Ээлжит зочноороо бид Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин Сайд хатагтай Катрин Арнолдыг урилаа. Гадаад харилцааны яаманд 9 жил ажиллаад харьцангуй залуудаа Элчин сайдаар томилогдсон нь түүний манлайлал, ур чадварыг илтгэдэг. Тэрээр Кэмбриджийн их сургуульд философийн чиглэлээр бакалавр, магистрт суралцаж, мөн Ноттингамын их сургуулиас математикаар магистрын зэрэг хүртжээ. Хатагтай Катрин гадаад харилцааны салбарт орж ажиллахаасаа өмнө Ойрх дорнодод зохиолч, сэтгүүлчээр, түүнчлэн санхүүгийн салбарт хувийн компанид ажиллаж байсан юм. 2006 онд Гадаад харилцааны яаманд орж Афганистан, Иран, Ирак, Оман дахь элчин сайдын яамдад хүний эрх, терроризмтой тэмцэх, олон нийтийн харилцааны чиглэлээр ажиллаж байгаад 2015 оны 5 сараас Монголд суух Элчин сайдаар томилогдсон билээ.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин Сайд
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээлч
Хэрэглэдэг гар утас: Samsung
Хэрэглэдэг компьютер: Chrome Laptop
Сошиал хуудсууд: Catherine Arnold (Твиттер)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Ерөнхийдөө би хоёр янзын арга барилтай гэж хэлж болно. Нэг нь төрөл бүрийн зүйлд бүтээлч байх, холбоогүй байгаа зүйлсийг уялдуулан нэгтгэх. Энэ үед надад орон зай хэрэгтэй байдаг. Алхах, хөгжим сонсох гэх мэтээр өөрийгөө хөглөж, бодол санаагаа уудлан, улмаар шинэ санаа олох нь бий. Нөгөө нь биеэ дайчлан, хийх ёстой ажлуудаа цаг цагт нь амжуулан гүйцээх. Энэ хоёр аргыг хослуулж ажилладаг.

Олон зүйлийг сонирхдог маань бас нэг арга барил гэж хэлж болох байх. Бүтээлч байж болох, эерэг нөлөө үзүүлэх зүйлс миний сонирхлыг татдаг. Тиймдээ ч дипломат болсон болов уу. Дипломат хүн олон төрлийн ажлыг хийх болдог шүү дээ.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Имэйл, твиттер хоёрыг сайн ашиглана. Цагийн зөрүүнээс шалтгаан энд ажил тарж байх үед Британид ажил эхэлж байдаг тул унтах хүртлээ л имэйлээ шалгах болдог.

Би шинэ технологиудад дуртай. Замын хөдөлгөөнийг ажиглах, хоол хүргэлтийн гэх мэт монгол аппуудыг хэрэглэдэг. Видео дуудлага хийдэг Zoom-ийг байнга ашиглана.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Тухайн өдрөөс ажлаа сайтар нугалж болох цаг мөчүүдийг алдалгүй барьж авах нь цаг хэмнэдэг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр дээрээ хөтөлдөг. Цахим төхөөрөмж дээр тэмдэглэхээр цэнэг дуусна, интернэтгүй болно гээд асуудлууд бий.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Англи хэлэнд “jack of all trades, master of none” гэж нэг хэллэг бий. Бүх л юмыг хийдэг, гэхдээ алийг нь ч төгс сайн эзэмшээгүй гэсэн үг. Миний хувьд яг л тийм хүн. Би олон зүйлийг боломжийн түвшинд хийж чадна, ерөнхий мэдлэг сайтай. Гэхдээ тэр бүхэнд төгс сайн биш. Үүнийгээ би чухал чадвар гэж боддог. Дипломат байна гэдэг олон хүнтэй ярилцахын нэр. Би бүх л хүнтэй ихэнх сэдвээр ярьж ойлголцож, харилцаа үүсгэж чаддаг. Ингэснээр ажлаа сайн боломж бүрддэг. Ажлаас гадна ч ялгаагүй. Зохиол, шүлэг бичих, унших, дуу дуулах, хөгжим тоглох гээд бүх л зүйлсийг хийх гэж үзнэ. Монгол хэлээр ойр зуур түвшинд ярих гэж хичээнэ. Морь, тэмээ унах үедээ малчин хүнээс төрөл бүрийн юм асуудаг.

Мөн ажил дээр би бүхнийг мэдэж, бүхнийг эзэмшихийг хүсдэггүй. Багийнхнаа урамшуулж зоригжуулж, тэдэнд манай хоёр улсын харилцааны төлөө юу хийхийг хүсэж байна, түүнийгээ биелүүлэхэд нь туслахыг зорьдог.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Элчин Сайд байна гэдэг өндөр нэр хүндийн хэрэг. Би эх орноо, британи хүн бүрийг Монголд төлөөлж байгаа. Өөр өөр соёл, түүхтэй хүмүүсийг холбож, бусад улсуудыг таньж мэдэх боломжийг олгодгоороо миний мэргэжил сайхан. Монголд Элчин сайдаар ажиллах дипломат хайж үед би өргөдлөө гаргаж, тушаал дэвшүүлэх саналаас татгалзан энд ирж байлаа. Одоо бол Монгол улсын түүх, соёл, уламжлалыг, монголчуудын юу хүсдэгийг сайн танин мэдэхийг эрмэлздэг. Нөгөө талаас үүнтэй өөрийн улсын ашиг сонирхол, санал болгож чадах зүйлсийг уялдуулах учиртай. Энэ хоёр улс хэрхэн бүтээлчээр, үлгэр жишээ байдлаар хамтарч ажиллаж болох вэ, аль алиных нь хувьд илүү сайн сайхан байх ирээдүйг яаж бүтээх гэдгийг алхам тутамдаа бодож явдаг.

Их Британи Монголтой барууны орнуудаас хамгийн түрүүнд 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Ирэх нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болно. Манай хоёр улс олон талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна. Хоёулаа ардчилсан орны хувьд дэлхийн түвшинд илүү нягт хамтран ажиллах боломжтой. Эдийн засаг, бизнесийн хувьд ч хамтын ажиллагаа сайн байгаа. ҮСХ-ын судалгаанаас үзэхэд Монголоос хамгийн их бараа экспортолдог улсаар Их Британи Хятадын дараагаар хоёрдугаарт жагсаж байна лээ. Монголын хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг гол хэсэг нь Рио Тинто тэргүүтэй манай компаниуд байдаг. Би Оюутолгойд хэд хэд очоод, дэлхийн түвшний том уурхай болохыг нь мэдэрсэн. Хэрэглэж байгаа технологи, аюулгүй байдал, байгаль хамгаалал зэргийг нь үнэхээр онцлууштай юм билээ. Бид цаашид ч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллах болно. Үүнээс гадна боловсрол, байгаль орчны олон төсөл бий.

Монголд амьдрах нь харьцангуй тайван, хэрэгцээт бүх л зүйлс энд байдаг. Монголчуудын бүтээлч байдал, холч ухаан, чадна гэх хандлагаас үнэхээр оюуны таашаал авч чаддаг шүү. Тийм ч учраас бэрхшээл гээд байх зүйл ховор. Яахав, эндхийн хүмүүс аливаа ажлын цагийг жаахан тулгах хандлагатай байдгийг дурдаж болох юм. Заримдаа хамтын ажил хэрэг явж байгаа үед Лондонд байгаа оффисоос тулгуу юм хүсэх буюу энэ байдлыг тайлбарлах хэрэг гардаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Энэ долоо хоногийн сүүлээр буюу 23, 24-нд манай Элчин сайдын яам уламжлал болгон InspireMe боловсролын фестивалийг Гэрэлт гудамжинд зохион байгуулахаар маш шаргуу ажиллаж байна. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан эх орныхоо соёл, боловсролыг таниулж, монголчуудын Их Британид суралцах хүслийг өдөөхийг хүсэж байна. Саяхан Times Higher Education-ээс гаргасан чансаагаар Оксфорд, Кэмбридж хоёр дэлхийн их сургуулиудын чансааны эхний хоёр байрыг эзэлсэн болохоор цаг үе нь ч гайхалтай таарч байна гэж бодож байна. Энэ цаг мөчид мөн ИхБританийн засгийн газрын Chevening тэтгэлгийн шалгаруулалт явагдаж байгааг онцлон дурдмаар байна. Их Британид магистрт сурах хүсэж буй хүн бүрт манай тэтгэлэг нээлттэй. Өргөдөл авах хугацаа нь 11-р сарын 7-нд дуусна, та бүхэн сайн тэмдэглээд аваарай.

Бид фестивалийн турш олон сонирхолтой арга хэмжээг зохиохоор бэлтгэж байна. Английн уламжлалт бүжгээс эхлээд Шотландын коктейлиудыг, Хаадын тоглоом цувралыг таниулах, тэрчлэн спортын арга хэмжээ, дуурь, ковер дууны тэмцээн гэх мэт арга хэмжээнүүдийг үзэгчдийн сонирхлыг татах, оролцоог хангах байдлаар зохион байгуулах болно. Та бүхнийг урьж байна, үнэхээр сонирхолтой байх болно шүү.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Бүтээлч байхыг хүсэж буй үедээ хөгжим сонсдог. Би сонгодог хөгжимд хайртай. Монголд байхын нэг сайхан нь энд сонгодог урлаг үнэхээр өндөр түвшинд хөгжсөн. Намайг Монголд ирж ажилласнаас хойш 2 жилийн хугацаанд BBC Cardiff Singer of the World тэмцээнд 3 өөр дуурийн дуучин сүүлчийн шатуудад үлдэж байх жишээтэй. Энэ бол 3 сая хүнтэй улсын хувьд үнэхээр ангаймаар амжилт. Би 9-10 зууны хөгжмөөс эхлээд орчин цагийн хөгжим хүртэл сонгодог хөгжмийг өргөн хүрээнд сонсдог. Бах бол миний хамгийн дуртай хөгжмийн зохиолч. Хөгжим гэснээс нээрээ, би уртын дууны нэг хичээл авсан шүү. Ямар ч гэсэн эндээс буцахдаа уртын дууны нэг хэсгээс ч болов дуулж сурсан байх болно оо.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Дипломат ажиллагаа явуулахын тулд түүх сайн мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ дипломат ажиллагаа нь явж явж хүмүүсийн харилцаан дээр тогтдог. Хоёр улсын харилцаа гэхээр хоёр улсын хүмүүсийн олонлог хоорондоо харилцаж байгаа хэрэг шүү дээ. Тиймдээ ч хүмүүсийн сэтгэл хөдлөл, аж байдлыг дүрсэлдэг уран зохиолын ном их уншдаг. Яг одоо бол Элизабет Боуны The Heat of the Day хэмээх 2-р дайны үеийн нэгэн эмэгтэйн амьдралын тухай бичсэн романыг уншиж байна. Номыг би их тэмдэглэж уншдаг. Ялангуяа сонгодог зохиолуудыг олон дахин уншиж, тэр бүртээ тэмдэглэж явдаг. Хожим олон жилийн дараа номуудаа эргэж үзэхэд, 20 настайдаа юу мэдэрч байв, 30, 40-тэйдээ хэрхэн тэр нь өөрчлөгдөж байсан нь харагдаж, сонирхолтой байх байх. Гэхдээ биет ном авч явах боломжтой үедээ цахим уншигч бас ашигладаг.

Хамгийн дуртай зохиолч гэвэл Шекспир байна. Тэр хүн бидний хэзээ ч бүрэн гүйцэд мэдэрч амжихгүй асар олон сэтгэлийн хөдөлгөөнийг гарган тавьсан байдаг. Түүнийг уншихтай ойролцоо мэдрэмжийг би мөн Достоевскийгоос олж авдаг. Чарльз Дикенсийг бас нэрлэх ёстой. Тэр хүн манай улсын түүхийн хэцүүхэн ярвигтай цаг үед амьдарч байсан хүмүүсийн аж байдал, сэтгэл хөдлөлийг нүдэнд харагдтал үзүүлсэн нь гайхалтай байдаг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Аль аль шинж нь надад бий. Ажлаа хийж явахдаа бол нээлттэй, яриасаг болдог. Харин зарим үед зарим зүйлсийг ганцаараа хийх дуртай. Монгол харьцангуй аюулгүй газар болохоор заримдаа өөрөө машинаа бариад хотоос гарч ууланд гарна, явган аялал хийнэ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Нойрны хувьд харьцангуй уян хатан. Зарим өглөө эрт уулзалт хийх болно, зарим орой уулзалт, арга хэмжээнд оролцоод оройтно. Тэгэхээр сэрэх боломжтой, сэрэхийг хүссэн үедээ л сэрнэ дээ. Ер нь ажил их тул яг хүссэн хэмжээгээрээ нойр авч чаддаггүй талтай.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үед намайг тэмээ унаж байхад маань л олох байх даа (инээв). Тэмээ гэх энэ сайхан амьтанд би үнэхээр хайртай юм. Өчигдөр орой л гэхэд би Wild Camel Protection Foundation байгууллага Монголд ажиллаж эхэлсний 10 жилийг ой тэмдэглэх, устаж үгүй болох аюулд ороод буй хавтгайн зүг хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилгоор арга хэмжээ зохиосон. Монголын говьд болон Хятадын умард хэсэгт ердөө хэдэн зуугаар тоологдож буй хавтгай одоо дэлхийн устах аюулд ороод буй амьтдын долоодугаарт жагсаж байна. Энэ амьтныг хэрхэн хамгаалах талаар бид зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

Би байнга тэмээ унаад байж чадахгүй болохоор Драмын театрынхны хийсэн хавтгай, тэмээ хоёрын баримлыг гэрийнхээ гадаа тавьсан. Энэ баримлаас тэжээвэр болон зэрлэг тэмээний ялгааг эндээс харж болно. Хавтгай нь үс багатай, цайвар өнгөтэй, бөх жижигтэй, толгойн яс нь хавтгай байгаа биз?

Заримдаа хотоос ойрхон гарч морь унах дуртай. Бусад үед бол гэртээ ном унших, хөгжим сонсох, нохой мууртайгаа тоглох байдлаар чөлөөт цагаа өнгөрүүлдэг дээ. Нохой, муур маань хоёулаа монгол. Нохойгоо би 2 жилийн өмнө хөдөө явж байгаад хээр хөлдөж үхэх шахаад байхад нь олж авч байлаа.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Багадаа одон оронч болохыг мөрөөддөг байсан болохоор Их Британийн Нисэх хүчний уриа болох Per Ardua Ad Astra буюу "Тулгарах саад дундуур тэнгэрийн одонд хүрнэ" гэх үгээр өөрийгөө цэнэглэх дуртай. Тодруулбал, хэрвээ чи зорилгоо мэдэж байвал, хаана очихоо мэдэж байвал, хэдий саад бэрхшээлүүд тулгарах нь ойлгомжтой боловч чи тэдгээрийг даван туулах арга замыг олох л болно гэсэн санаа юм. Нисэх хүчин гэснээс би бас онгоц жолоодох сургалтад сууж байсан (инээв).

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хүн өөрийгөө сайн танин мэдэж, юунд илүү урамшдагаа, ямар үнэт зүйлсийг эрхэмлэдгээ ойлгох хэрэгтэйг ухаарсан маань болов уу. Заримдаа бид хүсээгүй байхдаа буюу өөрийн үнэт зүйлийн эсрэг шийдвэр гаргах тохиолдол байдаг. Ийм байж таарахгүй. Хүн өөрийн үнэт зүйлсэд л үндэслэн шийдвэр гаргаж байх ёстой байх. Харин шийдвэрээ гаргасан бол түүнийхээ эзэн нь болж, хариуцлагыг нь үүрэх учиртай.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Өмнө хэлсэнтэйгээ ойролцоо зүйлийг хэлье. Би ч гэсэн гадаад харилцааны албанд орохоосоо өмнө зохиолч, сэтгүүлчээр ажиллаж, мөн санхүүгийн салбарт хөл тавьж, өөр өөр чиглэлээр магистрт суралцаж, нэг ёсондоо өөрийгөө илүү танин мэдэх гэж, би хаана байвал өөрөө ч сэтгэл хангалуун, бусдад ч өндөр үр нөлөө үзүүлж чадах вэ гэдгийг тодорхойлохоор карьерын хэд хэдэн шилжилт хийж байсан.

Ингээд эцэст нь дипломат албыг сонгосон, үүндээ ч баяртай байдаг. Дэлхий ертөнцийг илүү сайн сайхан газар болгохын төлөө, олон салбарын мэдээлэл дунд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүстэй ажиллах нь яг л миний хүсэж байсан зүйл. Энэ далимд энэ мэргэжлийг сонирхож буй залууст зөвлөхөд, дипломат болохыг хүсэж байвал өөрт чинь энэ мэргэжил таарч тохирох эсэхийг эхлээд олж мэдээрэй. Дипломат хүн нүүдлийн шувуу шиг л ажилладаг, заримдаа золиос гаргадаг. Гэхдээ давуу тал олон. Өөрийн улсаа сайн мэддэг, хайрладаг хамгаалдаг байх ёстой. Бусад улс орнуудыг бас судлах, ойлгох шаардлагатай.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ? 

Монголын мэдээллийн технологийн салбарын хэн нэг манлайлагчийг урьж оролцуулаасай гэж хүсэж байна. Монголчууд технологийн боловсрол сайтай, дэд бүтэц ч мундаг хөгжсөн. Энэ салбараа сайн хөгжүүлэх боломжтой юм байна гэж хардаг.

Хоёрдугаарт, малчин хүнтэй ярилцахыг санал болгоё. Би одоогоор 16 аймагт очсон. Малчин хүмүүс ч технологи хэрэглэхдээ гаргууд шүү. Энэ зун Их Британиас ирсэн хоёр хүнийг дагуулаад Ховд аймагт тэмээ унаж мөсөн гол руу аялсан юм. Тэгсэн биднийг авч явсан малчин замынхаа бараг талд нь гар утсаа оролдоод, ярьчихсан шүү (инээв). Би нөгөө хоёртоо малчдын ямар хэв маягт баригддаггүй энэ байдал нь надад таалагддаг гэж хэлсэн.

Гэрэл зургийг Б.Батзаяа (Зак)

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.