2018 оны 11 сарын 12. Өнгөрсөн жилийн яг энэ өдөр Марвелийн ертөнцөд томоохон гарз тохиож, бидний хайртай олон супер баатруудыг бүтээж, хүн төрөлхтөнд цоо шинэ ертөнцийг танилцуулсан гайхамшигт Стан Лийг алдсан. Кино урлагийн салбарт томоохон орон зайг эзэлж, супер баатруудын тухай бүтээл бүхнээрээ дэлхий дахины кино сонирхогчдыг дайлаар мордуулсан алдарт Стан Лигийн дурсгалд зориулан Unread-ийн хамт олон даруухан үзэгчийн зүгээс Марвелийн бүх цаг үеийн кинонуудыг өөрсдийн мэдрэмж, шүүмжлэгчдийн баримтуудтай хамт "шигтгэн" эрэмбэлснээ хүргэж байна. 

23. thor: the dark world

IMDb (6.9/10), Rotten Tomatoes (67%)
Үзэх: Thor: The Dark World - Official Trailer

Thor-ын фенүүдийн хувьд хайртай баатрынх нь соло киног хамгийн сүүлд жагсаахад гомдолтой санагдаж магадгүй юм. Натали Портмэний фэнүүдэд ч шударга бус санагдаж мэднэ. "The Dark World" үзүүштэй, сайн кино хэдий ч бүхэлд нь аваад үзвэл хийц, түүх, агуулгын хувьд ийн байрлуулахаас өөр аргагүй мэт санагдана.

Төсөл эхнээсээ л барцадтай эхэлсэн. П.Женкинс эмэгтэй эсрэг талын баатартай кино хийх төлөвлөгөөтэйгөөр ажлаа эхлүүлсэн ч Марвелын удирдлагын “эргэлзээтэй” нүүр тулж, улмаар бүтээлч зөрчилдөөний улмаас ажлаасаа татгалзсан билээ. Хожим түүхэн дэх хамгийн шилдэг эмэгтэй супер баатрын кино “Wonder Woman”-ийг өрсөлдөгч DC-д бүтээж өгсөн нь хоржоонтой. Найруулагч Э.Тэйлорт хангалттай цаг, эрх чөлөө олгоогүй байж мэдэх юм. Дайсны талын хэт үнэмшилгүй дүрслэл, Торын хошигнолууд нь авцалдаагүй, хөнгөн байснаас гадна үйл явдлын ач холбогдол нь ч уялдаа холбоотой муутай байсан гэх шүүмжлэлийг кино сонирхогч өгсөн билээ. Гэхдээ л Thor-д дургүй хүн хэн байх билээ?

22. the incredible hulk

IMDb (6.7/10), Rotten Tomatoes (67%)
Үзэх: The Incredible Hulk - Official Trailer

MCU-ийн кино ертөнцийн түүчээ болж, одоогоос 11 жилийн өмнө үзэгчдэд хүрсэн “The Incredible Hulk”-ийг гарсан даруйд нь үзэж амжаагүй олон үзэгч бий биз ээ. Hulk бол Марвелийн супер баатрууд дундаас яалт ч үгүй онцгойрох нэгэн. Сүр хүчит, аймшигт гадаад үзэмжийнхээ эсрэг дотоод сэтгэлээрээ олон үзэгчдийг татсан түүний амьддралыг өгүүлэх “The Incredible Hulk” киног үнэнч фенүүд нь андахгүй мэдэх биз ээ. Тус кино нь бусад цувралын ашиг орлого болон үзэгчдийн хандалтаар хамгийн доод үнэлгээг авсан ч үнэнч фенүүдийн хувьд чамлахааргүй бүтээл гэж хэлж болно.

Учир нь, Bruce, Betty хоёрын хайрын түүх уг киног ихэд чимж, сэтгэлийг хөдөлгөсөн биз ээ. Адал явдал, тулаан, уран зөгнөл дунд хайрын бяцхан халил оруулсан нь найруулагч Louis Leterrier-ийн оновчтой шийдэл болжээ. Аливаа зүйлийн эхлэл алдаа оноогоо дэнслэхийн хэрээр асар их туршлага болдог. Тиймээс өдгөө кино ертөнцөд аль хэдийн байр сууриа эзэлсэн Марвелийн нэр хүнд, амжилтын эхлэл энэ кинотой холбоотой болов уу.

21. ironman 2

IMDb (7/10), Rotten Tomatoes (73%)
Үзэх: Iron Man 2 - Official Trailer

Төрмөл зүрхээ санамсаргүй төмөр зүрхээр солиулсан Тони Старк энэхүү анги дээр нэгэн өшөө авагчийн эсрэг тэмцэнэ. Гол үйл явдалтай зэрэгцэн, Фюритэй уулзаж, Шиелдтэй танилцан, өөрийн хайраа олж, нөхөрлөлөө бататган, хувийн болон хувьсгалын олон ажлаа амжуулдаг. Омголон зан, оргилуун байдал нь өмнөх анги дээр бага ч атугай номхорсон гэж бодож магадгүй юм. Гэвч тэрбээр төрөлхийн халгиж, цалгисан дэврүүн хүн гэдгээ хором бүрт нотолсоор байх болно. Энэ анги дээр Наташа анх удаа гарч ирэх бөгөөд түүний хэсгүүд киноны онцлох шигтгээ хэсэг гэж хэлж болох юм. Түүнчлэн эхлэл хэсэгт гардаг домогт AC/DC хамтлагийн Shoot to Thrill дуу нь хөгжим сонирхогчдын анхаарлыг татахгүй байхын аргагүй биз ээ.

20. thor

IMDb (7/10), Rotten Tomatoes (78%)
Үзэх: Thor - Trailer

Орчлон ертөнцөд орших долоон том эзэнт гүрний нэг болох Асгардын хаан Одины хүү Тhor нь Frost Giants-д болсон тулаанаар тус улстай хийсэн энхийн гэрээгээ дур мэдэн зөрчдөг. Ингэснээр хаан аав нь Thor-ийг дэлхий рүү цөлсөнөөр үйл явдал ширүүсдэг. Харин хааны бага хүү болох Локи нь өөрийгөө өргөмөл гэдгээ мэдэж, тэднээс урван Frost Giant-д Асгардад буй тэдний хүчийг сэргээх зүйлийг өгдөг.

Thor дэлхий гариг дээр ирээд Жейн Фостер хэмээх одон орон судлаачтай тааралдах бөгөөд Thor-т туслан гэртээ байлгадаг. Ингэснээр түүний дэлхий дээр амьдрах адал явдал эхэлнэ. Гэвч дэлхий дээр ирээд амар амгалан, энгийн амьдралаар амьдрахгүй. Аюул занал дэлхийг дайрах үед баатар эр Thor эх дэлхийгээ хамгаалах маш том үүрэг хүлээдэг. Та энэхүү киноноос Thor хэрхэн зоригт, дайчин баатар болж буйг харж болно.

19. captain america: first avenger

IMDb (6.9/10), Rotten Tomatoes (80%)
Үзэх: Captain America: The First Avenger - Trailer

Өнчин, туниа муутай боловч эрэлхэг хүү болох Стив Рожерс дэлхийн II дайны үед АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байсан маш нууц туршилтад сайн дураар орохоор болдог. Туршилт хүүг энгийн хүнээс хэд дахин илүү хүч чадалтай, эрүүл, чанга бие бялдартай болгодог. Энэ хүрээнд тэрбээр нацистуудын эсрэг АНУ-ын армийг удирдан гавьяа байгуулснаар анхандаа зөвхөн суртал ухуулгын чанартай Ахмад Америк гэх хочноос жинхэнэ баатар болон өөрчлөгдөж чаддаг. Эргэн тойрны үйл явдал нь үзэгчдийг уйдаахааргүй сонирхолтой гэж хэлж болно. Дэлхийн II дайны уур амьсгалыг бодитой мэт дүрслэхийн хажуугаар хөгжилтэй хошин хэсгүүдийг нь шингээж өгсөн.

Багын найз Баки Барнес, үргэлж зургийг нь нандигнан харж явдаг хайртай бүсгүй Пэгги Картер болон Тони Старкийн аав Ховард Старк зэрэг сонирхолтой дүрийг энэхүү анги дээр танилцах боломжтой тул заавал үзэхийг зөвөлье. Анх үзэж байхад бие нь өөрчлөгддөг хэсгийг хэрхэн компьютер график ашиглан өөрчилсөн, уг дүрийг бүтээхийн тулд жүжигчин маань (Крис Эванс) хэдэн кг хассан бол гэх бодол эргэлдэж байлаа.

Булчин шөрмөс зангирсан том биеийг туниа муутай намхан болгохын тулд орлон тоглогчийн бие дээр жүжигчний толгойг эффект ашиглан залгахаар төлөвлөж байсан ч бие, царайнаас дутахгүй жүжиглэхэд чухал нөлөөтэй гэж үзээд жүжигчин маань орлон тоглогчгүйгээр өөрөө тоглосон гэдэг. Ингэхийн тулд биеийнх нь хэсэг бүрийг дөрвөн талаас нь авсны дараа эффектээр жижигрүүлсэн байна. Тиймээс Крис Эванс жингээ хасалгүйгээр 7 кг булчин нэмсэн гэсэн. Хүчирхэг баатар сайн эр байх нь дан ганц эр бярын асуудал биш, сэтгэлийн хүч юм гэх санааг энэ кино эргэн сануулсан билээ.

18. antman and the wasp

IMDb (7.1/10), Rotten Tomatoes (88%)
Үзэх: Ant-Man and the Wasp - Official Trailer

Цаглашгүй дайны үед хүн шоргоолж хаана байсан бэ? Түүний хаашаа явсан, яагаад алга болсон шалтгааныг энэхүү ангиас л олж мэдэж болно. Сүнс гэх хороотон санаатан гарч ирэн тэдний хийж буй квантын орон руу нэвтрэх гүүрийг хулгайлахаар зэхсэнээр киноны гол үйл явдал өрнөнө.Энэ ангид хүн шоргоолж өмнөх ангиас илүү олон янзын шилжилт хөдөлгөөн хийж, хэмжээгээ өөрчилдөг нь киноны дүрслэлийг илүү сонирхолтой болгож өгсөн гэж хэлж болно. Киноны үйл явдал дуусч төгсгөлийн бичиг гарсны дараа л хамгийн оргил хэсэг нь хэдхэн секундэд өрнөн гардаг нь олон хүний сэтгэлд үлдсэн болов уу. Энэ ангийг өмнөх ангиасаа сул болсон гэж үзэх хүмүүс байдаг ч өмнөх ангийн үр дагавар, бусад киноны шалтгаан болж өгснөөрөө онцлогтой.

17. ironman 3

IMDb (7.2/10), Rotten Tomatoes (79%)
Үзэх: Iron Man 3 - Official Trailer

Тус кинонд саятан Тони Старк болон хэмжээлшгүй эд хөрөнгийн дундах ширүүн, амь өрссөн сөргөлдөөнийг харах болно. Хэний ч үл мэдэх нэгэн этгээд дэлхий ертөнцийг Төмөр хүний нүдэн дээр сүйрүүлж буйг Тони Старк харан бухимдаж_ нууц этгээдийг олохоор хатуу шийддэг.

Тэрбээр өөрийн хүч чадал, ур ухаанаа төвлөрүүлэн бүх чадлаа дайчлан, хайрлаж хүндэтгэдэг бүх хүмүүсээ үл таних нэгнээс хамгаалах болно. Энэ бол түүний хувьд асар том сорилт байсан төдийгүй зөвхөн дайсныхаа эсрэг тэмцэхээс илүүтэй өөрөө өөрийгөө олоход нь маш хэцүү даваа байсан мэт. Хүн үү эсвэл Төмөр өмсгөл үү? гэх асуултын хариулт маш сонирхолтой, гойд байж чадна. Тус кинонд Роберт Даун, Гвинет Пэлтроу, Гай Пирс, Жон Фавро зэрэг алдартай жүжигчид тоглосныг мэдэж буй биз ээ. Мөн кинонд Монгол уран бичлэгийг гол сүлдээ болгосон нэгэн эсрэг талын зохиомол дүрийн талаар дүрсэлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас гомдол мэдүүлж, киноны уран бүтээлчдээс уучлал хүссэн захидлыг хүлээн авч байсан билээ.

16. doctor strange

IMDb (7.5/10), Rotten Tomatoes (89%)
Үзэх: Doctor Strange - Official Trailer

Энэхүү кино Марвелийн бусад киноноос ялгарах гол онцлог нь үйл явдал зөвхөн Нью Йорк хот, дэлхий болон бусад гаригийн хүрээнд биш бидэнтэй зэрэгцэн орших өөр хэмжээс, ертөнцөд өрнөдөг. Өөрөөр хэлбэл, хүний уран сэтгэмж, төсөөллийг сорьсон, маш сонирхолтой визуал эффектүүд, домгийн шинжтэй “ид шид”-ээр баялаг байдаг нь Марвелийн бусад киноноос тэс өөр мэдрэмж төрүүлдэг. Мөн онцгой эффектүүд, ид шид, дайн тулаан, үйл явдлын өрнөлөөс гадна тус киноны агуулга, үзэгчдэд ойлгуулахыг зорьсон мессеж нь илүү үнэ цэнэтэй санагдана. Киноны гол дүр болох Strange хэдхэн секундын дотор “хэн нэгнээс” “хэн ч биш” болж, өөрийн эго, аминчхан зандаа идэгдэж байхад түүнд “Өөрийн мэддэг гэж боддог бүх зүйлээ март” гэж хэлдэг хэсэг киноны маш том зангилаа мэт.

Хэмжээлшгүй ертөнцөд бид хумхын тоосноос ч жижиг зүйл гэдгээ хүлээн зөвшөөрч эгогоо дарахад бид хязгааргүй амар амгалан, эрх чөлөөг мэдэрч, өмнөхөөсөө ч илүү боломжуудыг олж авдаг юм шиг. Хүн төрөлхтний оршихуй, утга учир, амьдрал, үхэл зэрэг олон философийн асуулт дагуулсан ойлголтыг энгийн үзэгчдэд маш хөнгөн, догдлолтой байдлаар дүрслэн харуулж чадсан нь энэ киноны ялалт болов уу.

Сонирхуулахад, тус киноны найруулагч Scott Derrickson кинондоо ямар ч галт зэвсэг оруулахыг хүсээгүй гэсэн бөгөөд Strange физик биеэ хагалгаанд оруулж байх явцад астрал биеэрээ дайсантайгаа гардан тулаан хийдэг нь зөвхөн киноны бус нийт Марвелын кинонуудын тулаантай хэсгүүдээс хамгийн “догь" гэж хэлж болохоор юм. Тэрхүү тулааны дараа хайртай бүсгүйтэйгээ харилцдаг хэсгийг сонсвол киног ерөнхийд нь дөрвөн минутад үзчихлээ гэсэн үг.

15. captain marvel

IMDb (7/10), Rotten Tomatoes (78%)
Үзэх: Captain Marvel - Official Trailer


Энэ хэсгийг Captain Marvel үзэж байсан мэдрэмжээ эргэн сэргээж Hole-ийн “Celebrity Skin” дууг сонсонгоо уншихыг зөвлөж байна. Кино багийнхан энэ мэтчилэн 90-ээд оны хитүүдийг ашиглан тухайн үеийн уур амьсгал бүрдүүлсэн нь үнэхээр үр дүнгээ өгсөн шүү. Зөвхөн уур амьсгал ч биш орчинг нь нарийн анхаарч, сайн бүрдүүлсэн байсан. Captain Marvel дэлхийд ирэхдээ шууд кино түрээсийн газарт унаж эхэлдэг. Тухайн үед хүчээ авч байсан ч өдгөө аль хэдийн устаж үгүй болсон газарт.

Captain Marvel яалт ч үгүй MCU-ийн ирээдүйн үйл явдлын томоохон гол дүр билээ. Тэр та бидний сайн мэдэх Captain America, Iron Man, Hulk зэрэг баатруудаас ч хүчтэйд тооцогдоно. Тиймээс түүнийг “бүтээсэн” өнгөрсөн түүх нэн сонирхолтой байна байх. Captain Marvel-ийн харь гаригийн халдлагаас сэргийлэх даалгавар эцэстээ өөрийгөө олох аялал болж хувирч байгаа нь танд ихийг бодогдуулах биз ээ. Түүнчлэн эмэгтэй супер баатрын тухай өгүүлсэн кино хуруу дарам цөөн байдаг учраас олон нийтийн зүгээс охид, эмэгтэйчүүдэд эерэг үлгэр дууриал үзүүлсэн бүтээл болжээ хэмээн ихэд сайшаасныг онцлууштай. Харамсалтай нь, шаардлагагүй, сул хэсгүүд нэлээдгүй байсан нь үзэгчдийн шүүмжлэлийг нэлээн дагуулсан. Гэсэн хэдий ч Nick Fury болон “хачирхалтай” муурын хослол киноны туршид таныг олон инээмсэглүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

14. antman

IMDb (7.3/10), Rotten Tomatoes (83%)
Үзэх: Marvel's Ant-Man - Trailer

Бяцхан шоргоолжин баатар өөрөөсөө хэд дахин аварга титантуудтай зэрэгцэн тулалдаж, кванцын ертөндөд очно гэдэг бусад баатруудаас ялгарах ер бусын ур чадвар гэж болох юм. Шоронд хулгайн хэргээр шийтгүүлээд гарч ирсэн Скоттод нэгэн алдарт зохион бүтээгч өөрийн бүтээсэн “шидэт” өмсгөлийг явуулснаар, биеийн хэмжээгээ хүссэнээрээ өөрчилж, шоргоолж шиг жижигхэн, эсвэл динозавр шиг аварга болж хувирах боломжтой болдог. Биеийн хэмжээгээ өөрчилж болдгоороо бусад баатруудаас ялгардаг түүний дүр хэнэггүй, хээгүй гэж хэлж болох ч хамгийн хүчтэй супер баатруудын нэг гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Дайсны талын баатрын чихэнд орж томроод л бүх зүйлийг дуусгах боломжтой түүний хувьд квантын ертөнц болон бодит ертөнцийн хоорондох цаг хугацаагаар аялсаар байдаг нь гайхалтай.

13. ironman

IMDb (7.9/10), Rotten Tomatoes (93%)
Үзэх: Iron Man - Official Trailer

Гоц ухаантан, тэрбумтан, плантропист, халуухан залуу Тони Старкын ялгуусан түүх эндээс эхэлдэг. Сод ухаантны хүү болж төрөн, өөрөө ч гоц ухаантны амжилтдаа ташууран, зугаатай боловч утга учиргүй гэмээр амьдралыг нь аминд тулсан барьцаалалт, тухайн үед үзэж харсан бүхэн орвонгоор нь эргүүлдэг. Мэдлэг чадвар, авьяас билгээр дүүрэн хүмүүс уйтгартай, даруухан, ном шагайсан хүмүүс байдаг гэх бидний хэвшмэл ойлголтыг тэр чигээр нь эвдэж чадсан энэ бүтээл үзэгчдэд, өрнөл дүүрэн үйл явдлуудаар дамжуулан олон санаа, дүгнэлтийг өгч чаддаг. Марвелийн бүхэл бүтэн бие даасан ертөнцийн шинжлэх ухаан, хиймэл оюуны салбарын хөгжлийг тодорхойлогч эцэг, хүү Старкын сэдсэн, хийсэн бүхнийг биширмээр.

12. spiderman: homecoming

IMDb (7.4/10), Rotten Tomatoes (92%)
Үзэх: Spiderman: Homecoming - Trailer

Кино дэлгэцийн түүхнээ хүн аалз гурван өөр байдлаар бүтээгдсэн байдаг. Тоби Магуайрийн "классик" хувилбар, Андрю Гарфьелдийн “нөхөрсөг хөрш”, эцэст нь Том Холландын өсвөрийн хүн аалз. Ингээд харвал тэдний дүр цаг хугацаа өнгөрөх тусам залуужсан. Тиймээс Spider-man: Home Coming-ийн трейлер олон нийтэд цацагдах үед “дараагийн хүн аалз таван настай жаал байх болно” гэх ёжлол олон нийтийн сүлжээгээр дүүрч байсан юм. Гэхдээ энэ хувилбар ч бас хайрлам биш гэж үү?

Тэр бол мундаг баатар биш, бидэнтэй адил хичээж яваа нэгэн. Тэр дундаа сэтгэл зүйн хамгийн эмзэг үе болох өсвөр насандаа яваа хүү. Ямартай ч энэхүү кино комик сонирхогчдоос хүн аалзын урьд хожид огт харж байгаагүй "хайрлам" талуудыг харуулсан бүтээл гэх өндөр үнэлгээ авсан юм билээ. Мөн хүн аалзын хамгийн дутуу үнэлэгддэг, классик дайснуудын нэг болох Vulture-ийн дүрийг маш сонирхолтойгоор шигтгэн оруулсан нь үнэхээр сайн найруулга болсон юм. Эцэст нь, хэн нэгэн хүн аалзын энэ хувилбарыг шүүмжлэх юм бол саяхан хит болоод буй “Ok, boomer” гэх үгийг ашиглахыг зөвлөх байна.

11. avengers: age of ultron

IMDb (7.3/10), Rotten Tomatoes (75%)
Үзэх: Avengers: Age of Ultron - Trailer

Марвелийн ертөнцийн гурав дахь үеийн кинонуудыг үзэх хүртэл энэ анги таны сэтгэлийг тийм ч хөдөлгөхөөргүй санагдаж болох юм. Заримдаа аливаа зүйлийн үнэ цэн тухайн үедээ биш түүний дараа жинхэнэ мэдрэгдэх нь бий. Яг л вино шиг цаг хугацаа өнгөрөх тусам илүү чанаржин, үнэ цэнэ нь нэмэгддэгтэй адил хэмээн онцольё.

Анги ахих тусам "Age of Ultron" дээр гарсан шинэ дүрүүд өөрсдийн байр суурийг кинонд улам гүн шигтгэн, үзэгчдийг гайхашруулсаар байх болно. Ирээдүйн олон асуултын хариу энэ ангид нуугдаж буй. Өмнөх болон хойших ангиудад Авэнжэрсүүд хэзээд Хайдра, цэргийн арми, харь гаригийнхан болон бодит амьд биеттэй тулалддаг бол энэ анги дээр өөрсдийн гараар бүтээсэн систем, түүнээс төрсөн роботтой хүчтэй тулаан өрнүүлдэг. Үзэж дууссаны дараа ирээдүйд биднийг гарцаагүй хүлээж буй технологи, хиймэл оюуны хэт хөгжил эргэлзээ төрүүлсэн бол “Санаа зоволтгүй дээ, та ганцаараа биш” гэж хэлмээр байна.

10. guardians of the galaxy vol.2

IMDb (7.6/10), Rotten Tomatoes (84%)
Үзэх: Guardians of the Galaxy Vol.2 Trailer

2014 онд эхний анги нь дэлгэцнээ гарсан "Галактикийн хамгаалагчид"-ын адал явдал цааш өрнөж Peter Quill-ын жинхэнэ эцэг эхийн талаарх нууцыг тайлах шинэ адал явдалдаа гарснаар энэхүү кино эхэлдэг. Энэхүү аялал тэдний шинэ гэр бүлийн итгэлцлийг шалгах бөгөөд тэд хамтдаа үлдэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Тэрбээр өөрийн эрх чөлөөгөө эргүүлэн авахын тулд Галактикийн хамгаалагчидтай дурамжхан ч гэсэн нэгддэг. Найруулагч, зохиолч Жэймс Ганнын бүтээл “Guardins of the Galaxy Vol.2” кино нь өмнөх ангитай харьцуулахад гойд гэхээр зүйл байхгүй ч Peter Quill-ийн ялалт үнэхээр онцгой болгож чаддаг.

9. spiderman: far from home

IMDb (7.6/10), Rotten Tomatoes (90%)
Үзэх: Spider-Man: Far From Home - Official Trailer

Энэхүү ангийн үйл явдал хаана өрнөх нь Spider-man: Far From Home гэх нэрнээс л ойлгомжтой биз ээ. Америкийн ахлах сургуулийн сурагчдын Европт хийх аяллын үеэр Питер олон том асуудалтай тулгарснаар киноны үйл явдал өрнөдөг. Тони Старкийг алдсан гэх гашуун үнэн бас өсвөр насны дурлалын нандин утастай сүлэлдсээр үзэгчдийн сэтгэлийг тун их хөдөлгөх болно.

Хэн нэгнийг алдсан хүн бусдаас “түүнийг” хайдаг. Питер бас бусдаас хайсаар Mysterio-гоос түүнийг "олж" Старкийн гайхамшигт зэвсгийг үлдээх буруу сонголт хийдэг. Тэр бол бидний цувралууд, анимейшн дээр өөр өөрөөр харж байсан хүн аалзын нууцлаг дайсан юм. Эндээс л киноны хамаг өрнөл эхэлнэ. Ямартай ч түүний гарал үүслийг энэхүү киногоор тайлбарласан нь сайн хэрэг. Хүн аалз Тони Старкгүйгээр ч аливаа саад бэрхшээлийг өөрийн биеэр туулан гарч байгаа нь түүнийг хэрхэн ухаажиж “том хүн” болж байгааг харуулна. Үүнээс энэ ангийн дүр хөгжүүлэлт ямар сайн болсныг ажиглах боломжтой.

8. captain america: winter soldier

IMDb (7.7/10), Rotten Tomatoes (90%)
Үзэх: Captain America: Winter Soldier - Trailer

Уг кино Шиэлд болон Хайдрагийн зөрчил, нөхцөл байдлыг Ахмад Америк ба Өвлийн цэрэг буюу Баккигийн харилцаа, сэтгэл хөдөлгөм нөхөрлөлийн түүхээр маш ойлгомжтой гаргаж өгсөн гэж хэлж болно.

Ахмад Америкийн хувь хүн, сэтгэл хөдлөлийг ч тун сайн гаргаж өгсөн. Марвелийн үнэнч фенүүдийн хувьд хэзээд дээгүүрт залардаг уг кино нь ирээдүйд Ахмад Америкийн үйл хэргийг үргэлжлүүлэх магадлалтай дүрүүд болох Фалкон, Баккиг шинээр, нэг дор танилцуулдгаараа онцлог юм. Энэ хүрээнд Phase 3 дуусч, Марвелийн өөр нэгэн цаг үе эхлэхэд Фалконы дүр илүү нөлөөтэй болох өндөр магадлал, хүлээлттэй байгаа юм. Энэ анги нь үзэж дууссаны дараа, дараагийн анги болох "Civil war"-ыг үзэх сонголт руу таныг гарцаагүй аваачина гэдэгт итгэлтэй байна.

7. black panther

IMDb (7.3/10), Rotten Tomatoes (97%)
Үзэх: Black Panther - Official Trailer

"Black Panther" кино бол кино театруудад нээлтээ хийхээс өмнө аль хэдийн соёлын ул мөр, довтолгоо, нөлөө үүсгэснээс гадна Марведийн хамгийн залуу, өнгөт арьстан кино найруулагчаар ахлуулсан (29 настайдаа), Холливүүдийн хамгийн их өнгөт арьстан жүжигчдийн бүрэлдэхүүнтэй, Оскарын гурван шагнал хүртсэн, арьс өнгө хамааралгүй бүх л насны үзэгчдийг байлдан дагуулж чадсан зэрэг олон онцлог шингээсэн бүтээл юм. Киног үзсэний дараа Дорнын соёл, тэр дундаа нүүдэлчдийн зан заншил, соёлын онцлогыг орчин үеийн дүрслэл, өнцгөөс харуулсан, хүүхэд гэлтгүй том хүмүүсийн шүтдэг супер баатрын тухай кино хийвэл тун догь юм гэсэн бодол хамгийн түрүүнд төрж билээ.

Кино урлагч сонирхогчдод ийм цагаан атаархал төрүүлснээр "Black Panther" кино өөрсдийн зорилгодоо хүрсэн гэж хэлж болох юм. Учир нь, тус кино зөвхөн өнгөт арьстан супер баатар эсвэл хаан ширээний төлөөх тулааны тухай биш, түүнээс хамаагүй өргөн цар хүрээ бүхий гүнзгий утга учир, түүхийг өнөө цагтай гаргууд холбосон бүтээл байв.
Яг л гантай газар аадар бороо асгарч байгаа мэт, арьс өнгөний асуудал дэлхий дахинд халуун сэдэв хэвээр байгаа энэ үед үндэстний үнэт зүйл, өв уламжлал түүхээрээ бахархах сэдлийг урлагаар дамжуулан өдөөж, хурцалж чадсан, афрофутурисм урсгалыг төлөөлөх гайхалтай бүтээл болж чадсан. Энэ бол зүгээр нэг кино биш, өөрчлөлтийн билэг тэмдэг, итгэлийн гал, нийгмийн дуу хоолойн үүрэг гүйцэтгэж байгааг хараад бидэнд ч ийм “баатар”, хэн бүхний хүлээн зөвшөөрсөн нийтлэг итгэл үнэмшил хэрэгтэй мэт санагдсан.

6. captain america: civil war

IMDb (7.8/10), Rotten Tomatoes (91%)
Үзэх: Captain America: Civil War Official Trailer

Супер баатрууд хоорондоо тулахыг үзэж суух үргэлж “амттай” байдаг. Гэхдээ бөөнөөрөө нийлж баг бүрдүүлэн, хоорондоо “алалцах”-ыг гэрчилнэ гэдэг илүү сонирхолтой биш гэж үү? Civil War чухам ийм учир өрнөл, тулаан бүр нь үзэгчдийн хувьд “айдас хүйдэстэй”, “сэтгэл хөдөлгөсөн” байсан биз. Дуртай баатар маань аль талд орох бол гэдгээс эхлээд арай ч үхчихгүй байгаа, буруудчихгүй байлгүй дээ гэсээр нэг л мэдэхэд кино дуусчихсан байсан санагдана.

Үзэл бодол, үнэт зүйлийн төлөөх тулаан зөвхөн дүрслэлээс гадна агуулгаараа бусад ангиудаас ялгардаг. Хамгийн хүнд нөхцөлд ямар сонголт хийхээс хамааран хүн төрөлхтний хувь заяа шалтгаалж буй бол үүнд нухацтай хандахаас өөр арга үгүй. Баатруудын өмнө чухам ийм л сонголт тулгарсан. Тэд ч сонголтоо хийсэн. Өө тийм, Хүн Аалз албан ёсоор Марвелын ертөнцөд орж ирснийг зарлан тунхагласан кино гэдгийг онцолъё. Ингэснээр Питер Паркерын сая сая шүтэн бишрэгчид түүхийн нэгэн хэсэг болж, жинхэнэ фендом бүрдсэн мэт санагдана.

5. guardians of the galaxy (2014)

IMDb (8/10), Rotten Tomatoes (91%)
Үзэх: Guardians of the Galaxy - Trailer

Хэний ч дуулаагүй, бүр комикийн фэнүүд ч сонсоогүй гэнэтийн дүрүүдээр маш амжилттай олны хүртээл болсон кино бол Галактикийн хамгаалагчид билээ. Өмнөх кинонуудад анхнаасаа баатар байхаар заяагдсан, сайхан сэтгэлтэй, хүчирхэг баатрууд түлхүү гарсан бол энэхүү кино дүрүүд эсрэгээрээ байсан гэж хэлж болно. Дүр бүр ганцаар, хувийн тоглолт хийдэг, зөвхөн өөрт ашигтай талд ажилладаг, "муу" баатрууд бөгөөд яваандаа галактикийг аврах зорилгоор нэгдэж, нэгэн гэр бүл болоод бужигнуулж өгнө дөө. "One Piece"-тэй төстэй ч гэх үү. Үйл явдал сансарт өрнөдөг нь дэлхийгээс өөр шинэ ертөнц байгааг харуулдаг.

Ер нь MCU-ийн өмнө хийж байсан кинонуудаас өнгө аяс, визуал, эффект, хошигнол гээд олон талаар маш шинэлэг болсон санагддаг. Инээдтэй, сэтгэл хөдөлгөсөн, огшоосон гээд үзэгчдийн сэтгэл хөдлөлийн тунг сайхан тааруулсан гэж хэлж болно. Өөрийгөө Оддын Эзэн гэж өргөмжилдөг бага гарын хулгайч Питер, орб (дотор нь хязгааргүйн чулуу бий) гэх зүйлийг хулгайлснаас үүдэн галактикийн шоронд Таносын охин алуурчин Гамора, өшөө авагч Дракс, Грүүт гэдэг амьд мод, элбэнх Рокет нартай хоригдон, тэндээс хамт оргосноор нэг баг болох эхлэл тавигддаг. Сонирхуулахад Грүүтийн дүрд Вин Дизель дуу оруулсан ба бүхэл киноны турш гуравхан үг давтаж хэлдэг нь: “Би бол Грүүт”. Харин кинон дээрээ энэ гурван үг нь хэзээ яаж, хэлж байгаагаас хамааран үргэлж өөр утгатай байдгийг элбэнх Рокет л ойлгодог.

Киноны сүүл хэсэгт манай баатрууд маш эрэлхэгээр өөрийн амиа золиослоход бэлэн байж, бусдыгаа хамгаалдаг хэсэг олон үзэгчдийн сэтгэлийг уяраасан биз ээ. Зүйрлэвэл, тогонд цохиулж байгаа хүнд гар хүрч гүйдлийг нь өөрийн биеэр гүйлгэж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Хуучны сайхан дуу хөгжим цөөнгүй багтсаныг хэлэх үү, кино бүхэлдээ нүд, сэтгэл, чих баясгасан сайхан бүтээл болсон.

4. marvel's the avengers

IMDb (8/10), Rotten Tomatoes (92%)
Үзэх: Marvel's The Avengers - Trailer

Кино урлагт өмнө нь олон баатрын дүр нэгэн зэрэг багтсан кино өндөр амжилтад хүрсэн түүхгүй болохоор толгой эргэм их үйл явдлын дунд олон баатар хий дэмий нэг дор цугларсан байх вий гэсэн айдас киног нээлтээ хийхээс өмнө олон нийтийн дунд байсан. Гэвч эсрэгэрээ маш амжилттайгаар кино театруудын дэлгэцнээ амилсан билээ. Гэвч эхний хэсгүүд зарим үзэгчдэд уйтгартай байсан гэх нь бий. Түүнээс цааших хэсгүүд бол үнэхээр супер, өөлөх зүйлгүй гэдэгт маргах хүн байхгүй биз ээ.

Энэ хэсгээс цааш үйл явдлын тухай өгүүлэх тул үзээгүй хүмүүс дараагийн хэсэг рүү шилжээрэй. Киноны эхэнд хэсэгт Thor-ын өргөмөл дүү Локи тессеракт буюу хязгааргүй эрчим хүч агуулсан кубыг өөрийн болгон, үлэмж биетний армийг дэлхий рүү илгээхээр төлөвлөдөг. "The Avengers" дээр Локи дэлгэцнээ анх гарч ирсэн цагаас хойш түмэн олны “crush” болсоор ирсэн билээ.

Ингээд Локигийн дайралтаас сэргийлэн, хүн төрөлхтнийг хамгаалахын тулд S.H.I.E.L.D-ээс супер баатруудыг нэгтгэн нэгэн баг болгохыг оролдох боловч баатрууд өөр хоорондоо тулалдан, тийм ч амар нэг баг болж чаддаггүй. Локигийн төлөвлөгөө хэрэгжиж дэлхий дээр агуу дайн дэгдэхэд манай баатрууд S.H.I.E.L.D-ийн зорилгыг (Сансар огторгуйгаас ирэх муу хүчнүүдээс супер хүмүүсийг ашиглан дэлхийг хамгаалах) ухамсарлан, Ахмад Америкийн удирдлагад нэгдсэнээр дэлхийгээ аварч чаддаг.

Энэхүү кино нь өчигдөрхөн шахуу дэлхийн II дайнд оролцож яваад гүн нойрноосоо дөнгөж сэрсэн Ахмад Америк орчин цагийн байр байдлыг ойлгож ядан байхад, манай дэлхийнх бус огт өөр гарагийн Thor дэлхийн техник технологийг хүмүүс шиг сайн мэдэхгүй байхад, Др Брюс анагаах ухааны салбарт зүтгэн хоёр жилийн турш Hulk болон хувираагүй байхад, Тони Старк зохион бүтээх ажилдаа төвлөрөн байх үед тэднийг яаж холбож байгаа нь маш сонирхолтой бас хөгжилтэй. Хоёр цаг илүү үргэлжлэх хэдий ч үзэгчдийг суудлаасаа өндийлгүй, нүдээ цавчилгүй, нэг л амьсгаагаар үзүүлж чадах кино юм даг.

3. thor: ragnarok

IMDb (7.9/10), Rotten Tomatoes (93%)
Үзэх: "Thor: Ragnarok" Official Trailer

Энэхүү кино 2008 оны Iron Man-ийн амжилтаас хойших MCU-ийн хамгийн том "гэнэтийн бэлэг" байсан болов уу. Бидний мэдэх Thor-ыг 360 градус эргүүлэн, огт өөр урсгалын шинэ баатар бий болгосон мэт санагдаж байлаа. Анх үзсэнээс хойш бараг 10 дахь удаагаа давтаж үзсэн надад энэ кино уйтгартай санагдаж байсан удаагүй. Эхний хоёр анги нь бага зэрэг сул байснаас тэр үү, хүмүүс тэр болгон дурсдаггүй нь жаахан харамсалтай санагддаг.

Бараг 10 секунд ч хүрэхгүй хугацаанд гарах мөртлөө сэтгэлд дотно санагдах дүрүүд, аятайгаа төгс хорших тулааны хэсгүүд, уулга алдам үйл явдлын өрнөл гээд киноны гайхалтай хэсгүүдийг тоочоод барамгүй. Нэмж хэлэхэд, Thor-ийн ахин нэг "гэнэтийн бэлэг" задарсан нь дөрөв дэх анги нь удахгүй гарахаар болж Marvel-ийн түүхэн дэх анхны дөрвөн соло кинотой баатар болж буй билээ.

2. avengers: infinity war

IMDb (8.5/10), Rotten Tomatoes (85%)
Үзэх: Avengers: Infinity War Official Trailer

Endgame үү, Infinity War уу? Супер баатруудын мөрөөдлийн цуглаан болсон Avengers-ийн аль анги нь илүү болох тухай маргаан кино сонирхогчдын дунд мөнхөд үргэлжлэх нь тодорхой биз ээ. Гэхдээ Infinity War-ийн үйл явдал, өрнөл нь зөвхөн хожмын гол тулааны суурийг тавихаас гадна өмнөх түүхүүдийг нэгтгэж, нэгэн хэмнэлд оруулснаараа ач холбогдлын хувьд арай илүү ч байж мэдэх юм. Зохиол, өрнөлийн хувьд хамгийн шилдэгт тооцогдох супер баатрын кино ч гэж хэлж болно.

Супер баатруудын киног хүмүүс нэгэн хэвийн, ойлгомжтой төгсгөлтэй, дандаа л ялагч нь тодорхой байдаг түүхтэй гэж үзэх нь бий. Гэвч энэ ангийн төгсгөл хүн бүрийг алмайруулан, заримыг нь уйлуулж, бүр хайлуулсан. Хэний ч санаанд ороогүй Таносын үйлдэлд зарим нь бүр цочирдож, дуу алдсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Анх үзчихээд төгсгөлд нь хэдэн минут чимээгүй сууж, юу болоод өнгөрчихөв өө гээд бясалгаж суухад хүргэсэн санагдана. Итгэж ядсан хэрэг л дээ. Ингэж чадах кино их л ховор байдаг байх даа.

1. avengers: endgame

IMDb (8.5/10), Rotten Tomatoes (94%)
Үзэх: Avengers: Endgame Official Trailer

Арван нэгэн жилийн турш 23 киногоор дамжин үзэгчдэд хүрч, супер баатруудын түүхийн нэгээхэн ботийг өндөрлөсөн "Avengers: Endgame" кино нь энэхүү жагсаалтад хамгийн түрүүнд багтах нь зүй ёсны хэрэг биз ээ. Тус киноны эхний долоо хоногт олсон ашиг, орлогоос л дэлхий дахины олон сая үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээлгэсэн кино гэхэд хилсдэхгүй болов уу.

Киноны үйл явдал гурван цагийн турш үргэлжлэх тул урт кинонд тооцож, аль хэсэгт нь гарвал хамгийн тохиромжтойг хүртэл уншсан ч төгсгөлийн хар дэлгэц гарах хүртэл кино театрын сандалнаас босмооргүй санагдаж билээ. Ингээд дуусчихаж байгаад нь итгэхгүй, дуусаж байгааг нь мэдсэн ч тэрийг хүлээн зөвшөөрмөөргүй нэг тийм хоосон мэдрэмж төрснийг нуух юун. Гэхдээ нэг талаар "баяртай" хэмээн үдсэн кино маань нөгөө талаар ирээдүйн олон адал явдалт киноны хаалгыг эхлүүлсэн мэт санагдаж байна.