Эртний Итакын хаан Одиссей дайнд явахдаа өөрийн итгэлт анд Менторт хүүгээ харж хандахыг захин оджээ. Одиссейн захиасыг ёсчлон биелүүлсэн Ментор бусдад үлгэр жишээ болж, олонд хүндлэгдсэнээр түүхэнд нэрээ үлдээж, өөрөөсөө илүү туршлага, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө, чиглэл авах менторшипын тухай ойлголт бий болсон түүхтэй. Амжилтад хүрсэн ихэнх хүний ард түүнд зөвлөж, тусалсан ментор байдаг гэлцдэг. Өдгөө Fortune сэтгүүлээс  тодруулдаг дэлхийн шилдэг 500 компанийн жагсаалтад багтсан байгууллагуудын 71 хувь нь менторын хөтөлбөр санал болгож байна. Монгол залуучууд, карьерын эхэн шатандаа яваа мэргэжилтнүүд ч менторын ач холбогдол, үр нөлөөг сайн ойлгодог болсон бөгөөд харин сайн менти (mentee - суралцагч, шавь гэсэн утгатай үг) байх буюу өөрсдийн зүгээс юу хийх, ямар бэлтгэлтэй байх, менторуудтайгаа хэрхэн үр дүнтэй харилцаа үүсгэх талаар мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагддаг. Иймээс бид энэхүү нийтлэлээр хэрхэн сайн менти байх тухай хөндлөө.

менти байх тухайд 

АНУ-ын Техасын их сургуулийн хоёр эрдэмтэн мужийнхаа их сургуулиудын менторшипийн хөтөлбөрийг нарийвчлан судалж, 2017 онд нэгэн өгүүлэл хэвлүүлжээ. Тэд өөрсдийн судалгааны үр дүнд үндэслэн ментортой болохоор зорьж буй залууст хандан хэрхэн сайн менти байх тухай дараах таван зөвлөгөөг өгчээ. Менти бол онгоцны нисэгч, харин ментор бол хоёрдугаар нисэгч бөгөөд зорьсон газартаа хүрэхэд нь хажуунаас нь туслах л үүрэгтэй хэмээн зүйрлэжээ. Менторын зүгээс ментидээ янз бүрийн зөвлөгөө, чиглэл өгч болох ч тэр бүхнийг нь шууд хүлээн аван хэрэгжүүлэх гэж яарахын өмнө өөрийн зүгээс сайн боловсруулж, санал хүсэлтээ илэрхийлэн, харилцан эргэх холбоотой байхыг онцолжээ. Тэгэхээр менторынхаа хэлсэн болгоныг дагаж хийх гэлгүйгээр хоёр талт харилцаа байх учиртайг сайн ойлгох хэрэгтэй байх нь.

АНУ-ын "Sun Microsystems" компанийн 1000 ажилтны дунд таван жилийн турш хийсэн судалгаагаар менторын хөтөлбөрт хамрагдсан ажилтнуудын 25 хувь нь цалингийн хэмжээгээ өсгөсөн бол хөтөлбөрт хамрагдаагүй хүмүүсийн таван хувь нь л орлогоо нэмэгдүүлжээ. Мөн ментортой болсон ажилтнуудын албан тушаал ахих үзүүлэлт менторгүй хүмүүсээс тав дахин илүү байсан гэнэ.

1. Менторын цаг хугацааг хайрлах 

Ментор бол таны "сайн дурын ажилтан" юм. Тэд өөрсдийн хамгийн үнэт зүйл болох цаг хугацааг танд зориулахаар шийдсэн тул уулзахаар товлосон цагтаа эрт ирж хүндэтгэл үзүүлээрэй. Ментор дээрээ очихын өмнө асуух зүйлсээ урьдчилан бэлтгэж, хэлэлцэж ярих асуудлаа тодорхой болгон уулзалтын бэлтгэлээ сайн хангах нь хамгийн чухал. Уулзалт нэгэнт эхэлсэн бол бүх анхаарлаа бүрэн төвлөрүүлж, өөр зүйлд сатаарахгүй байхыг хичээгээрэй. Уулзалтын дараа ментор тань имэйл юм уу зурвас илгээсэн бол 24 цагийн дотор эргэн хариу өгөх нь зүйтэй. Хэрвээ тэгж чадаагүй бол шалтгаанаа заавал тайлбарлаарай. Менторын цаг зав хүндлэхгүй байх нь цаашдын харилцааг зогсоох гол шалтгаан болдог.

2. юу хүсЭЖ байгаагаа тодорхой болгох 

Хүмүүс ментортойгоо карьерын зөвлөгөө авах, шинэ ажилд орох буюу их сургуульд элсэхдээ тусламж авах гэх мэтээр янз бүрийн зорилгоор уулздаг. Та тэр хүнээс яг юу сурахыг хүсэж байгаа вэ? Та юу хүсэж байгаагаа хэр тодорхой болгоно, тэр хэрээр хүлээлтээ биелүүлж, хүссэн мэдээллээ авч чадна. Ихэнх хүн ментортоо өөрийн сайн талыг харуулж, эерэг үнэлгээ авахыг хичээдэг. Тухайлбал, Аpple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийн ментор байсан гэдэг. Стиб Жобстой харилцаа үүсгэж чадсан Марк Зукерберг шинэ компанидаа хийхээр төлөвлөж буй зүйлсээ тодорхой танилцуулж, хэрэгтэй зүйлс дээрээ санал бодлыг нь сонсдог байжээ.

3. Шүүмжлэлийг хүлээж авахад бэлэн байх 

Өөрөөсөө илүү туршлага, мэдлэгтэй хүнээс шүүмжлэлийг хүлээж авахад бэлэн байгаарай. Тэд бол айдсаа давахад туслах тайвшруулах эм биш учраас та хатуу, зөөлөн үгээр өөрийгөө хурцалж байх учиртай юм. Шүүмжлэл сонсоход хэцүү байж болох ч ирээдүйд өсөн дэвжихэд тань эерэг нөлөө үзүүлэх болно гэдгийг санагтун. Хэрвээ та шүүмжлэлтэй нь санал нийлэхгүй байвал өөрөөсөө “Би яагаад санал нийлэхгүй байгаа юм бол?”, “Шүүмжлэл яагаад намайг тавгүйдүүлж байна вэ?” гэж асуугаад үз. Ийм асуулт тухтай байдлаас тань гаргаж, айдастайгаа нүүр тулахад туслах болно. Гэхдээ менторын зөвлөгөө танд тохирох эсэхэд эргэлзэж байвал дахин ярилцаад үзэхэд гэмгүй. Менторын зүгээс ямар ч зөвлөгөө өгсөн талархлаа илэрхийлэхээ бүү мартаарай. Түүний зөвлөгөөгөөр хийсэн бүхэн амжилттай болох албагүй юм.

4. өөртэйгөө ярилцах 

Хийж буй зүйлсийнхээ үйл явцыг хянаж байх нь эерэг үр дүн гаргахад чухал. Тиймээс өөрөө үргэлж “Би энэ харилцаанд хариуцлагатай байж чадаж байгаа юу?” , “Хэрхэн сайн менти болох вэ?” гэж асуугаарай. Харилцааг үр дүнтэй болгоход та өөрөө mature буюу боловсорсон байх шаардлагатай учир идэвх чармайлттай, санаачилгатай байгаа эсэхээ эргэцүүлэх хэрэгтэй юм.

5. Ментороосоо юуг ч сурахад нээлттэй байх 

Ментор болон менти нарын харилцаа үргэлж амжилттай, төлөвлөгөөний дагуу байх албагүй. Шинэ сорилт, мэдээлэл, ур чадвар, харилцааг хүлээж авахад бэлэн байж, өөрийгөө сорьж үзэх нь аливаа эрсдэл, бэрхшээлийг даван туулах боломжийг өгөх болно. Harvard Business Review сэтгүүлийн “Менторууд ментигээсээ юу хүсдэг вэ?” нийтлэлд менторшипийн харилцааг танго бүжигтэй зүйрлэн, ментороос үргэлж авах бус юу өгч чадахаа бодож, харилцаагаа сонирхолтой, хөгжилтэй болгохыг зөвлөжээ. Залуу менти нар ментордоо эрч хүч, энергийн “донор” болж, хийж буй зүйлдээ итгэл үнэмшилтэй, урам зоригтой байгаагаа харуулах нь харилцааг улам ач холбогдолтой, үнэ цэнтэй болгодог ажээ.

Телевизийн ток шоуны хатан хаан гэгддэг Опра Уинфригийн ментор нь АНУ-ын яруу найрагч, дуучин Маяа Ангелоу байсан юм. Опра хүүхэд байхаасаа л түүний зохиол бүтээлийг уншиж, үлгэр дууриал авдаг байжээ. Опра энэ тухай "Ментор гэдэг хүний амьдралд чухал байр суурийг эзэлдэг. Зөвлөн туслагчгүйгээр хэн ч гэсэн амжилтад хүрэхэд нэн бэрх. Маяа Ангелоу миний амьдралын хамгийн чухал мөчүүдэд хажууд минь байж, ментор төдийгүй дотнын найз, эгч, ээж шиг нөмөр нөөлөг үзүүлдэг байсан. Намайг гэртээ урьж, хоол хийж өгөн, шүлгүүдээсээ уншиж өгдөг байлаа. Түүнтэй учирснаар би ажил, амьдралын олон чухал зөвлөгөөг сонссон" хэмээн ярилцлагадаа өгүүлжээ.