Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 07, 2017

7 хоногийн тойм: Нэр дэвшигчид + Майкрософтын шинэ лаптоп + Мет Гала 2017

Microsoft лаптопын зах зээлд давамгайлахыг хүсч байна

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорлоо

Энэ зун явагдах Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн нэрс хуульд заасан хугацааны дагуу тодорхой боллоо. Эрх баригч Монгол Ардын Намын бага хурлаас олны таамаглаж байсанчлан намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэх болсноо зарласан. Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхболд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой сүүлийн шатанд өрсөлдөж, санал хураалтаар илүүрхсэн юм. Тэгвэл өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан нам бүх гишүүдийнхээ дунд санал хураалт явуулж, нэр дэвшигчээ тодруулсан. Намын сунгаанд нийт 6 нэр дэвшигч өрсөлдснөөс УИХ-ын гишүүн асан Х.Баттулга ялалт байгуулж, ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх боллоо. Түүнтэй Ерөнхий сайд асан Р.Амаржаргал хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн. УИХ-д суудалтай өөр нэг нам МАХН намын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ гурав дахь ерөнхийлөгчөөр ажилласан байсан түүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэж авах эсэх нь тодорхойгүй байгаа билээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэ 6-р сарын 26-нд явагдана.

Sonin: М.Энхболдын хэлсэн үг бүрэн эхээр
Gogo: Х.Баттулгын хэлсэн үг бүрэн эхээр

Майкрософт шинэ лаптопоо танилцууллаа

Майкрософт боловсролын салбарт зориулсан буюу оюутан, залуус руу голчлон чиглэсэн Surface Laptop-оо тусгай арга хэмжээгээр дамжуулан танилцууллаа. 999 долларын үнэтэй уг лаптоп нь ижил хүчин чадал, үзүүлэлттэй зах зээл дээрх бусад лаптопуудаас даруй 200-400 доллараас хямд байгаа гэнэ. Surface Laptop-ийн дизайн, өнгөний шийдэл шинэ үеийн майкрософтын өнгө төрхийг бүрэн илэрхийлж байгаа бөгөөд ердөө 1,25 кг-ийн жинтэй, 15мм-ийн зузаантай гэдгээрээ онцлог. Windows 10 үйлдлийн системтэй энэхүү лаптоп нь спикер, гараа байрлуулахдаа цоо шинэ шийдэл санал болгож байгаа гэдгээ ихээхэн сурталчилж буй. Кэйбордын материал болон байршуулалт хийгдсэн технологи нь салбартаа тэсрэлт хийж байгааг эх сурвалжууд онцолж байв. Батерейгаа 14,5 цаг барьдаг болсон нь мөн давуу тал ажээ. Зах зээл дээр Macbook Air-тэй шууд өрсөлдөж болохуйц загвар, үзүүлэлт бүхий лаптоп болж чаджээ хэмээн шинжээчид үзэж байна. Уг бүтээгдэхүүн 6-р сарын 15-аас эхлэн зах зээл дээр нийлүүлэгдэж эхэлнэ. Ташрамд дуулгахад Microsoft 5-р сарын 23-нд Surface-ийн өөр нэгэн эвентийг Шанхай хотноо зарласан гэнэ. Одоогоор ямар мэдээлэл дуулгах, ямар бүтээгдэхүүн танилцуулах талаар мэдээлэл байхгүй байна.

Stuff: Microsoft Surface Laptop-ийн талаар таны мэдэх ёстой 6 зүйл
Guardian: Apple-тэй өрсөлдөх Microsoft-ийн гол зэвсэг

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Технологийн компаниуд улирлын тайлангаа зарласаар байна. Apple 2-р улиралд Wall Street-ийн таамагт хараахан хүрч ажиллаж чадаагүй ч өмнөх улирлын "муу" үзүүлэлтээ давж чаджээ. 7-р сард Model 3-аа борлуулж эхлэх Тесла-ийн орлого яг жилийн өмнөхөөс 2 дахин өссөн үзүүлэлт гаргасан бол нийт орлогын 12 хувийг бүрдүүлдэг Uber-ийг алдсан харилцааны дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч Twilio-ийн хувьцаа бараг 30 хувиар унасан байна. Фэйсбүүкийн орлого болон хэрэглэгчдийн үзүүлэлт тун тогтвортой өссөн хэвээр, 2 тэрбум дахь хэрэглэгчээ ирэх улиралд багтаан хүлээн авна гэдгээ мэдэгджээ. NFL-ийг шууд дамжуулах эрхийг Amazon-д алдсан Твиттер Блүүмбэргтэй хамтран тусгай сувгаар контентуудыг цацахаар болсноо мэдэгдснээс гадна WNBA, PGA Tour, Buzzfeed, Viacom-ийн их үзэгчтэй, сонирхолтой контентуудыг албан ёсоор гаргах болсноо тусгай арга хэмжээгээр дамжуулан зарласан. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Snapchat, Facebook өөрсдийн оригинал контентуудыг бүтээж, тун удахгүй цацах гэж байгаагаа ил болгосон нь сонирхолтой. Snapchat гол хэрэглэгчид болох миллениалсдаа зориулсан тв-ийн цуврал киног кабелийн сувгуудтай хамтран Stories нэмэлтээрээ дамжуулан хүргэх сонирхолтой байгаа гэнэ. Фэйсбүүк шууд цацагдаж буй видеоноос нийгэмд хөнөөлтэй, олон нийтэд сөргөөр нөлөөлөх төрлийн контентийг ялгаж зогсоох үүрэг бүхий 3000 ажлын байрыг шинээр гаргаж байна. Сүүлийн үед фэйсбүүкээр амиа хорлох, хүний амь хөнөөх зэрэг ноцтой бичлэгүүд шууд цацагдаж байгаагийн эсрэг тэд ийм арга хэмжээ авч байгаа аж. Google-ийн мэйл, док үйлчилгээг хакдах оролдлого гарч шуугиан дэгдээлээ. Таны өмнө харилцаж байсан хүнээс линк ирж файл хүлээн авахыг хүссэн утгатай мэйл ирсэн дээр дарснаар та өөрийн бүх мэдээлэл, нууц үгээ алдаж болзошгүй гэнэ. Гэхдээ холбогдох хориг арга хэмжээг аюулгүй болгосноо Google зарласан ч хэр их хэрэглэгч хохирсон талаар мэдээлээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийт хэрэглэгчдийн 0,1 хувь буюу 1 сая гаруй хэрэглэгч үүнд өртсөн бололтой.

Techcrunch: Twitter юу зарлав?
NBC: Google хэрэглэгчдийг онилсон "хулгай"

Твиттерийг үүсгэн байгуулагч Ж.Дорси өөрийн платформоо мэдээлэл түгээх хамгийн шилдэг арга гэдэгт итгэлтэй байна

Met Gala 2017 явагдлаа

Нью Йорк хотын музейгээс жил бүр зохион байгуулдаг, Met Gala арга хэмжээ цар хүрээ, нэр хүндээрээ загварын салбарын хамгийн гол цугларалтуудын нэгт тооцогддог. Costume Institute-д зориулан хөрөнгө босгох зорилготойгоор жил бүр ердөө 650-700 зочдыг урьдаг, тасалбарын үнэ нь 25 мянган доллар хүрдэг энэ арга хэмжээний сэдвүүд нь тухайн мөчид нээгдсэн үзэсгэлэнгүүдтэй холбоотой байдаг. Энэ жилийн тухайд Японы уран бүтээлч Рэй Кавакубогийн Art of the In-Between нэртэй үзэсгэлэн энэ жилийн гол сэдэв нь байлаа. Нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын одод энд этгээд сонин хувцаслалт, чамин дэгжин өмсгөлөөрөө гоёж, загварын чиг хандлагыг тодорхойлж, олны нүдийг хужирладаг. Энэ жилийн тухайд гол одод нь анх удаа хосоороо олон нийтийн арга хэмжээнд оролцсон The Weeknd болон Селена Гомез нар байсан юм. Мөн бие давхар болсноо зарлаж шуугиан тарьсан алдарт теннисчин С.Уильямс, энэ жилийн хөтлөгч Кэйти Перри нар ч олны анхааралд байлаа.

NYMag: Met Gala 2017: Хамгийн шилдэг, хамгийн муу нь
NYTimes: Яагаад Met Gala гэж?

Этгээд-чамин-дэгжин-шинэлэг. Энэ бүхэн Met Gala-г илтгэх хэдэн үгс

Алдалгүй унших арван мэдээ

CNN: Трамп хэрхэн Обамакэйрийг ялав?
The Verge: Францын ерөнхийлөгчийн сонгууль хакдуулав уу?
Vox: MTV Movie Award юу хүлээх вэ?
Independent: Аваргуудын лигийн финал бараг тодорхой болов уу?
Eurosport: Жиро Д'Итали явагдаж байна
Ikon: Э.Содномпилжээ дэлхийн цомын хошой аварга боллоо
NME: К.Ноланы шинэ киноны шинэ трэйлэр!
Variety: HBO "Хаадын тоглоом"-ын шинэ цувралыг бүтээнэ
BBC: Мөсөн дор нуугдсан аюулт өвчин
Politico: Францын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө унших ёстой 9 мэдээ

14696   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.