2015.09.23. Энэ бол Unread-ийн анх олны хүртээл болсон өдөр билээ. Unread хэмээх хөлөг онгоц задгай далайд гараад 2 жил болчихсон байна. Жил бүрийн төрсөн өдрөөрөө бид ямар нэг онцгой зүйл хийхийг хүсдэг. Өнгөрсөн жил, нэг насны ойгоороо бид "Unread хэрхэн ажилладаг вэ?" хэмээн өөрсдийн ажлын арга барилыг танилцуулж байсан бол энэ удаа уншигч та бүхэндээ чин сэтгэлийн үгсээ дайсан онцгой нэгэн захидлыг хүргүүлж байна. Ингэхдээ гурван үүсгэн байгуулагч маань Unread-ийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар өөрсдийн үгээр хүүрнэлээ. Хариу захидал бичихийг хичээнгүйлэн хүсье :)
Өнгөрснийг дүгнэхүй
Unread-ийг хамтран байгуулагч Д.Ганзориг
Хүндэт Уншигч танаа,
Яг хоёр жилийн өмнөөс бидний амьдрал маш түргэн хэмнэлтэй болж эхэлсэн юм. Батугийн оффис дээр шөнө 3 өнгөртөл суугаад өглөө нь 11 цагийн үед “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагаа анхлан цацсанаас хойш сар өдрүүд долоо, долоо хоногоор харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд 2 жилийг ардаа үджээ.
Үнэнийг хэлэхэд, бид www.Unread.Today гэсэн хачин нэртэй, өдөрт нэгхэн нийтлэл оруулах, базаж хайрцагласан долоон булантай, 100-аас дээш тэмдэгтээр сэтгэгдэл оруулахыг “шаардсан” сайтаа хүмүүст таалагдана гэдэгт нэлээд итгэлтэй байв. Энэ хүлээлтийн цаана хэд хэдэн шалтгаан байсан юм.
Эхлээд сайтын агуулга талаас ярья. Ижил санаа бодолтой, сонирхол нэгтэй бидэнд бизнес, технологийн чиглэлийн чанартай контент бүхий монгол сайт харагддаггүй байв. Бизнес, технологийн ч гэж, ер нь хоёр жилийн өмнө яг тодорхой сэдвээр төрөлжсөн сайтууд тун ховор байлаа. Энэ үед бидний энтрепренер зөн нэгийг хэлэх шиг болсон. Хэрвээ чиний хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээ байхгүй байвал, олдохгүй байвал, түүнийгээ өөрөө бүтээ! Энэ бол энтрепренер хүний алтан дүрэм билээ. Эндээс л шинээр төрөн гарч буй гарааны бизнес, үйлчилгээ, аппликэйшин, номуудыг танилцуулах, тэдний хэрэглэгчдэдээ хүрэх гүүр болох талбарыг бий болгоё гэсэн санаа маань урган гарсан. Бид зорилтот уншигчдаа, өөрсдөө дотор нь багтах 20-35 насныхан буюу залуу мэргэжилтнүүд байхаар сонгосон юм. Ямар контентийг бид уншихыг хүсэх вэ гэж өөрсдөөсөө асуун анх контентуудынхаа санааг гаргаж байлаа. Энэ насныхан яаж өөрийгөө сайжруулж хөгжүүлэх вэ, хэрхэн илүү бүтээлч болох вэ, яаж шинэ бизнес эхлүүлэх вэ, хэрхэн карьераа ахиулах гэж хамгийн ихээр боддог шүү дээ.
Гэхдээ шинэ бүтээгдэхүүний хэлбэр хийц нь хүний нүдэнд агуулгаасаа түрүүнд тусдаг. Хэлбэр талаасаа бид эрс ялгарах ёстой гэдгээ ухамсарлаж байлаа. Манай цахим орчинд нэг асуудал байдаг нь ихэнх сайтууд аль болох олон сэдвээр, аль болох л олон мэдээ мэдээлэл нийтлэхийг эрмэлздэг. Үүний эсрэгээр бид нэг өдөрт нэг л чанартай, оригиналь контент нийтэлье гэж шийдсэн. Бас өөрсдийн цаг зав, нөхцөл боломжид ч нийцүүлсэн нь тэр. Контентийн загвар, ярилцлагын асуултуудаа эхнээсээ нэг мөр тогтоосон нь уншигчдад биднээс юу хүлээх хэрэгтэйг ойлгуулсан, өөрсдөд маань ч цаг хэмнэн хурдтай ажиллах боломжийг олгосон юм. Сэтгэгдэл бичих соёл манайд тааруу байгааг өөрчлөхийг хүссэндээ бид 100-аас дээш тэмдэгтээр сэтгэгдэл бичих “Твиттерээс урвуу”, багахан ч гэсэн хөдөлмөр гаргахыг хүссэн сонирхолтой дүрэм гаргаж, сэтгэгдлийг соёлыг бий болгоё гэж уриалсан. Нийтлэлүүдээ унших ёстой имэйлтэй зүйрлэн Unread гэж нэрийдэн, www.Unread.Today гэх домайн авсан нь утга учиртай, бас хэлбэр талаасаа шинэ цагийг бэлгэдсэн хэрэг байв. Ер нь л бид юм юмаараа шинэлэг, бүтээлч, содон байхыг эрмэлзсэн. Уншигчдаа ч тийм байгаасай, тийм болоход нь туслах болно хэмээн бид сайтаа “Бүтээгч хүмүүст зориулав” гэх уриатай болгосон билээ.
Ингэж л бид сайтаа эхлүүлсэн юм. Уншигчид маань баяртайгаар хүлээн авахад бид зөв зүйлийг эхлүүлжээ гэж урамшсан, илүү ихийг хийхээр тэмүүлсэн. Зарим сэтгүүлчийн бүтээлч бус байдлаас үүдэн нэр хүндэд нь сэв суусан цахим сэтгүүл зүйн нөхцөл байдлыг өөрчлөх эхний алхмыг хийж чадсан гэж бид итгэдэг. Өнөөдрийг хүртэл бид анх гаргасан нийтлэлийн бодлогоо тууштай үргэлжлүүлж, оригиналь, эерэг, хараат бус байх гэж тодорхойлсон үнэт зүйлсээ алдалгүй барьж ирсэндээ баяртай байна. Энэ хүртэл биднийг тусалж дэмжиж ирсэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархан байна.
Медиа бол хүссэнээрээ бүтээлч байж болдог, нөлөөлөл ихтэй салбар. Орчин цагийн технологийн дэвшил, сошиал медиагаас үүдэн хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ л чухал салбарт бид өдөр бүхэн - эхлэл цэг гэдгийг гүнээ ухамсарлан, чигээ алдалгүй, гэрэлт цамхгийг зорих ёстой.
Одоог цэгнэхүй
Unread-ийг хамтран байгуулагч А.Ундрал
Өнөөдөр бид 2 насны ойтойгоо золгож байна. 100 зочин, 100 бизнес, 100 апп, 100 зөвлөмж, 100 ном, 100 тойм. Гойд сүртэй, том тоо биш байж магадгүй. Гэхдээ өдөр бүр хүргэдэг нийтлэл бүрийн ард, түүн доторх агуулга, өгүүлбэр бүрийн хойно Unread-ийг тодорхойлох илүү шинийг эрэлхийлсэн, илүү сайн руу тэмүүлсэн хандлага, сэтгэл бас зүтгэл шингэсэн байдаг. Биднийг үргэлж дэмжиж, бүтээлчээр шүүж, улам урагшлах эрч хүчийг бэлэглэдэг уншигч та бүхний итгэлийг алдахгүйн төлөө бид хэзээ хэзээнээсээ ч илүү урам зориг дүүрэн энд зогсож байна. Өмнө ч хэлж байсан, бид яг л сайтаа дөнгөж нээгээд, хүмүүс хэр хүлээж авах бол хэмээн минут тутамд хуудсаа ачаалж байсан эхний өдөр шигээ л сэтгэл хөдөлж, догдолдог хэвээр.
Unread-ийн уншигчидтай уулзсан тохиол бүр, ирүүлсэн цахим шуудан бүр надад гүн сэтгэгдэл үлдээдэг. Харь холын газарт, санамсаргүй таарсан шинэхэн танилынхаа манай нийтлэлүүдийг уншдаг, найзууддаа санал болгодог, дотроос нь олон зүйлсийг олж авдаг хэмээн ярихыг сонсохдоо ямар сэтгэгдэл төрдөг гэж бодно? Үгээр хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй юм. Тэдний түүх, тэдний яриа, тэдний сэтгэгдэл бүр надад нөлөөлж, намайг цэнэглэдэг. Ахиад сайжрах, илүү хүрээгээ тэлэх, бүр шинийг сэдэх хэрэгтэйгээ ойлгож, хийх зүйлс зөндөө дутуу байгааг мэдэрдэг. Бас асар их хүлээлт-итгэл, түүнийг дагаад дутахааргүй их үүрэг хариуцлага ирж байгааг ухамсарладаг.
Бид тогтсон дэгийг эвдэж, тоглоомын дүрмийг өөрчлөх бололцоо дүүрэн үед ажиллаж байгаагаа мартаж болохгүй. Өмнөх өөр ямар ч үеийнхэнд олдоогүй ч байж мэдэх энэ боломжийг, энэ давуу талаа бүрэн гүйцэд эдлэх нь бидний үүрэг мэт. Бизнесүүд медиаг захиалдаг биш, медиагийн бодлогыг хүндэлж байршдаг шинэ жишгийн төлөө зүтгэж байна. Өөрсдийгөө улам бүр хайрцаглаж, хөөсөнд оруулах биш, тэр хөөсийг хагалж, хүрээгээ тэлж ойлголтын зөрүүг ойртуулахыг хүссээр л.
Гэхдээ бидний өмнөх тохиох тааварлаагүй, таамаглашгүй асуудал бэрхшээл бүрийг тойрч гарна гэдэг даанч амаргүй юм. Дутуу тооцоолсон үйлдлүүд, гүйцээлгүй бүтэлгүйтсэн төслүүд, хийгдэж амжаагүй ярилцлагууд, дэмжлэг аваагүй санаанууд ч зөндөө үлдэж. Илүү баяжуулж, чанаржуулж болох л байсан контентууд, бүр ч их хүнд хүргэж болох байсан ярианууд, ахиад илүү сайжруулж, ойлголцож болох л байсан хамтын ажиллагаанууд бас бий. Дан ганц сэтгэл байгаад, түүн дээр юунаас ч дутахгүй хүсэл эрмэлзэл, боломж бололцоонуудыг нэмээд ч хангалттай биш байх тохиол бас гарах юм. Хүний нөөц хүчрэхгүй байх, бяр чадал, туршлага дутах зүйлс цөөнгүй байсаар. Үнэт зүйлсдээ тууштай байхын төлөөх, үнэнч уншигчдаа хадгалж үлдэхийн төлөөх өдөр бүрийн тэмцэл, сорил ихийг ухааруулж байна.
Урам хугалсан мөчүүд, сэтгэл гонсойлгосон өдрүүдээ эргэн нэг саная. Хамтрагчид, уншигчид, найз нөхдөөсөө хүлцэл өчье. Бүтэлгүйтлүүдээсээ суралцахаа, хэлсэндээ хүрдэг, хийнэ гэснээ гүйцээдэг үлгэр жишээ хамт олон болохын төлөө улам бүр хичээхээ бас амлая.
Аялал дөнгөж эхэлж байна.
Ирээдүйг зураглахуй
Unread-ийг хамтран байгуулагч Б.Батзаяа
Хоёр жилийн өмнө алсад нүүгэлтэн харагдаж байсан зах хязгааргүй том далайн эрэгт бид тулаад иржээ. Зэрэглээ мэт дөхөж очих бүрт үргэн чинагшилж, урам хугарах, улам урагшлах эрмэлзлийг нэгэн зэрэг өдөөн цээжинд цус хуруулж байсан тэрхүү хараа алдрам үл мэдэхүй дор, будаг нь үнэртсэн шинэхэн хөлөг онгоцныхоо дарвуулыг хийсгэж, зангуугаа татчихаад зогсож байна. Энд ирнэ гэдгээ бид мэдэж байсаан.
Ирээдүйг таамаглах аргагүй ч зөн совин, мэдрэмж гэж бий. Ур чадвар, туршлага, зориг зүрх, тэсвэр тэвчээр, дээр нь нэмээд алсыг хамтдаа туулж эцсээ үзэхээр зүрхээ нэгэнт чангалсан хамтрагчид, хамт олон бий. Хийж бүтээх хүсэл мөрөөдлийн эдгээр луужингууд эвдрээгүй байгаа цагт бидний нойрыг хулжаан даллаж, хөхрөн униартах тэр их үл мэдэхүйг нэвт зүсэн дараагийн эх газрыг олж, эрэг дээр нь зангуугаа буулгатлаа зогсолтгүй довтолгох болно. Далайн шуургыг зад цохиж, замын бэрхшээлд үл ажран, цэнхэр тэнгэр хөхрөх ус нийлэн нэг цул болж буй хэний ч гар хүрээгүй тэр л заагт очихыг мөрөөдмүй.
Далайн түрлэг одоо дуусаж татлага удахгүй эхэлнэ. Цаг бидэнд бага байна. Түрлэг биднийг ивээж, хэдий давлагаа бүр нь чичиртэл хүйтэн агаад хүчтэйгээр цохиж байсан ч ихийг өгсөн нь нууц бус. Аян замын олз, өнгөрсөн амжилт, ирээдүйн томоохон зорилгуудаар өдийг хүртэл дүүргэн нөөцөлсөн богцоо бид энэ 11 сард болох UNPLUG 2017 арга хэмжээн дээрээ задлах болно. Шинэчилсэн апп, шинэхэн бүтээгдэхүүнүүд, Unread+, олон улс руу чиглэсэн төслүүд, тэгээд инновацийн төв… Юу болохыг гагцхүү ирээд мэдээрэй.
Нүдний хараа дунд нь цуцах алсыг зорин бид уншигч та бүхний хамтаар хөдөллөө. Энэ аяллаас бид улам ихийг л хүлээж буй. Та бүхний тус дэмжлэг ч ихээхэн хэрэг болох нь дамжиггүй.
Үл мэдэхүйн дунд баяртайгаар учран золгоё.
Хүндэтгэн ёсолсон,
Unread Team
М Манлай 2017.12.12 182.160.34.91
Би өдөр бүр мэдээлэл авахыг хүсдэг. Гэхдээ бусад сайт ууд хангалттай нэг сэдэврүүгээ чиглэсэн мэдээлэл хүргэж огт чаддаггүй. Гайгүй юм болов уу гээд дахин нэг мэдээлэл хайхад хий дэмий хов жив байдаг байсан. Харин өдөр бүр ажилдаа ирээд и мейл ээ шалгадаг шиг unread.today-д ороход их тааламжтай байдаг шүү. Цаашдын ажилд нь амжилт хүсэж байна. Мөн бичдэг нийтлэлийнхээ сэдэвийг 1 юмуу 2-оор нэмээсэй гэж хүсэж байна. Баярлалаа.
Д Далай 2017.10.04 192.168.104.10
Та бүхний нийтлэлүүд үнэхээр unread байж чаддаг. Ийм гайхалтай санаачилга гаргаж яг л энэ цаг үед улс төр, намаас хараат залуу хүн бүрт амин чухал хэрэгцээтэй мэдээллийг цаг алдалгүй сонирхолтой, шинэлэг байдлаар хүргэж уншигчдынхаа оюуны цангааг тайлж мэдлэг, мэдээллийн цар хүрээг тэлж байдагт гүнээ талархаж явдаг. Та бүхнийхээ цаашдын сонирхолтой нийтлэл, мэдээллүүдэд нь хязгааргүй их амжилтыг хүсье. Unread-ийн шимтэн уншигчдын нэгэн төлөөлөл нь :)
Б Батболд 2017.10.02 202.179.31.72
Баярын мэнд хүргэе. Хөдөө орон нутагт байгаа залууст Unread их хүч, урам, зориг өгдөг шүү. Анх нээгдэж байхаас нь эхлээд одоог хүртэл танай уншигч хэвээр байна. Мэдэхгүй олон зүйлсийн талаар мэдээлэл олж авч, үе тэнгийн амжилттай яваа залуусын талаарх "Би хэрхэн ажилладаг бэ?", "Мэдүүштэй" зэрэг булангийн байнгын уншигч хөдөөний хөөн би. Боломж гарвал та бүхэнтэй хамтран ажиллаж, орон нутагтаа хэрэгжүүлэх юмсаан. Ямартай та бүхэндээ баярын мэнд хүргэе.
G Grandeur 2017.10.01 103.10.22.125
Би үргэлж шинийг доншуулчилж хайж явдаг болохоор нээгдсэн өдрөөс нь эхэлж л уншиж эхэлсэн, бидэнд дутагдаж байсан нэг зүйл нь яах аргагүй танай UNREAD сайт. Зав цаг хомс үедээ өөрийн "unread" цэсэндээ тухайн нийтлэлийг дараа уншина гээд хийчихдэг, чөлөөтэй болсон үедээ "unread"-аа хоосолдог уншигч. Эрч хүч амжилт хүсье!
O Oku 2017.09.27 99.203.0.180
Zorilgodoo tuushtai baij ehluulsen ajlaa odoog hurtel amjilttai yavuulj bga ta nart bayat hurgey! Olon zuiliig medeellej bgaagiin satsuu ehluulsen ymaa etssiig ni uzdeg baidliig zaluus bidend haruulj baigaa ta nart bayarlalaa. Tsaashdiin niitleluuded ni amjilt husey
D Doogii 2017.09.26 202.131.228.118
2 жилийн ойн баярын мэнд хүргэе, Яг үнэндээ жилийн өмнөөс л unread-г уншиж эхэлсэн. Анх уншаад их сонирхолтой яг миний хайж байсан сайт мөн байсан. Өшөө их амжилтыг хүсье. Залуу хүмүүсд хийх бүтээх урам зориг хайрласан шилдэг сайт шүү.
Б Бэк 2017.09.26 139.5.219.235
Үнэхээр шилдэг нь шүү цаанаасаа л хээнцэр. Ойр дотны хүмүүс дээ санал болгож мэдээллийн эрэн зуунд хөл нийлэн алхаасай гэсэндээ танай контентийг итгэлтэйгээр санал болгодог шүү
З Зочин 2017.09.26 202.9.40.65
Та бүхэнд 2 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхний гаргасан нийтлэл бүр надад шинэ зүйлийг нээж илрүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломж сэдлийг өдөр тутам өгч байдаг. Би хэрхэн ажилладаг вэ? булангийн нийтлэлийг уншихаар тэр долоо хоног тэр чигээрээ л урам зоригтой сурах эрч хүчийг шууд л өгдөг. Мөн маш олон бидний мэддэггүй ашигладаггүй аппуудыг UNREAD-ийн хамт олон санал болгож танилцуулдаг. Ашиглаж үзэх мөн хэрэглэх үнэхээр гоё байдаг. Чанартай хүний сэдэл төрөхүйц, хүнд мэдлэг олгохуйц нийтлэл контент оруулдагт UNREAD-ийн хамт олондоо маш их баярлалаа, дахин баяр хүргэе. Цаашдын ажилд нь амжилт хүсье!
T Thaddeus 2017.09.25 202.72.242.4
Bayr hurgey , Anh yaj ene site iig olsnoo sandgue , Utasnii nuuren deer unread iin app zaaval bj bdg , Butensain bolgon toim huleedeg iim l bolchihoj . Olon ch sanaa olon ch shuumjiig setgegdeleer bichdeg bsn , Tsuun sedveer chanartai content beltgedegt chin hamgiin ih bayrladag shuu , Muuhai ch gsn mongol saituudaa goldog , niitleluudiig n unshxaar ih ydarsan handalt avah zorilotoi ym bichdg . Unread bol tes ondoo , tedend ulger duurailal bolj bgaad chin talarhaj bn , Bas dahin bayr hurgiy
З Зочин 2017.09.25 202.131.228.167
Ysn hurdan ungurtsin be nere udur bolgon ugluu orj hardag, amjilt, huvii hunii hugjil tsagin menejment ged huvi hunru chiglsen zuvluguu bvl ih sain bn, udurjin officd suudg humus zundu bga bh
T Temuulen 2017.09.25 202.9.42.62
Ene site.iig anh baiguulagdsan 7 honogoos n ehleed tasraltgui unshij baina. 2 jil ungurchihsun geheer bas l hurdan yumaa. Bayarlalaa! 20 jiliin oi deer n bi 44 nas hurchihsen baih n. Ter ued bs bayar hurgenee.
З Зочин 2017.09.25 202.131.228.118
Ugluu bur ajil ireed computeraa asaaanguutaa hamgiin ehend tanaihru ordog. Udur bur unshuurtai medeelel beltgedegt bayarlalaa.. Bi herhen ajilladag ve, ontsloh business gesen 2 buland n iluu durtai
A Anunomin 2017.09.25 66.181.160.80
Heregtei chuhal medee medeelel niitlel yriltslaga saihan bugdiig bidend hurgedeg ta bugded bayarlalaa.Ajiliin undur amjilt husen yuruuy.
З Золзаяа 2017.09.24 202.21.96.30
Хоцорсон ч та бүхэндээ баярын мэнд хүргэе! Үргэлж зөв энергитэй мэдээ мэдээлэл болон дуурайлал авах хүмүүсийн нийтлэлийг оруулдагт баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье! Байнга хамт байнаа
M Mandakh Ganbaatar 2017.09.24 103.10.22.101
Нэгэнт хоцорсон ч гэсэн, баярын мэнд хүргье! Өмнө нь 3хоног интернет орчноос хол явж байгаад ирэхдээ хамгийн түрүүнд боддог зүйлсийн маань нэг "Надад унших 3 нийтлэл байгаа юм байна." гэдэг бодол байсан. Одоо бол завгүй өдрүүдийнхээ дараа хамгийн "эхний" хийх зүйл маань "unread.today-р зочлох" болсон байна.
Д Даваасүрэн 2017.09.24 1.214.88.104
Unlock-podcast-тай маань нийлсэн талаар сонссон энэ мэтчилэн мундаг селф хийдэг хийдэг хүмүүс зөндөө байгаа тэд нарыг мөн сайтдаа нэгдүүлж database болоод сайхан бүгдийг нэг дороос үзээд байвал сайхан штээ. нэг болгохыг хичээгээрэй амжилт хүсье залуусаа
Д Дулмаа 2017.09.24 85.179.58.8
За залуусдаа баяр хүргэе! Танай хуудас бол яахын аргагүй шинэлэг, чөлөөтэй, үнэт зүйлтэй гэдэг нь харагдаж байдаг :) Энэ эрчээрээ яваарай!
Э Энх-Амгалан 2017.09.24 103.10.21.79
Үргэлж шинийг илэрхийлэгч мундаг залуучууддаа амжилт хүсье.Танай сайтын байнгын уншигч үнэхээр хүмүүсийн хэрэгцээг мэдэрч хийсэн энэхүү сайт чинь олон хүнд үр дүнгээ өгч сурч хөгжихөд нь чиглүүлэг болдог шүү гэдгийг хэлмээр байна.Амжилт залуусаа...
А Аагий 2017.09.23 202.72.245.205
Дэлхийг харах тунгалаг цонх мэт , зөв оновчтой шийдэлтэй танай сайтын мэдээлэл бүр үнэ цэнэтэй байдаг
М Мандах 2017.09.23 66.181.160.60
Төрсөн өдрийн мэнд хүргэе! Өдөр бүр "шагайхад" урмыг минь хугалдаггүй Unread багийнханд баярлалаа :)
Д Долгорсүрэн 2017.09.23 103.254.120.82
2 жилийн ойн мэнд хүргэе! Медиа миний сонирхлын гол талбар биш хэдий ч Unread-ийн сонирхол татсан, санаа авахаар, товч бөгөөд ойлгомжтой байдал нь унших хүслийг төрүүлдэг. Хэрэгцээгүй олон мэдээллээр тархиа дүүргэснээс хэрэг болохуйц хэдэн зүйлсийг харчихсан нь ухаалаг алхам билээ. Амжилт!
З Зочин 2017.09.23 103.229.122.194
Ta zaluusiig harj uram avch baigaa udur bur unsij tseneglegdej baigaa heden myangan zaluusiin urmiig bitgii hugalaarai tanaihiig sain tomorch IPO hiih tsagiig harna gedegtee itgej baigaa shuu
Б Бадам 2017.09.23 27.123.214.82
Төрсөн өдрийн мэнд! Би хэрхэн ажилладаг вэ булангийн байнгийн уншигч бас дараа нь хэн орж юу ярих бол гэдгийг байнга хүлээдэг. Танай сайт яг цагаа олсон зөв шийдэлтэй. Байдаг л нэг хов живнээс өөр зүйл уншихыг хүссэн хүмүүст яг хэрэгтэй зүйл нь байсан. Цаашдын ажилд тань амжилт хүсэе! Хэзээ нэгэн цагт танай буланд уригдах өдөр ирнэ гэж найдаж байна
D Duuy 2017.09.23 66.181.188.219
Бизнесүүд медиаг захиалдаг биш, медиагийн бодлогыг хүндэлж байршдаг шинэ жишгийн төлөө зүтгэж байна.
J Jankar 2017.09.23 202.21.112.194
Төрсөн өдрийн мэнд хүргэе! Маш олон залууст урам зориг, мэдлэг, мэдээлэл, боловсрол, хүмүүжил олгож байгаа гэж боддог. Хязгаар нь үл харагдах алс холын аялалд чинь амжилт хүсэе. Баярлалаа.
S Suvdaa 2017.09.23 73.189.37.162
Шинэлэг, бүтээлч байгаа нь харагддаг. Яг сонирходог сэдвүүдийг маань хамарч чаддаг. Би хэрхэн ажилдаг вэ, апп тойм бас 7 хоногийн тоймыг байнга уншдаг. Баярлалаа
Б Батаа 2017.09.23 180.149.103.84
Анх хаанаас линкийг нь олж орсноо санахгүй байгаа ч анх уншаад төрсөн сэтгэгдэлээ бол мартахгүй. Аагим халуунд ангаж цангаж яваад ус уусан мэт сайхан байсан. Цаашдаа улам ихийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсэе.
З Зочин 2017.09.23 150.129.142.149
hahaha surteishde. lol. baidag l neg site hichiheeed. design ch ter aguulga ch ter likehake mashable ntr geed gadnii sitenaas ter chigeer ni huschihaad. billgates boltson yum shig ahhaha.
Д Давкасүрэн 2017.09.23 66.181.183.67
Баярлалаа та нартаа, уншаад үргэлж цэнэглэгддэг шүү. Бусдаас суралцаж, амжилттай яваа нэгнээ сонсож, шинэ шинэлэг мэдээлэл, дэлхий нийтийн хандлагыг олж хардаг хамгийн хандах дуртай сайт. Амжилт хүсье.
B Baaasandorj 2017.09.23 66.181.191.59
Та бүхэндээ баяр хүргэе! Анх гарах үед нь л уншиж эхэлсэн одоог хүртэл уншиж байна. Цоо шинэ хуудас нээж чадсан шүү. Амжилт залуусаа!
Х Хангай 2017.09.23 49.0.157.11
Бүх зүйл нь таалагддаг BEST веб. 2 жилийн ойн мэнд хүргэе!!! Илүү олон зүйл хийж, илүү олон санааг дэвшүүлж шинэ санааг ургуулан бодоход тусалдаг танай хамт олон талархал илэрхийлье.
C CJ 2017.09.23 216.228.245.1
You guys are so creative. I try to read the articles and important information you post. Keep it up and Best of luck.
Г Гантуяа 2017.09.23 109.188.125.107
Анрид-ын нийтлэл бүрийг сонирхон уншдаг, яг л миний хүсэн хүлээж байсан чанар, дизайн, сэдвүүд. Та бүхэнд амжилт хүсье !!
У Уншигч Содоо 2017.09.23 213.114.116.130
Юуны түрүүнд 2 жилийн ойн мэндийг дэвшүүлэе! Цаг хугацаатай уралдан байж монгол нийтлий бидэнд зориуан утгаар нь түгээж байгаад баярлалаа. Мөн та нарын гаргадаг булан бүр чинь апп болон подкаст болж гарахын сайхан ерөөлийг хүсэе!
M Me. Beastly 2017.09.23 66.181.160.73
Цахим ертөнцөөс мэдээлэл унших дургүй намайг #Unread-ийн залуус нийтлэлүүдийг нь тэсэн ядан хүлээдэг хэмжээнд хүргэсэн гэхээр та бүхэнд талархаад баршгүй юм. Амьдралд хөлөө олох их үйлсэд минь урам зориг, үлгэр жишээ үзүүлж чаддаг танай хамт олонд 2 жилийн ойн мэндийг хүргэе! Цаашид улам ихийг бүтээж бүтээлч нийтлэлүүдээрээ үр өгөөжөө уншигч бидэндээ харамгүй хайрлаарай.
Г Гамп 2017.09.23 146.110.51.78
Үл мэдэх цэцэгхэн хотхонд санаанд орчихлоо хэхэ. Зогсолтгүй урагшаа тэмүүлээрэй, контэнтоо илүү чанартай болгож хөгжүүлээрэй, тэнгист гарсан хөлөг онгоцны луужин нь та бүгдийн үнэт зүйлс юм аа. Шинэлэг, эерэг, хараат бус байх үнэт зүйлээ үргэлж хадгалаарай, тэгсэн цагт та бүгд хүссэн газраа очих болно, амжилт!
A Adiyasuren 2017.09.23 103.26.194.2
Yun turuund 2 jiliin oid n bayr hurgiy. Tanai site minii odor bolgon zochildog uram zorig erch hucheer tsenegledeg yu hiih ystoig min heldeg nudiig min neej muruudlu iluu bodit bs todoor harah bolomj olgodog. Tegher uragsha zaluusa unread site-in togtmol unshigchas n.
М Мандухай 2017.09.23 80.217.56.7
Та бүхэнд 2 жилийн ойн баярын мэнд хүргэе! :) Захидлыг нь уншаад адилхан догдолж, их сайхан санагдлаа. Сайн чанартай контентаар уншигчдаа байнга баярлуулдаг та бүхэнд баярлаж явдаг шүү.
У Уншигч 2017.09.23 202.9.41.22
Happy 2nd anniversary Unread Team! 2 жилийн турш чанартай, содон, урам зориг хайрласан уншихгүй л бол болохгүй юм шиг санандуулдаг тийм л хэрэгтэй мэдээ мэдээллийг оруулж өгсөнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье!
Б Батзаяа 2017.09.22 103.10.23.165
Та бүгдийн 2 жилийн шаргуу хөдөлмөрт маш их талархаж байна. Мэдээ мэдээлэл, үлгэр жишээг үргэлж Unread-с нэг дор авч чаддаг. Чанартай контентууд бэлтгэж, ажилдаа хичээнгүйлэн ханддагт баярлалаа. Unread бол аливааг тултал нь хийж чаддаг залуусын гайхалтай бүтээл шүү.
O Otgonbaatar 2017.09.22 117.102.187.40
Анхны уншигчдын нэг. Уйдалгүй одоог хүртэл уншлаа. Та бүхэнд 2 жилийн баярын мэнд хүргье. Шинэ мэдээллийг, шинэ эх сурвалжаас, шинэлэг арга барилаар үргэлжлүүлэн хүргээрэй.
М Мийгаа 2017.09.22 202.9.43.53
Танай сайтад анх зочилсноос 2 жил өнгөрчээ. Анх орж үзэж байхад 20 хүрэхгүй нийтлэлтэй сайт учир тэгж их анхаарал татхааргүй мэт боловч нийтлэл бүр бусад төсөөт сайтуудаас чанартай ойлгомжтой байдал яалтчгүй анхаарлыг минь татаж байж. Найзууддаа ч танай сайтыг хэлж дэмжиж байлаа.хихи Ирээдүйн ажилуудад амжилт хүсье.^_^
М Мөнхбадрах 2017.09.22 122.201.24.192
Эхэнд нь, 2 жилийн ойн мэнд хүргэе. Ирээдүйд төлөвлөсөн ажлын богц дүүрэн байгаад эргэлзэхгүй байна. Олон мянган уншигч залуучууддаа видео контент хүргэж, үзэгч болговол зүгээр санагдаж байгаа. Тухайлбал залуучуудын санхүүгийн боловсролын төсөл. Төгсгөлд нь, амжилт.
N NaRaa 2017.09.22 66.181.160.43
Эрхэм Хүндэт Unread Team Энэ сайхан баярт мөчийн тань нэгээхэн хэсэг болж байгаадаа таатай байгаа төдийгүй улам ихийг хийх урам зоригийг хүсэн ерөөе!! Баярын мэнд, Хүндэтгэсэн, Үнэнч Уншигч Нарангарав