Теодор Рузвельтийн “Та хаа байгаа газраа, юу байгаагаараа, юу чадахаа, бүх хүчээрээ хий” гэсэн үгийг анх орос хувилбараар нь олж үзсэнээс хойш байнга санаж явдаг болсон. Чиний хаана төрсөн бэ гэдэг бол хоёрдугаар асуудал. Хамгийн чухал нь чи хаа байгаа газраа, юу байгаагаараа, юу чадахаа бүх чадлаараа хийж байгаа юу үгүй юу гэдэгт л гол асуудал бий. Чамд тэгж ажиллах хүсэл, зориг, чин эрмэлзэл байна уу гэдэг нь чухал. Байхгүй бол бий болго.

Миний хувьд гэр хороололд өссөн. Аав ээж маань ажилчин хүмүүс. Аав ээж чинь чамайг эрүүл саруул, шулуун шударга өсгөсөн л бол бусад нь, ажил амьдралдаа амжилт гаргах нь зөвхөн чамаас шалтгаална.

Дефакто Д.Жаргалсайхан (Эдийн засагч, нийтлэлч, 2016.04.13)

Хүн хаана, ямар айлд, хэзээ төрөхөө сонгож чадахгүй. Харин хэрхэн амьдрах, хэн болохоо сонгож чадна. Чухам үүнийг л Дефакто ах гоё эшлэл авч, өөрийн жишээгээр хэлсэн юм.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Энэ хорвоод юунд ч авьяасгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Ядахнаа л тэвэг тоглох, чавхаар харвахдаа авъяастай байж болно шүү дээ. Түүнийгээ л зөв тодорхойлж цааш хөгжүүлэн энэ хорвоо дээр өөрийн гэх орон зайгаа олж хөл дээрээ бат зогс. Өөрөө байраа олоогүй байж эх орон, ард түмэн, озоны цоорхой, галактикийн сүйрэлд санаа зовон архи ууж шүлэг бичих нь арай эртэднэ шүү. Өөрөө байраа олоогүй хүн эх орон, озоны цоорхойд гай болно уу гэхээс тус болж чадахгүй. Гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй ээ.

Баабар (Непког үүсгэн байгуулагч, нийтлэлч, 2016.10.26)

Энэ асуултанд зочид маань олон чухал зөвлөгөө өгсөн. Гэхдээ Баабар гуай тэр бүгдийг базаад хэлсэн мэт, хамгийн чухлыг нь өгүүлсэн мэт. Залуу хүн өөрийн авьяасыг нээж, хийж чаддаг зүйлээ олж авах нь хамгийн чухал. Ингэвэл амьдрал илүү хялбар. Эхлээд биеэ зас, дараа нь бусад зүйлд санаа зов гэж тэр өгүүлжээ.


Эцэст нь бид уншигч танаас энэ жилийн зочдоос хэн нь танд хамгийн ихээр нөлөөлсөн бэ, хэн нь хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ гэж асууя. Та бүхэн сэтгэгдлээ хэлж, ирэх жил хэн хэний ажлын арга барил, дадал хэвшилтэй танилцах хүсэлтэйгээ хуваалцаарай.

2016 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд ийм дарааллаар хүрнэ:

12.25: Оны онцлох үйл явдлууд
12.26: Оны онцлох гарааны бизнесүүд
12.27: Оны онцлох аппликэйшнүүд
12.28: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох кинонууд
12.31: Оны онцлох номууд
01.01: 2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.