Бид өмнө нь АНУ-д ажиллаж амьдардаг, монгол хэлний М.Саруул-Эрдэнэ багшийн “Сонирхолтой хэл шинжлэл” номын хэсгээс толилуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Уг ном хэл судлаач, сонирхогчид, оюутан залуусын таашаалд ихэд нийцсэн тул тэрээр 2013 онд үргэлжлэл болгож "Зугаатай хэл шинжлэл" номыг гаргасан билээ. Яг л өмнөх ном шигээ "хэлний онолын талаар зүгээр л хоёр найз суугаад хууч хөөрч байгаа мэт, эсвэл болсон явдал, онигоо ярьж байгаа мэтээр" бичсэн энэ ном уншихад маш зугаатай бөгөөд хэл шинжлэл сонирхдог хүмүүст төдийгүй зөв ярьж, зөв бичихийг эрмэлздэг хүн бүхэнд тун хэрэгцээтэй бүтээл болжээ. Өнөөдөр бид "Зугаатай хэл шинжлэл" номоос монгол хэлэнд үйл үгийг хэрхэн зөв зүйтэй хэрэглэхийг өгүүлсэн сонирхолтой хэсгийг тавилаа. Үүнийг уншсанаар та өгүүлбэрийн төгсгөлүүдийг зөв хийж сурах болно. Далимд нь мөн уг номын нэрээр нэрлэсэн фэйсбүүк групп ч бас таны нэгдвэл зохих группуудийн нэг шүү гэдгийг дурдъя.
"Газарзүйн цагаас хэлний цаг хүртэл" бүлэг
Монгол хэлний үйл үгийн тогтолцоонд юу илүү чухал вэ?
Орос хэлний үйл үгийн цагийн тогтолцоонд үргэлжлэх, давтагдах сонин биш гэж өмнө дурдаад өнгөрсөн билээ. Аливаа хэлний зүйн юуг ялгах, юуг үл ялгах, өөрөөр хэлбэл юуг илүү чухалчилж байгаа нь нэн сонирхолтой байдаг.
Англи хэлний хамгийн идэвхтэй хэрэглэгддэг үгсийн дотор He, She, орос хэлнийх дотор Он, Она нэлээд дээгүүр заларна. Энэ нь англи, орос зэрэг хэл гуравдугаар бие буюу гуравдагч этгээдийг, бүр цаашилбал тэр этгээдийн эр, эм эсэхийг машид сонирхож, чухалчилж байна гэсэн үг юм. Гэтэл монгол хэлэнд эр эмээр нь ялгах байтугай гуравдугаар биеийн төлөөний үг ч гэж байхгүй. “Тэр” яасан юм бэ гэж үү? Тэр гэдэг чинь үнэн хэрэгтээ биеийн биш заах төлөөний үг шүү дээ. Бодоод байхад монгол хүн гуравдагч этгээдийн тухай яривал Дорж, Дулмаа гээд л нэрээр нь төлөөлүүлдэг, харин таньж мэдэхгүй хүний тухайд учиргүй яриад байх дуртай улс биш юм аа даа.
Үүнчлэн олон өөр цагийн хэлбэр юуг ялгах вэ гэдэг сонирхолтой. Англи хэлний цагийн хувьд үргэлжилж байна уу (continuous), төгс болсон (perfect) уу гэдэг чухал байдаг. Монгол хэлний хувьд хэд хэдэн сонирхолтой ялгамжаа байна.
Юуны өмнө Монгол хүний хувьд үйл явдал нүдний өмнө болох эсэх, өөрөөр хэлбэл өгүүлэгч этгээд үйл явдлыг биеэр гэрчлэх эсэх маш чухал ажээ. “Дорж ирлээ-Дорж иржээ” хоёр адилхан өнгөрсөн цаг боловч эхний тохиолдолд өгүүлэгч этгээд Доржийн ирснийг харсан, биеэр гэрчилсэн, өөрөө тосож авсан ч байж мэдэх утга илэрч байгаа бол хоёрдахь өгүүлбэр нь Доржийн ирснийг хараагүй, хэн нэгнээс сонсоод, хаа нэгтэйгээс уншаад хэлж байна. Үргэлжилж буй одоо цагийн хувьд мөн адил. Нүдний чинь өмнө ном уншиж суугаа бол “Дорж ном уншиЖ БАЙНА” гэх бол хаа нэг хол газар, далд үргэлжилж байгаа цагийг “Дорж номын санд ном уншиЖ БАЙГАА” хэмээн өөр хэлбэрээр илэрхийлнэ.
Сүүлийн үед монгол хэлэнд гарч буй нэг сонирхолтой хувьсал бол үйл үгийн цаг нь зохистой зохисгүй үйлийг ялган зааж эхэлсэн явдал юм.
Үргэлжилж буй одоо цагийг илтгэх “–ж байна, -аад байна” гэсэн хоёр хэлбэрийн ялгааг ажиглахад “-аад байна” хэлбэр нь ихэвчлэн болж буй үйл явдлын зохисгүйг үзүүлнэ. Тийм ч учраас эмнэлэгт ирсэн өвчтөнүүд “Миний зүрх дэлсЭЭД БАЙНА”, “Толгой өвдӨӨД БАЙНА” гэхчлэн ярьдаг ажээ. “Дорж унтаЖ БАЙНА” гэвэл зүгээр л болж буй явдлыг өгүүлж буй хэрэг, “Дорж унтААД БАЙНА” гэвэл босох цаг нь болчихсон, унтаж байгаа нь ямар нэг хэмжээгээр зохисгүй байгааг илтгэнэ.
Үгүйсгэх хэлбэр нь мөн адил, хоёр өөр нөхцөлтэй. “-аагүй байна” хэлбэр нь жирийн, “-хгүй байна” хэлбэр нь зохисгүйг илтгэнэ. “Дорж унтААГҮЙ БАЙНА “ гэвэл даалгавраа хийж байгаа ч юм уу, ердийн л үргэлжилж байгаа үйл явц, гэтэл “Дорж унтаХГҮЙ БАЙНА” гэвэл хар шөнө болчихоод байхад унтаж өгөхгүй, зохисгүй санаа гарч байна. Ямар нэг юм болж өгөхгүй бол дандаа л “Миний үзэг гарахгүй байна”, “Ээж ээ, энэ агаа чинь надад туслахгүй байна”, “Сүүлийн үед сайхан унтаж чадахгүй байна” гэх мэтээр байнга “-хгүй байна” хэлбэрээр өгүүлнэ. Өнгөрсөн цагийн “–аагүй, сангүй” хоёрын ялгаа ч тийм юм. Энэ бүхнийг дүгнэн, миний бие монгол хэлний үйл үг зохистой зохисгүй цагийг ялган заадаг гэсэн зоригтой дүгнэлт бүхий илтгэл, өгүүлэл бичин Индианагийн Их Сургуулийн сэтгүүлд хэвлүүлж байсан билээ.
Магелланы алдсан хоногоос монгол хэлний үйл үгийн зохисгүй цаг хүртэлх сонин сайхан, солио гажууг хуучлахад ийм байна.
105-107 дугаар тал
Сэтгэгдэл бичих (3)


T Tuvi 223.39.188.44
Yostoi l zugaatai hel shinjlel gesen nerendee taarsan sonirholtoi yum. Bainga sonirholtoi solia gajuu ihtei niitlel hurgedeg tanai hamt olond mash ih bayarlalaa.
Х Хонгор 182.160.38.4
Ном нь хаагуур зарагдаж бн?.…..........…....…????????????????????????...????..?.?????????????????..???.
З Зочин 50.180.99.247
Сонирхолтой юм аа. Зарим санааг англиар хэлэхэд их товч, өөр заримыг нь Монголоор хэлэхэд их товч байдаг нь тухайн хэл юуг онцолж товчхон хэлж байгаатай холбоотой юм байна л даа.