2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель Х.Бадамгэрэлийг бид энэ удаа ярилцлагадаа урин оролцууллаа. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр 2007 онд "Үнсгэлжин" тэмцээнд түрүүлэн загварын ертөнцөд хөл тавьснаас хойш олон улсын загварын шоу, фестивалиуд, миссийн тэмцээнүүдэд Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцож ирсэн юм. Зочин маань 3 жилийн өмнөөс өөрийн Андра загварын агентлагийг үүсгэн байгуулж, шилдэг залуу загвар өмсөгчдийг бэлдэж ирсэн бөгөөд энэ жил агентлагаа өргөжүүлэн Андра Академийг үүсгэн байгуулалцсан байна. Топ модель Х.Бадамгэрэл харилцаа, гоо зүй, загвар, балет, сэтгэл зүйн чиглэлүүдээр орчин цагийн соёлтой мэдлэгтэй залуучууд, мэргэжилтнүүдийг бэлдэхийн зэрэгцээ "Монгол контент" ХХК-д урлаг, соёлын төслүүдийн менежерээр ажилладаг.

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Загвар өмсөгч, "Андра Академи"-ийн гүйцэтгэх захирал, "Монгол контент" ХХК-ийн төслийн менежер
Хэрэглэдэг гар утас: Samsung S7 Edge
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13'
Сошиал хуудсууд: Badamgerel Khurelbaatar (фэйсбүүк), badamgerel_andra (инстаграм)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Би зарчимтай, хариуцлагатай ажиллахыг хичээдэг. Гэр бүлийн хүмүүжил ч байж магадгүй, энийг ингэх хэрэгтэй, тэгэх ёстой гээд өөрийн хийдэг зүйлсийг бусдаас шаардах гээд байдаг талтай. Ер нь хувь хүний баримтлах зарчим, үзэл бодол бол ажилдаа амжилт гаргах гол хүчин зүйл гэж боддог.

Маш шахуу хуваарьтай байдаг тул цагийн юмыг цагт нь л амжуулахгүй бол болохгүй. Нөхөртэйгээ хүүгээ ээлжилж цэцэрлэгт нь хүргэдэг тул ээлж таарсан өдөр ачаалал илүү байдаг. 10-15 цаг хүртэл Монгол контент дээр ажиллаж байгаад 16 цагаас Андра Академи дээрээ ирж ажилладаг.

Залуу хүн гэхэд гарч орох, зугаа цэнгэл хөөх цаг зав гардаггүй. Цагаа илүү ач холбогдолтой чухал зүйлд л зарцуулахыг хүсдэг. Жаахан уйтгартай байж магад, гэхдээ би өөрөө тэгж боддоггүй юм. Залуу насан дээрээ л амжиж хийж бүтээх ёстой, эрч хүчтэй байх хэрэгтэй болов уу.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Gmail сайн ашиглана. Өөр өөр чиглэлээр ашигладаг дөрвөн ч хаяг бий. Gogo, iKon болон танай сайтаас мэдээлэл авдаг. Инстаграмыг мэдээж их хэрэглэдэг. Бүх том брэндүүд, олон улсын байгууллагууд, алдартай моделиудийг дагаж, тэднээс олон зүйлийг мэдэж авна. Монгол-Германы хамтарсан 38-р сургуульд герман хэлний анги төгссөн боловч байнга ашиглахгүйгээс болон өөрийнхөө хойргоос мартагнаад байгаа тул сэргээх сайжруулах зорилгоор Vocabulary Trainer гэх аппийг бас үе үе ашигладаг. Загварын чиглэлийн мэдээ мэдээллийг Models.com-оос авдаг. Багшилдаг болохоор өөрөө сайн мэдлэг мэдээлэл, судалгаатай байх ёстой.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Уг толийг ээж нь бэлэглэсэн аж.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Онлайнаар ажил амжуулах гэж хэлж болох байх. Интернэт орчин хөгжсөн үед гар утаснаасаа бид олон асуудлыг шийдэж болно. Заавал биеэр банк орохгүй байх гэх мэт. Ер нь гар утаснаасаа 2 цаг л холдвол олон асуудал овоорохоор хэмжээнд ашигладаг болсон байна. Бас хоёр ажлын газар маань замын наана цаана ойрхон байдаг нь тун олзуурхмаар. Цаг их хэмнэдэг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Улаан дэвтэр дээрээ сараачиж өгнө. Оюутан байхаасаа л сум заах, анхаарлын тэмдэг тавих гэх мэтийн төрөл бүрийн тэмдэглэгээнүүд хийж дадсан. Харин цагтай ажлууд, уулзалтуудыг гар утасны календарь дээр тэмдэглэнэ. 9-12 сар аль аль ажлын маань хувьд хамгийн ачаалалтай сар болохоор календарь маань дүүрчихсэн л явж байна.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Ямарваа юмыг зохион байгуулахдаа муугүй гэж боддог шүү. Тийм ажил авлаа гэхэд чадахгүй гэж өөртөө хаалт босгохоосоо өмнө чадахыг хичээж, хүмүүсийн итгэлийг алдахгүй төлөө хичээдэг. Өнгөрсөн сонгуулиар би нөхрийнхөө менежерээр ажилласан. Анх удаа сонгуулийн кампанит ажил хийж үзсэн болохоор их ч алдсан, их ч зүйлийг сурсан. Ер нь тэгээд залуу хүн тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө шинэ зүйлд сорьж байх нь зүйтэй байх.

Модель хүний хувьд намайг хувирал сайтай гэж ярьдаг. Ээж маань хүртэл заримдаа танигдахааргүй болчихож гэдэг юм. Зурган дээр өөр гардаг, будалт сайн авдаг гэсэн үг л дээ. Энэ салбарыг, энэ мэргэжлийг шунаж дурлаж сонгосон болохоор мэргэжилдээ үнэнч байж, биеэ тултал нь дайчилдаг даа.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би хийж байгаа ажлаараа нийгэмд зөв жишээ, зөв үлгэр дууриалал, эерэг хандлагыг өгөхийг хүсдэг. Манай академи бүхий л насныханд өөрийгөө хөгжүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгодог. Хүн өөрөө л биеэ дайчилж чадвал өөрийнхөө бодсоноос ч илүү амжилтыг гаргаж зорьсондоо хүрч чадна.

Хэцүү бэрхшээлтэй гэхээр сүйдтэй зүйл байхгүй дээ. Яахав, ажлын явцаас ажиглахад өөрийгөө хөгжүүлэх тал дээр эрчүүд жаахан хойрго байдагт харамсдаг. Эмэгтэйчүүд бол байнга өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байдаг. Манайд суралцагсдын 80 хувь нь бүсгүйчүүд байдаг. Ирж суралцсан хүмүүс харин эрэгтэй эмэгтэй гэлтгүй тун сэтгэлэн хангалуун төгсдөг шүү.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Би 3 жилийн өмнө Андра загварын агентлагаа байгуулж байлаа. Харин энэ жил агентлагаа өргөжүүлж, нөхөртэйгээ болон сэтгэл зүйч Г.Наранбаатартай хамтран Андра Академийг байгуулсан. Манайх хувь хүний хөгжлийн сургалт, сонгодог урлаг буюу балетын сургалт, загвар өмсөгч бэлдэх гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цаашдаа бид сургалтаа хөгжим, IQ зэрэг олон чиглэлээр төрөлжүүлж, дээд сургууль болох зорилго тавьсан. Загвар өмсөгч гэдэг насан туршийн зүйл биш болохоор боловсролын салбарт хүч үзэж, бүр тамга дарахыг хүсэж байна. Яагаад гэвэл энэ салбар олон хүнд эергээр нөлөөлөх боломжийг өгдөг. Одоо академиа олон нийтэд таниулах ажил хийхээс гадна нүүж орсон шинэ байраа бага багаар тохижуулж байна.

Түрүүнд дурдсанчлан 11, 12-р сар бол моделиудын хамгийн ачаалалтай сар. Өнгөрсөн 7 хоногт 3 шоу болсон бол энэ 7 хоногт 2 байх жишээтэй. Түүнчлэн Боловсрол ТВ "Mongolia’s Next Top Model"шоуг зохион байгуулж байгаа болохоор охидоо бэлтгэж байна. Дэлхийн хэмжээний том контент учир охидоо сайн өрсөлдөгчид байлгамаар байна. Ер нь аливаа тэмцээнд ялагч болох гэж шунахаасаа илүү хүчтэй сайн өрсөлдөгч байх нь хүнийг их хөгжүүлдэг гэж боддог. Би хувьдаа олон ч удаа ялж ялагдаж үзсэн, цаашид ч олон тохиол хүлээж байгаа. Тэр бүгдтэй нь нүүр тулаад, суралцаад явна. Манай охид өөрсдийгөө л сайн хөгжүүлж чадвал дэлхийн стандартыг хангах хэмжээний чадвартай болцгоожээ.

ТА АЖИЛЛАЖ БАЙХДАА ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байхдаа хөгжим сонсож чаддаггүй. Чимээгүй орчинд хажуудаа халуун цай, самар тавиад суухаар гараас юм гардаг. Гэхдээ орчин бүрдүүлэх гэж нэлээд юм болно. Ер нь бол төрөл бүрийн л хөгжим сонсдог. Нөхөр маань хөгжмийн хүн болохоор аялж, сонсож буй дуунд нь нэг мэдэхэд л дуртай болчихсон байдаг. Манай хүн дуу хөгжмийг нарийн тайлбарлаж өгнө шүү дээ. Дуу хөгжмийг тэгж задалж сонсохыг хичээхээр илүү гоё мэдрэмж авдаг юм билээ.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Өнгөрсөн зун Их хатдын нууц товчоо, Сорхагтани хатан зохиол, намар Малалагийн намтар, Г.Наранбаатар найзынхаа номнуудыг уншсан. Зун уншсанууд нь хүчтэй түүхэн эмэгтэйчүүдийн тухай бол нөгөө нь ердөө 11 настай ч дэлхий нийтийг өөрийн хийж байгаа зүйлд хандуулж чадсан гайхалтай охин байсан. Ялангуяа Малалагийн тухай уншаад өөрийгөө голсон шүү. Одоо харин "Ногоон нүдэн лам”-ыг эхлүүлээд явж байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хаана байгаагаас л шалтгаална даа. Дотогшоо гэж хэлэхгүй ч буурьтай тал руугаа байх. Шаардлагатай үед л нээлттэй байх нь зүйтэй.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Сүүлийн үед жаахан нойр муутай л явж байна. Дунджаар шөнө 1 цагт унтаад өглөө 7.30 гээд босож байгаа. Гэхдээ ажилдаа дуртай, өөдрөг хүн болохоор бүтээмж буураад байх нь гайгүй. Өөдрөг, эерэг байхыг бусдад уриалдаг хүн чинь өөрөө тийм байх ёстой байлгүй яахав. Нөхөр маань намайг "Чи нээрээ 'аймаар' өөдрөг шүү" гэдэг. Яахав, хааяа ядаргаанд орох гээд байх асуудал гарна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэрээс л олж болно доо. Хагас сайнд бол ажиллаж таардаг. Бүтэн сайнд гэртээ бүтэн байж, гэрийнхэндээ хоол цай хийж өгч, эзэгтэйн үүргээ сайн гүйцэтгэхийг хичээдэг. Хүүтэйгээ бүтэн өдөржин хамт байхад жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг. Гэртээ будаггүй, гэрийн хувцастай, өөрийнхөөрөө байдаг болохоор сайхан байдаг. Хүү маань дөнгөж 3 настай ч аав ээж нь их ажилтай байдгийг ойлгодог юм шиг байгаа юм. Орой ирэхээр “Ээж ээ та ядарч байна уу? Би хөлийг чинь барьж өгөх үү?” гээд байдаг юм. Тэгэхээр хүүхдийн насыг голж болохгүй юм байна гэж бодогддог.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Мэдээж хамгийн түрүүнд гэр бүл гэж хэлнэ. Гэр бүл бол амьдралын хамгийн чухал зүйл. Бусад зүйлсийг резинэн бөмбөг гэвэл гэр бүлийг хагарч болох шилэн бөмбөгтэй зүйрлэж болно.

За тэгээд шавь нарынхаа амжилтаас их урам авдаг. 2015 оны Монголын миссээр манай Ц.Аззаяа шалгарсан. Урлагийн гэр бүлд төрсөн, Драмын театрд ажилладаг үнэхээр авьяастай охин. Бас Э.Азбилэг гэж уран нугардаг гайхамшигтай авьяастай бүсгүй бий. Гэр бүлийнхэн, найз нөхөд, шавь нарын маань сэтгэл шингэсэн бэлгүүд бас намайг цэнэглэдэг шүү.

Мөн ном уншиж өөрийгөө зоригжуулна. Харилцааны чиглэлээр хичээл ордог тул Дэйл Карнегийн номууд миний ширээн дээр байнга байж байдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Зөвлөгөө гэхээс илүүтэй миний амьдралыг өөрчилсөн нэгэн түүхийг ярья. 2007 онд би Үнсгэлжин тэмцээнд түрүүлж, загварын ертөнцтэй холбогдсон юм. Түүнээс өмнө ээж маань загвар өмсөхийг дэмждэггүй байлаа. Ёстой бөөн юм болдог байсан даа. Гэтэл энэ тэмцээнд түрүүлсний дараа “Ээж нь охиноо дутуу үнэлсэн байна, миний охин загвараараа тууштай яваарай” гэж хэлсэн нь миний амьдралыг өөрчилсөн гэхэд болно. Түүнээс хойш загвар миний байнга өөрийгөө хөгжүүлэх шалтгаан болж, намайг өдий зэрэгт хүргэсэн. 10 жилд байхдаа би хүнтэй ч аятайхан ярьж чаддаггүй хүүхэд байлаа. Шагналдаа 108,000 төгрөг аваад өөртөө тухайн үеийн хамгийн сайн гар утсыг авч, үлдсэнийг нь ээждээ өгөөд их л хөөрч байж билээ.

Аав ээжийн дэмжлэг гэдэг маш чухал байдгийг тэгэхэд л ойлгосон доо. Одоо бол аав ээжийнхээ санааг зовоохгүй, чихийг нь халууцуулахгүй байхыг хичээдэг. Угаас аав ээжийн ачийг бүрэн хариулна гэж байхгүй болохоор энэ маань л бидний хамгийн сайн хийж чадах зүйл болов уу.

ЗАЛУУЧУУДАД ХАНДАН НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?


Том зүйлийг мөрөөд. Мөрөөдлөө биелүүлэх шуналтай байж, түүнийгээ биелүүлж, дараа нь бүр томыг мөрөөд гэж хэлмээр байна. Малалагийн номыг уншсанаас хойш түүний жишээг шавь нартаа байнга ярьдаг болсон. Та нарт маш их боломж, потенциал бий, зүгээр л залхуураад байна гэж хэлдэг. Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүд жаахан тэвчээргүй, үг даахгүй болсон юм шиг санагддаг. Уг нь хэн ч юу ч хэлсэн авах гээхийн ухаанаар хандаж байвал… Би нэлээд шаардлага өндөртэй тул шантрах хүүхэд цөөнгүй гардаг. Би гоё, би сайхан гэсэн бодолтой байгаад л байвал хэцүү, ахиж дэвшихгүй шүү дээ.

Миний хувьд ирэх 2 жилийн дотор зургийн үзэсгэлэнгээ гаргах мөрөөдөлтэй. Хэн нь ч юм, надад зурах авьяас байна гээд хэлчихсэн (инээв). Энэ чадвараа хөгжүүлэх нь ч надад ашигтай. Энэ мөрөөдлөө биелүүлчихвэл үүнтэй холбоотой бас нэг мөрөөдөл бий. Хүн том мөрөөдвөл түүндээ яаж хүрэх вэ гэж их бодож төлөвлөж таарна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Андра балетийн сургуулийн эрхлэгч, балетийн багш Намуун, загвар өмсөгч С.Төгс нарыг санал болгоё.


Гэрэл зургийг Б.Батзаяа

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.