Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 04, 2017

Мэдүүштэй: Амжилттай хэлэлцээр хийхэд туслах 7 зөвлөгөө + Сургалт

Та гайхамшиг бүтээх хичнээн боломжоо хэлцэл хийх чадварт бүрэн суралцаагүйгээсээ болоод алдаж байсан бэ? Амьдралыг өөрчилж, өсөлтийг хурдасган, үнэ цэнэ бүтээж болох байсан тэр мөчүүд ахин олддоггүй нь харамсалтай. Ихэнх хүмүүсийн хувьд хэлэлцээр хийх нь ойлгомжгүй, төвөгтэй, хэт ихийг шаардаад байгаа мэт санагддаг нь судалгаагаар батлагдсан бөгөөд үүнээс болж хэлэлцээр хийх нь хамгийн дутуу ашиглагддаг чадваруудын нэгэнд тооцогддог аж. Яг үнэндээ хэлэлцээр хийх нь бусад л чадваруудын адил хичээвэл хэн ч сурч болдог байна. Өнөөдөр танилцуулах 7 зөвлөмжийг Харвардын Бизнесийн Сургуулийн мэргэжилтнүүд өдөр тутмын амьдрал, бизнестээ мөрддөг агаад та өөртөө болон түншдээ ашигтай нөхцлүүдийг бий болгоход дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна.

1. Жинхэнээсээ, үнэн сэтгэлээсээ харилц

Хэлэлцээр хийхэд харилцаа хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Хэрэв та дайнд орж байна гэж бодож эхэлвэл та дайнд л орох болно. Эсрэгээрээ та аль алиндаа ашигтай, сэтгэл ханамжтай байх хэлэлцээрийг хийнэ гэж хандаж байгаа бол тэр үр дүндээ заавал хүрнэ. Амжилттай хэлэлцээр сэтгэлгээгээ өөрчлөхөөс эхэлдэг. Та хэлэлцээрийг 2 өрсөлдөгчийн дундах тэмцээн биш харилцан ашигтай хэлэлцээр хийх туйлын зорилго бүхий хүнтэй нэг ширээнд сууж байна гэж ойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд тухайн хүнтэй арай өөр түвшинд холбогдох хэрэг гарна. Нэг зүйлийг сануулахад, утас, skype, мессеж, эсвэл и-мэйлээр тухайн хүнтэй “жинхнээсээ” холбогдоно гэдэг бараг боломжгүй. Нүүр нүүрээ харж ярилцах нь хамгийн үр дүнтэй агаад албан болон албан бус яриа аль аль нь чухал. Нийтлэг ашиг сонирхол, хамтын үнэ цэнийг ойлгуулахдаа “удаан хугацааны турш”, “бидний ашиг сонирхол” гэсэн үгнүүдийг ашиглаарай. Биеийн хэлэмж болон ярианы өнгө тань тулгасан бус тайван байх ёстойг мартуузай.

2. Хэнтэй хэлэлцээр хийж байгаагаа сайн мэд

Ихэнх хэлэлцээр нөгөө талаа сайн судлаагүйгээс үүдэн амжилтгүй болдог. Хэлэлцээ хийх гэж яаралгүй, нөгөө талын ашиг сонирхлыг мэдэх, судлах хэрэгтэй. Үүнээс гадна юу түүнийг хүнд нөхцөл байдалд оруулдаг, юу орноос нь босгодог, шөнө суухад хүргэдэг талаар мэдвэл бүр сайн. Харин яаж энэ мэдээллүүдийг олж авах вэ? Хялбар, товч арга зам үүнд байхгүй. Судалгаа сайн хийж, олон асуулт асуух хэрэгтэй. Их асуулт асуухаас хэзээ ч битгий санаа зов, битгий төвөгшөө. Үйл явцыг удаашруулдаг нэг том алдаа бол нөгөө талаа яг өөртэйгөө адил гэж үздэг явдал. Тэдний дотоод логик, хүсэл сонирхол, айдас, сэдлийг өөртэйгөө л ижил гэж боддог. Гэвч ихэнхдээ тийм биш байдаг гэдгийг санаарай.

3. Аль болох мэдээлллээ ил тод байлга

Ижилт мэдээлэлтэй байх нь итгэлцлийг бий болгодог. Хүмүүс юу бодож, юунд зорьж байгааг тань хэлж ярихгүй л бол бүрэн ойлгохгүй шүү дээ. Тийм учраас өөрийгөө ойлгуулах, мөн “гэрийн даалгавар”-аа сайн хийж байгаагаа мэдэгдэхийн тулд мэдээлэл өгөх хэрэгтэй. Ингэснээр таны хэр найдвартай, итгэл даах хүн болох нь шууд харагдах юм.

4. Хэлэлцээртээ биет бус зүйлийг чадахаараа оруул

Энд тодотгоод байгаа биет бус зүйл гэдэг нь таны хувьд хялбархан хэрнээ нөгөө талдаа ашигтай байх зүйлс юм. Хэрэв та нийгмийн сүлжээнд олон дагагчтай бол social media кампанит ажил өрнүүлэхэд нь тусалж болно шүү дээ. Зөвхөн таны хэр санаачлагатайгаас шалтгаалах зүйл. Иймэрхүү зүйлсийг санал болгосноороо хэлэлцээрийн хуулийн болон санхүүгийн хэсгийн хооронд үүсдэг томоохон зайг нөхөж буй хэрэг юм. Нөгөө талдаа аятайхан сэтгэгдэл төрүүлэх атлаа танаас их юм унахгүй гэхээр хэлэлцээрт ялах бас нэгэн боломж шүү. Хэрэв та цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаа бол энэ аргыг ашиглахад тохиромжтой. Цагаа уян хатан нөхцлөөр тохироод нэмэлт ажил хийх гэх мэт ажил олгогчдоо ашигтай, өөрөөсөө зардал, хохирол гарахгүй байх саналуудыг тавьж болно.

5. Амьдрал зөвхөн мөнгөн дээр тогтдоггүйг сана

Мөнгө бол зөвхөн бидний хэрэгцээг хангадаг зүйл. Хэрэв та хэлэлцээрийн үед мухардалд орчихоод байгаа бол өөртөө бас нөгөө талдаа мөнгөнөөс илүү юу үнэ цэнэтэй, хэрэгтэй байж болох талаар бодоод, санал тавиад үзээрэй.

6. Шат шатаар ахь

Олон хүмүүс эхний “үгүй”-гээ сонсоод л бууж өгдөг. Гэвч хэлцэл нь байнга өсөн нэмэгдэж, хөгждөг үйл явц бөгөөд жишээлбэл хоёр байгууллага гэрээ хийхэд зургаан долоо хоног, эсвэл магадгүй зургаан сар ч шаардагдаж болно. Яаралгүй, шантралгүй, шат шатаар ахиж байгаа үйл явцаас сэтгэл ханамж, урам авч яриа, уулзалтуудаа үргэлжлүүлэн хийсээр байх хэрэгтэй юм шүү.

7. Том сэтгэхээс битгий ай

“Би хэр том сэтгэдэг вэ?” гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Зүгээр нэг хэлэлцээр хийх нь зарим тохиолдолд хангалттай байж чаддаггүй. Тэгвэл өөр юуг хийж болох вэ? Энэ асуултын хариулт нөгөө талаа хэр сайн судалсантай холбоотойгоор урган гарч ирдэг. Магадгүй та хэлэлцээр хийж байгаа хүнийхээ хувьд алдаж болохгүй мэргэжилтэн, эсвэл танд хайж буй санаа, бүтээгдэхүүн нь байж болох юм. Хэрэв тийм бол яагаад шууд санал болгож болохгүй гэж? Асуугаагүй зүйлийнхээ хариултыг та хэзээ ч авч чадахгүй гэдгээ санагтун.

"Хэлцэл Хийх Урлаг" Сургалт

Нийтлэлийг уншаад та өөрийн хэлэлцээр хийх чадвараа сайжруулмаар санагдсан уу? Тэгвэл Unread та бүхэнд дараах мэдээг бусдаас хамгийн түрүүнд дуулгаж буйдаа баяртай байна. Боловсролын Санаачлагууд ТББ (Educated Initiatives) санаачлан ажил мэргэжлийн төдийгүй хувийн амьдралд тань ч бодит эерэг ахиц дэвшлийг авчрах хэлэлцээр хийх үнэ цэнэд суурилсан аргыг заалгахаар олон улсын зөвлөх багш Нуно Деликадог урин авчирч байгаа аж.

Энэ 6 дугаар сард хоёрхон удаа, амралтын өдрүүдээр зохион байгуулагдах тус сургалт хэлэлцээ хийх хамгийн зөв арга болох үнэ цэнэд суурилсан стратегийн схем, дүрд хувирах дасгал ажил зэрэг амьдралдаа шууд хэрэглэж болох практик хэрэгслүүдийн тусламжтай, өндөр үр дүнтэй, интерактив байдлаар өрнөдөг тул Англи хэлээр, орчуулгагүй явагдана. Ингэснээр тус сургалтанд зөвхөн Монголчууд бус, Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын мэргэжилтнүүд ч хамрагдах боломжтой юм.

Дашрамд сонирхуулахад Нуно багш дэлхийн топ бизнесийн сургууль гэгддэг INSEAD-ийг төгсчихөөд дэлхийд тэргүүлэх консалтингийн компаниуд болох Mckinsey & Co, Bain & Co компаниудад ажиллаж байсан ба Bain & Co фирмд ажилд орохдоо компаниас санал болгосон сарын цалинг 10 дахин өсгөх хэлэлцээг амжилттай хийж байжээ. Түүнээс суралцах зүйлс тун их буй нь эргэлзээгүй.


Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах мөн бүртгүүлэхийг хүсвэл та энд дараарай.

33258   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.