Apple ирэх арван жилийн ухаалаг утасны зах зээлийг тодорхойлох учиртай шинэ утсаа танилцуулав

2017 оны "Балдорж шагнал"-ын эзэд тодорлоо

Монголын сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд тооцогдох "Балдорж Шагнал"-ын эзэд энэ долоо хоногт тодорлоо. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог энэхүү шагналын 9 дэх удаагийн эзнээр "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Б.Энхмарт “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн болов. Дэд байрт "Өнөөдөр" сонины сэтгүүлч Л.Ганчимэгийн "Аавын Эзгүйд" реалити сурвалжлагууд оржээ. Уламжлал ёсоор шилдэг 10 бүтээлийн эздийн нэрс энэ үеэр тодорч, шагналаа гардан авснаас гадна Канадын ЭСЯ-аас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сэдвээр бичигдсэн шилдэг бүтээлийг тодруулсан онцлогтой арга хэмжээ явагдлаа.

Өнөөдөр: 9 дэх удаагийн "Балдорж Шагнал"-ын эзэд тодорлоо
Үндэсний шуудан: Нулимстай Бөхөн 1-р хэсэг, 2-р хэсэг

2017 оны шилдгүүд! Гэрэл зургийн эх сурвалж: Өнөөдөр сонин

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple жил бүрийн уламжлалт, шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа. Хамгийн анхны iPhone утсаа худалдаанд гаргасны 10 жилийн ойтой давхцсан гэдэг утгаараа, мөн шинэхэн баригдсан Apple Park-ийн Стив Жобс театрт явагдах байснаараа энэ жилийн эвент олон нийтийн анхаарлын төвд байсан. Тэд олон нийтийн таамаглаж байсанчлан iPhone 8, iPhone 8 Plus болон 10 жилийн ойдоо зориулан гаргасан, ямар ч товчлуургүй iPhone X утаснуудаа зарлалаа. Илүү хүчин чадалтай, илүү аюулгүй бас илүү үнэтэй шинэ утасны гол давуу тал нь Face ID буюу нүүрээрээ утсаа түгжих, нээх боломж олгох технологи байв. Хурууны хээнээс 20 дахин найдвартай гэх энэ технологиос гадна өөрийн реакцаа шууд эможи болгон хувиргах боломжтой Animoji, мэргэжлийн гэрэл зургийн хэрэгсэл, филтерүүдийг өөртөө шингээсэн дэвшилтэт камер, OLED дэлгэц, утасгүй цэнэглэгч зэрэг шинэ нэмэлтүүдийг шинэ утас нь өөртөө багтаасан байв. iPhone X 999 доллараас эхлэн 11-р сараас эхлэн худалдаанд гарах юм. Үүнээс гадна тэд илүү шинэчлэгдсэн Apple Watch болон Apple TV-ээ танилцуулжээ.

Ringer: Apple-ийн зарласан бүх зүйлс
Buzzfeed: Apple-ийн эвентийн онцлох мөчүүд

Шинэ утсыг "икс" бус "тен" буюу 10 гэж дуудах ёстой гэнэ. Ром тоогоор 10-ыг илэрхийлж нэрлэсэнд олон хүн будилж байгаа нь гарцаагүй.

Бизнес, технологийн ертөнцийн эргэн тойронд

Гүүглийн толгой компани Alphabet такси дуудлагын үйлчилгээний салбарт Uber-ийн гол өрсөлдөгч Lyft-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байгаа гэнэ. Uber-ийн эргэн тойронд өрнөж буй бөөн асуудлаас хамгийн их хожиж буй тал нь гэж хэлж болох Lyft өнгөрсөн хаврын хөрөнгө босголтоор 7,5 тэрбум доллараар үнэлэгдэж байсан билээ.

Axios: Google Lyft-д хөрөнгө оруулах уу?

Цахиурын хөндийгөөс гаралтай хамгийн амжилттай яваа кофены стартап Blue Bottle Coffee нийт хувьцааныхаа 68 хувийг 500 сая доллараар Nestle-д зарж байгаагаа зарлалаа. Нью Йорк, Калифорниа болон Токио зэрэг хотуудад 29 салбартай тэд ирэх жил 50 салбар шинээр нээн, борлуулалтаа 70 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Guardian: Blue Bottle Coffee зарагдчихлаа гэж үү?

Дэлхийд хамгийн ихээр хэрэглэгдэж буй мессеж чат апп Whatsapp-ийг үүсгэн байгуулагчдын нэг Брайн Аштон компаниа орхиж, ашгийн бус олон нийтийн ажил эхлүүлэх болсноо зарлалаа. 2009 онд байгуулсан бизнесээ Фэйсбүүкт 19 тэрбумаар зарсан тэрээр технологи, харилцаа холбоо болон олон нийтийг холбох чиглэлээр ажиллах сонирхолтойгоо энэ үеэр мэдэгдсэн юм.

Uber-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байгаа Дара Хосровшахи 2015 оноос хойш хашиж байсан New York Times-ийн удирдах зөвлөлийн гишүүний ажлаа хүлээлгэн өглөө. Өнгөрсөн сард NYT-ийг түүний талаар мэдээлэл цацах үеэр өөрийн бизнестэй холбоотой гэдгээ мэдээллээгүй хэмээх шүүмжлэл гараад байсан билээ.

Nestle дараагийн Starbucks-ийн бүтээхийг хүсч байна!

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн сансар судлалын түүхэнд хамгийн нөлөө бүхий аяллын эзэн болсон Кассини хөлгийн 20 жилийн аялал төгсгөл боллоо. 1997 оны 10-р сард хөөрөн, 2004 онд Санчир гарагийн тойрог замд орсноосоо хойш тус хөлөг хүн төрөлхтөнд үнэлж баршгүй их мэдлэг, мэдээллийг гайхалтай нарийн бас тод гэрэл зургуудаараа илгээсээр байсан юм. Энэ хугацаанд Кассини 5 тэрбум миль аялж, 450 мянга гаруй зураг илгээн, 4000 гаруй судалгааны ажлын эхэн үндэслэл нь болжээ. Санчир гарагийн цагариг, дагуулууд, сар болон тэдгээрийн гадарга, орчны талаар үнэлж баршгүй их мэдээллийг өгсөн тус хөлөг өнгөрсөн 9-р сарын 15-ны өдөр хамгийн сүүлийн даалгавраа гүйцэтгэн, гарагийн агаар мандал руу орон, эх дэлхийтэй холбоо тасарчээ.

CNN: Кассинигийн сүүлчийн даалгавар

Британийн хөгжмийн ертөнцийн оны шилдэг бүтээлд олгодог Mercury Awards-ийн энэ жилийн ялагчаар электроник, альтернатив R&B төрөлд уран бүтээл туурвидаг Sampha тодорлоо. Хорт хавдраар алдсан ээжийнхээ дурсгалд зориулан, тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө тулгуурлан бичсэн гэх түүний 2-р сард гаргасан дебют цомог Process нь хэдийгээр чартын 7-р байрт л бичигдсэн ч шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч, эзэндээ нэр хүнд, цар хүрээгээрээ толгой цохих уг шагналыг авчирсан нь энэ. Сьерра Леоноос гаралтай, 28 настай тэрээр Эд Ширан, the XX зэрэг 11 уран бүтээлчдийг илүүрхэн 25 мянган фунтийн шагналын эзэн болжээ.

BBC: Mercury Awards-ийн ялагч Sampha гэж хэн бэ?

Дэлхийн хамгийн том автомашины үзэсгэлэн, үйлдвэрлэгчдийн цуглаан "Франкфуртын мото шоу" энэ өдрүүдэд явагдаж байна. 1897 оноос эхтэй гэгдэх уг наадам сондгой жилүүдэд Франкфурт хотноо, тэгш жилүүдэд Хановер хотуудад явагддаг. Германы канцелор А.Меркелийн нээсэн энэ жилийн үзэсгэлэнд 1000 гаруй үйлдвэрлэгчид оролцож, 1 сая орчим зочид айлчлах төлөвтэй энэхүү наадмын үеэр 228 машин анх удаа олны хүртээл болж, нээлтээ хийх аж.

Telegraph: Франкфуртын мото шоуны талаар мэдвэл зохих бүх зүйлс


"Дэлхий инээмсэглэсэн өдөр". 2013 онд Кассинигийн авсан энэ зурган дээр тодрон харагдах цэг бол Санчир гарагаас 900 сая милийн зайд орших бидний амьдарч буй ДЭЛХИЙ билээ.

Спортын ертөнцийн эргэн тойронд

Олон Улсын Олимпийн Хорооноос 2024 болон 2028 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулах хотуудын нэрсийг албан ёсоор зарлалаа. Үүрэгт ажлаа хүлээн авснаасаа хойш эрчимтэй өөрчлөлтүүдийг эхлүүлээд буй ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах түүхэнд анх удаа 2 наадмын эрхийг нэг дор өгсөн тохиолдлын эзэн болов. Парис хот 2024 оны зуны наадмыг зохиох бол Лос Анжелес хот 2028 оны наадмыг хүлээн авах болжээ. Парис хамгийн сүүлд олимп зохиосноосоо хойш 100 жилийн дараа 3 дахь удаагаа зуны наадмыг явуулах болж байна. Лос Анжелес ч мөн адил 3 дахь удаагаа Олимпийн хот болж байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд Ром, Будапешт хотууд нэрээ татсанаар 2024 оны эрхийн төлөө ердөө 2 хот тунаж үлдээд байсан. Өндөр зардал, хэт нүсэр дэд бүтэц, төвөгтэй шаардлагуудын улмаас нэр дэвших хотын тоо эрс цөөрч байсан энэ үед ОУОХ тун зоригтой шийдвэр гаргаж, "олимпийн хөдөлгөөнд ялагдагч байх ёсгүй" гэсэн үндсэн санааны дагуу аль аль хотод нь зэрэг эрх олгохоор тогтоод байсан юм. Лос Анжелес хот 4 жил хүлээснийхээ төлөө 1,7 тэрбум долларын татаасыг ОУОХ-оос авахаар тохиролцжээ. Илүү залуу, илүү хотын мөн илүү инновацлаг хэлбэр лүү шилжиж буй Олимпийн хөдөлгөөн ийнхүү түүхэн шийдвэрээ энэ долоо хоногт гаргалаа.

Olympic: Олимпийн хорооны түүхэн шийдвэр гаргасан үдэш

ОУОХ энэ өдрүүдэд хуралдаж буй чуулганыхаа үеэр Ёс Зүйн Хорооны даргаараа НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүнийг сонгосноо зарлалаа. Сүүлийн жилүүдэд ОУОХ-ны гишүүд болон зарим гишүүн спорт хороодын засаглалтай холбоотой томоохон асуудлууд дэгдэж байгаатай холбоотойгоор энэ чиглэлд илүү анхаарлаа хандуулахыг олон нийт, томоохон спонсорууд шаардсаар байсан билээ.

Туркменистаны нийслэл Ашгабат хотноо 5 дахь удаагийн Азийн Танхимын болон Тулааны спортын наадам эхэллээ. 64 орны 6000 гаруй тамирчид спортын 21 төрөлд хүч үзэж буй энэ наадмын нийт төсөв 5 тэрбум гаруй доллар болсон нь сонирхолтой. Монголын баг тамирчид эхний өдрийн дараах байдлаар жюүжицү болон үндэсний бөхийн төрлөөс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 5-р байрт бичигдэж байна.

Энэ жилийн теннисийн ертөнцийн хамгийн сүүлийн их дуулгын тэмцээн Америкийн нээлттэй тэмцээний аваргууд бүрэн тодорлоо. Эрэгтэйчүүдийн төрөлд чансааг тэргүүлэгч Рафа Надаль ӨАБНУ-ын К.Андерсоныг 3 сетийн дотор буулгаж авснаар 16 дахь удаагаа их дуулгын аваргын цомыг хүртлээ. 2013 оноос хойш анх удаа, нийт 3 дахь удаагаа Америкт түрүүлсэн Надаль энэ жил Ролан Гаррост мөн түрүүлээд байсан билээ.

Олимпийн хөдөлгөөнд ялагдагч байх учиргүй. Парис, Лос Анжелес хотын захирагчид баяр хөөр дүүрэн гэртээ харив.

Алдалгүй унших арван мэдээ

BBC: Лондоны метроны халдлага гэрэл зургийн дуранд
Eurosport: Головкин, Алварезийн дуулиант тулаан "маргаантай" тэнцээгээр өндөрлөв
Techcrunch: Nike, NBA-ийн супер хослолтой танилц
CNN: Атлантын далай орчмыг хуй салхины аюул заналхийлсээр
NYT: Хойд Солонгос ахин нэг пуужин хөөргөв. Хямрал ойртсоор
VOX: Emmy-ийн хүлээлт
Al Jazeera: Рохингяагийн хямралыг тайлбарлахуй
Fox: Бүх төрлийн вакциныг нэг оролдлогоор тарих технологи!
Forbes: Тайзо Сон Энэтхэгт шинэ инкубатор нээлээ
Guardian: U2 тэргүүтэй одод Сэйнт Луйст хийх тоглолтоо цуцлав