Эдийн засгийн өсөлт тэгш бус байдлыг бууруулахад чиглэх ёстой. Хэн ч ард үлдэж, хоцорч болохгүй.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн

2030

“Ядуурлыг бууруулна” гэх үг дэлхийн өнцөг булан бүрийн улс төр, сонгуулийн амлалт болж, улс дамнасан ямар нэгэн хөтөлбөрийн түлхүүр үгс болжээ. Гэвч ядуурлыг бууруулна гэдэг хэмжихэд хэцүү, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй хэт өргөн хүрээний нийгмийн асуудал юм. Дэлхийд сүүлийн 25 жилд нэг тэрбум хүн ядуурлаас ангижирсан нь ядуурлын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болоод буй. Гэвч манай улсын хувьд гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр, Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд огцом ухралт хийсэн, нэн тэргүүнд анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод байна.

Тиймээс бид Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлын энэ удаагийн дугаартаа ядуурлын голлох шалтгаан, түүнийг бууруулах тухай асуудлыг онцлон хөндлөө.

Тоогоор тайлбарлах нь 

1,000,000,000: Өдгөө дэлхийн нийт хүн амын 8.6 хувь нь туйлын ядуу амьдарч байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд дээрх үзүүлэлтийг 6 хувьд хүртэл бууруулах зорилт тавьсан. Сүүлийн 25 жилд гэхэд нэг тэрбум хүн ядуурлаас ангижраад байна.

0%: Монгол Улс хүн амынхаа 80 хувийг дундаж болон чинээлэг ангилалд хүргэж, ядуурлын түвшинг 0 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ нь 10 жилийн дараа биеллээ олох учиртай ч Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 17 зорилгоос хамгийн ахиц тааруу байгаа нь ядуурлыг бууруулах юм.

28.4%: Манай улсын хүн амын 28.4 хувь нь ядуу гэсэн ангилалд багтаж, сарын 166 мянга хүрэхгүй төгрөгөөр амьдралаа залгуулж байна. Энэ үзүүлэлтийг доошлуулахгүйгээр Тогтвортой хөгжлийн бусад зорилтуудыг биелүүлэхэд бэрхшээлтэй.

+15%: Эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас Монгол Улсын нийт хүн амын 15 хувь нь ядууралд өртөх улаан шугамын ойролцоо байна.

үгээр илэрхийлэх нь 

Эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулах уу?
Манай улсын эдийн засаг сүүлийн 25 жилд тав дахин өссөн ч ядуурлын түвшин дорвитой буураагүйн шалтгаан юу вэ? Хөгжиж буй орнуудын тухайд ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд буюу иргэдийн боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах нь зүйтэй гэж үздэг. Эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулах үндсэн нөхцөл боловч олон хэмжээсийг харгалзан үзэж, түүнийг онилсон шийдэл хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй ажээ.

Бусад улс ядуурлаас хэрхэн гарсан бэ?
Хүний хөгжлийн индексээр Латин Америкийн орнуудыг тэргүүлдэг Чили улс сүүлийн 30 жилийн хугацаанд ядуурлын түвшинг 69 хувиас 8.6 хувь хүртэл бууруулж, найман сая иргэнээ ядуурлаас гаргасан түүхтэй. Гэвч чөлөөт зах зээлд орлогын тэгш бус байдал газар авч, түүнийг эсэргүүцсэн сая гаруй иргэн тус улсын түүхэн дэх нийгмийн хамгийн том хөдөлгөөнийг өрнүүлээд буй юм. Энэ хүрээнд тэд орлогод нийцүүлсэн татварын систем нэвтрүүлэх, жижиг дунд бизнес эрхлэх орчныг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэх, нийтийн тээврийн үнэ тогтворжуулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч буй ажээ.

Тэгш бус байдлыг бууруулах нь
Тэгш бус байдлыг бууруулах нь НҮБ-ын Хүний хөгжлийн 2019 оны тайланд Монгол Улсад тэгш бус байдал нь хүн амын орлогыг 15.7 хувиар бууруулж буйг онцолсон. Тэгш бус байдлыг арилгах гол арга зам нь нийгмийн үйлчилгээний хүртээмж буюу чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй хүнсний хангамж зэрэг юм. Тухайлбал, БНСУ-ын Боловсролын яам боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах зорилгоор 2025 оноос тус улсын өндөр төлбөртэй, элит дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг оны өмнө гаргасан билээ.

онцлох мэдээ 

Эдийн засгийн хямралын улмаас Испани улсад ядуурлын түвшин нэмэгдэж, Европын орнуудыг тэргүүлж буй тухай НҮБ-ын шинжээчид онцоллоо.

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын ядуурлын түвшинг бууруулахад мэдээллийн технологийн салбар чухал үүрэгтэй гэв.

Дэлгэрэнгүй

Скандинавын орнууд хэрхэн ядуурлыг бууруулж, баян, ядуугийн ялгааг багасгасан бэ?

Дэлгэрэнгүй

Санал болгох 

ТАНИЛЦАХ: Үндэсний статистикийн хорооноос 2019 онд гаргасан “Ядуурлын дүр төрх” тайлантай танилцаарай.

ЯДУУРЛЫН ДҮР ТӨРХ - 2018

УНШИХ: Хөгжиж буй орнуудын ядуурлыг бууруулах арга хэмжээнүүд хэрхэн бүтэлгүйтэж буй тухай “NY Times” сэтгүүлд бичсэн нийтлэлийг уншаарай.

NEW HOME FOR EXTREME POVERTY - MIDDLE INCOME COUNTRIES

ҮЗЭХ: “Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдэвт сэтгүүл зүйн дата хакатонд шалгарсан видео контентийг үзээрэй.

ТЭГШ БУС БАЙДЛЫГ ТЭГШИТГЭЕ

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn/

2030