Байгаль дэлхий өнгөө сэргээж, зуны дэлгэр сайхан өдрүүд эхэлжээ. Цэцэгс найгаж, нар ээсэн зуны өдрүүдийг та бүхэн хэрхэн өнгөрүүлэх гэж байна даа? Арай ээлжийн амралтаа хүлээн амралтын өдрүүдээр гэртээ уйтгарлан сууж байгаа юм биш биз? Жилийн хэдхэн сар үргэлжлэх нарлаг өдрүүдийг эрч хүчээр дүүрэн, байгальтайгаа ойр өнгөрүүлэхийг хүсч байвал дараах нийтлэлээс долоо хоног бүрийнхээ амралтын өдрүүдээр аялж болох 7 газартай танилцаж, санаа сэдэл аваарай.

болорын агуй

Гэрэл зургийг: н.Зулзага

Яагаад очих ёстой вэ?

Болорын агуй бол жирийн нэг агуй биш бөгөөд социализмын үед Монголын хамгийн том болор олборлох уурхай байсан газар билээ. Иймд та эндээс хүний гар болон байгаль эхийн хамтран бүтээсэн сонирхолтой бүтцийг харах боломжтой. Магадгүй та аяллын дурсгал болгон жижиг хэмжээний болорыг өөрийн цуглуулгандаа нэмж болох юм. Болорын агуйн үүдээр ормогц газраар нь ягаан болор, усан болор, утаат болор харагдаж, дотор нь олон янзын мөсөн багананцар бүхий 40 метр хонгил үргэлжилнэ. Олон өнгийн гар чийдэн тусган гэрэл зураг авахад тохиромжтой. Мэдээж та Болорын агуйд очих замдаа Тэрэлжийн цогцолбор газарт байх олон зүйлсийг үзэж болно. Сүүлд энд лааны тосон музей нээгдсэн юм билээ.

Хэрхэн очих вэ?

Google Maps дээр харах: Тэрэлж

Олон нийтийн сүлжээнд ихэвчлэн Болорын агуйг олоход төвөгтэй гэж тэмдэглэсэн байдаг боловч тийм ч хэцүү биш. Болорын агуй нь Тэрэлж дэх ШУТИС-ийн дадлагын баазын ард талд бий. Энэ баазад хүрэхийн тулд та Тэрэлжийн гүүр өнгөрөн, Мэлхий хад явах замд байрлах “Аянчин” гэсэн бичигтэй том самбараар зүүн гар тийш шороон замаар салж 5-6 км явна.

Анхаарах зүйлс

  • Болорын агуйд жирэмсэн эмэгтэй, балчир хүүхэд, өндөр настан ороход тохиромжгүй.
  • Агуй руу орохын тулд 60-70 градусын өгсүүр, сул элстэй газраар явдаг учир уулын гутал өмсөх
  • Агуйн ам нурж модоор хаалт хийсэн байдаг тул босоогоороо орох боломжгүй, мөлхөж орох шаардлагатай
  • Агуйд гар утасны гэрэл тусгахаас илүүтэй гар чийдэн авч орох
  • Агуй дотор ямар ч улиралд хүйтэн байдаг тул дулаан хувцаслах

Хустайн нуруу

Яагаад очих ёстой вэ?

Та Хустайн нуруунд очсоноор дэлхий дээрх зэрлэг адууны устаж үгүй болоогүй цор ганц, хамгийн сүүлчийн төрөл (Equus ferus przewalskii Groves, 1986) болох тахийг үзэх боломжтой. Тахь нь байгаль дээр 1969 онд бүрмөсөн устаж байсан боловч 1992 онд энэ зүйлийг бүрэн устгахгүйн тулд дэлхийн амьтны хүрээлэнгүүд 16 зэрлэг адууг манай оронд нутагшуулсан билээ. Энэ тоо толгойг 330 давтал нь хамгаалж чадсан Хустайн нуруу байгалийн цогцолбор газарт очсоноор өөр олон ховор ургамал, амьтныг харах боломжтой. Мөн хажууханд нь Азийн хамгийн олон хүн чулуут цогцолбор болох Өнгөтийн цогцолбор бий. Та эндээс хиргисүүр, буган чулуун хөшөө, дөрвөлжин булш, хадны сүг зураг, Балбал чулуу үзэж болох юм. Мөн очих болон буцах замдаа Молцог элс, Жирмийн цагаан нуурыг үзэж сонирхоорой.

Хэрхэн очих вэ?

Google Maps дээр харах: Хустай нуруу

Хустай нуруунд очихын тулд хотоос 87 км явж, зүүн гар тийшээ 15 км салж очно. Молцог элсээс цааш найм орчим км яваад Хустай нуруу байгалийн цогцолборт газрын судалгааны баазад хүрдэг. Тэнд захиргаа, хүнс, сувенерийн дэлгүүр бий. Баазаас цааш 10 орчим км явж алдарт тахийг үзнэ.

Анхаарах зүйлс:

  • Цогцолбор луу бартаат шороон замаар явах тул хүчтэй машинтай явбал зүгээр
  • Баазынхан зөвхөн тэгш цагт цогцолборт нэвтрүүлдэг гэдгийг санах /зуны улиралд амьтад өглөө оройдоо л харагддаг/
  • Амьтдыг үргээхгүйн тулд 300 метрээс дотогш ойртож, чанга дуу чимээ гаргаж, 40 км/цагаас дээш хурдтай явж болохгүй
  • Байгалийн нөөцөт газар учир хог хаях, буудаллах, замгүй газраар явах хориотой.

аглаг бүтээлийн хийд

Яагаад очих ёстой вэ?

Байгалийн үзэсгэлэнг хүний гараар тордон улам сайхан болгосон газар бол Аглаг бүтээлийн хийд билээ. Хийд өндөр ууланд байрладаг бөгөөд доороо рашаан, эмчилгээний далий ягаан цэцэгтэй. Аглаг бүтээлийн хийдэд та бурхны шашны сургаалын дүрүүд хүний төсөөллөөр хэрхэн амилж бүтээл болон гарсныг харна. Та энэ хачирхалтай зүйлсийг харахаас гадна байгалийн сайхныг мэдэрч, эмчилгээний цэцгэн дунд сууж, рашаан уух боломжтой. Хэрвээ та нэмж хүний гараар бүтээгдээгүй хачирхалтай зүйлс үзмээр байгаа бол цааш 20-30 км явж Борнуур сумын төв дэх Сонин содон зүйлсийн бэсрэг музейд очиж болно. Тэнд нэг өрөөг хэлмэгдсэн лам нарын гавлын ясаар дүүргэсэн байх бөгөөд зургаан хөлтэй хурганы арьс, дөрвөн эвэртэй хонь гээд олон зүйл бий.

Хэрхэн очих вэ?

Google Maps дээр харах: Аглаг бүтээлийн хийд

Аглаг бүтээлийн хийдэд очихын тулд Улаанбаатар хотоос баруун хойш 92 км засмалаар, 7 км шороон замаар явж хүрнэ.

Анхаарах зүйлс:

  • Хийд уулан дээр байдаг учир уулын гутал, уух ус авч явах
  • Далий ягаан цэцгэн дунд суухдаа олуулаа байж нэг нэгнээ унтахаас сэргийлэх, хэт удаан суухгүй байх хэрэгтэй

хар зүрхний хөх нуур

Яагаад очих ёстой вэ?

Хар зүрх ууланд Тэмүжинг их хаанаар өргөмжлөн Чингис цол өгч байсан билээ. Иймд энд Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжин, Алтан ургийн их бага 36 хааны сийлбэрийг байрлуулсан бөгөөд цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг. Цэнгэг уст Хөх нуур нь олон зүйлийн ургамал, амьтнаар баялаг. Та эндээс түүхэн дурсгалт газрыг байгалийн сайхантай хамт үзэх боломжтой.

Хэрхэн очих вэ?

Google Maps дээр харах: Хар зүрхний хөх нуур

Хотоос 170 км засмалаар явж, Хөх нуур гэсэн пайзаар эргэж 40 км шороон замаар явж хүрнэ.

Анхаарах зүйлс:

  • Хүн ихтэй байдаг учир хоноглох төлөвлөгөөтэй бол урьдчилан амралтын газарт захиалга өгөөрэй.
  • Та бүхнийг хог тарихгүй гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жил Эко ТВ, Аюултай Хог Хаягдлын холбоо хамтран тэндээс 17 тонн хог ачуулсан гэсэн шүү.

хагийн хар нуур

Яагаад очих ёстой вэ?

Та жинхэнэ онгон байгалийг харж, өөрийгөө соримоор байгаа бол Хагийн хар нуурыг зориуштай. Гагцхүү та экстрим аялалд бэлэн үү? Хагийн хар нуурын ойролцоо хүний гараар бүтээсэн ямар нэг дурсгал, амралтын газар төдийгүй утасны сүлжээ ч байхгүй. Тэр байтугай Хагийн хар нуур луу машинаар очих боломжгүй бөгөөд ойр хавьд нь ямар ч айл байхгүй. Тийш зоривол та эрүүл мэнд, хоол хүнс, аюулгүй байдлаа өөрөө хангах шаардлагатайг анхаараарай.
Мазаалай аяллын клубын ахлагч М.Дархижав: Хагийн хар нуурт очиж байж л өөрийгөө аялагч гэж нэрлэх хэрэгтэй. Ялангуяа явганаар туулан хүрч, өмдийг чинь торлог өвс яаж “будаа болгохыг” харвал жинхэнэ аялагч болж хатуужна гэж би боддог.

Хэрхэн очих вэ?

Google Maps дээр харах: Хагийн хар нуур

Улаанбаатар хотоос Багануур орж, тэндээсээ мэргэжлийн хөтөч, жолооч, морьтой явбал зүгээр. Бас нисдэг тэрэг ч түрээслэн очиж болно гэдэг. Туршлагатай хүмүүсийн хамт явган аялал хийж болно.

Анхаарах зүйлс:

  • Мэргэжлийн хөтөч, өмнө нь очиж байсан хүнтэй хамт явах
  • Анхан шатны эмнэлгийн тусламжийн хэрэгсэл авч явах
  • Аяллын хэрэгсэлээ бүрэн базаах
  • Баавгайтай газар учир хавар амьтад ичээнээсээ гарах үеэр явахгүй байх
  • Энэ аялалд хоёр хоног шаардлагтай гэж тооцоолдог боловч зуны улиралд шавраас болж аяллын хугацаа уртасч хоёроос илүү хоног зарцуулагдаж магадгүй тул бэлтгэлтэй явах
  • Амаргүй аялал учраас бие махбод, сэтгэл санааны бэлтгэлтэй байх

Сайхны хөтөл

Гэрэл зургийг: А.Ариунболд

Яагаад очих ёстой вэ?

Сайхны хөтөл анх Тэмээн хүзүүтийн хөтөл гэх нэртэй байсан ч Д.Сүхбаатар жанжин анх “Үнэхээр сайхан хөтөл юм аа” гэж уулга алдсанаас хойш бидний дуудаж заншсанаар нэрийдэх болов. Энэ газар Оростой хиллэдэг бөгөөд өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгалтай. Сайхны хөтөлд Орхон, Сэлэнгэ мөрөн нийлж Байгаль нуурт цутгадаг билээ. Та очих эсвэл буцах замдаа алдарт Тужийн нарсанд зургаа татуулж, домогт Гүн нуурын эрэгт сууж, Ээж модонд хүслээ шивнэж болно. Замдаа Сэлэнгийн загас, талх амтлахаа маруузай.

Хэрхэн очих вэ?

Google Maps дээр харах: Сайхны хөтөл

Сайхны хөтөл Сэлэнгэ аймгийн төвөөс арван км-ийн зайнд байдаг учир та заавал машин биш галт тэргээр явсан ч болно. Сүхбаатар хотод очоод та Сайхны хөтөл руу машин хөлсөлж, эсвэл явган аялал хийсэн ч болно. Машинаар явах бол та замаараа Дархан хотоор дайрч болно.

Анхаарах зүйлс:

  • Байгал цаг уурын онцлогт тааруулан шумуулын тос, нарны тос авч явах
  • Зураг даруулахад нэн тохиромжтой газар учир камер авч явах
  • Нарны малгай, нүдний шил, дулаан хувцас авч явах
  • Зураг даруулахын тулд эгц өндөр хад асга руу авирахгүй байх

цонжин болдог

Яагаад очих ёстой вэ?

Цонжин болдогт дэлхийн хамгийн том морьт хөшөө болох 250 тонн ган төмрөөр урлагдсан Чингис хааны морьт хөшөөт цогцолбор бий. Доорх музейгээс нь та дэлхийн хамгийн том монгол гутал, Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрний үеийн дургсгал үзэх боломжтой. Үүний дараа амралтын газар, эсвэл туул голын эрэгт хоноглон нэг өдрийг цэвэр агаарт өнгөрөөж болно. Иймэрхүү байдлаар гэр бүлийнхэнтэйгээ явбал илүү тохиромжтой. Гэхдээ сэтгэл догдлом романтик болзооны ч хувилбар бий шүү. Та Цонжин болдогоос нисдэг тэрэг түрээслэн аялж болдог гэдгийг мэдэх үү? Энэ жирийн онгоцоор нисэхээс ялгаатай нь хамаагүй доогуур нисэж байгалийн үзэсгэлэнг тольдон харах төдийгүй илүү хувийн шинжтэй. Ихэнх тансаг аялалд энэ төрлийн зугаа заавал багтдаг. Гэхдээ нисдэг тэргээ урьдчилан захиалахаа мартав аа. Дараа нь голын эрэг дээр сууж, ойр орчимд байдаг тансаг амралтуудын нэгд хоноглож болно.

Хэрхэн очих вэ?

Google Maps дээр харах: Цонжин Болдог

Цонжин болдог нь Улаанбаатар хотоос 54км зайтай. Иймд та хувийн унаагар эсвэл City tour аяллын автобусаар явсан ч болно.

Анхаарах зүйлс:

  • Хэрвээ нисдэг тэргээр зугаалах гэж байгаа бол заавал урьдчилан захиалга өгөх
  • Нисдэг тэргээр тархи болон зүрх судасны өвчтэй хүмүүс, 120кг-аас дээш жинтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд нисч болохгүй
  • Гадаадын жуулчид, дотоодын аялагчид их учир амралтын газар урьдчилан захиалга өгөх