Www.unread.today вэбсайт маань нээлтээ хийгээд яг нэг жилийн нүүр үзэж байна. 2015 оны 9-р сарын 23-нд нээгдсэн өдрөөсөө л манай сайт этгээд нэр, нийтлэлийн хэв маяг, өнгө дизайн, шинэлэг шийдлүүдээрээ хүмүүсийн сонирхлыг татаж эхэлсэн юм. Үүнээс хойш бид өдөрт нэг нийтлэл бичсээр (заримдаа бонустай) өнөөдрийн байдлаар 378 нийтлэлийг оруулжээ. Энэ хугацаанд бид “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагадаа 50 гаруй хүмүүс, байгууллагыг урин оруулсан нь хүмүүсийн талархлыг хүлээсэн контентууд болсон билээ. Вэбсайтын маань нэг жилийн ой тохиож буй энэ удаагийн дугаарт бид өөрсдийн ажлын арга барил, үзэл бодлыг танилцуулъя гэж бодлоо.

Байршил: Монгол, Улаанбаатар
Хэрэглэдэг гар утас: iPhone 6 (Ганзо, Зак), iPhone 5 (Уундаа)
Хэрэглэдэг камер: Nikon D7000, Canon 7D
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13 (Ганзо), Lenovo Yoga (Уундаа), Macbook Pro 15 (Зак)
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Оригиналь, эерэг, хараат бус
Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Твиттер, Инстаграм

UNREAD-ИЙН БАГ АНХ ХЭРХЭН БҮРДСЭН БЭ?

Ганзо: Уундаа бид хоёр 2008 оны үед анх блогоор танилцаж байсан. Бид хоёул юм бичих сонирхолтой байсан тул 2013 оны 10-р сард Уундааг Данид сурч байхад хамтарч бизнес, технологийн чиглэлийн вэб эхлүүлэх талаар имэйлээр ярилцаж эхэлсэн юм. Тэр санаагаа бодсон хэвээр, 2015 оны эхээр Форбес Монголиа сэтгүүлийн "30 хүртэлх 30" төсөл дээр хамт ажиллаж, салбартаа амжилттай ажиллаж буй залуусыг шалгаруулсан. Тэр үед Зак АНУ-д магистраа төгсөж ирээд "Бату Дижитал”-ийг үүсгэн байгуулаад удаагүй байв. Зак манай 10 жилийн найзын их сургуулийн ангийнх болохоор бид хоёр өмнө нь бие биеэ мэддэг байсан. Тэгээд "30 хүртэлх 30”-д шалгарсан Зак-д бид хоёр өнөөх санаагаа хэлтэл бодож явдаг зүйлтэй нь нийцэж, ерөөс хамтраад юм хийе гэж шийдсэн юм. Ингээд бид 2015 оны 3-р сараас санаан дээрээ ажилласаар Unread-ийг 2015 оны 9-р сарын 23-нд сайтаа нээж байлаа. Түүнээс хойш би редакцаа, Уундаа бизнес талаа, Зак технологи, дизайнаа хариуцаад явж байна.

ТА БҮХНИЙ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Уундаа: Unread онлайн медиа тул онлайнаар хаанаас л бол хаанаас ажлаа явуулдаг. Би ихэвчлэн гадуур хаа нэгтээгээс, Ганзо Unread-ийн оффисоос, Зак Батугийн оффисоос ажилладаг. Хоёр долоо хоногтоо нэг удаа гурвуулаа уулзаж, контентийн төлөвлөгөөгөө гарган, бусад шаардлагатай ажлуудаа ярилцаад явдаг. Үнэт зүйлээ бид оригиналь, эерэг, хараат бус байх гэж тодорхойлсон. Тиймээс аль болох оригиналь, бусдад урам зориг, тус дэм өгөх контентыг бүтээхийг зорьдог. Хараат бус гэхээр аль нэг талыг барихгүй, хэн нэгний эрх ашигт үйлчлэхгүй гэсэн үг.

Мөн хэдийгээр бид дижитал медиа стартап боловч технологийн стартаптай адил сэтгэхийг эрмэлзэж ажилладаг. Орчин цагт медиа компаниуд том жижиггүй энэ сэтгэлгээгээр ажиллахаас өөр аргагүй болоод байгаа. Бид технологийн шинэ ололт, өөрчлөлтүүдийг хурдтайгаар мэдэрч, нэвтрүүлж, дасан зохицож байж, хэрэглэгчдийнхээ хүсэж буй контентыг нийлүүлж чадна.

ТАНАЙХ АЖЛАА ЯМАР ПРОГРАМ, АПП ДЭЭР ЯВУУЛДАГ ВЭ? ТАНАЙ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ ЮУ ВЭ?


Зак: Бид уншигчдад бүтээмжээ нэмэгдүүлэх, үр дүнтэй ажиллах талаар зөвлөж, тийм хэв маяг бүрдүүлэхийг уриалдаг учир өөрсдөө олон төрлийн аппийг туршиж, ахисан түвшний хэрэглэгч байх ёстой. Unread одоогоор Slack + Trello + Evernote + Wunderlist гэсэн "үхлийн комбо"-г үүсгэн ажиллаж байна (инээв). Slack дээр ажлын чатаа хийж, Trello дээр вэб дээр нэмж хөгжүүлэх зүйлсээ тэмдэглэдэг. Сүүлийн үед мөн 7 хоногийн төлөвлөгөөгөө Trello дээр гаргахыг хичээж байна. Ойр зуур чатаа бол Facebook Messenger-ээр хийчихдэг. Имэйл, Google Drive-ийг тогтмол ашиглах нь тодорхой. Зургуудаа янзлахдаа Light Room, Photoshop зэргийг ашиглана. Хамгийн дуртай апп бол мэдээж Unread-ийн өөрийн апп.

ТАНАЙ АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧИН?

Манай оффис МТҮП-ийн 2 давхарт байрладаг. Оффисын ширээ, буйдангаа бид авьяаслаг дизайнер Б.Энэрэлд захиалан хийлгүүлсэн.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Уундаа: Манай контентын бодлого бидний цаг хэмнэх хамгийн сайн "зэвсэг" болдог. Бид анхнаасаа контент, нийтлэлүүдийнхээ агуулгыг "хайрцаглах" бодлого барьсан. Хайрцаглана гэдэг нь контентийн бүтэц, агуулгыг урьдчилан төлөвлөх, хэвшүүлэх гэсэн үг юм. Уншигчдадаа цэгцтэй мэдээлэл өгч цагийг нь хэмнэх, хүлээлтийг нь тодорхой болгох энэ бодлого маань эргээд бидний цагийг ч гэсэн их хэмнэдэг. Хэзээ, юу бичих нь байнга тодорхой байдаг учраас.

Манай уншигчдын дийлэнх нь юуг хэзээ унших вэ гэдгээ, сайт руу ороод ямар контентоос өөрт хэрэгтэй юуг олж авах вэ гэдгээ мэддэг. Бид аль ч контентоо хаанаас нь ч уншсан, Unread-ийнх байна даа гэж бодогдуулах хэв маягтай байлгахыг хичээдэг.

Мөн багийн гишүүдтэйгээ байнгын холбоотой байж, асуудлуудаа дор дор нь хэлэлцээд явдаг маань цаг хэмнэдэг.

ТАНАЙХ ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Зак: Нийтлэлүүдийнхээ төлөвлөгөөгөө Google Drive дээр эксел файл дээр гаргадаг. Тэнд мөн дараа нь оруулж болох хүмүүс, бизнесүүд, аппууд, номуудын нэрсийг цуглуулж тэмдэглэдэг. Харин тус бүрнээ хийх ажлын жагсаалтаа Wunderlist дээр гаргадаг юм байна.

ТА БҮХЭН ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Ганзо: Unread шинэлэг байдал, шинийг сэтгэдгээрээ уншигчдын талархлыг хүлээсэн гэж боддог. Тиймээс бид шинийг сэтгэхдээ муугүй байх. Багийн гишүүдийн энтрепренерлэг сэтгэлгээ гэж тодорхойлсон ч болно. Ер нь медиа компани хэрэглэгчид, уншигчдынхаа зан төлөв, салбарын өөрчлөлтүүдийг сайн мэдрэх нь чухал. Гэхдээ мэдэрнэ гэдэг нь хэрэглэгчдийн зан төлөвийг дагах биш, дагуулна гэсэн үг. Медиа өөрөө нийгмийг дагуулж, зөв үлгэр дууриал үзүүлж байх ёстой.

Жишээ нь манай сайтын сэтгэгдэл бичих хэсгийг харж болно. Сэтгэгдэл бичих соёл тааруу, бүтээлч сэтгэгдэл тун ховор байдгийг өөрчлөхийн тулд бид дор хаяж 100 тэмдэгт бичиж байж сэтгэгдлээ оруулдаг "дүрэм"-ийг гаргаж ирсэн. Шүүмжиллээ, мууллаа ч гэсэн жаахан ч гэсэн бүтээлч байхыг шаардаж байна гэсэн үг. Үүгээрээ бид орж ирэх байсан 10 сэтгэгдлийн 9-ийг алдаж болно. Гэхдээ нэг чанартай, нэг бүтээлч сэтгэгдэл орж ирж байвал тэр нь бидний хувьд илүү үнэ цэнтэй.

Мөн технологи, дизайны хувьд "Бату Дижитал" найдвартай ар тал болдог нь Unread-ийн өрсөлдөх чадварыг нэмдэг байх.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Уундаа: Бид сэтгүүл зүйн ирээдүй “тодорхой бус”, цаашдын хандлага-чиглэлээ эрэлхийлж буй тун чухал шилжилтийн үед ажиллаж байна. Медиагийн тухай ихэнх онолууд үгүйсгэгдэж, уламжлалт медиа сошиал медиад бут цохиулж байгаа энэ үед зөв модель, ялгарлаа олох нь гол асуудал болоод байна. Оригиналь биш, бие биеэсээ илт хуулдаг, нэмүү үнэ цэн үүсгэдэггүй, үүсгэе ч гэж хичээдэггүй, олон зүйл рүү хүч тарамддаг медиа сувгууд хэт олширсноос олон нийтийн медиад итгэх итгэл ч сүүлийн үед буураад байгаа нь нууц биш. Энэ л нөхцөл байдлыг өөрчлөхөөр, эвдэхээр, ялгарлыг бий болгохоор бид гарч ирсэн. Контентыг нь уншигчид хүлээдэг, итгэдэг, тэр нь нийгэмд нөлөөлж чаддаг медиаг бий болгох нь бидний мөрөөдөл.

Unread-ийн гол онцлог бол цаг үеийн мэдээ оруулдаггүй. Тэртэй тэргүй манай бусад дийлэнх медиа сувгууд цаг үеийн мэдээг гол болгож, олон төрлийн мэдээ бичих гэж тал тал руу зүтгээд байдаг. Харин бид үүний эсрэгээр өдөрт нэг нийтлэл гэсэн бодлого барьж, манайд дутагдаж байсан бизнес, технологийн мэдээлэл, хувь хүний бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлийн контентуудыг анхнаасаа барьж ажилласан.

Эерэг тал нь гэвэл төлөвлөсөн, зорьсон маань эхнээсээ биелж байгааг харахад сайхан байдаг. Бид анх эхлэхдээ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хийгээд бүтээлч хүмүүсийг олон нийтэд таниулах гүүр нь болно гэж зорьсон маань амжилттай хэрэгжиж байгаа. Шинэ бизнесүүд, шинэ аппууд манай сайтаар нээлтээ хийж, уран бүтээлчид видео клипээ хамгийн түрүүнд манайхаар цацдаг болсон шүү. Ярилцлага, нийтлэлүүд маань залуусыг шинийг бүтээхэд уриалан дуудаж, урам зориг өгч байгааг анзаарч байна.

Хэцүү зүйлс бий. Өдөрт нэг л нийтлэл оруулдаг, 7 хоногт 7 нийтлэл оруулдаг нь хэдийгээр амархан ажил мэт санагдаж болох ч ингэж тасралтгүй контент оруулж явах нь их ажилтай байдаг. Шинэ жил, цагаан сар, наадмын өдрүүдээр ч бид нийтлэл бичдэг. Ярилцлага хийнэ, зураг авна, мэдээллийн эх сурвалжуудыг шүүрдэнэ, бичнэ гээд л. Зүгээр нэг темплэйт блог биш, анхнаас нь хөгжүүлсэн вэб учраас maintain хийж явах нь бас ажилтай. Үүнийг хүмүүс тэр болгон ойлгодоггүй юм шиг байгаа юм. Их ажил болж бүтээсэн контентуудыг маань шууд хуулаад тавьчих тохиолдол цөөнгүй. Томоохон медиа сувгууд хүртэл гэрэл зургийг маань зөвшөөрөлгүй аваад тавьчихад эмзэглэдэг шүү. Бас манайх тухайн өдрийн контент хэдэн цагт нийтлэгдэхийг вэбийнхээ толгойд харуулдаг. Заримдаа цагтаа амжиж оруулж чаддаггүй болохоор энэ далимд уншигчдаасаа хүлцэл өчье.

2015 оны 9-р сарын 22-23-нд шилжих шөнө Бату-гийн оффис дээр. Бид гурав шөнийн 3 өнгөртөл суугаад өглөө нь сайтаа нээж байлаа.

ТАНАЙХ ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

Ганзо: Unread нэг жилийн ойтойгоо золгож, хөгжлийнхөө дараагийн шат руу орж байгаа гэж харж байгаа. Компаниа засаглал, санхүү, хүний нөөцийн хувьд бид шинэ түвшинд гаргана. Үйл ажиллагааны хувьд Unread Events, Unread Plus гэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дээр ажиллаж байна. Unread Events-ийн анхны арга хэмжээ болох "Би хэрхэн бүтээсэн бэ?" цуврал ярилцлагыг Club Coworking-тэй хамтран өнгөрсөн 7 хоногт эхлүүлсэн. Энэ цувралд бид уран бүтээлч хүмүүсийг урьж, бүтээлээ хэрхэн туурвисан, туурвидаг талаар нь ярилцах юм.

Мөн жил бүр хийх "Unplug" хэмээх чуулганыхаа эхнийхийг энэ 11-р сард багтаан хийхээр төлөвлөж байна. Энэ үеэр бид уншигчдад тайлангаа тавьж, шинэ бүтээгдэхүүн, хөгжүүлэлтүүдээ албан ёсоор танилцуулах юм. Unread Plus-ийн хувьд илүү олон сэдвийг, илүү олон нийтлэлчийг хамрах төсөл. Мөн "Би хэрхэн ажилладаг вэ?" цуврал ярилцлагаа бид ном болгон хэвлүүлэх гэж байна. Энэ номон дээрээ ажиллаж байна. Үүнээс гадна бидний их найдлага тавьж буй нэгэн нууц төсөл бий. Үүнийгээ нууц хэвээр үлдээе.

ТА БҮХЭН АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?


Зак: Сонсдог. Миний хувьд чихэвчээ зүүж хөгжим тавиад ажилладаг. Текст дээр ажиллавал аялгуу, сонгодог хөгжим, дизайн гаргавал рок, хип хоп тавьдаг. Уундаа бас чихэвч зүүгээд суучихдаг. Бүтээлч байх формоо олох гэж нэг уран бүтээлчийн дуунуудыг цувруулаад тавьчихдаг гэж байгаа. Ганзо харин буйдан дээр амарч хэвтэхдээ хөгжим сонсдог.

ТА БҮХЭН ОДОО ЯМАР НОМ УНШИЖ БАЙГАА ВЭ?

Ганзо: Манайх номын булантай болохоор шинэ содон ном их цуглуулдаг, ширээн дээгүүр ном хөглөрсөн байдалтай л байдаг. Тэр номуудаа уншина, эргүүлж харна. Жишээ нь Уундаа Game of Thones буюу "Хаадын тоглоом" номын эхний хоёр ботийг дуусгаад 3 дахийг нь эхлүүлчихээд явж байна. Саяхан Andreessen Horowitz венчур пүүс рүү ороход үүдэнд нь асар баялаг номын сан угтдаг тухай нийтлэл харсан. Ирээдүйд оффис маань тэрэн шиг их номтой болно гэж итгэдэг шүү.

ТАНАЙХ ОРУУЛАХ КОНТЕНТУУДАА, ЗОЧДОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Зак: Даваа гараг "Онцлох бизнес" буландаа бид шинэ, шинэлэг, сонирхолтой бизнесүүдийг сонгож оруулдаг. Лхагва гарагийн "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагадаа энтрепренер, удирдах ажилтан, уран бүтээлч хүмүүсийг ээлжлэн урьдаг. Ингэхдээ олонд хараахан танигдаагүй хүмүүс, хэдийнэ олны танил болсон хүмүүсийг аль болох ээлжилж оруулахыг хичээдэг. Хэдийгээр зочин маань өмнө нь энд тэнд зөндөө ярилцлага өгсөн байлаа ч, манай ярилцлага ажлын арга барил, хувь хүнийх нь талаас илүү нээж харуулдаг онцлогтой. Ярилцлагуудын зочноо бид өөрсдөө сонгохоос гадна оролцох хүсэлтээ бизнесүүд, хүмүүс илэрхийлдэг. Тэр үед гурвуулаа зөвлөлдөж байгаад шийддэг.

Бусад өдрийн контентуудаа сонгохдоо бид байнга судалж, шинийг эрэлхийлж байдаг. Тухайн цаг үеэ мэдрэхийг бас хичээж, тэмдэглэлт болон томоохон үйл явдлуудтай холбоотой нийтлэлүүдийг мэдээ талаас нь биш, агуулга талаас нь бичдэг. Орчуулгын контент орууллаа ч, бусад эх сурвалжаас нэмэлт мэдээлэл олж нэмүү үнэ цэн шингээхийг боддог.

Ням гарагт нийтлэгддэг "7 хоногийн тойм" буландаа бид тухайн 7 хоногт дотоод гадаадад өрнөсөн 5 том үйл явдлыг тоймлон бичдэг. Өдөр бүр мэдээ үздэггүй уншдаггүй, гэхдээ цаг үеэсээ нэг их хоцрохыг хүсдэггүй хүмүүс манай тоймыг уншиж байвал тун зүгээр. Бүтэн сайнд нийтлэгддэг болохоор хандалт бага байдаг ч хөдөлмөр их ордог. Мэдээг шуурхай хүргэх биш, "мэдээг тайлбарлах" гэдэг медиагийн сүүлийн үеийн хандлагыг энэ булан дотроо агуулж байдаг. Уундаа маань тойм бичихдээ тун гаршаад байгаа шүү. Номын буланг ерөнхийдөө Ганзо хариуцдаг. Бусад буланг бол хэн нэг нь тогтмол бичнэ гэж өмчилсөн зүйл байдаггүй. Дийлэнх нийтлэлийг энэ хоёр маань хуваан бичдэг. Харин арт дирекшин буюу гэрэл зураг авах, зурагчдын авсан зургуудын хянах, харагдах байдал талаас нь би хянаад явчихдаг юм.

ТА БҮХНИЙГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ганзо: Манай сайтын "Бидний тухай" хэсэгт бидний энэ асуултанд өгсөн хариу бий. Би "ширээний теннисний заал", Уундаа "хөлбөмбөг талбай", Зак "камертайгаа хаа нэгтээ" гэж хариулсан юм. Гэхдээ энэ хариулт маань сүүлийн үед үнэндээ бидний хүсэл болчихоод байна. Ойрын өдрүүдэд зав чөлөө гарвал би шатар тоглочих (хүссэн үедээ хаанаас ч тоглочихдог учраас) гээд, Зак, Уундаа хоёр харьж унтчих гээд (сүүлийн үед маш их ачаалалтай байсан) байна. Гурвуулаа нийлээд хааяа нэг буудна аа (counter strike), бас.

ТА БҮХЭН ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Уундаа: "Онцлох бизнес", "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн зочид болох бүтээлч, ажилсаг, зорилготой хүмүүстэй ярилцахад их урам зориг авдаг. Тэдний ур чадвар, арга барил, хүсэл тэмүүлэл, алсын хараа зэргээс бид өөрсдөө суралцаад явж байна.

The Verge, Vox, Quartz гэх мэт үлгэр дууриал авдаг медиа сувгуудаасаа илүү сайн контент бүтээх сэдэл, эрч хүчийг авдаг. Тэд гайхалтай сайн контентуудыг бүтээж байна, бид ч гэсэн яагаад тэдэн шиг байж болохгүй гэж? Зөвхөн дотооддоо сэтгэх биш, дэлхийн медиагийн тэргүүлэгчдээс суралцах нь бидний хувьд их чухал.

Энд бас мэдээж үнэнч уншигчдынхаа сайшаал, урмын үгсийг дурдахгүй өнгөрч болохгүй. Контентууд маань хүмүүст сайнаар нөлөөлж, илүү ихийг бүтээх сэдэл төрүүлж байгааг хараад бид ихэд урамшдаг. Олон гэхээсээ үнэнч уншигчид бидний хувьд үнэ цэнтэй. Тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээнэ ээ.

Манай гэрэл зургуудыг ШУТИС-д хувцас загвараар суралцдаг Д.Ганзул, Хүмүүнлэгийн Их Сургуульд суралцдаг Б.Ганчөдөр, Р.Лувсанням нар авдаг. Заримдаа гадаадад буй хүнтэй хийхдээ ярилцлага хийхдээ өөр зурагчдын бүтээлүүдийг ашиглах нь ч бий.

ТА БҮХЭН ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛИЙН ЮУГ ОЙЛГОВ? ЮУГ СУРАВ?

Зак: Уншигчдаас сайшаал, бүтээлч шүүмжүүд аль аль нь ирдэг. Тэр бүхнээс харахад хийх юм асар их байгаа нь мэдэгддэг. Бидэнд сайн баг байна, ур чадваруудын нэгдэл байна, зорилго тэмүүлэл байна. Нэг жилийн хугацаанд өөрсдөдөө ч улам итгэлтэй болсон байх. Боломж бол байсаар ч байсан, цаашид ч их байх биз ээ.

ТА БҮХЭН ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛЫН ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА?

Ганзо: Манай энэ асуултыг хүмүүс бас жаахан буруу ойлгодог талтай. Зочноосоо энэ асуултад хариулт авахад, санал болгосон хүнийг нь манай уншигчид энэ ярилцлагад заавал оруулах ёстой юм шиг санадаг. Зочин маань зүгээр л хэн нэгнийг санал болгож байгаа хэрэг ба энэ асуулт зочны маань хэнтэй холбоотой байдгийг, хэний ажлын арга барилыг сонирхож байгааг харуулдаг. Мэдээж боломжтой бол бид санал болгосон хүнтэй ярилцахыг хичээнэ.

Бидний хувьд уншигчдаас ярилцлагадаа оруулж өгөөч гэж хамгийн их санал ирдэг MCS-ийн Ж.Оджаргал захиралтай ярилцах юм сан гэж их хүсдэг.

Гэрэл зургийг Б.Ганчөдөр

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.