Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   05 сарын 13, 2017

Дэниэл Пинкийн "Drive" номын тухай: Биднийг юу урамшуулж, юу хөдөлгөдөг вэ?

Drive гэх үгийг хүсэл эрмэлзэл, хөдөлгөгч хүч гэж хөрвүүлж болно. Энэхүү номонд Дэниэл Пинк ямар ямар зүйлс хүмүүсийг мотивацижуулж, зөв зүйтэй зүйлсийг хийхэд, ажилдаа илүү сайн байхад юу юу нөлөөлдгийг судлан, маш сонирхолтой үр дүнг гарган тавьсан юм. Тэрээр хүмүүсийн зан төлөв, сэтгэлзүйн салбарт сүүлийн 40-өөд жил хийгдсэн олон судалгаанд суурилан энэхүү номыг бичжээ. Энэ бол маш чухал сэдвийг хөндсөн, тун сайн бүтээл билээ.

Асуудал

Хүн төрөлхтөн саяхныг хүртэл бусдыг хөдөлгөхдөө, бусдад нөлөөлөхдөө carrot and stick буюу буюу сайн байвал урамшуулах, муу байвал шийтгэх аргыг ашиглаж ирсэн юм. Энэ нь extrinsic reward буюу тухайн хүнд гадаад хүчин зүйлээр нөлөөлж байна гэсэн үг юм. Харин энэ хугацаанд intrinsic reward буюу тухайн хүнийн сэтгэл, оюун санаанд нөлөөлөхийг нэг их анхаарч ирээгүй байна. Урамшууллын энэ арга нь олон зуу, олон мянган жил хүмүүсийн хийж ирсэн механик, давталттай ажлуудад яг тохирдог, хүмүүсийн бүтээмжийг нэмдэг, үр дүнгээ өгдөг байв.

Тэгвэл нийгэм хувьсан хөгжихийн хэрээр хүмүүсийн илүү бүтээлчээр ажиллах шаардлага нэмэгдсэн билээ. Механик, давталттай ажлууд технологижиж, цагаан захтан гэгддэг оффисын ажилтнууд орчин цагт их болсон. Бүтээлчээр ажиллах шаардлагатай эдгээр хүмүүсийг гадаад хүчин зүйлээр урамшуулах нь урт хугацаандаа үр дүн муутай байдгийг номонд олон жишээгээр үзүүлжээ. Жишээ нь цалингийн урамшуулал, нэмэлт олгох нь богино хугацаанд бүтээмжийг нэмдэг ч ажилдаа хандах дур сонирхлыг нь бууруулдаг байна . Тэрчлэн хүүхдийг саатуулахын тулд чихэр өгөөд сургачихвал хүүхэд чихэр авахаас нааш чимээгүй байхаа больж, магадгүй шүд нь хорхойтно. Энэ мэтээр гадаад хүчин зүйлүүдээр хүмүүст нөлөөлөх гэж оролдох нь сөрөг үзэгдлүүдийг дагуулдаг аж.

Ийм нөхцөлд хүмүүст хэрхэн нөлөөлж, тэднийг хэрхэн мотивацижуулах ёстойг зохиогч 3 ойлголтоор тайлбарлажээ. Autonomy буюу тодорхой эрх чөлөөг олгож, Mastery буюу тухайн хийж буй зүйлдээ мэргэших, илүү сайжрах бололцоо олгож, Purpose буюу бусдад, нийгэмд нийгэмд тустай зүйлийг хийх боломжийг олгож байгаа бол тухайн хүн дотроосоо урамшиж, сэтгэлээсээ зүтгэлтэйгээр ажилладаг ажээ. Тэгэхээр та энгийн ажилтан ч бай, удирдах ажилтан ч бай, хүмүүсийн хөдөлгөгч хүч нь энэ гурван зүйл байдгийг сайтар ойлговол ажилдаа амжилт гаргахад нэн тустай юм.

Autonomy - Эрх чөлөө

Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж айхавтар үг бий. Хүн ер нь өөрийн тааваар л байх дуртай байдаг. Хүмүүсийн санаа бодлыг сонсохгүй, тэдэнд байнга тушаагаад зааварлаад байвал яавч сайхан санагдахгүй. Хэчнээн өндөр цалинтай байлаа ч тухайн ажлыг өөрийнхөөрөө хийх, санаа бодлоо нэмэрлэх боломжгүй бол хүн тэр ажлыг орхиж, цалин багатай ч өөрийнхөөрөө ажиллаж, хүссэн юмаа хийж болох ажлыг сонгох нь лавтай. Уг номонд бичсэнээр 4 T буюу Task - ажил, Time - цаг, Technique - арга барил, Team - баг гэсэн 4 зүйл дээр ажилтнуудад тодорхой эрх чөлөө, сонголт хийх боломж олгох нь тустай байдаг гэнэ.

Үүний нэг сонгодог жишээ бол алдарт Google компани инженерүүддээ нийт ажлын цагийнхаа 20 хувьд нь өөрсдийн хүссэн төсөл дээр юм уу хувийн төсөл дээрээ ажиллах боломжийг олгодог билээ. Энэ бодлого нь Gmail зэрэг тэдний хамгийн алдартай зарим бүтээгдэхүүнийг төрүүлсэн байдаг. Netflix компани ажлаа л сайн хийж гүйцэтгэж байвал ажилтнууддаа хэзээ ч, ямар ч хугацаагаар амралт авах боломжийг олгодог аж. Мөн Фэйсбүүк шинэ инженерүүддээ сургалт орсны дараа компани доторх бүх л багуудтай уулзаж, хүссэн багтаа орохыг зөвшөөрдөг байна. Фэйсбүүк тэр хүний сонгодог, харин тэр хүн багаа сонгодог.

Mastery - Сайжрах боломж

Дараагийн чухал хүчин зүйл бол тухайн хийж буй зүйлдээ мэргэших, өөрийгөө сайжруулах боломж юм. Төгсөд тэмүүлэх энэ ойлголтыг бид заримдаа ахиж дэвших боломж гэж ярьдаг даа. Нэг компанид ороод сайн ажиллаад, тухайн ажлаа бүрэн эзэмшчих тохиолдлууд олон. Гэвч энэ үед шинэ сорилт гарч ирэхгүй, тухайн зүйлдээ цаашид сайжрах бололцоо үгүй, албан тушаал дэвших ч орон зайгүй бол тухайн хүний урам зориг унтарна. Пинкийн хэлж байгаагаар Mastery-гийн 3 дүрэм бий гэнэ.

Энэ бол сэтгэлгээ. Хүмүүс итгэл үнэмшил юунд юунд хүрэхийг нь тодорхойлдог. Тэгэхээр хүмүүст юу хийх боломжтой, юунд хүрч болохыг нь сануулж итгэл үнэмшил төрүүлж байх нь чухал мэт.

Энэ бол "хүнд хүчир зүйл". Тухайн зүйлд, тухайн ажилдаа мэргэшиж "төгсөрнө" гэдэг тун амаргүй. Асар их хичээл зүтгэл, дасгал сургуулилалтыг шаарддаг. Малколм Гладвеллийн 10,000 цагийн дүрмийг санаж байна уу?

Энэ бол хэзээ ч үл хүрэх тийм зүйл. Хүн хүрэхгүй зүйлдээ улам тэмүүлдэг дээ. Тухайн ажлыг өө сэвгүй төгс хийнэ гэдэг үндсэндээ боломжгүй. Хүн байнга л өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг.

Энэ хэсэгт зохиогч хүмүүсээр хэтэрхий амархан биш, бас хэт хүнд биш ажлуудыг хийлгэхийн чухлыг онцолсон байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Purpose - Зорилго

Оньсны гурав дахь тал бол тухайн хийж буй ажлын утга учир, ач холбогдол юм. Гутлын компанид ажилладаг дизайнераар жишээ авъя. Түүнд ажлаа өөрийн тааваар, өөрийн арга барилаар хийх, мөн сайжрах боломж асар их байлаа ч тухайн компанийн эзэн орлогоо хэрэгтэй хэрэггүй юманд зарцуулаад байдаг бол хэцүү еэ. Тэр ажилтны урам зориг мохож л таарна. Ерөөс хийж байгаа зүйл маань бусдад хэрэгтэй, нийгэмд тустай бол түүнээсээ бид сэтгэлийн ихээхэн ханамж авдаг.

Жишээ нь TOMS гээд гутлын брэндийг аваад үзье. Энэ брэндийн гутлыг авах бүрт тэд хөгжиж буй орны нэг хүүхдэд бас нэг шинэ гутал бэлэглэдэг аж. Ийм компанид ажиллаж байгаа хүмүүс хийж буй ажилдаа сэтгэл өег байдаг нь тодорхой биз ээ. Тэгэхээр бусдыг хөдөлгөх нэг чухал хүчин зүйл бол тэдэнд амлаж буй зөв зүйтэй зорилго, эргэн тойрондоо үзүүлэх үр нөлөө байдаг гэдгийг санууштай.

20352   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.