Толгойд орж ирсэн санаагаа бодит болгож, түүгээрээ дамжуулан өөртөө болон нийгэмдээ хөрөнгө оруулан, үнэ цэнийг бий болгох хүсэл ихэнх хүний дотор бий. Үүнийг гүйцэлдүүлэх боломжийг компани олгодог. Хэдий компани байгуулах нь догь зүйл мэт боловч компанийг хууль ёсны дагуу авч явах, удирдах нь хариуцлага гэдгийг санууштай. Харин энэ хариуцлагыг үүрч, амжилттай үйл ажиллагаа эрхлэх нь бүтээгдэхүүн үйлчилгээ, татвар, ажлын байр зэрэг зүйлсээр дамжуулан нийгэмд баялаг бүтээдэг бахархалтай ажил юм. Өнөөдөр эхлүүлж буй “Амжилттай компани байгуулах нь” цувралаараа бид компанийг бүртгүүлэхээс эхлээд амжилттай авч явах арга стратегиудыг хүртэл олон хэрэгцээтэй, сонирхолтой мэдээллийг хүргэх болно. Цувралын эхлэл болгон компаниа хэрхэн бүртгүүлж, албан ёсных болгох талаар танилцуулъя.

1. СУДАЛГАА ХИЙХ

Өнөөдөр бол 21 дүгээр зуун. Хэрэгтэй бүх мэдээлэл интернетэд бий. Гагцхүү хэрэгтэйгээ олж, эх сурвалжтай зөв мэдээллийг унших хэрэгтэй. Би компани байгуулах хэрэгтэй юу, авч явж чадах уу? Энэ төрлийн компани өөр байдаг уу? Зорилгодоо хүрэх нөөцүүдийг бий болгож дөнгөх үү? гээд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-ыг зорихоос өмнө бодох, судлах асуудал их бий.

Хуулийн этгээд болохоор шийдсэн бол ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаа сонгох болно. ХХК, ХК, ТББ, Хоршоо, Нөхөрлөл гээд хуулийн этгээдийн хэлбэрээс шалтгаалж шалгуур үзүүлэлтүүд харилцан адилгүй байдаг. Тэгэхээр зорилго, алсын хараа, үйл ажиллагааны онцлог, үүсгэн байгуулагчдын тоо зэргийг харгалзаж үзээд хэлбэрээ сонгоорой. ХХК-ийг бол нэг хүн байгуулж болно.

2. Нэрийн олон хувилбартай байх

Компанийн нэрийг бодож олно гэдэг чухал. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг шиг компанийн эзэн бизнесийн ертөнцөд уг нэрээр л овоглоно. 2019 оны 3 дугаар улирлын байдлаар гэхэд Монголын Бизнес регистрийн санд 184,245 аж ахуй нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа тул нэр сонгох нь хөөрхөн ажил болох магадлалтай. Энэ бүх байгууллагын нэр давтагдахгүй байх дүрэмтэй гэхээр таны бодсон олон нэрийг өмнө нь авчихсан байж мэднэ. Тиймээс компанийн нэрээ сонгохдоо нэлээд хэдэн хувилбартай байх нь, түүний дотор дахин давтагдашгүй зохиомол нэрийн санаатай байх нь цаг хэмнэнэ.


Та УБЕГ-ын http://les.burtgel.gov.mn/ сайтаар компанийн боломжит нэрийг шалган, авах хүсэлтээ цахимаар өгөх боломжтой. Харин нэрийн саналаа явуулахаас өмнө нэр сонгохдоо анхаарах зүйлс болон сайтын заавартай танилцаарай. Гэхдээ уг сайт заримдаа хариу ирүүлэхдээ уддаг тул яаралтай нэрээ авч, баталгаажуулах шаардлагатай бол УБЕГ-т биеэр очиж бүртгүүлээрэй.

3. Түр данс нээлгүүлэх

УБЕГ-т нэрээ амжилттай бүртгүүлэн, баталгаажуулсны дараа компанийн түр дансыг аль ч банкин дээр нээлгүүлэх боломжтой. Компани дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай байх эсэхээс, валютын данс, төгрөгийн данс байх зэргээс хамаарч дансны доод үлдэгдлийн хэмжээ өөр байдаг. (Хүмүүс ихэвчлэн 20 мянган төгрөгийн үлдэгдэлтэй төгрөгийн данс нээлгүүлдэг.) Хүндрэлтэй зүйл гэвэл УБЕГ-ын ойролцоо зөвхөн Голомт банк л байдаг. Хэрвээ өөр банкин дээр данс нээх шаардлагатай бол тухайн банкны хамгийн ойрын салбарыг мэдээд очоорой. Түр данс нээлгүүлсний дараа банк танд шар хуудас бүхий гэрээ өгнө. Үүнийг ашиглан та дараагийн алхмуудаа хийх юм.

4. БИЧИГ БАРИМТЫН БҮРДҮҮЛЭЛТ

Нэрээ баталгаажуулж, түр дансаа авсны дараа бүртгэлийн ажилтанд компанийн бичиг баримтаа бүрдүүлэн өгч бүртгүүлнэ. Хуулийн этгээдийн хэлбэрээс хамаарч бүрдүүлэх баримтын жагсаалт өөр өөр. Уг жагсаалттай анхааралтай танилцаарай.

УБЕГ-т та иргэний үнэмлэх, шаардагдах мөнгө, түрээсийн гэрээтэйгээ (ажлын байртай бол) очиход хангалттай. Шаардлагатай бичиг баримтын загвар маягтууд тэнд бэлэн байгаа. Бөглөхдөө холбогдох мэргэжилтнүүд, компани байгуулсан туршлагатай хүмүүсээс асууж лавлаарай хэмээн зөвлөе.

Компанийн хаяг гэж хараахан байхгүй бол гэрийн хаягаа бичихэд болно. Иймд иргэний үнэмлэх дээрх хаяг тань өөрчлөгдсөн бол заавал шилжсэн хуудастайгаа очих хэрэгтэй. Үгүй бол ТҮЦ машины лавлагаа хэрэгтэй. (Энэ тохиолдолд мэдээлэл таны шилжсэн хуудасны баганан код, эсхүл хурууны хээгээр баталгааждаг учир “Хорооны тодорхойлолт” хэрэггүй.) Түрээсийн гэрээтэй бол үүсгэн байгуулагчийн нэр дээр байгуулсан гэрээ байх ёстой байдаг.

5. тАМГАА ЗАХИАЛАХ

Компанийн бичиг баримтаа өгч бүртгүүлсэн бол тамгаа захиалах ажил үлдэнэ. Бүртгэлийн ажилтан танд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг авах өдрийг тэмдэглэсэн “Өргөдөл хүлээн авах хуудас” өгөх бөгөөд тухайн хуудсыг ашиглан тамгын үйлдвэрүүдэд загвар дизайнаа сонгоод тамгаа захиална. УБЕГ-ын гадаа ойрхон тамгын үйлдвэр бий.

6. цАГАА САЙН ТӨЛӨВЛӨХ

УБЕГ үргэлж л оочер дараалалтай ихтэй байдаг. Та компаниа улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг нэг өдөрт багтааж амжуулъя гэвэл эрт очиж нэрээ баталгаажуулаад, гарч түр дансаа нээлгүүлэн, эргэж ирээд компаниа бүртгүүлэх, тамгаа захиалах ажлуудыг амжуулах хэрэгтэй. Цайны цагийг тооцох хэрэгтэйг мөн сануулъя.

Ингээд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга хоёроо амжилттай захиалж дууссан бол УБЕГ-ын үүдэнд байх шуудангийн үйлчилгээг танд санал болгоё. Гэрчилгээ, тамга хоёрыг бэлэн болмогц 6000 төгрөгөөр (нэг нь 3000 төгрөг) хот дотор хүргэж өгдөг үйлчилгээ. Цаг завгүй хүмүүст тун зүгээр шүү.

7. аНХААРАХ ЗҮЙЛС

  • Компанийн нэрийг авч, баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор компаниа бүртгүүлэх ёстой.
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас 14 хоногийн дотор харьяа дүүргийнхээ Татварын газарт татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой. (Татварын газарт бүртгүүлэх тухай бид дараагийн нийтлэлдээ оруулах болно.)
  • Дотоодын хөрөнгө оруулалттай, нэг данстай энгийн компани, ААН-ийг хамгийн бага зардлаар бүртгүүлэхэд 90-120 мянган төгрөг шаардлагатай. Үйлчилгээний хураамж (500 төгрөг) + Тэмдэгтийн хураамж (44,000 төгрөг) + Түр данс нээлгэх (20,000 төгрөг - 1 данс) + Тамга захиалах (загвараас хамаарч 50-150 мянган төгрөг) + Тээвэр + Хэвлэл, үйлчилгээ

8. НЭМЭЛТ МЭДЭЭЛЛҮҮД

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг та УБЕГ-ын энэ сайтаас авах боломжтой. Хуулийн этгээдийн бүртгэл, мэдээлэлтэй холбоотой түгээмэл асуултуудын хариултыг мөн судалж үзэхийг зөвлөе. УБЕГ-т очихоосоо өмнө бүрдүүлэх бичиг баримтын загваруудтай танилцаж, компанийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой хэсгүүдийг хэрхэн бөглөхөө урьдчилан судлаарай.


Мөн 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн УБЕГ үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу ebarimt аппликейшнийг ашиглан гар утаснаасаа төлөх боломжтой болгосон юм. Иймд та ebarimt аппликейшнийг татаж бүртгүүлэн, ухаалаг утсаа бэлдээд очиход үйлчилгээний хураамж төлөх гэж банкинд дугаарлах шаардлагагүй болж байна.

мЭДҮҮШТЭЙ

Урт дараалалд дугаарлаж зогсон, үнэтэй цагаа үр бүтээлгүй өнгөрүүлэхийг хүсэх хэн байх билээ. Бодит туршлагууд дээр үндэслэн зөвлөхөд даваа болон мягмар гарагуудад хуулийн этгээдээр бүртгүүлэх дараалал харьцангуй бага байдаг гэдгийг онцолъё. Даваа гараг бол 100 айлын барилгын зах амардаг өдөр. Харин мягмар гараг бол шинэ ажил эхлүүлж, компаниа бүртгүүлэхэд сүсэг бишрэлийн талаас авч үзэхэд “тохиромжгүй өдөр” юм. Үүнийг тоохгүй хүмүүст бол цаг хэмнэх аятайхан боломж.

9. УНШИЖ ТАНИЛЦВАЛ ЗОХИХ ХУУЛИУД

Нэгэнт л та компани байгуулж, хуулийн этгээдийн харилцаанд орж буй тул наанадаж “Компанийн тухай хууль”-ийг унших нь зүйтэй. Эндээс та ямар эрх, үүрэгтэй, юу юунд анхаарч явахаа ойлгох болно. Мөн боломжтой бол бусад холбогдох хуулиудтай танилцаарай:

1. Иргэний хууль (Дөрөвдүгээр бүлэг)
2. Компанийн тухай хууль
3. Хоршооны тухай хууль
4. Улсын бүртгэлийн ерөнхий хууль (7 дугаар зүйл)
5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
6. Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам
7. Нөхөрлөл, компани, хоршоо, төрийн (орон нутгийн) өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам
8. Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам
9. Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгаааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам
10. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль