Өнгөрсөн долоо хоногт бид бизнесийн санаагаа бусдад танилцуулах яриа/илтгэл буюу бизнес найрааг (pitch) хэрхэн амжилттай хийх талаар нийтлэл хүргэсэн билээ. Тэгвэл үүний үргэлжлэл болгон Facebook, LinkedIn зэрэг том компаниуд эхэн үедээ хөрөнгө оруулагчдын өмнө ямар илтгэл тавьж, санхүүжилт авч чадсаныг танилцуулъя. Та бүхэн бусадтай хамтрах, хөрөнгө оруулалт хүсэх зэрэгт энд дурдагдсан санаанууд, стратегиудаас санаа авна биз ээ.

1. FACEBOOK

Өнөөдрийн бидний амьдралыг Фэйсбүүкгүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Түүхэн дэх хамгийн амжилттай компаниудын нэг Фэйсбүүкийг хэрхэн байгуулсан талаар 2010 онд дэлгэцнээ гарсан "The Social Network" киноноос та цухас харж болно. Мэдээж кино учраас үнэнээс гажих зүйлс олон байсан ч Марк Зукербергтэй хамтран үүсгэн байгуулагч Эдуардо Саверин 2004 онд Нью-Йорк хотруу хөрөнгө оруулалтын эрэлд гарч буй хэсэг нь бодит байсан юм.

Энэхүү эрлийн эцэст тэд Питер Тиль хэмээх алдарт энтрепренер, венч хөрөнгө оруулагчаас анхны 500,000$-аа олж авч чаджээ. Тухайн үед тэдний бизнес санаагаа танилцуулсан илтгэл ердөө Фэйсбүүкийн үнэ цэн (value proposition), гол статистик үзүүлэлтүүд, онлайн маркетингийн үйлчилгээ гэсэн гурван зүйлд тулгуурлаж байв.

Бизнес модель дээрээ ч бат тогтоогүй байсан үе тул энэ илтгэлд орлогын тайлан гэх мэт зүйлсээс илүү хэрэглэгчдийн хандалт, өсөлтийн үзүүлэлт (growth metrics) түлхүү орж, тоо баримтыг нарийн харуулж чадсан нь итгэл үнэмшил төрүүлж чадсан аж.

Илтгэлийг эндээс үзнэ үү.

2. AIRBNB

Интернет дэх хамгийн их хайлттай бизнес найрааны нэг болох "AirBnB"-ийн илтгэл бол гарааны бизнес эрхлэгчдийн татах дуртай жишээний нэг юм. 2009 онд үүсгэн байгуулагч Брайн Чески, Жое Геббиа, Натан Блекарчик нар энэхүү илтгэлээрээ 600,000$-ыг босгож чаджээ.

Илтгэл нь бизнес найрааны сонгодог 10 слайднаас бүрдсэн байх бөгөөд маш товч тодорхой гэдгээрээ онцлогтой. Эхний слайдаас л хэн ч харсан "AirBnB" гэж юу болох талаар ойлгож чадахуйц байсан юм. Гэхдээ хамгийн сайн слайд нь бизнес моделио тайлбарласан хуудас гэж үздэг. "Бид гүйлгээ (transaction) бүрийн 10 хувийг авна" гэсэн ганц өгүүлбэр тавьж, графикаар хэрхэн ашиг олохоо тун ч хялбар үзүүлсэн байдаг.

Бизнес модель тань магадгүй үүнээс түвэгтэй, шат дамжлага ихтэй байж болох ч нэг өгүүлбэрт багтааж чаддаг байх хэрэгтэй. Түүнчлэн бид энэ илтгэлээс текст ямар бага байгааг харж болно. 100 текст 1 графиктай дүйцдэг хэмээн ярьдаг тул санаагаа танилцуулах пресентациа бэлдэхдээ үүнийг санавал зохистой.

Илтгэлийг эндээс үзнэ үү.

3. BUFFER

Buffer нь Facebook, Twitter, Pinterest зэрэг сошиал медиа сувгуудад контент төлөвлөж оруулдаг платформ юм. Дижитал маркетеруудын байнгын зочилдог энэхүү вэбсайт нь ил тод байдлаараа алдартай бөгөөд үүнийгээ ч батлан хагас сая долларын хөрөнгө босгож байсан илтгэлээ анх олон нийтэд цацаж байжээ.

Тухайн үед Цахиурын хөндийд илтгэлээ бусдад харуулна гэдэг тийм ч элбэг байгаагүйн дээр зөв алхам биш гэж тооцогддог байв. Гэхдээ үүсгэн байгуулагч Жоэл, Лео нар бусад мөнгө хайж байгаа гарааны бизнес эрхлэгчдэд туслахыг хүсэж, тэдэнд хагас сая доллар босгох нь биелшгүй хэцүү даваа биш шүү гэдгийг ойлгуулахыг зорьжээ. Түүнчлэн Buffer нь тэдний анхны бизнес байсан тул хэн хэн нь туршлагагүй байснаа хэрхэн давж туулснаа харуулахыг хүссэн байна.

Тэдний хамгийн гол слайд бол "traction" буюу амжилтанд хүрнэ гэдгээ баталсан слайд юм. Энэ хэсэгт бизнесээ туршиж үзээд үүнээс олж авсан хандалт, хэрэглэгчид, орлогын үзүүлэлт гэх мэтийг оруулбал зүйтэй.

Анхны бизнесээ эхлүүлж байгаа бол хөрөнгө оруулалт хайхаас өмнө ихээхэн туршилт хийж, өөрсдийн бизнесийг ирээдүйд хөгжиж чадна гэдгийг харуулах үзүүлэлтүүдтэй болох хэрэгтэй. Тэр болтлоо бусад бүх зүйлсийг март. Зөвхөн үүн дээр л төвлөр.
- Buffer-ийн үүсгэн байгуулагч Лео

Хөрөнгө оруулагчид ийнхүү тэднийг сонирхож эхэлсэн ч хэлэлцэхээс цааш явахгүй байж. Үүний гол шалтгаан нь, хүмүүс сошиал медиа гэхээр маш олон өрсөлдөгчтэй, аль хэдийн хальсан зах зээл гэж хардагт байжээ. Тэд Buffer-ийг сошиал медиагаас өөр гэдгийг тайлбарласан ч нэг их ойлгодоггүй байж. Үүний улмаас тэд цөөн өрсөлдөгчтэй гэдгээ ойлгуулахын тулд доорх слайдыг бэлджээ.

Илтгэлийг эндээс үзнэ үү.

4. LINKEDIN

2004 онд Linkedin-ийг байгуулагдаад байх үед Myspace, Friendster гэх сувгууд амжилтанд хүрч* сошиал медиаг хүмүүс дөнгөж ашиглаж сурч байв. Linkedin тухайн үед ямар ч ашиг олоогүй мөн Myspace, Friendster шиг хэрэглэгчдийг олноор татахаар биш байсан нь гол бэрхшээл болж байжээ.

Гэхдээ үүсгэн байгуулагч Рэйд Хоффман эдгээрт бууж өгөлгүй 37 слайд бүхий илтгэлээрээ анхны хөрөнгө оруулалтаа татсан гэдэг. 37 гэхээр нуршуу, уйтгартай санагдаж байж болох ч тэд ихэнх слайд дээр хэдхэн секунд зарцуулж, заримыг нь шууд гүйлгэж байсан аж. Бүх слайдыг оруулсан учир нь хөрөнгө оруулагчдад чухал байж болохуйц бүхий л зүйлийг тооцож үзсэн гэдгээ харуулахад оршиж байв. Түүнчлэн, асуулт хариултын үед орхисон слайд дээрх мэдээллийг ашиглан оновчтой тайлбар хийж чадсан байна.

Гарааны бизнесүүд илтгэл тавихдаа эрсдэлээ тоочихоос зайлсхийдэг бол Linkedin үүний эсрэгээр яагаад энэ бизнес бүтэлгүйтэж болох вэ гэдгийг зоригтойгоор, сайтар тайлбарласан аж. Хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр санаа зовдог асуудлыг эхэнд нь ярьснаар илтгэлийн туршид тэдний анхаарлыг төвлөрүүлж чадсан байна.

Үүнээс гадна, тэд аналог (Ж/нь: Google - Search for things 2.0 гэх мэт) ашигласан нь бизнесээ хялбар ойлгуулахад тусалжээ. Хөрөнгө оруулагчид таны бизнесийн талаар тийм ч сайн мэдэхгүй, цаг хомс үед ийнхүү тэдний мэддэг зүйлсээр дамжуулан тайлбарлах нь давуу талтай.

Үүнээс гадна тэд "network" буюу сүлжээ хэмээх өөрийн гол онцлогийг бусад компаниудтай харьцуулан харуулжээ. Үүндээ Google, Paypal, eBay гурвыг сонгож авч эдгээрийн амжилтанд хүрсэн шалтгаан нь "network" байсныг тайлбарласан байна. Ямар ч хөрөнгө оруулагч эдгээр амжилттай компаниудад хөрөнгө оруулах дуртай байх учир манайд ч гэсэн хөрөнгө оруулах нь зүйтэй гэдгийг хэлжээ.

Тэд PayPal 4 сая хэрэглэгчтэй болох хүртлээ ашиг олоогүйг, мөн өнөөдөр 400 сая долларын ашиг олдгийг онцолжээ.

Илтгэлийг эндээс үзнэ үү.

Энэхүү нийтлэл нь бизнес санаагаа бусдад танилцуулах тухай цуврал нийтлэлийн хоёр дахь хэсэг бөгөөд бизнес санаагаа танилцуулахад юу чухал болох, мөн илтгэлийн бүтэц ямар байвал зохих талаар өгүүлсэн эхний нийтлэлийг доороос уншина уу.

МЭДҮҮШТЭЙ: ЭЛОН МАСКААС СУРАЛЦАХ НЬ БУЮУ БИЗНЕС САНААГАА БУСДАД ХЭРХЭН ТАНИЛЦУУЛАХ ВЭ?

Эх сурвалж: LinkedIn's Series B Pitch to Greylock, The Pitch Deck We Used To Raise $500,000 For Our Startup, The Facebook Pitch Deck from 2004 , Airbnb pitch deck: teardown and redesign, 30 Legendary Startup Pitch Decks And What You Can Learn From Them

Нийтлэлийг бичсэн О. Бүтэд