Агуулга + Ковер зургийн тайлбар:
- Номер нэг: The Hu Биллборд жагсаалтыг ахин тэргүүллээ.
- Хаадын тоглоом: 2019 оны Эммигээс "Game of Thrones" 12 шагнал хүртэв
- Шинэ ертөнц: Фэйсбүүк VR технологиор сошиал ертөнц бүтээхийг хүсэж байна (ковер зураг)

Онцлох: Эммигийн шилдгүүд тодорлоо

Америкийн телевизийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "Emmy Awards" Лос Анжелес хотноо явагдлаа. 71 дэх удаагийн наадмын гол дүр нь олны таамаглаж байсанчлан энэ жил эцсийн бүлгээ үзэгчдийн хүртээл болгосон "Game of Thrones" байлаа.

"Хаан Ширээний Тоглоом" энэ жил 12 төрөлд ялалт байгуулж, 2015 оны нэг жилд хамгийн олон шагнал хүртсэн дээд амжилтаа давтав. Тэд дөрөв дэх удаагаа "Оны шилдэг бүтээл"-ийн шагналыг авснаас гадна Тирион Ланнистерийн дүрээрээ П.Динклэж 4 дэх удаагаа "Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин"-ээр тодорлоо. Тус бүтээл анх цацагдсан 2011 оноос хойш Эммигийн дээд амжилт болох 58 цомыг өөрсдийн болгосон бахдам амжилттай цувралаа өндөрлөж байгаа нь энэ.

HBO-ийн өөр нэг бүтээл "Chernobyl" нийт 10 төрөлд ялалт байгуулж амжилт дүүрэн наадав. Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй цувралд тооцогдох болсон уг бүтээл "Шилдэг богино хэмжээний цуврал"-аар тодорсон билээ. HBO энэ жил "Barry", "Succession"-ийг оролцуулан 34 төрөлд ялалт байгуулж, бүх бүтээгчдийг манлайллаа.

Инээдмийн төрөлд Amazon-ий бүтээлүүд давамгайлж, "Fleabag" шилдэг бүтээл, шилдэг найруулга, шилдэг зохиолын гол төрлүүдийг өөрийн болголоо. Английн 34 настай жүжигчин Фиби Уаллер-Бриж "Fleabag"-ийн гол дүр, зохиолч, продюсерийн хувиар 3 шагнал хүртэж, энэ өдрийн гол дүр болов. Харин "The Marvelous Mrs.Maisel" жүжигчдийн шагналд илүүрхэж, нийт 8 төрөлд ялалт байгуулжээ. Өмнөх жилүүдэд энэ төрөлд гол шагналуудыг хамсаар ирсэн "Veep"-ийн сүүлийн бүлэг харин хоосон хоцорсон нь сонирхолтой.

Харин нэр дэвшсэн тоогоороо зөвхөн HBO-ийн ард бичигдсэн Netflix-ийн амжилт экспертүүдийн таамагласанд хүрсэнгүй. "Black Mirror"-ийн зоригтой туршилт "Bandersnatch" шилдэг ангийн шагналыг хүртсэнийг эс тооцвол тэд томоохон төрлүүдэд ялалт байгуулж чадсангүй. 16 төрөлд нэр дэвшсэн "When They See Us" ердөө 2 цомтой буцав. Гэхдээ "Оzark" шилдэг найруулгын төрөлд "Game of Thrones" -ийн хамгийн оргил гурван ангийг дийлж, тэргүүлснийг онцлох хэрэгтэй.

Variety: Эммигээс онцлох 5 зүйл

Домгууд мөнхөрч, шинэ одод мэндэлсэн үдэш! Зургийн эх сурвалж: The Ringer

Дэлхий дахинд

74 дэх удаагийн НҮБ-ийн Ерөнхий ассемблэй энэ өдрүүдэд явагдаж байна. 60 гаруй орны төрийн тэргүүд оролцож буй уг ассемблэйн гол сэдэв нь "ядуурлыг устгах, чанартай боловсрол болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх" явдал юм. Үүнтэй зэрэгцэн Шведийн 16 настай активист Г.Тюнберг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар "хурц мэдэгдлүүдийг хийж", илүү нухацтай-шийдэмгий арга хэмжээ авахыг шаардсан нь олны анхаарлыг татав.

АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын тэргүүн Нэнси Пэлоси ерөнхийлөгч Д.Трампд итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлснээ мэдэгдлээ. Түүнийг Украйны ерөнхийлөгч В.Зеленскитэй утсаар ярих үедээ шахалт үзүүлэх оролдлого хийн, ирэх сонгуульд гол өрсөлдөгч нь байх боломжтой Ж.Байдентай холбоотой яриа хийсэн хэмээн буруутгаж байгаа юм. Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонх бөгөөд шаардлагатай 218 санал хэдийн бүрдсэнийг Пелоси онцолжээ.

Их Британийн дээд шүүхээс ерөнхий сайд Борис Жонсоны парламентийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн үзлээ. 10-р сарын 31-нд товлогдсон Брекситийг дуустал парламентийг хуралдуулахгүй байх нь төрийн тасралтгүй ажиллах зарчмыг зөрчиж байна хэмээн дээд шүүх үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчнийхэн болон намынх нь зарим гишүүд Б.Жонсоныг ажлаа өгөхийг шаардаж эхэлжээ.

Домогт дизайнер Заха Хадидын загвараар бүтээгдсэн Бээжингийн шинэ нисэх онгоцны буудал албан ёсны нээлтээ хийлээ. Уг "Beijing Daxing" буудал жилд 100 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай.

Монголын сэтгүүл зүйн салбарын тэргүүн бүтээлд олгодог "Балдоржийн шагнал"-ын эзнээр Хүрээлэн төсөл "Говийн таван гайхамшиг" бүтээлээрээ тодорлоо. 2015 онд уг шагналыг хүртэж байсан М.Буянбадрах, У.Ганбаяр нар хос шагналтай болсон анхны уран бүтээлчид болжээ.

iKon: 11 дэх удаагийн БАЛДОРЖ шагналтнууд тодорлоо

Бээжин 5 жилийн дотор уг төслийг дуусгахад 63 тэрбум долларыг зарцуулсан гэнэ

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Facebook VR орчинд хоорондоо холбогдон, өөрсдийн ертөнцийг бүтээх боломж олгох Horizon төслөө танилцуулав. Ирэх оны эхээр бета хувилбараа ил болгох уг ертөнцөд хэрэглэгчид Oculus төхөөрөмжийн тусламжтайгаар өөрсдийн дижитал аватарыг бүтээн, бусад тоглогчидтой харилцан, төрөл бүрийн үйлдэл хийх боломжтой болох аж. "Ready Player One" зохиолоос санаа аван хөгжүүлсэн гэх энэ төслийнхөө хүрээнд тэд өмнө хэрэгжүүлж байсан Facebook Space, Oculus Rooms-ээ зогсоох болсон байна.

Мөн Facebook бодлоороо удирддаг бугуйвч хөгжүүлэгч "CTRL-Labs"-ийг 1 тэрбум орчим үнэлгээгээр худалдан авсан байна. Тэд тархинаас гаранд өгч буй хөдөлгөх цахилгаан дохиог танин, дахин кодчлох замаар үйлдэлд хөрвүүлдэг технологи хөгжүүлсэн нь ийн үнэлэгдсэн хэрэг. Facebook ухаалаг төхөөрөмжийн зах зээлд байр сууриа эзлэхэд онцгой нөлөө үзүүлнэ хэмээн энэ худалдан авалтаа тодотгожээ.

Google 350 тоглоом болон апп-ийг үнэ төлбөргүй болон сурталчилгаагүйгээр ашиглах боломж олгох Google Play Pass-аа танилцууллаа. Сарын 4.99 долларын үнэтэй уг үйлчилгээнд Monument Alley, Star Wars: Kotor, Limbo зэрэг топ тоглоомуудаас гадна AccuWeather, Hi-Q зэрэг төлбөртэй апп-ууд багтсан байна. Үүнийг экспертүүд Apple Arcade-д барьж буй хариу нь хэмээн үзэж байгаа юм.

Amazon ухаалаг туслагч Alexa-тай хоршин ажиллах хэд хэдэн шинэ төхөөрөмжүүдээ зарлав. Эдгээрээс гол анхаарал татсан нь 179 долларын үнэтэй Echo Frames нүдний шил, утасгүй чихэвч Echo Buds байлаа.

The Verge: Amazon-ий танилцуулсан бүх зүйлс

Шинэ ертөнцөд тавтай морил!

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн аяллын ууган оператор Thomas Cook дампуурлаа зарлалаа. 1841 онд байгуулагдсан, 21 мянган ажилтантай тус компанийн Хятадын Fosun International-д дийлэнх хувиа зарах хэлэлцээр бүтэлгүйтсэн учраас ийм гэнэтийн шийдвэрт хүрсэн байна. Thomas Cook өнгөрсөн жил 19 сая хүнд үйлчилж, 12 тэрбум долларын борлуулалт хийсэн ч өрийн хэмжээ нь аль хэдийн 2 тэрбум доллар даваад байсан гэнэ. Одоогоор тус компаниар дамжин дэлхий даяар 600 мянган жуулчин аялж яваа бөгөөд "энх цагийн хамгийн том аврах ажиллагаа"-г зохион байгуулж эхэлжээ.

Budweiser, Corona, Beck's зэрэг топ брэндүүдийг эзэмшигч AB InBev Ази, Номхон далайн бизнесээ тусад нь салган Хонгконгийн бирж дээр нээлттэй компани болголоо. Энэ хүрээнд тэд 5 тэрбум долларыг босгосон нь 2019 оны хоёр дахь том IPO-д тооцогдоход хангалттай байв.

Орчин цагийн дижитал медиа салбарын гол төлөөлөгчдийн нэг Vox Media 51 жилийн настай New York Magazine-ийг өөртөө нэгтгэлээ. Ингэснээр тэдний The Verge, Polygon, SB Nation зэрэг аль нэг чиглэлээр дагнасан сайтуудын багц дээр Vulture, The Cut, Intelligencer гэсэн нэр хүндтэй контент үйлдвэрлэгчид нэмэгдэж байна гэсэн үг юм.

Дундын оффисийн хамгийн том сүлжээ WeWork-ийг үүсгэн байгуулагч Адам Ньюманн CEO-ийн ажлаа хүлээлгэн өглөө. 47 тэрбум долларын үнэлгээтэйгээр SoftBank тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татаж, энэ сард IPO хийхээр зэхэж байсан тэд компанийн засаглалтай холбоотой асуудлаар ихээхэн шүүмжлэлд өртөж, үнэлгээ нь 2 дахин буураад байгаа билээ.

WeWork-оос гадна eBay, Juul-ийн гүйцэтгэх захирлууд албаа орхисныг мөн онцолъё. Онлайн худалдааны тэргүүлэх платформуудын нэг eBay-ийн CEO Девин Вениг ТУЗ-тайгаа санал зөрөлдсөний улмаас 4 жил гүйцэтгэсэн албаа хүлээлгэн өгсөн байна. Зарим хувь эзэмшигчид тэднийг PayPal-ийг салгасантай адил ахин хуваагдаж, өсөлтөө хадгалах хэрэгтэй хэмээн зүтгэсээр байгаа юм. Харин цахилгаан тамхи үйлдвэрлэгч Juul-ийн CEO Кевин Бюрнсийн шийдвэр цаг хугацааны л асуудал байсан гэж хэлж болно. Хууль сахиулагчдын хараанд өртөж, хэд хэдэн мужид борлуулалтын эрхээ хасуулсан тэд АНУ-д явуулж байсан бүх маркетинг, сурталчилгааны ажлаа зогсоожээ.

CEO нарт халгаатай долоо хоног

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

The Hu хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомог "Gereg" дэлхийн хамгийн нэр хүндтэй жагсаалт Биллбордын тэргүүн байрт бичигдэж, түүхэн амжилтыг үзүүллээ. Тус цомог гадаад хэл дээрх шилдэг цомгийн "World Albums" жагсаалтыг тэргүүлэхдээ өнөө цагийн хамгийн дуулиант хамтлагуудын нэг BTS-ийг ардаа орхисон нь энэ. Саяхан Европ дахь тоглолтын товоо зарласан тэд өдгөө АНУ-аар аялж яваа билээ.

Unread: The Hu-ийн мандан бадралаас сурах 5 зүйл

2019 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр Барселона клуб, Аргентиний шигшээ багийн Лионель Месси тодорлоо. 32 настай Месси 58 тоглолтод 54 гоол оруулж, Ла Лигад түрүүлсэн бөгөөд 6 дахь удаагаа дэлхийн шилдгээр тодорч байгаа нь энэ. Харин шилдэг дасгалжуулагчаар Ливерпүүлийг удирдан Аваргуудын лигт манлайлсан Ю.Клопп, эмэгтэй шилдгээр АНУ-ын шигшээг ахлан дэлхийн аварга болсон М.Рапиное нар тодорлоо.

Dreamworks-ийн "Abonimable" 20 сая долларын орлогоор бокс оффисийг тэргүүлэн, энэ оны хамгийн амжилттай нээлтээ хийсэн оригинал анимэйшн боллоо. Өнгөрсөн долоо хоногийн лидер "Downtown Abbey" 2-р байрт, "Hustlers" 3-р байрт бичигджээ.

Энэ долоо хоногт "Mario Kart Tour" нээлтээ хийж, тэр дороо 10 сая таталттай болсноор түүхэн дэх дээд амжилтыг тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг "Pokemon Go" 6.7 сая таталтаар тогтоож, улмаар тоглоомын зах зээлд тэсрэлт хийж байсан удаатай. Алдарт Супер Мариогийн дүрүүдийг багтаасан гар утасны тоглоом таталтаараа 93 улсын чартыг тэргүүлжээ.

54 дэх удаагийн "Супер Боул"-ын завсарлагааны шоуны үеэр алдарт Шакира болон Женнифер Лопез нар уран бүтээлээ хүргэх боллоо. Энтертэйнмент ертөнцийн хамгийн их үзэгчтэй, хамгийн нэр хүндтэй тайз хэмээн тооцогддог энэ шоу 2020 оны 2-р сарын 2-нд болох билээ.

Зүгээр л супер!

Алдалгүй унших арван мэдээ

NYTimes: Боб Айгер: Диснейн эзэнт гүрнийг сахин хамгаалагч
Энэ долоо хоногт дэлхийн хамгийн хүчирхэг медиа эзэнт гүрний CEO-ийн ном хэвлэгдэж байна. Твиттерийг авах дөхсөн, Жобстой хэрхэн тохирсон, Лукасыг хэрхэн найрсан зэрэг сонирхолтой мэдээллүүд энд бий.

The Ringer: NBA-ийн шинэ улирлыг тодорхойлох 29 асуулт
Сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх NBA-ийн шинэ улирал хариулт нэхсэн олон асуултаар дүүрэн байна. Бүгдийг базсан маш сайн агуулгатай тоймыг уншаарай.

Твиттер: BTS "Hey Jude"-ийг коверлох цагаар
Домогт Пол Мккартни өнөө цагийн охид хөвгүүдийн шүтээн болж буй солонгос залуус түүний дууг дуулсныг үзээд ямар хариу үйлдэл үзүүлснийг үзээрэй

CNBC: Peloton нээлттэй компани боллоо
Фитнессийн төхөөрөмж, сургалтын багц санал болгодог стартап 8.1 тэрбум доллараар үнэлэгджээ

The Guardian: TikTok хэрхэн Бээжинтэй нийцэж ажилладаг вэ?
Өдрөөс өдөрт улам бүр хүчирхэгжиж буй сошиал апп TikTok Бээжингийн санаанд нийцээгүй бүгдийг устгаж хорьдог гэвэл та итгэх үү?

Netflix: Inside Bill's Brain: Decoding Bill Gates
Алдарт энтрепренер, филантропич Билл Гэйтсийн тухай хамгийн дэлгэрэнгүй, сонирхолтой баримтат киног санал болгоё. Эхний ангийн сэдэв - Жорлонгоо өөрчилье!

NYTimes: Жак Ширакийг эргэн дурсахуй
Францын экс ерөнхийлөгч 86 насандаа таалал төгслөө

The Verge: Yahoo шинэ логогоо танилцууллаа
Yahoo-г мартаагүй биз? Тэд шинэ логотой эргэн ирж байна

BBC: "Мартагдах эрхийн тухай" маргаанд Google ялав
Өөртэй холбоотой бүхнээ интернетээс устгуулмаар байна уу? Болно. Гэхдээ одоогоор зөвхөн Европын Холбоонд л энэ хүсэлт үйлчилнэ.

Rolling Stones: Spider-Man Марвелын ертөнцөд эргэн ирлээ
Sony, Disney зөвшилцөлд хүрснээр үзэгчдийн хайртай супер баатар Марвелтай эргэн нэгдлээ.