Ази Номхон Далайн бүсийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын гол наадам Spikes Asia-ийн хүрээнд 30 хүртэлх насны шилдэг залуу маркетеруудыг тодруулах Young Spikes Competition тэмцээнд зохион байгуулагддаг билээ. Саяхан болж өнгөрсөн тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон залуу маркетерууд дэлхийн нэр хүндтэй маркетингийн агентлагуудын багийг ардаа орхин түрүүлсэн юм. Өнөөдөр бид уг тэмцээний тухай болоод залуучууд маань ямар даалгаврыг хэрхэн гүйцэтгэж, тэргүүн байр эзэлсэн талаар дэлгэрэнгүй хүргэе.

ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

Spikes Asia наадам нь Ази Номхон Далайн бүсийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх наадам юм. Энэхүү наадамд дэлхийн шилдэг маркетингийн агентлагууд, шилдэг брэндүүд, компаниудын маркетингийн албаны дарга нар, медиа компаниуд, стартапууд зэрэг бүтээлч үйлдвэрлэлийн (creative marketing) салбарынхан хуран чуулж, туршлага солилцдог бөгөөд салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн сургалт семинарт хамрагдаж, тухайн оны шилдэг маркетингийн ажлуудыг шалгаруулдаг.

Энэхүү наадмын нэг хэсэг болох, 30 хүртэлх насны залуу маркетеруудын дунд зохион байгуулагддаг Young Spikes Competition тэмцээн нь Integrated, Media, Digital, PR, Design гэсэн 5 төрлөөр явагддаг бөгөөд дэлхийн шилдэг маркетингийн агентлагууд Ази дахь салбар байгууллагуудын залуу маркетеруудаа, мөн оролцохыг хүссэн улс орнууд дотоодын тэмцээнээсээ шалгарсан шилдэг багаа өрсөлдүүлэхээр илгээдэг. Энэ жил Монгол улсаас энэхүү тэмцээний Integrated төрөлд анх удаа багаа илгээхээр Монголын Маркетингийн Холбоо өнгөрөгч тавдугаар сард албан ёсны эрхтэйгээр уг тэмцээнийг зохион байгуулсан юм. Улмаар дотоодын тэмцээнд тэргүүлэн, Young Spikes Competition-д Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцсон Viral Agency компанийн Х.Цэнд, Б.Есөнзаяа нар өнгөрөгч есдүгээр сарын 25-27-ны өдөр зохиогдсон энэхүү нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн юм. Өнөөдөр бид уг тэмцээнд ямар даалгавар ирсэн, эхний байрыг эзэлсэн багууд ямар санаа гаргасан талаар хүргэе.

Integrated Competition төрөлд багууд 48 цагийн турш өгөгдсөн даалгаврын дагуу маркетингийн кампанит ажлын цогц төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг. Үүндээ креатив санаа, стратеги төлөвлөлт, медиа сувгийн төлөвлөлт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө зэргийг тусгаж өгдөг. Энэ жил уг тэмцээнд Австрали, Бангладеш, Хятад, Хонг Конг, Энэтхэг, Сингапур, Малайз, Шри Ланка, Тайвань, Вьетнам, Япон, Индонези, Монгол гэсэн 13 орны нийт 19 баг оролцжээ.

Даалгавар: нийгмийн кампанит ажил

НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрөөс (UNDP) хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлаар нийгмийн кампанит ажил хийх даалгавар өгөгджээ. Хүн амын хурдацтай өсөлт, тэдний хүнсний хэрэгцээг хангах асуудал өнөөдөр дэлхий даяар хурцаар тавигдаж хөндөгдөж байна. Хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хангах зорилгоор UNDP-ээс Cultiv@te Colab нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд технологи, инновац, дижитал салбарт ажилладаг залуустай хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн салбарт инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Харамсалтай нь эдгээр салбарын залууст хөдөө аж ахуйн талаарх ойлголт тун тааруу байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдах залуусыг хайж олох асуудал үүсжээ. Тиймээс Young Spikes-ийн оролцогчид тэрхүү хөтөлбөрийг бүтээлч байдлаар танилцуулж, зорилтот залуусыг хөтөлбөрт хамруулах маркетингийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэх болжээ.

1-р байр: Mongolia – Viral Agency

Insight: Хэрэглэгчдийн 86 хувь нь ямар нэгэн байдлаар хүрээлэн буй орчны асуудалд санаа зовнидог гэсэн судалгаа байдаг. Хүн бүхэн их бага хэмжээгээр санаа зовдог, туслахыг хүсдэг ч яаж гэдгээ мэдэхгүй байна.

Стратеги: Кампанит ажлын зорилтот хүмүүс буюу технологи, инновацын салбарын залуусыг хөтөлбөрт хамруулахын тулд энэхүү кампанит ажил:

  • Оролцоход хялбар
  • Хөтөлбөрт оролцсоноор өөрсдөөрөө бахархах сэтгэгдэл төрүүлэхүйц
  • Хөдөө аж ахуйн салбарт инновацлаг шийдлүүдийг бий болгож чадна гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Санаа: Бид супер баатруудын талаар кино, үлгэр домгоос л үзэж хардаг. Хэрвээ үнэхээр тэр супер баатрууд байдаг бол дэлхий ертөнц илүү амар амгалан, тайван, аюулгүй байх байсан. Тэгвэл бидний дунд амьдарч буй зарим энгийн хүмүүс тэдэнд супер хүч байгаа гэдгийг мэдэхгүй байсаар байна. Тэд бол технологи болон инновацын салбарын залуус юм.
“A Letter to The Colabs” кампанит ажлаар бид тэдгээр залуусыг “The Colabs” гэж нэрлэн “Та бол жинхэнэ супер баатар” гэсэн мессежийг хүргэнэ.

Хэрэгжүүлэлт: Дэлхийд хөдөө аж ахуйн салбар ихээр хөгжсөн орнууд болох Ази, Латин Америк, Африк зэрэг орнуудаас энгийн нэгэн малчин хүү, тариаланч эмэгтэй, настай загасчин гэх мэт хүмүүс супер баатруудад гэсэн захиа илгээх бөгөөд уг захидалд тэд ямар хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байгаа, хөдөө аж ахуйн салбарт ямар асуудал үүсээд байгааг өөрсдийн нэг өдрийн амьдралыг тайлбарласан энгийн үгсээр илэрхийлнэ. “Бидэнд та бүхнийг тусалж чадна гэж сонссон тул та бол бидний супер баатар шүү” гэсэн утгыг илэрхийлж салбарын залуусаас тусламж хүснэ.

Кампанит ажлын сувгууд: Захидлыг зорилтот хүмүүст хүргэхийн тулд дараах сувгуудыг ашиглана:

Уламжлалт суваг:

  • Гараар бичсэн захидлыг боломжит технологийн компаниуд болон стартап компаниуд руу хөтөлбөрт хамрагдах анкетын хамт шуудангаар илгээнэ.
  • Кофе шопын брэндүүдтэй хамтран кофены цаасан аяган дээр захидлыг хэвлэнэ.
  • Автобусны буудлууд болон гадаах сурталчилгааны самбарууд дээр захидлын фото болон видео хувилбарыг хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх QR кодын хамт байршуулна.

Дижитал суваг:

  • Захидлын видео болон фото хувилбар Facebook, Instagram, Twitter, WeChat, LinkedIn сувгуудаар цацагдана.
  • Cultiv@tion Colab хөтөлбөрийн албан ёсны сайт дээр хөтөлбөрийн бүртгэл хэсгийг үүсгэж, сошиал медиа орчин дахь бүх идэвхжүүлэлттэй холбоно.
  • Супер баатруудтай киноны дүрүүд болох дэлхийн ододтай хамтран уриалга өрнүүлнэ. Тэдний, зорилтот салбарын залууст хандан “Залуу минь, чи бол энгийн нэгэн IT залуу биш, жинхэнэ супер баатар шүү” гэсэн мессеж бүхий видео контентууд сошиал орчинд цацагдана.

2-Р БАЙР: CHINA – DDB  

DDB China нь Хятадын тэргүүлэх маркетингийн агентлагуудын нэг юм. Тухайлбал, The Global Effie Effectiveness индексээр Хятадын компаниудыг магнайлдаг аж.

3-Р БАЙР: Dentsu & Hakuhodo

Dentsu бол нийт орлогоороо дэлхийд тавдугаарт бичигддэг алдартай маркетингийн агентлаг. Харин Hakuhodo нь integrated маркетингийн шийдлээр дэлхийн топ аравт багтдаг компани юм.