Өнөөдрийн зочныг маань спортын салбарынхан Спортын цонхын, олимпийн хорооны, туялзуур сэлэмний "Хосоо" гэдгээр нь андахгүй. Тэрээр ахлах сургуульд байхдаа Монголын анхны спортын форум болон өнгөт сэтгүүлийг хамтран санаачилж, Монголын спортын хамгийн үнэнч хорхойтнуудыг хамруулсан томоохон хүрээллийг бий болгосон юм. Өдгөө монголчуудад төдийлөн танил бус байсан туялзуур сэлэмний спортыг залуусын дунд хамгийн эрэлттэй төрлүүдийн нэг болгон үлгэр жишээ хөгжүүлж буй түүнийг хамгийн хурцаар гэрэлтэж буй шинэ үеийн спортын зүтгэлтэн гэж нэрлэж болно. Миний хувьд дунд сургуулийн дээд үеийн ах, нэг багшийн шавь байсан түүнтэй хожим хамтдаа хэд хэдэн төслүүд дээр хамтран ажилласан бөгөөд өнөөг хүртэл суралцаж, үлгэр жишээ авсаар явдаг. Ингээд Швейцарь улсад спортын менежментээр суралцаж мэргэшсэн Б.Хосбаярын ажлын арга барилтай танилцана уу. 

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сонгуульт: Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн
Хэрэглэдэг гар утас: Samsung S7 Edge
Хэрэглэдэг компьютер: Lenovo Thinkpad X1
Сошиал хуудсууд: Khosoo (твиттер)

Таны ажлын онцлох арга барил?

Би үр дүн хурдан гаргахыг зорьдог. Жаахан яардаг. Тэрнээсээ болж бас алдаа гаргах нь бий. Үдээс өмнө ер нь гол ажлуудаа шахаад хийчихийг боддог. Оффисоосоо, гэрээсээ ажиллана. Хүнтэй уулзах ажлуудаа голдуу кофе шопоор хийдэг юм байна.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програмуудаасаа нэрлэнэ үү?

Google-ийн Gmail, Translation, Maps зэрэг апп ашиглана. Dropbox-ийн төлбөртэй хувилбарыг хэрэглэдэг. Гадаадынхантай их харилцдаг учраас чатны бүх апп бий. Гадаад хэлний бас Duolingo, Busuu гэсэн 2 апп ашигладаг. Өдөртөө ер нь гадаад хэл сурахад 10-20 минут тогтмол зарцуулахыг боддог юм. Одоогоор франц хэлээ сайжруулахыг зорьж байна. Duolingo дээр сүүлийн жил хагасын хугацаанд 12196 оноотой болсныгоо бас муугүй оноо гэж бодож байгаа. Busuu-гийн төлбөртэй хувилбарыг суулгасан. Хичээлээ татаад оффлайн үзэж болдог нь амар байдаг. Сүүлийн үед япончуудтай их ажиллаж байгаа тул япон хэл үзэж 2020 он гэхэд ярьдаг болох зорилготой.

iPad дээр хааяа Chess24, PlayMagnus зэрэг аппаар хааяа шатар нүүнэ. Спортын мэдээнүүд, оноонуудыг LiveScore-оор авдаг. Спортын Цонх форумдаа Tapatalk аппаар зочилдог. За тэгээд мэдээж Фэйсбүүк, Твиттер бий. Сэлэмний ганц нэг апп бас байгаа. Дэлгэцний гэрэл бууруулдаг Twilight-ийг ашигладаг. Компьютер дээр бол оффисын програмуудыг төрөл бүрээр, бас Photoshop ашиглах дуртай. Photoshop дээр гаргууд биш ч гэсэн ямар нэг юм хийхээр стресс тайлагдах шиг санагддаг юм.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Жижиг сажиг зүйл дээр цаг алдахгүйг хичээдэг. Өглөө гарахдаа тааралдсан хувцсаа өмсөх гэх мэтээр (инээв). Бас сүүлийн үед гар утасны хэрэглээгээ багасгаж, лаптоп дээрээ илүү ажиллахыг хичээж байна. Компьютер дээр хүмүүс рүү имэйл бичих, мэдээллүүдээ шалгах нь хавьгүй амар байдаг. Гар утсан дээрээс Line, Whatsapp зэргийг л шалгах шаардлагатай, бусад нь компьютерээс шалгаж болдог.

Бас ажлаа сайн бодож эргэцүүлэхийг хичээдэг. Яаж хийх үү, яаж үр дүнтэй болгох вэ гэдгийг сайн бодож чадвал цаашдаа цаг хэмнэнэ шүү дээ.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Evernote дээр бүх тэмдэглэлээ хөтөлдөг. Энэ апп/програмын улаан фэн шүү. Evernote дээрээс цаг нартай ажлуудаа Google Calendar руу оруулдаг. Бас сүүлийн үед нэг төсөл дээр Slack-ийг хэрэглэх шаардлагатай болсон.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Би ер нь юундаа сайн юм бол доо гэж сүүлийн хэдэн сар бодож байна (инээв). Ингээд бодоход ямар нэг ахисан түвшний ур чадвар байхгүй ч юм шиг. Олон юм л зэрэг хийгээд байдаг хүн бололтой. 30 нас хүртлээ эрсдэл гаргая гээд янз янзын л юм хийж эхлүүлж байсан, тэр хэрээр цөөнгүй бүтэлгүйтсэн дээ.

Математикийн анги байсан учраас юмсыг харьцуулж, ул суурьтай шийдвэр гаргахыг эрмэлздэг байж магадгүй гэж бодож байна.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Манайх шинэ холбоо. Тэгэхээр нэг талаараа стартап л гэсэн үг. Бас ТББ гэдгээрээ онцлогтой. Шинээр бойжиж буй учраас анхнаас нь суурийг нь сайн тавихыг хичээж байна. Институтийн хувьд сонгодог зарчмаар нь ажилладаг байгаасай гэж бодож төлөвлөн ажлаа явуулдаг. Удирдах зөвлөлд маань олон салбарын лидер хүмүүс орж, сэтгэлээсээ маш сайн ажиллаж байгаа. Миний хувьд удирдах зөвлөлөө идэвхтэй ажиллахад нэмэр болох, удирдах зөвлөлийг гүйцэтгэх албатай холбох ажлыг хийдэг. Шинэ тутам хөгжиж буй спорт учраас хүмүүсийг татах ажлыг хамгийн түрүүнд хийх ёстой. Маркетингаар бол Brand Positioning гэсэн үг. За тэгээд улс доторх харилцаа, гадаад харилцаа, удирдах зөвлөлийн харилцаа зэрэг бодох ёстой олон асуудал бий. Аль болох том зургаар нь харахыг хичээж, гэхдээ жижиг гэлтгүй хийх ёстой зүйлсээ орхигдуулахгүй байхыг хичээж байна.

Сэлэмний спорт бол том соёл байдаг. Сэлэмний хүрээлэл олон улсад ч нөлөө томтой. Одоогийн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах бол сэлэмний олимпын аварга хүн. Одоогийн ОХУ-ын спортын сайд бас сэлэмний олимпын аварга. Хэдэн жилийн өмнө сэлэмний олимпын аварга хүн Унгарын ерөнхийлөгч болсон нь дэлхийн түүхэнд олимпын аварга хүн улсын ерөнхийлөгч болсон анхны тохиолдол болсон юм билээ. Сэлэм нь хор хохирол багатай, 2 тархи зэрэг ажиллуулдаг, "биеэр тоглодог шатар” гэгддэг спорт. Бидний хамгийн гол зорилго бол сэлэмний спортоор дамжуулж хүмүүст зөв төлөвшил олгох явдал. Тэрнээс биш сэлэмний спортоор тийм ажилт гаргана, төдөн медаль авна гэдэг бол одоохондоо хамгийн чухал нь биш. Одоогоор Монголд зөвхөн сэлмээр хоолоо олж идэхэд хэцүү, эрсдэлтэй учраас бид тамирчдадаа хичээл номоо сайн хийхийг сануулдаг. Манай холбооны сонгон шалгаруулах журам буюу тамирчдыг гадаадын тэмцээн, бэлтгэлд явуулах журамдаа бид хичээлийн дүнгээ өмнөх жилийнхээс буруулахгүй байх гэсэн болзол оруулахаар төлөвлөж байна. Мэдээж спорт маань өндөр хөгжөөд амьдралын баталгаа нэмэгдвэл спортоос хамаарах хамаарал нэмэгдэж таарна.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Манай холбоо 2009 онд үүсгэн байгуулагдаж, 2013 онд 2020 оны хүртэлх стратеги төлөвлөгөөгөө гаргаж байсан. Яг одоо бол 2018 оны 6 сар хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр ажиллаж байна. Бид дотоодын 15-16 тэмцээн, гадаад дахь тэмцээн, бэлтгэл гээд жилдээ 30 ажил буюу төсөл хэрэгжүүлж байна. Миний хувьд яг одоо тэмцээн буюу төсөл бүрээ бүтээгдэхүүн болгож, бүтээгдэхүүнээ борлуулж санхүүжилт босгодог концепт гаргахаар, бүтээгдэхүүний каталог гаргахаар ажиллаж байна. Хот, аймгийн аваргууд л гэхэд шууд логог нь харахад л танигддаг, улсын хэмжээнд нэг концепцтэй байх юм. Чансаагаа хүртэл бид бүтээгдэхүүн болгоно. Манай холбоо чансаагаа нарийн гаргаж, тамирчдадаа сайн сэдэлжүүлж чаддаг гэж боддог. Ер нь би холбоогоо хувьцаат компани гэж, өөрийгөө энэ компанийн гүйцэтгэх захирал гэж төсөөлөн ажиллахыг эрмэлздэг юм.

Дотооддоо бид "Шинэ 5” хөтөлбөр дээр ажиллаж байна. 5 аймагт шинээр клуб байгуулах зорилготой. Ноднин бид Улаанбаатарт Азийн аварга хэмээх нэр хүндтэй, том тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулах үеэр холбоо маань биет болон биет бус ихээхэн хөрөнгөтэй болж, материаллаг баазын хувьд нөөц сайтай болсон юм. Эрдэнэт, Багануур дахь клубууд маань бас сайн ажиллаж, олон хүүхдүүдийг хамруулж байгаа.

Гадаад харилцаан дээр ч амжилт арвин. ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч байсан алдарт Александр Ровнягинийг 2 жил гэрээгээр ажиллуулаад энэ 7 хоногт үдэх гэж байна. Олон олимпын аварга төрүүлсэн энэ домогт дасгалжуулагч манайд ажилладаг гэхээр бусад улс орнууд гайхдаг шүү. Бид сууриа сайн тавихаа бодож тамирчин гэхээсээс дасгалжуулагчдаа сургаж, Ровнягин багшийн шавь болгосон. Эхнээсээ зарим дасгалжуулагч маань гадаадад урилгаар ажиллаж байна. Халиунаа багш гэхэд 2 сарын өмнө Хятадад өндөр цалинтай багшлахаар явсан. Бидний хувьд 2018 онд Хүүхдийн олимп, 2020 онд Токиогийн Олимпод эрх авч оролцох зорилготой. Ирэх онд Улаанбаатарт Олимпын эрх олгох 2 тэмцээний нэгийг зохион байгуулахаар нэр дэвшээд байна.

Мөн Япон улстай хамтын ажиллагаа өргөжсөн. 2020 онд Токиод зуны олимп болох учраас анхнаасаа бид Японтой нягт хамтрахыг зорьсон юм. 3 фронтоор хамтарч байгаа гэж хэлж болно. Нэгдүгээрт, Японы Туялзуур Сэлэмний Холбоотой. Ноднин тэд биднийг Азийн аварга зохион байгуулахад их тусалсан. Хоёрдугаарт, засаг захиргааны нэгжүүдтэй нь хамтарч ажиллаж байна. Одоо Аомори мужтай хамтран ажиллаж, Япон руу тамирчид дасгалжуулагчдаа илгээж, хамтарсан бэлтгэл хийж байгаа. Мөн ойрын хугацаанд 1 муж нэмэх төлөвлөгөөтэй. Аомори мужийн хоёр ч том хуралд бидний хамтын ажиллагаа кэйз болж орсон байна лээ. Гуравдугаарт, Токиогийн Олимпын Зохион Байгуулах Хороотой хамтрахаар зүтгэж байгаа. Алдарт сэлэмчин, дэлхийн аварга Юки Отаг Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Элчээр зарласан нь бас том алхам болсон шүү.

Та ажиллаж байхдаа хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Ажиллаж байх үедээ хөгжим сонсоно, хөгжмийн хорхойтон. Гэхдээ хөгжмийг зөвхөн тоглуулагчаар л сонсохыг эрмэлздэг. Утаснаас, компьютерээр хөгжим тавих тийм ч дуртай биш. Саяхан Францад 8 жил гаруй ашигласан iPod Classic-аа хаячихаад их харамссан. Бүх л аялал, ажилд минь хамт байсан хайртай "эд" минь байсан юм.

The Beatles-ийн улаан фен. Coldplay, John Mayer-ийг сонсоно. Өнгөрсөн зун өөрийнхөө шүтээн Pink Floyd-ийн Дэвид Гилмор болон Элтон Жоны тоглолтыг үзэх завшаан тохиолдсон. Сүүлийн үед ийш тийш явахдаа пянз сонирхож, цуглуулдаг болчихоод байгаа шүү.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Сардаа бол нэг ном уншчихна шүү. Түлхүү алдартай хүмүүсийн намтар номыг уншиж, урам зориг авдаг. Хамгийн сүүлд Формула 1-ийн загалмайлсан эцэг Берни Эккелстоуны намтар номыг уншиж дуусгасан. Стив Жобсын, Ричард Брансоны, Андре Агассигийн намтар номууд, мөн Б.Мэргэний орчуулсан Ф.Жексоны намтар гүн сэтгэгдэл үлдээж байлаа.

Олон төрлийн, олон үндэстний хүмүүстэй хамтарч ажилладаг тул тэдгээр хүмүүсийн аливаад хандах хандлага, соёлын ялгаа надад сонирхолтой санагдаж, сүүлийн үед соёл, түүхийн чиглэлийн ном, нийтлэл нэлээд уншиж байгаа.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Хэд хэдэн газар, өөр өөр шалтгаанаар сэтгэл зүйн зан төлөвийн тест бөглөж байсан, бүгд л баланстай буюу аль алиныг нь агуулсан гэж хариу гарч байсан юм. Тийм ч байх. Ер нь бол би ганцаараа байх дуртай. Нөгөө талаар ажлын шаардлагаар хүмүүстэй уулзаж, нээлттэй байх үе ч элбэг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Унтах бол миний мөрөөдөл. Сайн унтдаг хүмүүсийг хараад атаархдаг (инээв). Яагаад ч юм би нойронд тааруу. Сүүлийн 2 өдөр л гэхэд 4 цаг л унтаад байх шиг байна. Нойрны менежмент тааруу учир цагийн зөрүүнд орчихоороо л хямарчихдаг юм. Өглөө эрт босдог тул кофе шопд өглөөний уулзалтууд хийдэг. Гэхдээ сүүлийн үед нойрондоо анхаарч шөнө 11, 12 гээд унтахыг хичээж байна.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Найзуудтайгаа кофе шоп юм уу пабд элдвийг ярилцан суух дуртай. Долоо хоногтоо нэг удаа сэлмээрээ хичээллэнэ. Ирэх жилийн өдий гэхэд Монголын чансааны топ 30-д багтах "том" зорилго тавьчихсан байгаа. Одоогоор бол 36-д бичигдэж байгаа юм.

Би спортын уралдаан, тэмцээн, тоглолтууд үзэх дуртай. "Спортын цонх"-ын найзуудтайгаа цуглаж, дуртай багийнхаа тоглолтыг үзэж, багаа дэмжих сайхан байдаг. Ийм сайхан хамт олны нэг гишүүн байгаадаа баяртай байдаг юм. Мөн гэртээ Xbox тоглох, дугуй унах дуртай.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Хамгийн түрүүнд аав ээжийгээ гэж хэлнэ. Шилжилтийн хүнд үеийг шаргуу хөдөлмөрлөж даван гарсан тэднээсээ эрч хүч авдаг. Эхнэр, хүүхдүүд минь миний амьдралын утга учир.

Сэлэмнийхээ хамт олноос их урам зориг авна. Тэмцээнээс тэмцээний хооронд улам өнөр өтгөн болж буй сэлэмний гэр бүлийнхэн маань намайг үргэлж хурцалж байдаг. Сэлмээр дамжуулан цөөнгүй хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлж байгаа минь эрч хүч өгдөг. Олон хүүхэд залуус сэлмээр хичээллэж, шударга өрсөлдөөн дундаас тэмцээнд оролцох эрхээ авч, анх удаа гадаад пасспорт авч, хилийн дээс алхаж, юм үзэж нүд тайлж, улам их хүсэл тэмүүлэлтэйгээр хөдөлмөрлөж байхыг харах үнэхээр бахархалтай шүү.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Арван жилээс эхлээд МУИС-ийн Математик компьютерийн сургуульд сурч, олимпийн хороонд ажиллаж байх үед, бусад газруудад ажиллаж байхад зөвлөж, тусалдаг байсан олон багш, ментор надад бий. Тэднийхээ үг бүрээс л сайныг нь авахыг хүсдэг.

Оролдлого сайт оройд нь гарна гэдэг үгэнд дуртай. Багадаа дандаа оройд нь биш бэлд нь байсан болохоор хурцлагддаг байж магадгүй (инээв).

Залуучуудад хандан нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Асар хурдтайгаар өөрчлөгдөж, хөгжиж байгаа нийгэмд амьдарч байгаа залуустаа илүү соргог бай л гэж хэлмээр байна. Илүү хичээж, илүү шамдахгүй бол бид бүгдээрээ хоцорчих гээд байна шүү. Байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлж байхгүй бол болохгүй үед бид амьдарч байна.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Би урлагийн хүмүүсийг тодорхой арга барилтай, энд тэндээс санаа цуглуулж, түүнийгээ нэг дор нэгтгэн өөрийнхөө онцлогийг шингээж, дахин давтагдашгүй бүтээл туурвидаг хүмүүс гэж хүндэтгэдэг. Тиймээс энэ салбартаа манлайлж байгаа Камертоны Д.Болдын ажлын арга барилтай танилцмаар байна.

Гэрэл зургийг Д.ГАНЗУЛ