2015 онд алдарт бизнесмэн, энтрепренерүүдийн өөрсдийн бичсэн ном харьцангуй цөөн байсан боловч сонирхолтой номуудаар арвин жил байлаа. Эдгээрээс би өөрийн уншсан ба уншаагүй зургаан номыг нэр хүндтэй вэбүүд, шүүмжлэгчдийн сонголтод үндэслэн танилцуулж байна.

Misbehaving: The Making of  Behaviorial Economics

Зохиогч Талер бол Чикагогийн их сургуулийн бизнесийн сургуулийн эдийн засагч бөгөөд зан төлөвийн эдийн засгийн эцэг гэгддэг билээ. Уламжлалт эдийн засагт хүмүүсийг маш ухаалаг тоглогчид гэж авч үздэг бол бодит байдал дээр хүмүүсийн шийдвэр тэдний өрөөсгөл ойлголт мэтийн логиктой огт хамааралгүй зүйлс дээр үндэслэгдэн гардаг гэдгийг зохиогч итгэн үнэмшүүлэхийг зорьжээ. Өөрөөр хэлбэл, Misbehaving бол хүмүүсийн сул тал руу гүнзгий өнгийсөн ном юм.

Түүний талаар Малколм Гладвэл хэлэхдээ "Энэ ном орчин цагийн эдийн засгийн хамгийн чухал асуудлуудын цаадах руу өнгийжээ. Хэрвээ би орчин цагийн хэн нэгэн сэтгэгчтэй лифтэнд гацах ёстой болбол маргаангүй Ричард Талерыг сонгоно" гэж үнэлжээ.

Тус ном Financial Times болон McKinsey компанийн хамтран шалтгаруулдаг "Оны шилдэг бизнесийн ном" шалгаруулалтын сүүлчийн шатанд үлдсэнийг мөн дурдъя.

ELON MUSK

Энэ бол хүн төрөлхтөнийг өөр гараг дээр нутагшуулахыг хүсдэг тэрбумтан бизнесмэний түүх юм. PayPal-ийг үүсгэн байгуулалцсан Элон Маск өдгөө SpaceX, Tesla, Solarcity гэсэн 3 салбарын тэргүүлэгч компаниудыг удирдаж буй билээ. Bloomberg Business сэтгүүлийн сэтгүүлч Ашлий Ванс шаргуу зангийнхаа хүчээр Элоны номыг өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр бичих эрхийг олж авчээ. Түүний гаргаж ирсэн Элоны дүр бол үргэлж дэлхийг эерэг тал руу нь өөрчлөхийг хүсдэг, гэхдээ шаргуу, шаардлага өндөртэй чанар нь заримдаа хамт ажиллагсдад нь хэцүү байдаг, сонирхолтой лидерийн дүр юм.

Rise of the Robots: Technology and the Threat of a Jobless Future

Financial Times болон McKinsey компанийн хамтран шалтгаруулдаг "Оны шилдэг бизнесийн ном"-оор тодорсон уг номыг энд заавал дурдах учиртай биз ээ.

Өнөөгийн мэдээллийн технологийн хувьсгал яван явсаар зарим ажлын байруудыг алга болгох хэдий ч тухай цаг үеийн шинэ инноваци, технологиудтай хамааралтайгаар шинэ ажлын байрууд ч бас бий болно гэж хүмүүс төсөөлж, найддаг. Тэгвэл энэ номд Цахиурын хөндийн Мартин Форд тийм зүйл болохгүй гэж мэтгэжээ. Технологи хөгжих тусам машин, роботууд өөрсдийгөө дааж, хүний хүчий зүйл улам л буурах гэнэ. Ихэнх ажил мэргэжлүүд робот, ухаалаг програмуудад зайгаа тавьж өгч, эцэстээ асар их ажилгүйдэл, орлогын тэгш бус байдал үүсэж магадгүй хэмээн зохиогч анхааруулжээ.

BETTER THAN BEFORE: MASTERING THE HABITS OF OUR EVERYDAY LIVES

"Аз жаргалын төсөл", "Гэртээ илүү жаргалтай" зэрэг асар амжилттай бестселлерүүдийг бичсэн Грэтчин Рубин энэ удаа дадал хэвшлийн тухай гүнзгий судлан бичжээ. Энэхүү номд мотивац авах 4 төрлийн арга тухай өгүүлсэн бөгөөд таны зан чанар алинд нь таарахаас шалтгаалан дадал хэвшлийг өөртөө суулгах арга замаа сонгох ёстой гэжээ. Жишээ нь, Obligers өөрсдөдөө бус бусдад амлалт өгдөг бөгөөд тэдэнд амлалтыг нь сануулж явах найз нөхөд хэрэгтэй юм. Харин Rebels "хайрцаган дотор" байхыг хүсдэггүй бөгөөд "Чи наадахаа хийж чадахгүй ээ" гэж хэлэх хүмүүс өөрт нь хэрэгтэй байдаг гэнэ.

LEADERSHIP BS


Станфордын профессор Жеффрий Пфефер энэхүү номдоо манлайлагчдыг бэлтгэдэг, манлайллын талаар бичдэг салбар уналтад ороод буй тухай өгүүлээд, мянга мянган ном бичигддэг, зуу зуун мянга блог, илтгэл яриа өрнөдөг, тэрбум тэрбум доллар эргэлддэг энэ салбарыг яаж дахин шинэчлэх вэ гэдгийг харуулсан байна.

Уартоны их сургуулийн профессор Адам Грант энэ номын тухай “Бид байнга буруу хүмүүст эрх мэдлийг өгдөг, өглөө ч тэдэнд өгдөг чин сэтгэлээсээ удирд гэх мэт улиг болсон зөвлөгөөнүүд нь эцэстээ хүсэшгүй үр дүнд хүргэдэг гэж Пфефер үнэхээр бодууштай бичжээ" гэсэн байна.

MARISSA MAYER AND THE FIGHT TO SAVE YAHOO!

Бизнесийн лидерийн тухай олон ном нэг л загвартай байх нь бий. Асуудалд орсон компанийг шинээр удирдаж эхэлсэн мөнөөх лидер өөрийн авьяас чадлаар тухайн компанийг зах зээлийн тэргүүлэгч болгодог. Харин энэ номд Никалос Карлсон үүнийг эвджээ. Түүнийхээр бол Яахүү хэд хэдэн лидерийн удирдлага дор явж ирсэн бөгөөд Марисса Мэйэр бол тэдний л нэг юм. Тэдний хэн нь ч Яахүүг дахин агуу компани болгох чадамжгүй, ер нь хэн ч тэгж чадахгүй гэж бичсэн нь сонирхолтой. Манлайлал гэдэг зүйл өөрийн хязгаартай гэдгийг зохиогч сануулж байна.

Тус компанийн талаар сүүлийн үед таагүй мэдээллүүд гарсаар байгаа бөгөөд унаж яваа компанийг яаж удирдах ёстой тухай мэдэхийг хүсвэл энэ номыг унших ёстой болов уу.