Байгууллагын нэр: “Инвескор” ББСБ ХК 
Байгуулагдсан он: 2016 
Үйл ажиллагааны чиглэл: Банк бус санхүүгийн байгууллага 
Ажилтны тоо: 80+ 
Хаяг: СБД, 2-р хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр, 13 давхар 
Сошиал хуудас: Facebook

Яагаад сонгох болов?

Богино хугацаанд Монголын банк бус санхүүгийн салбарт тэргүүлэх байр суурийг олж чадсан “Инвескор” ББСБ энэ онд IPO хийж 18.6 тэрбум төгрөгийг босгосон билээ. Энэ амжилт нь тус байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, засаглал, хүний нөөцийг дүгнэхэд хангалттай мэт. Хувьцаат компани болсон “Инвескор” харилцагчид, ажиллагсад, хөрөнгө оруулагчид, хамтрагчдынхаа өмнө хариуцлага хүлээн, бизнесийн ёс зүйг эрхэмлэн ажилладаг.

Чадварлаг хамт олныг бүрдүүлэн шаргуу хөдөлмөрлөж буй тэдний амжилтын нэг “нууц” нь ажлын таатай орчин юм байна гэдгийг бид оффист нь зочлох үедээ ойлгосон юм. Оффисын уламжлалт ширээ сандлаас өгсүүлээд ажлын байрны хайрцаглагдсан, уйтгартай байдлыг халж, үүднээсээ л өнгөлөг, орчин үелэг орон зайг үүсгэсэн инвескорчуудыг сэтгэл хангалуун, бүтээмж өндөртэй ажилладагт гайхах зүйлгүй аж.

Ажлын орчин

“Инвескор” ХК нь Улаанбаатар хотод ББСБ-ын чиглэлээр найман салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шинэ салбар нээх бүрдээ чухалчлан анхаардаг зүйлсийн нэг нь байгууллагын дотоод тохижилт аж. Интерьер шийдлээ тус салбарт амжилттай ажиллаж буй “Өнөд шийдэл” ХХК-иар гүйцэтгүүлдэг тэдний хувьд, төв оффисынхоо орчны тохижилтод улаан, хөх цэнхэр өнгийг түлхүү ашигласан нь эрч хүч, итгэлцэл, үнэнч байдлыг илэрхийлсэн хэрэг хэмээн тайлбарлаж байлаа.

Хурц өрсөлдөөнт санхүүгийн салбарт чадварлаг хүмүүсийг татах нь нэн чухал. Үүнийг бүрэн ухамсарлаж буй компанийн удирдлага ажилтнуудаа том цонх бүхий цэлгэр саруулхан өрөөнүүдэд тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлжээ. “Оюуны шуурга” явуулах чөлөөт орон зай, алжаал ядаргаа тайлах зориулалтын тоног төхөөрөмжүүд, ирээдүйн зорилго зорилтоо бичих тусгай хана гээд нүдэнд торж, сонирхол татах хэсгүүд олон харагдана.

Тэд удахгүй хотын төвийн өөр нэгэн байршилд шинэхэн оффисоо ашиглалтад оруулах гэж байгаа гэнэ. Энэхүү шинэхэн оффис нь ч мөн дотоод тохижилт, орчны хувьд онцгой гэдгийг онцолж байв.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ - СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Тус байгууллагын уур амьсгалыг “Модерн”, “Чөлөөтэй”, “Ханагүй” гэх мэт үгсээр илэрхийлж болох мэт санагдлаа. Технологийн дэвшилд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн/үйлчилгээг хүргэхийн тулд тэд дарга ба ажилтан гэх том зааг ялгаа гаргадаггүй, чөлөөтэй дотно ярилцаж чаддаг инновацлаг хамт олон ажээ.

Байгууллагын соёлын талаар ууган ажилтнуудын нэг “Ажиллах явцад мэдээж олон бэрхшээл тохиолдоно. Манай байгууллагын бас нэг онцлууштай соёл гэвэл бид ямар ч алдаа гарсан бай, түүнийг аль болох хурдан арилгах буюу гал унтраахаас илүүтэй асуудлыг уг үндсээр нь арилгахыг чухалчилдаг. Энэ нь манай компани амжилттай яваагийн нэг шалтгаан гэж боддог” хэмээн ярив.

Ташрамд өгүүлэхэд, Зүүн Өмнөд Ази ба Төв Азийн бичил санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хиймэл оюунд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж буй тэдний эхний алхам биелж, тун удахгүй Киргиз улсад салбар байгууллагаа нээх ажээ.

Тооцооны нягтлан бодогч А.Солонго:
“Би оффис дээрээ гэртээ байгаа юм шиг л тав тухтай ажилладаг. Байж болох хамгийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн орчин гэж хэлж болно. Бүгд гэрээсээ хоол авчран ширээ тойрон хамт хооллож суухад гэр бүлтэйгээ байгаа мэт сэтгэгдэл төрнө гээч. Ер нь албан харилцаанаас гадна найз нөхдийн харилцаа үүсгэх нөхцөлийг сайтар бүрдүүлсэн газар шүү."

Хуулийн зөвлөх М.Энхжин:

“Анх ажлын ярилцлагад орох гээд үүдээр орж ирэхэд маш гоё орчин угтаж авсан нь гүн сэтгэгдэл төрүүлж байсан. Цаашлаад гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийнхөн маань дотоод уур амьсгалаа сайжруулахын тулд хангалттай цаг зарцуулж, онцгой анхаарал хандуулдаг нь хүн бүр ажилдаа сэтгэл хангалуун байхад том нөлөө үзүүлдэг болов уу.”

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг.Байгууллагын дотоод соёл, сургалт хөгжүүлэлт ч гэсэн ажилтны сэтгэл хангалуун байдалд жинтэй нөлөөтэйг та бид мэднэ.

Эдгээр хүчин хүчин зүйлээр дамжуулан ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг нэмдэг, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг олж алдаршуулахаар Unread Media "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг жил тутам гаргадаг билээ. Энэ жил бид уншигчдаасаа 1300 гаруй санал хүлээн авч, редакцын шүүлтүүрээр шигшин Улаанбаатарын хамгийн таатай 9 оффисыг тодрууллаа. Манай жагсаалт жил бүр шинэчлэгдэн гарах тул таны саналыг бид хэзээд дуртайяа хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Мобиком Корпораци
Улаанбаатарын хамгийн таатай оффис: АНУН ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Дэнцү Дата Артист Монгол
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Капитрон банк
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Premium Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: RE/MAX Collection Luxury Properties
Улаанбаатарын хамгийн таатай оффис: СаяСанаа ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Hub Innovation Center

өнгөрсөн жилийн жагсаалттай танилцах

МОНГОЛД АНХ УДАА: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018