Та заримдаа часхийсэн гоё амттай хоол хийж найз нөхдөө, гэр бүлийнхнээ баярлуулъя гэж боддог л биз дээ? Эсвэл гадуур хооллоё гээд амттай хоолтой газар олох гэж нэлээн цаг алддаг уу? Тэгвэл танд хоолны жор, хийх аргуудыг багтаасан болон Улаанбаатар хотын зоогийн газруудын дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан монгол, гадаад аппуудыг танилцуулъя.

Gertee

Хоолны жороор дагнан гарсан анхны монгол апп. 2016 оноос эхлэн тасралтгүй хөгжүүлж ирсэн уг аппаас та гарын доорх материал ашиглан хийж болох жоруудтай танилцаарай. Баярын үеэр тухайн баяртай холбоотой хоолны жор илгээдэг тул яг л таны хувийг туслах шиг байж чаддаг. Мөн кл.калорийн хэмжээг харуулдаг учир биеийн жингээ хянаж байгаа хүмүүс хэрэглэхэд дөхөм болжээ.
Зурагт үзүүлсний адилаар хоол хийх дараалал нь маш ойлгомжтой. Мөн хоол тус бүрийг нь хийх зааврыг дүрс бичлэг хэлбэрээр хавсаргадаг учир ойлгохгүй байх вий гэж бүү санаа зовоорой.

Татах: iOS, Android

UBmenu

Өдрөөс өдөрт тоо, төрөл нь нэмэгдсээр байгаа зоогийн газруудаас сонголт хийхэд тун түвэгтэй байдаг шүү дээ. Тэгвэл UBmenu апп-ийн тусламжтайгаар энэ асуудлыг шийдэж болох нь. Апп-д бүртгэлтэй зоогийн газруудыг болзоонд, охидын уулзалт, өдрийн хоолны сет, арга хэмжээ, 10-аас дээш давхарт гэх зэрэг 10 гаруй төрөлд хуваасан байх учир хүссэн зоогийн газраа олоход тун хялбар. Түүнчлэн бүртгэлтэй зоогийн газруудын цэс, дотоод, гадаад засал, зай талбайн зохион байгуулалт зэргийн зургийг харж болно.
Хамгийн онцлох зүйл нь гарцаагүй хямдралын купон хэсэг юм. Энэ хэсэгт зөвхөн апп-ийн хэрэглэгчдэд зориулж гаргасан хямдралуудын мэдээлэл байдаг. Та хямдрал авахын тулд апп-д бүртгүүлсэн байхад л хангалттай.

Татах: iOS, Android

ЗООГ

User experience сайтай буюу хэрэглэхэд хялбар, ойлгомжтой. Уг аппаас зоогийн газруудыг бэйкэри, түргэн хоол, кафе гэх мэтээр нь ангилан харахаас гадна утасныхаа GPS-ыг асааж өөрт ойр байгаа зоогийн газруудыг харж болдог. Мөн өглөөний цай, өдрийн хоол, хотын үдэш гэсэн ангиллуудыг ашиглан хайж буй зоогийн газраа олж болохоос гадна хоол хүргэлт гэсэн хэсгээс хүргэлтийн үйлчилгээтэй зоогийн газруудаас хоол захиалах боломжтой. Бас нэгэн давуу тал нь тухайн зоогийн газрын wifi, машины зогсоол, карт унших боломжтой эсэхийг, хаяг, цагийн хуваарь, холбоо барих мэдээллийн хамтаар товч тодорхой харуулдаг.

Татах: iOS, Android

BigOven, Yummly, Easy Vegetarian

Энэ чиглэлдээ шилдэгт тооцогддог гадаад аппуудад дараах гурван апп-ийг дурдъя.

BigOven - Хамгийн олон буюу 500 гаруй мянган төрлийн хоолны жор санал болгодог апп. Хэрэглэгчид өөрсдөө жор нэмэх боломжтой учир хоолны нэр төрөл хийх аргууд өдрөөс өдөрт нэмэгдэж, чанаржиж байдаг. Хүссэн хоолны жороо хадгалах, хоолны төлөвлөгөө гаргах, авах хүнсээ тэмдэглэх зэрэг энгийн хэрнээ заавал байх боломжуудтай. Татах: iOS, Android

Easy Vegetarian - Цагаан хоолтнуудад зориулсан хоолны аппууд дундаа шилдэгт тооцогддог. Хоолны жорны аппуудад ямар байх ёстой тэдгээрийг бүгдийг хангасан апп гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Хэрвээ та цагаан хоолтон бол уг апп-ийг туршаад үзэхийг санал болгоё. Татах: iOS, Android

Yummly - Хоол хийх аргачлалыг зөвхөн бичгээр бус дүрс бичлэгээр тайлбарласан байдаг учир хэн ч байсан дагаад хийх боломжтой. Сонирхсон хоолныхоо орц, найрлагыг дэлгүүрээс авах жагсалтдаа шууд нэмэх, тухайн хоолны илчлэгийн мэдээллийг маш дэлгэрэнгүй харах зэрэг цаг хэмнэх үйлдлүүдтэй. Түүнчлэн хоолны жоруудыг хүүхэд, хаврын улиралд, хурдан хугацаанд зэргээр сонирхолтой, ойлгомжтой байдлаар ангилсан байдаг. Татах: iOS, Android


Нийтлэлийг Д.Түшигт-Эрдэнэ