Мэдээллийн урсгал нэмэгдэхийн хэрээр бид улам л завгүй, улам л ачаалалтай байх болов. Орчин үед бид илүүг бүтээж, нэг алхам урд алхахын тулд нэг ёсондоо нийгмийн трендтэй, цаг хугацаатай уралдах шаардлагатай болоод байна. Тийм ч учраас цаг, энерги хэмнэх, ажил хөнгөвчлөх шинэ технологи, арга замуудыг эрэлхийлэн, өөрт тохирохыг олж зөв зохистой хэрэглэх нь нэн чухал юм. Энэ удаагийн нийтлэлдээ бид орчин үеийн ажил хэрэгч мэргэжилтнүүдийн цагаа хэмнэж, ажлаа хөнгөвчилж буй сонголтуудыг онцолъё.

ухаалГААР ЗОРЧИХ НЬ

Тайванийн нэгэн компанийн захирал үйлдвэр дотроо ойр ойрхон их алхах, хөдлөх шаардлагатай байсан тул скүүтэрийг цахилгаан болгож үйлдвэртээ ашигласнаар 1983 онд орчин цагийн энэ ухаалаг унааны түүхийг эхлүүлжээ. Энэ нь улмаар хот дотор ойр зайнд байнгын хөдөлгөөнтэй байдаг хүмүүсийн унааны асуудлыг шийдсэн явдал болсон юм. Унадаг дугуйг бодвол жийж ядрахгүй, аюулгүй хэрхэн харьцангуй хурдан гэдгийг нь онцлууштай.

Дундаж хүчин чадалтай скүүтэр нэг удаа цэнэглэлтээр ойролцоогоор 15-20 км туулж, 25 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Хотын хэрэглээнд энэхүү үзүүлэлтүүд хангалттай бөгөөд та өдөржин скүүтэрээ унаад ч цэнэг нь дуусах явдал бараг гарахгүй. Дэлхийн хотуудад унадаг дугуй хуваалцах үйлчилгээ шиг скүүтэр хуваалцах үйлчилгээ аль хэдийн нэвтрээд буй. Үүнд Bird, Lime нарыг дурдаж болно. Цахилгаан скүүтэрийг албан ёсны дэлгүүрээс нь захиалах, Улаанбаатар хотод байрлаж буй хэд хэдэн цэгээс шууд худалдан авах боломжтой. Замын түгжрэл ихтэй, ажил хэрэг, бизнесийн гол байгууллага, үйлчилгээнүүд нь харьцангуй нэг дор төвлөрсөн Улаанбаатар хотод ирээдүйтэй унаа тул та бүхнийг сонирхон судлаад үзэхийг уриалъя.

Санал болгох сонголт: Razor RX200, Mi Scooter Pro

ЭРҮҮЛ МЭНДЭЭ УХААЛГААР ХЯНАХ НЬ

Ухаалаг бугуйн цагийг тансаг хэрэглээнд тооцдог байсан үе аажмаар халагдаж байна. Ухаалаг бугуйн цаг нь гар утастай холбогдож текст, дуудлагаа цагнаасаа хянах, заавал дэлгэц ширтэхгүйгээр хэрэгцээт мэдээллүүдийг авах давуу талыг олгодог.

Үүний зэрэгцээ эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хянах, дасгал хөдөлгөөнтэй хавсарч хэрэглэх боломжтой байдаг нь тун чухал хэрэглээ юм. Эрүүл мэндэд тустай, биеийн байдлаа хянах үйлдлүүд нэмэгдэх тусам хүмүүс худалдан авах сонирхолтой болж байгаа бөгөөд ялангуяа ECG буюу электрон төхөөрөмжөөр зүрхний цохилт, хэмнэлээ хянах боломжийг ухаалаг бугуйн цаг олгох болсноор олон нийтийн харах өнцөг илт өөрчлөгдөөд буй. Apple, AliveCor зэрэг тус зах зээлийн гол тоглогчид эрүүл мэндийн бүр олон боломжийг санал болгоно гэдгээ ч мэдэгдээд байгаа юм. Зүрхний цохилтоо хянахаас эхлээд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх, хяналт тавих эдгээр олон боломж нь анагаах ухааны салбарт том өөрчлөлтийг авчирна гэгдэж байна.
Эрүүл байна гэдэг явж явж хамгийн их цаг хэмнэх хамгийн үр дүнтэй арга билээ.

Санал болгох сонголт: Techradar - iWatch Review

УХААЛГААР мобайл төлөвлөлт хийх нь

Орчин үеийн залуусын эзэмших ёстой нэг чадвар бол яах аргагүй технологийг дадамгай ашиглах явдал. Электрон хэрэгслүүдийн апп, програмууд дээр ажиллаж сурах, ажил амьдралдаа үр дүнтэй ашиглах нь давуу тал гэхээсээ ердийн шаардлага гэмээр зүйл болжээ. Та бүхэн манай мягмар гарагийн “Технологийн тойм” булангаас энэ чиглэлийн мэдээллүүдийг авах боломжтой.

Гар утсаар ажил хэрэг явуулах, мартаж болшгүй нэг "зэвсэг" бол үүрэн телефоны боломжууд билээ. Ялангуяа завгүй, ажил хэрэгч мэргэжилтнүүдийн хувьд дата, яриа, мессежнийхээ багцыг зөв сонгох нь чухал. Бидний зүгээс энэ тал дээр Юнителийн “Smart Talk” багцыг онцолж байна. Шууд утсаар ярьж асуудлыг хурдан шийдвэрлэхийг зорьдог мэргэжилтнүүдийн хувьд “Smart Talk” үйлчилгээг сонгосноор Юнителийн сүлжээнд хязгааргүй үнэгүй ярьж, бусад сүлжээнд ердөө 45 төгрөгөөр дуудлага хийх юм. Ташрамд дуулгахад Юнителийн дугааргүй хүмүүс Smart Talk үйлчилгээний шинэ хэрэглэгч болбол 6 сарын турш Фэйсбүүкийг дата унагаалгүй ашиглах эрхтэй болох гэнэ шүү.

Замын түгжрэл ихтэй Улаанбаатар хотод энгийн дуудлага болоод видео дуудлага ашиглан асуудлыг шийдвэрлэж, онлайнаар "уулзалт" хийж дадах нь цаг хэмнэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг билээ.

Санал болгох сонголт: Юнителийн "Smart Talk" багц

УХААЛГААР ТУСЛАЛЦАА АВАХ НЬ

Siri, Google Assistant гэх мэт хэлсэн үгийг сонсож, даалгасан зүйлсийг биелүүлдэг дижитал туслахууд улам л боловсронгуй болж байгааг та мэдэх үү? Олон хүний нэг их анзаардаггүй энэ технологи өдрөөс өдөрт сайжирсаар удахгүй залхуу хүрэм маш олон ажлыг бидний өмнөөс амжуулдаг болох үе хаяанд иржээ.
“Siri” л гэхэд таны хэлснийг твиттер дээр жиргэх, сэрүүлэг, сануулга тавих, календарийг тань шүүж өгөх, имэйл дундаас хайлт хийх, нислэгийн боломжуудыг санал болгох, Google-ээс хайлт хийх гэх мэт олон үйлдлийг хийж таны цагийг хэмнэх чадвартай. Ирээдүйд магадгүй бидний өмнөөс ч онлайн уулзалт хийж мэдэх, улам хөгжсөөр буй энэ технологийг эртнээс идэвхтэй ашиглаж, ажлын арга барилтайгаа уялдуулбал тун ч их цаг, энергийг хожих боломжтой юм.

Миний хувьдаа Google Assistant-ийг ашигладаг. Google Assistant чанга дуугарах үед санаачилгаараа “Танд юугаар туслах вэ?” гээд шууд автоматаар ажиллах эхэлдэг. Санаачилгаараа миний зургийн цомог дахь зургуудыг янзлаад өнгө, гэрлийг нь сайжруулаад санал болгодог. Заримдаа гэрэл зургуудыг таглачихсан, Notes доторх тэмдэглэлүүдийг ангилчихсан байх нь бий.

Ер нь завгүй, ажил хэрэгч хүмүүс бусадтай харилцахдаа аудио мессеж явуулах, бодсон санасан зүйлсээ дуу хураагуурт маш хурдан "хэлж" тэмдэглэх гээд аудио хэлбэрээр мэдээлэл солилцох, хадгалахыг дадал болгууштай санагдсан.

Санал болгох сонголт: Google Assistant-ийн хийж чадах, таны мэдэхгүй 9 зүйл

ухаалгаар МЭДЭЭЛЭЛ АВАХ НЬ

Мобайл аппуудаас ирэх олон олон сонордуулгууд, сошиал медиа дээр секундийн дотор л гарч ирэх шуурхай мэдээнүүд, вэбсайтуудын тренд сэдвүүд. Эдгээр нь бидэнд мэдээллээс огт хоцроохгүй байгаа мэт боловч нөгөө талаас хэт их мэдээллээр дарж, чухал зүйлсдээ төвлөрөх боломжийг үгүй хийж байдаг. Бод доо, өнөөдөр дэлхий дээр нийт 1.6 тэрбум гаруй вэб байгаагаас 200 сая нь идэвхтэй мэдээлэл хүргэж байна!Тиймээс мэдээллийн далай шиг урсгалаас өөрт хэрэг болох мэдээллийг хялбар аргаар авдаг байх нь бусдаас давуу байдал үүсгэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Яаж асар өргөн мэдээллийн урсгалаас үр дүнтэй мэдээлэл авах вэ?

Машинд түгжрээд явж байхдаа подкаст сонсох, тогтсон өдөр, цагуудад имэйл товхимлоос мэдээллээ багцалж авах, тухайн өдрийн чухал мэдээллүүдийг нэгтгэн нэг дор хүргэх сувгуудыг сонгох гэх мэт аргуудыг онцолж болно. Жишээ нь Unread Media-ийн хувьд ч завгүй уншигчдадаа зориулан тухайн 7 хоногт өрнөсөн дотоод, гадаадын онцлох мэдээнүүдийг 7 хоногийн тойм булангаараа багцалж хүргэдэг билээ.

Санал болгох сонголтууд:
"Тогтвортой хөгжил - 2030" цахим товхимол
Pocket - Хэрэгцээт контентыг хялбархан хадгал
Buffer - Сошиал хаягуудаа нэг дороос