Урлаг гэдэг энэ өргөн ойлголт хэзээд “Яг ийм л юмыг хэлнэ” гэсэн нэгдсэн нэг тодорхойлолтод багтаж байсангүй. Урлагийг ойлгоё гэвээс хүртэхүйн 5 эрхтнээс гадна нэмээд 6 дахь мэдрэмжээ ажиллуулах шаардлагатай болдог. “Урлагийн түүх” номоос та эртний агуйн сүг зургаас эхлээд орчин үеийн “сонгодог” хэмээх төрөлд хамаарагддаг уран зураг, уран баримал, уран барилгын талаар тодорхой ойлголтыг авах болно. Ном тун энгийн хэлээр бичигдсэн бөгөөд энэхүү номыг уншсан хүний аливаа уран бүтээлийг харах, таашаах, дүгнэх мэдрэмж өөр түвшинд очно гэдэгт итгэж байна.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

Эрнст Гомбрих нь 1909 онд Австри улсын Вена хотод төржээ. 1936 онд Лондонгийн Аби Варбургийн институтэд, 1959 оноос Лондонгийн их сургуульд захирал ба сонгодог уламжлалын түүхийн профессороор ажиллаж байгаад 1976 онд тэтгэвэртээ гарсан байна. Түүний бүтээлээс дурдвал: “Урлаг ба хуурмаг байдал: Дүрслэлийн сэтгэл зүйн судалгааны туршлага” (1960), “Эмх цэгцийн мэдрэмж: Чимэглэлийн урлагийн сэтгэл зүйн судалгааны туршлага” (1979) болон бусад төрлийн эсээ, тойм туурвисан нь 11 боть болж уншигчдад хүрч байжээ. Тэрээр 2001 онд таалал төгсжээ.

НОМЫН ТУХАЙ

Урлагийг хайрлах мэдрэмжээ авьяас, мэдлэгтэй хослуулсан жинхэнэ мастер хэмээн үнэлэгддэг Эрнест Гомбрихын энэхүү бүтээл анх 1950 онд худалдаанд гарч, 16 удаа шинэчлэгдэн хэвлэгдэж, дэлхийн 30 орчим хэлнээ хөрвүүлэгдэн, 7 сая гаруй хувь борлогджээ.

Ном “Үнэн хэрэгтээ энэ л урлаг мөн хэмээн цоллуулдаг зүйл байдаггүй. Харин уран бүтээлчид бол бий” гэж эхэлдэг. Номыг уншиж дууссаны дараа уг номын гол зорилго нь оршил хэсэгтээ ганцхан өгүүлбэрээр часхийтэл илэрхийлэгдсэн байсныг анзаарсан юм. “Зургаа бүтээж байхдаа зураач хүний мэдэрдэг тэрхүү чөлөөт байдлыг амсаж мэдрэхгүйгээр уг бүтээлийн үнэ цэнийг зохих ёсоор ойлгож, мэдэж үл болно” хэмээх энэ өгүүлбэр “Учир нь олдохгүй бол авангард, абстракт руу чихчихдэг байхгүй юу” гэх хөгжилтэй боловч үнэний хувьтай үгийн хариулт болох мэт.

Зохиогч гол санаагаа “Урлагийн түүх” гэх нэрээр өнгөлөн далдалсан мэт санагдав. Өнгөц уншихад үнэхээр л цаг хугацааны дарааллаар урлагийн хөгжил, өөрчлөлтийг өгүүлж байгаа шиг боловч өгүүлбэр бүрийн цаана уншигчдыг аливаа уран бүтээлд өөрийн сэрэл мэдрэхүйгээр хандаж, уран бүтээлчийг нь ойлгож мэдрэхийг хичээж байгаасай гэсэн сэтгэл шингэсэн нь ойлгогдоно.

Жишээ болгон сонгож авсан уран зургуудаа мэргэжлийн талаас юу нь гайхалтай болох, юуг заавал ойлгож анзаарах хэрэгтэйг зарчим, түүх, онолоор бөмбөгдөлгүйгээр, энгийн үг хэллэг ашиглан тайлбарлаж өгчээ. Бидний мэдэх түүхийн номууд шиг баримт сэлт дурдаж, ийм л байдаг гэж тоочиж залхаадаггүй нь энэ номын онцлог юм. Зарим алдартай уран зургуудыг том хэмжээгээр нь эвхээс болгон оруулж өгсөн нь сонирхолтой хийгээд тогтон ажиглууштай. Номыг урт, зузаан гэж халгах огтхон ч шаардлагагүй. Учир нь зохиогч анхнаасаа ердийн уншигчдад удирдамж, гарын авлага байлгахаар зорьж бичсэн тул уншиж дуусгахын тулд шамдан суулгүйгээр зөвхөн хэрэгтэй гэж үзсэн хэсгүүдээ түүгээд уншаад байсан ч болно.

НОМЫН ЭШЛЭЛҮҮД

-Уран бүтээлд хүмүүс хэрхэн хэлбэрдэнгүй хандаж байгааг судлах нь ихээхэн сонирхолтой байдаг. Тэдний тавьж болох“Яагаад үүнийг ингэж хийсэн гэж?”, “Тэрийг яагаад тэнд нь өөрчилсөн юм?” гэх мэтийн асуултад зураач хариулж чадах нь ер нь юу л бол. Тэрээр ямар нэгэн заавар жорын дагуу биш, харин зөн совин, мэдрэмжээрээ ажилладаг.

-Үе нэг бүрийнхэн ямар нэг хэмжээгээр эцэг өвгөдийнхөө нөхцөл болзлуудыг эсэргүүцэж байдаг. Урлагийн бүтээл болгон зөвхөн өөрт нь агуулагдаж байгаа зүйлээр төдийгүй, мөн түүний хүрээ хязгаарын гадна үлдэж хоцорсон зүйлүүдээр ч тухайн үеийнхэндээ хандаж байдаг.

-Урлагт заавал мөрдөх ёстой дүрэм журам гэж үгүй. Учир нь тухайн зураач ямар зорилт өөртөө тавиад байгааг урьдаас тааварлах боломжгүй юм. Тэр хүн өөрөө хэрэгтэй гэж үзсэн эрс тэс, хоорондоо харшилсан өнгө, аясыг зурагтаа зориудаар оруулж болно.

-Леонардо Да Винчи эрдэмтний цол хэргэмтэй болох гэж огтхон ч боддоггүй бөгөөд ... зураач хүнд гарцаагүй хэрэгтэй байдаг харагдаж буй ертөнцийн тухай мэдлэг олж авахыг л хүсдэг байв... Зураачийн нийгмийн зэрэг зиндаанд дэндүү их санаа зовж байсныг нь одоо ойлгоход хэцүү ч тэр цагийн хувьд энэ нь дээд зэргийн чухал асуудал байсан байна.

-Урлагийн түүх бүхэлдээ арга ажиллагаа, түүний дэвшилтэт хуримтлалын түүх биш, харин байнга өөрчлөгдөн хувирч, халагдаж, солигдож байдаг үзэл санаа шалгууруудын түүх юм.

-Хэдийгээр урлагийн гоо сайхан тал, сэтгэл татах шинжийн тухай бүгд мэддэг ч аливаа бүтээл нь туурвигчийнхаа ертөнц, үзэл санааг агуулах төдийгүй, цаг үеийнхээ тусгал болдгоороо түүхийг үлдээж буй нь чухал тал юм.

-Энд дурдсан бүтээлүүд уран сайхны чанарын хувьд хамгийн дээд үзүүлэлт шалгуурт цөмөөрөө тэнцэж байгаа биш ч гэсэн тус бүрдээ өөр өөрийн сайн сайхан шинж чанартай билээ.