Өнөөдрийн дугаартаа бид дотоодын шуудангийн зах зээлийн 90 гаруй хувийг бүрдүүлж буй "Монгол шуудан" компанийн өнгөрсөн гурван жилийн бизнес төлөвлөгөөний автор болсон Стратеги төлөвлөлт, бизнес хөгжил хариуцсан дэд захирал Г.Тэлмэнг урьж ярилцлаа. Тэрбээр БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад эдийн засаг, менежментийн чиглэлээр суралцаж, дэлхий даяар 128 салбар нэгж, 86 мянган ажилчинтай "LG" компаниас ажлын гараагаа эхлэн, онлайн худалдааны хүргэлтийн спартап компани байгуулан ажиллаж байсан билээ. Өдгөө Монгол Улсын өнцөг булан бүрд 389 салбартай, 1000 гаруй ажилчинтай, сүүлийн гурван жилд цэвэр ашгийн хэмжээгээ 15 дахин өсгөсөн амжилттай яваа "Монгол шуудан" компанийн транзит шуудангийн логистикийн бизнесийг өргөжүүлж, олон улсын төвшинд хүргэхээр ажиллаж байна.

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот, Төв Шуудан
Эрхэлдэг ажил: “Монгол шуудан” хувьцаат компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжил хариуцсан дэд захирал, "Ажил хийх гоё" төслийн ахлагч
Сонгуульт ажил: Монголын Солонгост сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн
Хэрэглэдэг гар утас: Huawei P20
Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron 5000s
Сошиал хуудаснууд: Telmen Gerelt (Facebook), Telmen Gerelt (Linkedin)

ТА КАРЬЕРЫН ҮЕ ШАТУУДАА ТОВЧХОН ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Миний хувьд ажлын гараагаа анх БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын “LG International” компанийн Монгол дахь салбараас эхлүүлж байсан юм. Дараа нь, БНСУ-д магистраа хамгаалаад тус улсын “LG” компанид дадлагажигчаар ажиллаж байгаад төв салбарт нь үндсэн ажилтан нь болсон. Сонирхолтой нь, Солонгосын компанид ажиллаж байгаад сурна гээд орхиод гарсан хүнийг дахиж барагтаа л бол авдаггүй юм билээ. Ийм тохиолдол компанийн түүхэнд анх удаа тохиож байна гэж тухайн үед хэлж байсан. Буцааж авсныг бодоход тухайн үед сайн ажиллаж байсан юм болов уу. Ингээд “LG” компанид хэдэн жил ажиллаж, туршлага хуримтлуулсныхаа дараа БНСУ-д байсан найзуудтайгаа нийлээд онлайн худалдааны хүргэлтийн компани байгуулан спартап хэмнэлээр хэдэн жил явсан. Удалгүй “Монгол шуудан” компанийн хувьчлал эхэлж, хувийн хөрөнгө оруулагчид орж ирсэн юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдаас надад ажлын санал тавьснаар Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийг хариуцан ажиллах болсон.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би сүүлийн дөрвөн жилийн турш нэг зүйлийг амьдралынхаа өдөр тутмын хэв маяг буюу lifestyle болгож чадсан. Тэр бол фитнесээр хичээллэх. Намайг өглөө бүр 5-6 цагийн үед босдог эртэч шувуу гэж хэлж болно. Тиймээс ажлын өдрүүдийн 2-3 хоногт өглөө бүр 6.30 цагаас эхлэн 2 цаг гаруй фитнесээр хичээллээд ажил дээрээ очдог юм. Эртэч шувуу учраас үдээс өмнө буюу 9-12 цагийн хооронд хамгийн чухал ажлууд дээрээ төвлөрч, бодож эргэцүүлэх, төлөвлөхөд анхаардаг. Заримдаа элдэв зүйлд сатаарахгүйн тулд өрөөнийхөө хаалга дотроос цоожилж байгаад ажлаа хийхээр мэдэхгүй хүмүүс нь ажилдаа ирээгүй байна гэж ойлгоод байдаг. Харин үдээс хойш хурал, уулзалтуудаа хийж, гүйцэтгэх ажлуудаа амжуулдаг. Эртэч хүмүүсийн хувьд физиологийн онцлогоос шалтгаалан өглөөдөө хамгийн эрч хүчтэй байж үдээс хойшдоо тэр ритм нь буураад ирдэг учраас оройдоо бодох, төлөвлөхөөс илүүтэй гүйцэтгэх ажлуудыг хийсэн нь дээр байдаг. Ийм арга барилаар ажиллаад жил гаруй болж байна. Өмнө нь, БНСУ-д “LG” компанид ажиллаж байхдаа өглөө 7.30 цагт ажилдаа ирээд орой бүх дарга нар явсны дараа 9-10 цагт гэртээ харьдаг хэмнэлтэй байлаа. Ажилдаа хамгийн түрүүнд ирээд хамгийн сүүлд харьж, сандал дээрээ 10 цаг сууж ажиллах нь энгийн үзэгдэл мэт байсан даа. БНСУ-д нийт таван жил суралцаж, ажиллаж, их сургуулиа төгссөн учраас их ажиллаж, их цаг зарцуул гэдэг философиор олон жил явж, аль болох multitasking буюу олон зүйлийг амжуулах гэж хичээж ажилладаг байсан. "Монгол шуудан"-д орохоос өмнө би 20 хүрэхгүй хүнтэй багийг удирдаж байсан бол одоо 1000 гаруй ажилчинтай компанийн стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийг хариуцдаг учраас илүү фокуслаж гол зүйлдээ төвлөрч ажиллах шаардлагатай болсон.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд гаднын хамтрагчидтай байнга харьцах шаардлага учраас орон орны онцлогт тохируулан янз бүрийн аппликейшн ашиглах хэрэгцээ гардаг. Тухайлбал, Орос, Туркууд What’sApp, Telegram түлхүү ашигладаг бол Хятадууд Wechat байнга хэрэглэдэг. Видео чатын хувьд аль нэг тал заавал апликейшн суулгах, ID бүртгүүлэх шаардлагагүй, уян хатан үйлчилгээтэй Appear.in ашигладаг. Сүүлд Европууд бас Zoom их ашигладаг болсон байна.

Түүнэс гадна компанийн дотоод сүлжээний имэйл, чатаа ашиглана. Сүүлийн үед зарим оронтой гэрээ байгуулахад чат аппликэйшний нэрийг заагаад түүгээр мэдэгдсэнийг мэдэгдсэнд тооцно гэж бүр зүйл заалт болгон гэрээнд оруулдаг болж. Мөн гадуур томилолтоор явах нь их учраас Google apps/ G Suite-ийн дийлэнхийг нэлээд сайн эзэмшиж, өөрийн болгоод байгаа. Ажлаа Сloud дээр нь хийж байгаад, өөр газар очихоороо үргэлжлүүлэн хийх боломжтой байдаг. Spreadsheet дотроо хүртэл орчуулга хийж болдог нь гайхалтай.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний ээж надад хамгийн завгүй хүн л завтай байдаг гэж хэлж байсан юм. Тиймээс хамгийн завгүй хүн л өөртөө зав гаргаж, олон зүйл амжуулж чаддаг гэж бодоод өөрийгөө маш завгүй байлгахыг хичээн, 3-4 ажил зэрэг хийж, хоёр төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцдог байсан. Харин одоо бол урт хугацаанд үр дүн авчрах ажлууд дээрээ төвлөрч, ач холбогдол өгөхийг хичээдэг. Хийх ёстой гол ажлуудаа л тухайн өдөртөө багтааж амжуулсан байх шаардлагыг өөртөө тавьдаг даа.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Манайд техник, технологи сайн хөгжөөгүй, дижитал эрин үе эхлээгүй байх үед хүүхэд нас минь өнгөрсөн учраас аливааг бичиж тэмдэглээд дадчихсан. Тиймээс тэмдэглэлийн хоёр дэвтэр дээрээ ажлын болон хувийн хийх ажлын жагсаалтаа хөтөлчихдөг. Заримдаа энд тэнд явж байхад гэнэтийн санаа оноо, юм тэмдэглэх хэрэг гарвал гар утасныхаа Notepad дээр бичдэг. Мөн удаан хугацааны дараа санах шаардлагатай ажлуудаа Google Calendar дээрээ оруулчихдаг юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Би өөрийгөө ямар ч хүнд нөхцөлд гаргалгаа гаргаж чаддаг гэж боддог. Хүүхэд байхдаа цаасан дээр янз бүрийн зураас зурснаа тэрийгээ хүүхэлдэйн баатар болгон ургуулдаг байлаа. Тэгээд том болсон хойноо ч цаасан дээр хэдэн зураас зураад түүнийгээ янз бүрийн хэлбэр дүрсэнд оруулдаг дадалтай болчихсон байсан. Тиймээс ямар нэг асуудлын гаргалгааг хурдан олох чадвар минь дээрх сонин гэмээр зуршлаас үүдэлтэй болов уу гэж боддог. Хувь хүн талаасаа хөгжүүлсэн чадвар гэвэл харилцааны тал дээрээ илүү сайн болов уу. Харилцаа гэхээр мэндлэх, ярилцах төдийхнөөр ойлгож болохгүй. Харилцаа тогтоох, хадгалах, хөгжүүлэх, итгэлцэл бий болгох, төгсгөх, бусдыг угтаж үйлчлэх (Service Mind), мэдрэх, таних, итгүүлэх гээд цогц зүйл гэж ойлгодог.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Спартап компани байгуулаад ажиллаж байхад бүх зүйлд өөрөө гар бие оролцож, хийх шаардлагатай байдаг байсан бол өнөөдөр Монголын 21 аймаг, сум бүрт салбартай, 1000 гаруй ажилтантай “Монгол шуудан” компанид санхүү, хүн хүчний нөөцөө зөв ашиглан, олон ажил хийх хангалттай нөөц боломж бүхий давуу тал байна гэж харж болохоор юм. Нөгөө талаас, хувьцааны дийлэнх хэсэг нь төрийн өмчид байдагтай холбоотойгоор хууль эрх зүйн зарим асуудалтай тулгардаг. Уг нь манайх хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилждаг нээлттэй хувьцаат компани. Чөлөөт зах зээлд өрсөлдөж байгаагийн хувьд аль болох хурдан шийдвэр гарган, яаралтай урагшлах шаардлагатай байдаг ч дан төсвөөр санхүүждэг бусад яам, тамгын газартай адил хуулийн хүлээсэнд байх тохиолдол бий. Бидэнд аливаа төсөл, бизнест хөрөнгө оруулах боломж гарч ирлээ гэхэд заавал Тендерийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу хоёр, гурван сар зарцуулах шаардлагатай. Гэтэл энэ хугацаанд олдсон боломж нь аль хэдийн өнгөрчих явдал бий. Гэхдээ одоохондоо нэгэнт шууд өөрчлөх боломжгүй фактор учраас өгөгдсөн зах зээлийн нөхцөл байдал гэж үзэн зохицон ажиллах шаардлагатай.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Миний хувьд компанийн дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулахаас гадна орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох ажил дээр төвлөрдөг. Энэ хүрээнд “Монгол шуудан” компанийн Стратеги төлөвлөлт, Бизнес хөгжил, Тээвэр зууч, логистикийн гээд гурван газар болон Чанарын удирдлагын хэлтсийг шууд удирддаг. “Монгол шуудан” компани 2016 онд хувьчлагдсанаас хойш борлуулалтын орлогоо 50 хувь, ашгийн хэмжээгээ 15 дахин өсгөн, гурав дахь жилдээ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар шийдвэрлээд байгаа.

Шуудангийн бизнес бол дан ганц дотоодын бизнес биш олон улсын бизнес юм. Энэ хүрээнд Солонгос, Турк, Орос, Хятад гээд орны шуудангийн байгууллагуудтай хоёр талын хүрээнд хэд хэдэн төсөл эхлүүлээд явж байна. Үүнээс БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн транзит шуудангийн логистикийн бизнесийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд амжилттай хөгжүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны байдлаар манай компанийн нийт орлогын гуравны нэгт нөлөөлдөг том бизнес болоод ирж байгаа юм. Гэвч өнгөрсөн оны өдийд ОХУ-ын шуудангийн байгууллагын бодлогод гарсан өөрчлөлттэй холбоотойгоор дээрх бизнес зогссон. Транзит тээвэрт оролцохоор Казакстан, Киргизстан, Хонг Конг гэх мэт олон орнуудтай бид өрсөлдөж байна. Тиймээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажлын хэсэг байгуулан ОХУ болон БНХАУ-ын талтай олон хэлэлцээр, уулзалт хийж, янз бүрийн санал тавин дээрх бизнесийг сэргээх тал дээр нилээд чармайж ажилласны эцэст үүлэн чөлөөний боломж гарч ирсэн. Тэр нь, ОХУ-ын шуудангийн байгууллагад бүтцийн өөрчлөлт орж, хүмүүс нь өөрчлөгдсөн учраас дээрх асуудлыг дахин хэлэлцэх боломж гарч ирснийн дагуу одоогийн байдлаар гэрээний үндсэн нөхцөлөө тохирон, туршилтын шуудангуудаа явуулаад байгаа. Энэ хүрээнд тун удахгүй гэрээгээ үзэглэхэд ойртоод байна. Хэрэв бид гэрээгээ байгуулж чадвал, “Монгол шуудан” компанийн хувьд энэ жил төдийгүй ирэх жилүүдэд санхүүгийн хувьд нэлээд дэм болох орлогын эх үүсвэртэй болж, бусад шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийх таатай нөхцөл бүрдэх юм.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би тогтмол ном уншдаг хүн байгаагүй. Үүнийгээ анзаарч, ном унших дадлыг өөртөө хэвшүүлэхээр энэ оноос эхлэн сар бүр хоёр ном унших зорилт тавьсан. Анх стартап компани байгуулаад явж байхад “Та өөрөө стартап компани” гэдэг ном миний хувьд бараг библи мэт маш их тус болж байсан юм. Гэвч сүүлийн хэдэн жилд ихэвчлэн мэргэжилтэйгээ холбоотой бизнес, менежментийн ном уншаад байсан юм билээ. Тэрийгээ анзаараад сүүлийн үед сэтгэлзүй, хэлэлцээр зэрэг өөр төрлийн ном уншиж байгаа. Кэрол Дүэкийн сэтгэлзүйн “Mindset” ном хүчтэй сэтгэгдэл үлдээсэн. Хамгийн сүүлд барьцаалагчидтай гол хэлэлцээрт оролцогч байсан FBI-ийн ажилтан Крис Воссын “Never Split the Difference” гэх хэлэлцээрийн үеийн сэтгэлзүйн талаарх ном дэндүү таалагдсан. Мөн уржигдар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” номыг уншиж дуусаад байна.

ТА ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байх үедээ бол хөгжим сонсдоггүй. Харин бэлтгэл хийж байхдаа дандаа сонсдог шүү. Долоо хоногт 4-5 удаа бэлтгэл хийхэд ядрах, сульдах үе гардаг учраас эрч хүчээ сэргээж, бэлтгэлээ амжилттай дуусгахын тулд дасгал хөдөлгөөн хийх үедээ сонсоход тохиромжтой хэмнэлтэй хөгжим сонсдог доо. Би дөрвөн жилийн өмнөөс буцаад идэвхтэйгээр дасгал хөдөлгөөн хийж, фитнесээр тогтмол хичээллэж эхэлсэн. Өмнө нь өсвөр насандаа усан спортын "Эрч" клубын тамирчин байлаа. Тиймээс гадаадад томилолтоор явах, хөдөө амрахдаа хүртэл бэлтгэлийн хувцсаа цүнхлээд л явчихдаг. Өөр газар очоод тасалж байсан удаа маш цөөн байх. Африкийн орнууд, Франц, Румын, Америк, Өмнөд Солонгос, Япон зэрэг явсан бүх газруудынхаа фитнест очиж, бэлтгэлээ таслахгүй хийж байсан. Бэлтгэл хийнэ гэдэг амьдралын минь салшгүй хэв маяг “lifestyle” болчихсон учраас хийхгүй л бол ажлаа ч хийж чадахгүй, залхуурах гээд байдаг болсон байна лээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Өглөө 5-6 цагийн үед босоод бэлтгэлдээ яваад, өглөөний цайгаа уугаад ажил руугаа явдаг. Хүүхэд насаа эмээ, өвөө дээрээ их өнгөрүүлсэн учраас тэд нарыг дагаад өглөө эрт босоод сурчихсан юм. Өдөрт ер нь зургаан цаг унтчихад хангалттай нойр авчихдаг даа. Заримдаа ажлаас шалтгаалаад оройтож унтах үе байдаг ч маргааш өглөө нь яаж ч ядарсан эрт сэрчихдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ ихэвчлэн бэлтгэлээ хийж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үздэг. Мөн сайн дурын ажлууд, төрийн бус байгууллагынхаа төслүүд дээр оролцдог. Гэхдээ сүүлийн үед сайн дурын ажлуудаа багасгаж, Монголын Солонгост сургууль төгсөгчдийн холбооны ажилдаа голчлон төвлөрч ажиллахаар шийдсэн.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Гэр бүлээсээ л тэр бүх урам зориг, эрч хүчийг олж авдаг. Саяхан хоёр сарын өмнө хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч, охинтой болсон юм. Гэр бүл минь хийж буй зүйлсээ зөвхөн өөрийнхөө төлөө биш хүүхдийнхээ төлөө, ирээдүйн төлөө хийх эрч хүчийг өгч, илүү алсын хараатай, утга учиртай болгож өгсөн. Тиймээс богино хугацааны жижиг, сажиг асуудал сүртэй санагдахаа больчихдог юм билээ. Ажлаа тараад орой ядраад гэртээ ирэхэд хүүхдээ хараад л шууд инээдэг дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ээж маань надад “Бусдаас өөрөөр амьдар” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Социалист нийгэмд төрж, бусадтай адилхан амьдарч, буруу зүйл хийж болохгүй гэдэг багшийн хүмүүжлээр өссөн учраас тухайн үед хэлсэн үгийг нь тийм ч сайн ойлгоогүй юм. Сүүлд бодоход, бусдаас өөр болохын тулд өөр байх биш, өөрийн гэсэн сахилга бат, өөрийн гэсэн үнэт зүйл, зарчимтай байх хэрэгтэй шүү гэдэг санааг хэлсэн болохыг ойлгосон. Тийм болохоор сүүлийн 10 гаруй жил өөрийн дүрмийг зохиож өөрийн гэсэн үнэт зүйл, зарчимтай болох гэж хичээж, түүнийгээ ягштал баримталж ирсэн. Энэ нь гаргаж буй шийдвэр болгонд минь нөлөөлж, амьдралд минь олон өөрчлөлт авчирсан гэж боддог. Хүн ер нь ямар нэг зүйлд сахилга баттай байх нь бусад хийж буй зүйлсэд нь ч нөлөөлөх сэдэл болдог юм шиг санагддаг. Жишээ нь, Марк Зукерберг гэхэд хоолны дэглэм маш сайн барьдаг юм билээ. Миний хувьд сүүлийн таван жилийн туршид ганц ч удаа согтууруулах ундааны төрлийн зүйлс амсаагүй явна.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Би өмнө нь задгай, сахилгагүй гэмээр төрлийн хүн байсан л даа. Өмнөд Солонгост очоод, тодорхой үр дүн гаргахын тулд цаг хугацаа, хичээл зүтгэл шаардлагатайг ойлгож, ажлыг аль болох аргалах эсвэл богино хугацаанд амжилт гаргах гээд байх нь буруу гэж боддог болсон. Залуу хүмүүс юмыг аль болох shortcut буюу товчлон хийх хэв маяг руу орох гээд хичээгээд байдаг. Уг нь эхлээд hard working буюу хийж буй зүйлсээ маш сайн нухаж, учрыг нь олсныхоо дараа smart working хэв маягт орох нь зүйтэй юм болов уу гэж боддог юм. Тэгэх юм бол ярьж буй зүйлс чинь хоосон биш агуулгатай болж эхэлнэ. Үүн дээр нэмээд хариуцлагатай байх маш чухал. Нэгэнт хариуцаж авсан ажилдаа эзэн болж ажиллах чадвар залуу хүмүүст дутмаг байгаа юм шиг санагддаг. Жижиг гэлтгүй хариуцсан ажлаа сайн хийж чадвал дараа нь хувь хүний хандлага, төлөвшил болж сууж өгдөг учраас том ажил дээр сайн үр дүнтэй ажиллаж чадна.

Би өмнө нь Сангийн яам, Их Британийн Хүүхдийг ивээх сан болон “Samsung”, “LG International” компанийн олон улсын дадлагын хөтөлбөрт оролцож явсан юм. Өмнөд Солонгост болсон хөтөлбөрийн үеэр багийн ажиллагаа гэж юу болохыг, монголчуудын сул тал юу болохыг маш сайн ойлгосон. Тухайн үед 30 залуу нэг баг болсноос 29 нь Өмнөд Солонгос, ганцхан Монгол нь би байв. Бид даалгавар хүлээн авч, маргааш өглөө гэхэд бэлэн болгох шаардлагатай байсан учраас санаануудаа хэлэлцэж, ярилцлаа. Тухайн үед надад огт таалагдаагүй санал дэмжигдсэн учраас оролцох хүсэлгүй болж тэд нарыг хэсэг ажигласан юм. Тэгэхэд хүн бүр өөрсдөө санаачилга гарган, чадахаараа оролцохыг хичээн зүгээр суух хүн нэг ч байгаагүй. Тэрийг хараад миний толгойд олон зүйл бодогдон, тэдэн дээр очоод цуг ажиллаж эхэлсэн. Гол нь маргааш шалгарах эсэх нь хамаагүй, тэр 30 хүн хамаг бүхнээ дайчлан нэг баг болж ажиллаж чадсан уу л гэдэгтээ байсан юм. Бид шалгараагүй ч гэсэн бүгд хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун үлдсэн байдаг. Манайд чадварлаг залуус олон байгаа ч хоорондоо хамтарч ажиллах тал дээр дутмаг байдаг юм шиг санагддаг.

Түүнээс гадна туршлага гэдэг зүйлийг заавал туулж авах ёстой гэдэг ойлголтыг хиймэл оюун ухаан гарж ирээд өөрчилж эхэлж байна. Манай нэг найзын хэлсэнээр хүний логик сэтгэлгээ 18 наснаас хойш сайн хөгждөггүй учраас 18 болон 50 настай хүний гол ялгаа нь туршлага байдаг байсан бол орчин үед өөр болжээ. Нэг зүйл дээр туршлага хуримтлуулахаас илүүтэй soft skills буюу бусадтай харилцах, бүтээлчээр сэтгэх, EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь хамгийн чухалд тооцогддог цаг үед ирээд байна. Гэхдээ өөрийнхөө сайжруулах хэрэгтэй гэсэн давуу талаа олчих юм бол тэрийгээ илүү хөгжүүлээд явах хэрэгтэй л дээ. Өмнө нь хүмүүс нэг ажлаа насан туршдаа санаа зовох зүйлгүй хийдэг байсан бол өнөөдөр ажлын байраа сольж байхаас өөр аргагүй, ирээдүйд ажлын байр нь байх эсэх нь ч тодорхойгүй нөхцөл байдалд ажиллаж байна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Энэ буланд “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар олон жил ажилласан П.Батхишиг ахыг санал болгоё. Олон нийтийн сүлжээнд залуу хүмүүст хэрэг болохуйц байгууллагын соёл, менежментийн талаар маш хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг бичдэг юм. Зовлонг нь биеэр мэдэрч буй надад бол бичсэн юмнууд нь яг л оносон мэт санагддаг.