Ням гарагийн ээлжит "7 хоногийн тойм"-оо толилуулж байна. Бид энэ булангаараа гадаад дотоодод болж өрнөсөн хамгийн онцлууштай, сонирхолтой 5 үйл явдлыг товчлон, эх сурвалжийн хамт хүргэдэг билээ. 

"Гэрэг"-ийн шинэ дугаар


Өнгөрсөн 7 хоногт гурван сар хугацаанд түр завсарлаад байсан "Гэрэг" сэтгүүлийн шинэ дугаараа гаргав. Даацтай нийтлэлүүд хийгээд чадварлаг залуу сэтгүүлчдийн багаараа ялгардаг "Гэрэг"-ийн дөрвөн ч сэтгүүлчийн бүтээл саяхан дүнгээ гаргасан "Балдорж" шагналын ТОП 20-д багтаад байсан билээ.
Орлогч эрхлэгч Ж.Тэгшжаргалын Ikon.mn-д ярьснаас үзэхэд, "Гэрэг" 10-р сарын 1-нээс шинэ өнгө төрх, нийтлэлийн бодлоготойгоор уншигчдад хүрэх аж. Тухайлбал, сурвалжилгын төрөл дээр гойд анхаарч, "явсан, хөдөлмөрлөсөн, үнэн бодит түүхийг нээхийг хичээсэн дор хаяж нэг том сурвалжилга" гаргахын сацуу анализ нийтлэлүүдийг бичихээр төлөвлөжээ. Мөн сэтгүүлийнхээ дөрөвний нэг буюу хориод нүүрийг датанд зориулж эхэлнэ гэсэн нь бидний анхаарлыг татсан юм. Дээрх ярилцлагаас та хэвлэл мэдээллийн салбарын сүүлийн үеийн хандлага, өөрчлөлтийн талаар бас унших боломжтойг дуулгая.

Эх сурвалж: "Гэрэг" сэтгүүлийн фэйсбүүк хуудас

Ikon.mn - Ж.Тэгшжаргал: Бид эгэл хүмүүсийн түүхээр эгэл биш сэдвүүдийг гаргаж ирэхийг зорьж байна

ШИНЭ АМАРЖИХ ГАЗАР НЭЭГДЛЭЭ

Өнгөрсөн 7 хоногт Монголд өрнөсөн үйл явдлууд дундаас хамгийн гэгээлэг сайхан нь 3-р төрөх эмнэлгийн шинэ барилгын нээлт болсон явдал байлаа. Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдсээр байдаг ч төрөх эмнэлгүүдийн хүрэлцээ хаанаа ч хүрдэггүй нь дөнгөж төрсөн, төрөх гэж буй эхчүүдийн эмнэлгийн коридорт шахцалдан байгаа дүрс ойр ойрхон телевизийн мэдээгээр гарахад тун тодорхой харагддаг билээ. Хотын хүн амын өсөлтөөс гадна 1985-1991 оны "их төрөлт"-ийн үр дүнд мэндэлсэн хүүхдүүд өдгөө ид аав ээж болцгоох насан дээр ирсэн нь төрөх эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх ёстой нэг шалтгаан болдог. Ийнхүү төсөв санхүүгийн асуудлаас болж төлөвлөсөн хугацаанаасаа 2 жилээр хоцрон ашиглалтад орж буй энэ эмнэлэг 250 орны багтаамжтай, Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн ачаар орчин үеийн тоног төхөөрөмж, аппаратаар бүрэн тоноглогдсон ажээ. Ийнхүү улаанбаатарчууд бид "Монголын үрс маш олон болтугай" хэмээн арай илүү итгэлтэй хэлэх, ерөөх боломжтой боллоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ - Баянзүрх дүүрэгт “Амгалан” амаржих шинэ эмнэлэг үүдээ нээв

АНУ-Д БУУТАЙ ЭТГЭЭД ОЛОН ХҮНИЙ АМИНД ХҮРЛЭЭ

АНУ-ыг эрх чөлөөний орон гэх нь бий. Олон талаараа үнэн үг. Гэхдээ галт зэвсэг хэрэглэх тал дээр эрх чөлөө нь хэтийдчихжээ. 10-р сарын 1-нд Орегон мужийн нэгэн коммунит коллежийн хотхонд 20 настай цагаан арьст залуу гал нээсний уршгаар 10 хүн амиа алдаж, 7 хүн шархадсан эмгэнэлт явдал тохиолдов. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Обама хэлсэн үгэндээ "Манай улсад иймэрхүү зэвсэгт халдлага бүр ердийн зүйл болж хувирах нь. Миний ингэж ярьж байгаа ч олон дахин давтагдаж, энэ зүйл бидэнд дасал болж байна. Тиймээс галт зэвсгийн хуулиа даруй чангатгая" хэмээн уриалжээ. Үнэхээр ч АНУ-д ойр ойр болж өнгөрдөг энэ мэт эмгэнэлтэй явдлууд бусад улс орны гайхашийг бардаг нь нууц биш. Үүнийг Австралийн нэгэн инээдмийн жүжигчин "Австралид аймшигтай хядлага болоход засгийн газар 'Хангалттай, бууны хяналтыг ёстой нэг чангатгаад өгье л дөө' гэсэн. Манай иргэд 'Тэгсэн нь дээр бололтой' гэж хариулсан. Харин АНУ-д Сэнди Хүүкийн аллага болж, олон бяцхан хүүхэд үрэгдэхэд засгийн газар нь 'Бид овор томтой буунуудаасаа ангижрах ёстой ч юм уу?' гэсэн. Гэтэл америкчуудын 50 хувь 'Гайгүй байлгүй, буугаа өгөхгүй' гэсэн дээ, хөөрхий" хэмээн шоолсон байна лээ.
Энэ асуудлыг ухаж төнхвөл, солиотой ч гэмээр тоо баримт цөөнгүй байх аж. Жишээ нь, энэ жил АНУ-д 238 өдрийн дотор 247 mass shooting буюу 4-өөс багагүй хүнийг хохироосон зэвсэгт халдлага болжээ. Галт зэвсгийн хэрэглээ өндөр байх нь мөн амиа хорлох явдлыг өөхшүүлдэг байна. Америкчууд ч яахав, Холливүүдийн кинон дотроо амьдрах гээгүй л юм бол асуудлаа яваандаа шийдэх биз. Харин Монголд галт зэвсгийн хяналт ямар байдаг бол?

Эх сурвалж: Vox.com - Gun Violence in America, in 17 maps and charts

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД БРАЗИЛ УЛС РУУ 90 ХОНОГ ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Монгол ба Бүгд Найрамдах Бразил Улсын иргэд аялал жуулчлал гэх мэт ашгийн бус зорилгоор 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих, мөн ижил хугацаанд түр оршин суух эрхээ сунгах буюу нэг жилд 180 хүртэлх хоног харилцан визгүй зорчих боломжтой болсон нь өнгөрөгч долоо хоногийн бас нэг сайхан мэдээ байв . Энэ оны 9-р сарын 21-нд хоёр орны Гадаад хэргийн яамдын хооронд солилцсон “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын засгийн газар хоорондын ноот бичиг”-ийн хүрээнд уг боломж бүрджээ. За тэгэхээр үүргэвчээ бэлдэцгээгээрэй, хүмүүс ээ. Аялаад байж дээ.

Эх сурвалж: News.mn - Бразил руу 90 хоног визгүй зорчдог болно

GOOGLE КОМПАНИ ХОЁР ШИНЭ УТАС ТАНИЛЦУУЛЛАА

Apple компани iPhone 6S болон 6S Plus загваруудаа худалдаанд гаргасан шуугиан намжиж амжаагүй байтал түүний гол өрсөлдөгч Google компани өнгөрөгч 9-р сарын 29-нд өөрийн нэрийн Nexus ухаалаг утасныхаа хоёр шинэ загварыг танилцуулав. Nexus 5X ба Nexus 6P гэж нэрлэгдсэн уг ухаалаг утаснуудын урьдчилсан захиалгыг авч эхэлсэн бөгөөд 10-р сарын дундуур албан ёсоор худалдаанд гарах юм байна. 5.2 инч дэлгэцтэй 16GB багтаамжтай Nexus 5X нь 379 ам.доллараар, харин 5.7 инч дэлгэцтэй, 32GB багтаамжтай Nexus 6P нь 499 ам.долларын үнэтэй гарах аж. Сайжруулсан 64 бит процессор, 12 мегапиксел камер, цэнэгээ 30 хувиар илүү удаан барьдаг болсон гээд асар олон сайжруулалт шинэчлэлт хийгдсэн эдгээр утаснуудын үйлдвэрлэлтийг LG компани хариуцсан ба эдгээртэй хамт Android 6.0 Marshmallow үйлдлийн систем хэрэглээнд нэвтрэх юм байна.

Эх сурвалж: Computerworld.com - Google announces two Nexus phones, Android 6.0