Та ажил, амьдрал гэсээр ном унших завгүй л явна уу? Унших завгүй бол сонсож болно гэдгийг мэдэж байгаа биз ээ. Аудио ном нь жирийн номыг уншиж аудио хэлбэрт оруулсан хувилбар юм. Сонсдог ном нь аль тэртээ 1930-аад оны бий болсон аж. Харин олон арван жилийн дараа өнөө үед "моод" болж байгаа нь хүмүүсийн завгүй амьдралын хэв маягтай холбоотой. Замын түгжрэлд нэлээд цагийг өнгөрүүлдэг Улаанбаатарын иргэдэд сонсдог ном бол бүр ч тохиромжтой контент юм. Өнөөдрийн нийтлэлээр бид аудио номтой холбоотой сонирхолтой баримтууд, сонсох аргууд, зарим сонсогчийн зөвлөгөөг хүргэе.

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Аудио номыг та гар утас, таблет, нөүтбүүк гэх мэт дуу гаргадаг төхөөрөмж болгоноос сонсож болно. Зарим монгол номууд CD-ээрээ гарсан байдаг тул тоглуулж ч болно. Аудио номыг анх хуурцагт буулган номын сангуудад хадгалж, дэлгүүрт зардаг байсан бол одоо бид гэртээ сууж байгаад интернетээс татаж авах буюу худалдан авах боломжтой болжээ. Ийм ч учраас аудио номын хэрэглэгчид цаг минут тутам өссөөр байна. Ташрамд сонирхуулахад, сонсогчдын сэтгэгдлээс харахад хүмүүс ихэвчлэн хүнд биш буюу уран зохиол, түүх, хувь хүний хөгжлийн номуудыг сонгон сонсдог байна. Ингээд аудио номтой холбоотой хэдэн сонирхолтой баримтыг хүргэе:

-Дундаж сонсогч жилд 15 ном дуусгадаг.
-Сонсогчдын 54 хувь нь 45-аас доош насныхан.
-Нийт сонсогчдын 73 хувь нь гар утаснаасаа сонсдог.
-Аудио номын борлуулалт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд АНУ дахь борлуулалт 2016 онд 2.1 тэрбум доллар байсан бол 2017 онд 2.5 тэрбум доллар болж өсжээ.

Аудио НОМЫГ хаанаас сонсох вэ?

Аудио ном сонсоход зориулагдсан олон төрлийн аппликейшн, вебсайтууд бий. Дараах жагсаалтад IOS, Android үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой, түгээмэл хэрэглэгддэг аппликейшнуудыг орууллаа.

Англи хэлээр сонсож болох аппликейшнууд:

1. Audible – Энэ төрлийн хамгийн алдартай апп болох Audible-ийн хамгийн том давуу тал нь 200,000 номоос бүрдэх онлайн сан юм. Энэ аппликейшн нь энгийн загвартайгаас гадна зогсох цагийг нь тохируулах сонголт, таалагдсан хэсгээ тэмдэглэх боломжийг олгодог. Мөн та хүсвэл эндээс подкаст сонссон ч болно. Сарын төлбөр 14.95$.

Дэлгэрэнгүй: Апп тойм: Audible - Ном сонсож оюунаа хөглө

2. Scribd– Энэ апп-ийн гол давуу тал бол хямд үнэ. Харамсалтай нь Санд нь Audible-аас хавьгүй бага буюу 70,000 ном байдаг болоод ч тэр үү, харьцангуй хямд үнэтэй. Хэрвээ та энэ сайтаас шилдэг 100 номыг хайх юм бол 50 орчим нь гарч ирэх байх. Төлбөр нь сарын 8.99$.

3. Kobo Audiobooks – Давуу тал нь хэрэглэхэд хялбар. Мөн харьцангуй хямдханаас гадна эхний нэг сар туршилтаар үнэгүй ашиглах боломжтой. Сарын төлбөр 9.99$.

4. Audiobooks.com – Үнэ болоод дизайны хувьд Audible-тай их төстэй. Гэхдээ татаж авах боломжтой номын тоо нь 80,000 гаруй. Сарын төлбөр 14.95$.

Монгол хэлээр сонсож болох аппликейшнууд:

1. M plus
– Энэ аппликейшнд гишүүнчлэлийн төлбөр гэж байхгүй. Та өөрийн сонсохыг хүссэн номоо сонгон худалдаж авна. Бас үнэгүй номууд ч бий.

Дэлгэрэнгүй: Апп тойм: 'M+' - Цахим номын сангаар цангаагаа тайл

2. AzBooks– Аудио ном хэсэгт нь голдуу үлгэр, туужууд байдаг. Тэдгээр нь үнэгүй юм билээ.

Аудио НОМ сонсогчдын зөвлөгөө

Unread Media-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа (Зак)

Миний хувьд ажилдаа холоос ирж буцдаг тул өдөрт бараг 3-4 цагийг машинд түгжирч өнгөрөөдөг. Энэ цагийг арай үр дүнтэй өнгөрөөхийн тулд аудио ном сонсдог. Ингэхдээ голдуу Audible-ийг ашигладаг. Scribd-ийг нэг хэсэг туршиж үзсэн боловч яагаад ч юм таалагдаагүй. Аудио ном сонсохдоо баримталдаг нэг гол зарчим гэвэл аль болох зохиогч нь өөрөө уншсан номуудаас зайлсхийх. Учир нь хэчнээн алдартай, ач холбогдолтой ном байсан ч зохиогчид нь хэт нэгэн хэвийн байдлаар, "нойрны" уншчихсан байх нь элбэг. Мэргэжлийн өгүүлэгч хүн мэдрэмжтэйгээр, сэтгэл хөдлөл, үйл явдлыг шууд тархинд буухуйц байдлаар уншсан номуудыг сонгохыг хичээгээрэй. Харин Мишель Обама өөрийн намтар номыг их сүрхий уншсан байна лээ. Мөн “туулайчлах” арга зааж өгөхөд Audible дээр авсан аудио номоо буцаах сонголт байдаг. Хэрвээ хурдан сонсоод дуусчихвал шууд буцаагаад өөр шинэ номоор солиод авчих боломжтой. Нэг номын үнээр хоёр ном сонсоно гэсэн үг. Дуусгалгүйгээр гар утасны апп руу нь татаж авчихаад буцааж бас болно. Татаад авчихсан тохиолдолд апп дотроо үргэлжлүүлэн сонсох боломжтой байдаг юм. Гэхдээ олон дахин ингээд байвал блоклуулах магадлалтайг анхаараарай.

Print Pro-г хамтран
байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Эрхэмбаяр

Мэдээллийг ууж идэхгүй л бол болохоо байсан өнөө үед аудио ном сонсоно гэдэг маш зөв сонголт. Аудио номыг сонсонгоо ойр зуур юм хийж болдог нь таатай байдаг. Хэрвээ түгжрээнд цагаа дэмий үрмээргүй байвал аудио ном сонсохыг зөвлөе. Магадгүй аль хэдийн сонсоод эхэлчихсэн бол аудио номынхоо хурдыг 1.5 дахин нэмээд үз. Ингэх юм бол 45 минутанд авах мэдээллийг 30 минутад авчихна гэсэн үг. Бас сарын гишүүнчлэлийн төлбөр үнэтэй санагдаад байвал Netflix-ийг найзуудтайгаа авдаг шигээ хуваагаад авчихаж болно. Гэхдээ нэг цаасан номыг авах үнээр бүтэн сар ном сонсох эрх олоод авчихаж байгаа юм. Сайн номыг сонсоход яагаад мөнгө төлж болохгүй гэж. Бас нэг зүйлийг сануулахад, чих ядраахааргүй чихэвч сонгоорой. Заавал үнэтэй байх албагүй, дуугаралт нь л сайн байхад болно. Номын сандаа биет ном хураахаас илүүтэй номыг агуулгыг олж мэдье гэсэн хүнд бол аудио ном сайн сонголт шүү.