Элон Маск, Сэрэна Уиллиамс, Нобелийн шагналтан Элизабэт Блэкбүрн, дэлхийн шатрын аварга Гарри Каспаров, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ёнг Ким зэрэг 70 гаруй илтгэгч, 12 хэсэг бүхий TED2017 “Ирээдүйн та” хурал саяхан болж өнгөрсөн билээ. Жил бүр Канадын Ванкувер хотод 5 хоног үргэлжилдэг, энгийн оролцогч 8500 доллар төлж оролцдог энэхүү үйл ажиллагаанд технологи, энтэртайнмент, дизайн, шинжлэх ухаан, боловсрол, бизнес, эрүүл мэнд гээд салбар бүрийн шинийг эрэлхийлэгч, бүтээгч, сэтгэгч нар цугладаг. Хиймэл оюун ухааны хөгжил, цахим орчны нийгэм дэх нөлөө, олон улсын харилцаа ба хамтын ажиллагаа, насжилт ба эрүүл нийгэм зэрэг сэдвүүд рүү голчлон хандсан энэ удаагийн үйл ажиллагаанд ТED орчуулагчийн хувиар оролцоод ирсэн Э.Сүндарийн сонирхолтой тэмдэглэлийг хүргэж байна.

Зохион байгуулалт

Оролцогч нар TEDConnect аппликэйшний тусламжтай биентэйгээ нэрийн хуудас солилцолгүй холбоо тогтоох, мэссэжээр харилцах, цаашид холбогдон ажилладаг юм билээ. Миний хувьд 5 хоногт 70 гаруй хүнтэй танилцаж, сэтгэлгээний цар хүрээгээ тэлсэн. Үндсэн илтгэлүүдээс гадна өдөр бүр сургалт, арга хэмжээнүүд зохиогдоно. Оддын дайны хөлөг онгоц бүтээх, солирын эд дээр туршилт хийх, үүрээр ууланд алхах, 2 цагийн дотор старт-ап Pitch хийж 5000 долларын эрх хожих гээд олон төрлийн арга хэмжээ нь оролцогчид хоорондоо чөлөөт орчинд танилцах, цагийг хамтдаа бүтээлч байдлаар шинэ зүйл туршиж өнгөрөөхөд тусалдаг. Би TED-Ed анимэйшн бүтээх, алдарт шидтэн Дэвид Квонгийн удирдсан асар том оньсыг багаар тайлж, үзэсгэлэнт Ванкувер хотоор дугуйгаар аялахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн асуудлаар чөлөөтэй ярилцаж, цаг минут тутам шинэ зүйл сонсож байлаа. Хэдий оролцогч нарын дийлэнх нь 35-аас дээш настай байсан ч маш сониуч, шинэ зүйлд нээлттэй хандаж, олон хүнтэй ярилцах сонирхолтой байсан нь олзуурхмаар. Орой бүр өөр өөр хүлээн авалттай байсны хамгийн сонирхолтой нь оролцогчид бүгд 50 гаруй өөр сэдвийн дор зохиогдох Jeffersonian dinner-т хуваагдсан явдал байлаа. Миний хувьд “Орчин үеийн технологийн хөгжлийн тусламжтай уур амьсгалын өөрчлөлтийг багасгах нь” сэдэвтэй оройн зоогонд хэд хэдэн илтгэгч, АНУ-ын Шинжлэх ухааны академийн мэргэжилтэн, MIT-ийн профессор зэрэг гайхалтай хүмүүстэй хамт сууж “чихний бөглөөгөө гаргасан” шүү.

Сэдвүүд: Роботууд ба бид

Үйл ажиллагаа робот, хүний хамтарсан бүжгээр эхэлсэн нь робот хүнтэй зэрэгцэн амьдрах, өдөр тутмын ажил, хүний аминд эрсдэлтэй, цаг их зарцуулдаг ажлуудад робот бидэнд туслах цаг хэдийн ирснийг сануулав. Робот бидний ажлыг хөнгөлнө, харин хүмүүс роботод ажлаа алдсанаар ямар үр дүн гарахыг хурлын турш бид эргэцүүлсэн билээ. Гэхдээ роботын хөгжлөөс илүү анхаарал татсан асуулт бол “Эрчимтэй судалж хөгжүүлж буй хиймэл оюун ухаан бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?” байлаа. Хиймэл оюун ухааны хамгийн түгээмэл судалгааны материалыг боловсруулсан судлаач Стюарт Рассель бидэнд хиймэл оюун ухаанаас айхаас илүүтэй, тодорхойлолтыг өөрчилж, “илүү хүнлэг, хүний үнэт зүйлсийг ойлгодог” робот бүтээх шаардлагатай талаар илтгэл тавьсан нь бидний хараахан олж хараагүй өнцгийг хөндсөн хэрэг байв. Хэдий удахгүй хүнээс илүү чадвартай, өөрөө суралцдаг оюун ухаан хөгжинө гэдэг багагүй айдас төрүүлэх ч дэлхийн шатрын аварга Каспаровын IBM-ийн Deep Blue супер компьютерт хожигдсон түүхээ сөхөн “робот, хиймэл оюун ухааны хөгжил бол хүн төрөлхтний бүтээлч сэтгэлгээ, өндөр хөгжлийн тусгал” гээд, хүний хамгийн үнэт тал болох бүтээлч сэтгэлгээгээ алдахгүй байх хамгийн чухлыг сануулсан юм.

Ангид байж үл болох улс төр, шашин ба бидний итгэл үнэмшил

Хэдий TED улс төрөөс ангид, шашны аль нэг урсгалыг дөвийлгөн дэмждэггүй ч энэ жил Ромын Пап лам, Рабби Лорд Жонатан Сакс нар илтгэгчийн эгнээнд багтсан нь багагүй анхаарал татав. Шашны тэргүүнүүд бие биенээ цуурайтуулсан илтгэл тавьж, “би ба бусад” гэсэн зааг хүний нийгэмд хэчнээн халтай бөгөөд гэгээлэг хүртээмжтэй ирээдүй бүтээх цор ганц арга нь “би, би” гэсэн ганц хүний зорилго бус “бид” нарын хамтын ажиллагаа, зорилт гэдгийг давхар давхар сануулав. Энэ жилийн нууц илтгэгч байсан Ромын Пап ламтан “Хүн хэдий их хүч чадал, эрх мэдэлтэй байна, төдий чинээ тэр хүний нийгэмдээ үүрэх хариуцлага үүрэг нэмэгддэг” бөгөөд “хүн хүч чадлаа нийгүүлсэнгүй сэтгэл, бусдын төлөөх үйлстэй хамтатгахгүй бол хүн бүрт халтай” гэсэн юм.

Анх удаа явагдсан “Испани хэл дээрх TED” хэмээх хэсэгт Колумбын ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа хулгайлагдан, зэрлэг ойд 6 жил хоригдож байсан улс төрч Ингрид Бэтанкур илтгэл тавилаа. Тэрээр хоригдох үедээ бууж өгч, хохирогч болох уу, айдсаа даван туулах уу гэсэн чухал шийдвэртэй тулж байснаа хүүрнэн, итгэл үнэмшилдээ бат зогсох, хамтын ойлголцол ба эв нэгдэлийг бий болгох, сайн сайханд итгэх итгэлээ алдахгүй байх гэсэн айдсыг хүч чадал болгох 3 алхмыг танилцуулсан юм. Улс төрийн хагарал бутрал нь айдас, үл ойлголцлоос үүдэн биднийг хувааж байдаг тул дээрх зөвлөгөөний дагуу айдаст баригдалгүй, үнэн мөний төлөө тэмцэхийг зөвлөв.

Эрүүл нийгэм, эрүүл хүн

Мэс заслын эмч, The New Yorker-ийн сэтгүүлч, зохиолч Атул Гаванде спортын тамирчид карьерийнхаа турш дасгалжуулагчтай байдаг бол бусад мэргэжилд энэ үзэгдэл байдаггүйг анзааран мэс заслын үеэр их сургуулийн багшаа өөрийн “дасгалжуулагчаар” урьжээ. Мэс заслын дараа багш нь түүнд өөрийн анзааралгүй гаргаж байсан жижиг боловч маш чухал олон алдааг хэлж байсныг тэр яриад цаашид энэ арга барилаар өөрийгөө хөгжүүлж, хүн өөрийгөө “болчихсон” гэж бардалгүй үргэлж сурж, өөрийгөө хөгжүүлэх хичнээн чухлыг оролцогчдод сануулав.

Нэрт нийтлэлч, сэтгэл зүйч Сюзан Пинкерийн дэлхийд эрүүл мэнд, наслалтаараа хамгийн өндөрт тооцогддог Италийн Сардини мужид хийсэн насжилтын тухай судалгаа бүхий илтгэлийг мөн онцлох ёстой. Сардини нутгийн хөгшчүүл хэзээ ч гэртээ ганцаар суудаггүй бөгөөд тэднийг төрөл садан, найз нөхөд, цэцгийн дэлгүүрийн худалдагч гээд олон хүн тогтмол эргэж тойрдгийг анзаарсан Сюзан “бидний нийгмийн харилцаа, бусадтай тогтоох “хүн холбоо” урт удаан амьдралын нууц” хэмээн дүгнэсэн юм. Технологи хөгжин дэлгүүр гарах, такси дуудахдаа ч хүнтэй ярилцах шаардлагагүй болж байгаа энэ цаг үеэд Сардини нутгийн хөгшчүүлээс бид сурах зүйл багагүй ажээ.

Өдрөөс өдөрт илүү хүчтэй

TED илтгэгч нар амьдрал, амжилт бүтэлгүйтлийн замналаа нээлттэй хуваалцдаг нь илтгэлийг илүү сүнслэг баялаг болгож, сонсож буй бидэнд хүчтэй хүрдэг. “Долоо хоногт ажлын 4 цаг” хэмээх хувь хүний хөгжлийн ном болон болон подкастаараа алдаршсан Тим Феррисс залуу насандаа амиа егүүтгэхээс буцахгүй байснаа дурсан, өнгөрсөн жилүүдэд эсрэгээрээ өөрийгөө дайчилж, өндөр амжилтанд хүрснээ "Амар сонголт хийвэл хэцүү амьдралтай тулна, хүнд сонголт хийвэл амар амьдралыг туулна" хэмсээн юм. Мөн Дэлхийн Банкны ерөнхийлөгч Жим Ёонг Ким эцэг эхийнхээ залуудаа дайны дараах Хойд Солонгос улсаас АНУ руу дүрвэн зугтсан талаар яриагаа эхлүүлэн өөрийн амьдралын гайхалтай түүхийг хуваалцсан юм. Хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн зайлшгүй туслалцааг хүргэх хөтөлбөр төслүүд нь амжилттай хэрэгжиж, багагүй зэмлэдэг байсан Дэлхийн Банкны ерөнхийлөгчөөр ажиллах болсон нь Кимийн итгэж явсан үнэт зүйлс, зорилгодоо зөрчил, бэрхшээлийг үл тоон тэмцсэний үр дүн ажээ.

Технологитой эвлэрэх цаг үе

Хурал дээрх бүх ажиллагаа ухаалаг төхөөрөмжин дээр суурилж, алхам бүр бид утас, iPad-аа шалгаж байв. Харин ингэж их “дэлгэцээ мааждаг” нь бидний буруу биш ажээ. Гүүглийн Дизайн багт ажиллаж байгаад технологид “хамаг цагаа хулгайлуулахгүй байхын төлөөх” ашгийн бус санаачилга эхлүүлсэн Тристан Харрис бидэнд Facebook, Twitter, Netflix хэрхэн биднийг донтуулж, аль болох их хугацааг цахим ертөнцөд өнгөрүүлэхийн тулд хэчнээн их анхаардгийг дэлгэсэн нь багагүй тавгүйтүүлэв. Харрис цахим хөгжлийн манлайлагчдыг илүү хүнлэг, хэрэглэгч нарт цаг хугацаагаа өөрсдөө зохицуулах сонголт олгодог хөгжүүлэлт хийхийг зоригтойгоор уриалж, цахим орчны хэрэглэгч нарыг энэ "донтуулах" хэрэглээний талаар эргэцүүлэхэд хүргэв.

Харин дэлгэцтэй ойр өсөж буй анхны үеийн хүүхдүүдэд зориулан судалгаа хийдэг медиа мэргэжилтан Сара ДэВитт харин технологийн хөгжил хүүхдүүдэд сурах чадвараа хөгжүүлэх, мэдлэгийн цар хүрээгээ тэлэх боломж олгодгийг олон жишээгээр танилцуулж “зохистой гаргалгаагаар” цахим хөгжлийн хүүхдэд ээлтэй шийдэж болохыг танилцуулсан юм. Өдөрт тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон ухаалаг төхөөрөмж нийгмийг тэр чигт нь хувьсгаж байгаа болохоор бид сөрөг талуудыг нь анхаарахаас гадна хэрхэн бүтээлчээр ашиглахыг тухай бодож эргэцүүлэх ёстойг эндээс ойлгов.

Ирээдүйн та хэн бэ?

Жил бүр TED дэлхий дахинд дорвитой өөрчлөлт авчрах нэг санаачилгыг сонгон сая доллар бүхий TED Шагнал олгодог бөгөөд энэ жил эрүүл мэндийн ажилтан Раж Панжабийн “Last Mile Health” санаачилга уг шагналыг хүртсэн юм. Панжабын зорилго бол эмнэлгийн анхан, дунд шатны тусламжаас хол суурьшдаг тэрбум гаруй хүнд хүрч үйлчлэх сая эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх явдал юм. Түүний санаачилгаар Африк, Азийн олон оронд аливаа халдварт өвчинг даамжрахаас өмнө сэргийлэх, таслан зогсоох, хүний үнэт амийг цаг тутам аврах боломжтой аж.
Алдарт энтерпренер Элон Маск хэрэгжүүлж буй олон төслөө танилцуулсанг та хэдийн үзсэн байж магадгүй. Куратор Крис Андерсон түүнээс яаж энэ бүхнийг урьдчилан харж төсөөлж чадаж байна аа гэж асуухад Маск маш энгийнээр “Би зүгээр л ирээдүйг төсөөлөөд, төсөөлснийхөө дараа гуниг гутралд унах дургүй. Би ирээдүйг итгэл найдвараар харах дуртай” гэсэн юм. Өнөөдрийн дэлхий маргаашийн дэлхийгээс тэс өөр бөгөөд илүү гэгээлэг байх уу, харин хүндрэл бэрхшээлээр дүүрэн байх уу гэдэг та бидний төсөөлөх ирээдүйн зураглалаас хамаарах билээ.

Тэмдэглэлийг бичсэн Э.Сүндарь

Далимд өгүүлэхэд, Монгол дахь хамгийн том TED арга хэмжээ - TEDxUlaanbaatar энэ сарын 27-нд зохион байгуулагдах билээ. Тус арга хэмжээний илтгэгчидтэй дараах холбоосоор танилцана уу:

Unread: TEDxUlaanbaatar арга хэмжээний 9 илтгэгч
iKon: TEDxUlaanbaatar 2017-н дараагийн 9 илтгэгчийг танилцуулж байна