Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 03, 2017

БИД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - ШАНГРИ-ЛА ТӨВИЙН ХАМТ ОЛОН

Дэлхийд 100 орчим сүлжээ бүхий 5 одот Шангри-ла Зочид буудалтайгаа хаяа залган хотын төвд хоёр өндөр барилга, түүнийг холбосон 4 давхар их дэлгүүр бүхий томоохон байгууламж сүндэрлээд удаагүй байгаа билээ. Энэ бол та бидний хэзээний танил болсон Шангри-Ла Төв юм. Дотоод гадаадын тансаг болон өдөр тутмын хэрэглээний олон брэнд дэлгүүрүүд, ресторан, кафе, банк, гоо сайхан, спа, хүүхдийн тоглоомын төв, iMAX кино театр гэх мэт хүний хэрэгцээний бүх л үйлчилгээнээс аваад тав тухтай оффисын талбай, 3-4 давхрыг хамарсан томоохон спорт комплекс бүхий орон сууцны барилгыг агуулсан энэ төв нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийгдсэн хамгийн томоохон хөрөнгө оруулалт бүхий байгууламж болсон гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Хөрөнгийн менежментийг олон улсын стандартын дагуу өндөр түвшинд хийж буй уг төвийг 200 гаруй хүнтэй Шангри-Ла Улаанбаатар компанийн Хөрөнгийн Менежментийн Газар хариуцан ажилладаг. Өнөөдрийн дугаартаа бид энэ хамт олны хэрхэн ажилладгийг танилцуулж байна.

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Хөрөнгийн Менежментийн Газрын Захирал Д.Алтанчимэг

Үйлчилгээний байгууллага учир тогтсон стандартыг байнга баримталж ажиллах шаардлагатай байдаг. Харин энэхүү олон улсад таван одтой стандартаараа танигдсан нэрийг ашиглахад, дагаад бидэнд маш өндөр хариуцлага, шаардлага ирж байдаг. Үүнд хүрч ажиллахыг байнга эрмэлзэн үйл ажиллагаагаа явуулдаг нь манай онцлог байх. Иймээс илүү албан ёсны, хүндэтгэлтэй, найрсаг уур амьсгалыг бүрдүүлэн ажилладаг.

Миний ажилдаа барьдаг гол зарчим, арга барил бол хурдтай ажиллах. Техник, технологиос эхлээд бүх зүйл өдрөөр биш цагаар хувьсан өөрчлөгдөж буй энэ нийгэмд хувь хүн маш хурдтай ажиллахгүй л бол гүйцэхгүй. Энэ шаардлагыг би өөртөө төдийгүй багийнхандаа тавьдаг юм. Багийн тоглолт бол нэн чухал. Нэг толгойноос хоёр толгой илүү гэж үг байдаг шүү дээ. Би хувьдаа нэг мундаг ажилтныг түшихээс илүүтэй аливаа ажлын ард багаараа гарахыг чухалчилдаг. Миний хувьд уулзалт их хийдэг ч уулзалтыг хамгийн хурднаар, хамгийн ойлгомжтойгоор хийхийг хүсдэг. Ер нь ихэвчлэн 10 минутаас дээш үргэлжлэхгүй дээ. Бас нэг их ширээний ард шигдэж суугаад байдаггүй. Эрч хүчтэй байж, ажилтнуудынхаа дунд нь орж ажиллах сонирхолтой. Бас нэг арга барил, баримталдаг зарчим гэвэл хүнд итгэл хүлээлгэж ажиллах. Хүний итгэл даана гэдэг хамгийн чухал.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Орон сууц түрээс, борлуулалт хариуцсан менежер А.Оргил

Толгой компанийн жишгийн дагуу ашиглаж байгаа бүх программуудаа албан ёсны эрхтэйгээр худалдаж авч ашигладаг. Adobe болон Microsoft-ийн багц програмуудыг дурдаж болно. Мөн Шангри-Ла Группийн олон улсын сүлжээнд холбогдож, мэдээлэл солилцох боломжтой байдаг. Багийн хувьд Skype for Business, Microsoft Outlook хоёр бол бидний ажлаа явуулдаг өдөр тутмын гол хоёр хэрэгсэл. Тэр дундаа миний ажил хүмүүстэй байнга харилцдаг учир имэйл, чат зэрэг харилцааны хэрэгслүүдгүйгээр төсөөлөх аргагүй. Мөн Google Drive, Adobe зэргийг тогтмол ашиглан, Google календартай холбогддог Secotograph гэх төлөвлөлтийн аппликейшнийг мөн ашигладаг.

Ажлаас гадна хувийн сонирхолдоо хөтлөгдөн аялсан улсуудаа тэмдэглэх зорилгоор Been, TripAdvisor, хөгжмийн Shazam, Soundcloud зэрэг аппликейшнийг ашиглах дуртай.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хөрөнгийн Менежментийн Газрын Захирал Д.Алтанчимэг

Манай байгууллага нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөн жишиг болсон бизнесийн моделийг нэвтрүүлж байгаа тул толгой компанийхаа "нөү-хау"-г цаг мөч болгонд ашиглан суралцсаар байдаг. Техник технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үе цаг тутамд заавар зөвлөгөө аван суралцах процессыг илүү хялбар болгож байгаа нь маш их цаг хэмнэх боломж олгож байна гэж ойлгодог. Мөн ихэнх хүнд танигдсан брэнд гэдэг утгаараа бүхий л чиглэлээр олон нийтэд мэдээлэл хүргэхэд илүү дөхөм байдаг байх.

Өөрөөр мөн оновчтой, зөв хуваарилалтыг онцолмоор байна. Аль ажлыг хэнд нь өгвөл хамгийн хурднаар, хамгийн үр дүнтэйгээр хийх вэ гэдгийг л олох байдаг. Үүний тулд ажилтнуудаа сайн таньж мэдсэн байх хэрэгтэй. Менежер хүний хувьд энэ л хамгийн ихээр цаг хэмнэнэ. Ярингаа бичих, заавар өгөнгөө имэйл бичих зэргээр 2-3 үйлдлийг зэрэг хийж байж л миний ажил амждаг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Худалдааны төвийн Түрээс хариуцсан ахлах менежер Н.Булган

Маш олон гадаад дотоодын брэнд, тэдгээрийн төлөөлөл болсон хувь хүмүүс, брэнд бүтээгдэхүүнийг худалдаалах хүсэлтэй компаниудтай хамтран ажилладаг тул асар олон мэдээллийг эмх цэгцтэй байлгах үүднээс ажлын жагсаалтаа Trello болон Wunderlist дээр хөтөлдөг. Мэдээж өдөр тутмын имэйл харилцаа, хурал, уулзалт товлох, түүнийгээ сануулах, чухал ажлуудаа эрэмбэлэх зэрэгт хамгийн энгийн, хамгийн ойрын хэрэглээ болсон Outlook-ийг тогтмол ашигладаг. Хувийн зүйлсээ бол тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичнэ дээ.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Инженер Техникийн Албаны Менежер Ц. Хосбаяр

Бусдыг сайн сонсож, хамтын шийдвэр гаргахдаа сайн гэж хамт олон маань дүгнэдэг тул сайн сонсогч гэж бодож байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугуй гэдэг үгийг санаж өдөр тутмын ажилдаа үйл хэрэг болгохыг илүүд үзэж инженерүүдийнхээ санаа бодлыг маш сайн сонсон, харилцан ярилцаж шийдэл гаргахыг илүүд үздэг. Ажил мэргэжлийн хувьд гэвэл 2008 оноос өнөөдрийг хүртэл Шангри-Ла Улаанбаатар компанид ажиллаж байна. Мэдээж олон жилийн ажил мэргэжлийн туршлагатай болсон маань байнга давуу талыг үүсгэж байдаг. Энэ утгаараа сүүлийн үеийн автоматжуулсан нэгдсэн систем бүхий оффис, орон сууц, худалдааны төвийн барилгуудынхаа нийт системийг удирдаж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахдаа гаргууд байхыг хичээдэг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хөрөнгийн Менежментийн Газрын Захирал Д.Алтанчимэг

Үл хөдлөх хөрөнгийн менежментийг бүрэн утгаар нь, олон улсын стандартын дагуу, мэргэжлийн түвшинд зөв зохистойгоор эрхлэн явуулах ажлыг Монголд бид эхлүүлсэн гэж хэлж болно. Улаанбаатар хотын төвд өнгө нэмэн сүндэрлэсэн Сэнтрал Тауэр барилгыг 2009 онд ашиглалтанд оруулснаар бидний хөрөнгийн менежментийн ажил эхэлсэн. Үл хөдлөх хөрөнгийн менежментийг хийхдээ бид Нью Йорк, Хонгконг, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй хотуудад хэрэгжиж буй хамгийн шилдэг туршлага, “нөу-хау”-г Монголдоо нутагшуулахаар зорин ажилладагаараа онцлог. Бид үл хөдлөх хөрөнгийн менежментээр ижил төрлийн бусад компаниудад үлгэр жишээ болж, энэ салбар манайд хөгжихөд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Мэдээж хэрэг Монголд төдийлөн танил бус жишгүүдийг хэрэгжүүлж эхлэхэд хүмүүс гайхан хүлээж авч байлаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө үнэ цэнэ хуримтлуулах ёстой, үүний тулд менежментэд анхаарч хөрөнгө зарах ёстой гэдэг үүднээс бид түрээсийн үнээс тусад нь менежментийн зардал гэдэг зүйлийг анх танилцуулж байсан юм.

Үйлчилгээний ажилтан

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Худалдааны төвийн Түрээс хариуцсан ахлах менежер Н.Булган

Ажил мэргэжлийн хэллэгээр Anchor Tenants буюу томоохон талбай түрээслэгчид рүү төвлөрөн ажиллаж байна. 2400 м.кв талбайд супермаркет, 1200 м.кв талбайд ресторанууд, 500 м.кв талбайд дэлхийн шилдэг спорт брэндүүдийг нэг дор оруулахаар гэрээний шатандаа явж байна.

Өнөөдрийн байдлаар 80 гаруй дэлгүүр, үйлчилгээний газар, брэндүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тун удахгүй дэлхийд танигдсан Godiva, Sisley брэндүүд мөн АРД санхүүгийн нэгдэл үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхэж байна.


Оффис Түрээс хариуцсан ахлах менежер Б.Батбаяр

Яг одоогоор Шангри-Ла Төвийнхөө Оффис түрээсийн ажил дээр төвлөрөн ажиллаж байна. Хотын төвийн А бүсд ресторан үйлчилгээ, брэнд дэлгүүр, спа, спорт клуб, IMAX кино театр гээд бүх хэрэгцээт зүйлсийг нэг дор төвлөрүүлсэн гэдэг утгаараа Шангри-Ла Оффисыг сонирхох компаниуд маш ихээр нэмэгдэж байгаа. Дэлхийн томоохон групп компаниудын төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд, дотоодын том групп компаниуд, гадны хөрөнгө оруулалттай шинэ төслүүдийн оффис түрээсийн гэрээн дээр яг одоо ажиллаж байна.

Орон сууц түрээс, борлуулалт хариуцсан менежер А.Оргил


Улаанбаатар хотдоо хамгийн өндөр гэж хэлж болох 33 давхар тансаг зэрэглэлийн орон сууц маань түрээслэгч аваад багагүй хугацааг өнгөрүүлж байна. Эхний түрээслэгчид маань ихэвчлэн Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны төлөөлөгчид, дэлхийн томоохон групп компаниудын төлөөлөгчид байсан бол сүүлийн үед дотоодын түрээслэгчид ихээр орон сууц сонирхож байгаа. Мөн тун удахгүй борлуулалтын ажил маань эхлэх тул бэлтгэл ажлууд дээрээ давхар сууж байна даа.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ТАНЬ ЮУ НЬ ТАНЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ВЭ?

Харилцагчийн үйлчилгээний менежер Б.Энхчимэг

Худалдааны төв, оффис, орон сууцны барилгуудынхаа түрээслэгч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг ханган ажиллах ёстой болохоор харилцагчийн үйлчилгээ бол манай ажлын гол сүнс нь байдаг. Нэг талаас өөрийн компани болон нөгөө талаас түрээслэгчдийн хоорондын гүүр болж, санал гомдлыг шийдвэрлүүлж, аль алинд нь тааламжтай буюу win-win шийдвэр гаргах нь хамгийн чухал байдаг. Миний хувьд өдөр тутам олон олон түрээслэгч, харилцагчтай уулзаж, ярилцаж, шаардлагатай асуудлуудыг нь бүх чадлаараа шийдэж өгөхийг хичээдэг. Тухайн өдөр хэчнээн олон хүнтэй харилцаж, тэдний үйл ажиллагаанд тусалсныхаа хэрээр аз жаргалтай болдог. Нөгөө талаар манай алба хэлтэс энэхүү барилга, байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээг давхар хариуцдаг. Ая тух, цэвэр цэмцгэр орчин, үйлчилгээг хүргэхээр зорьдог бидний хувьд амралтын өдрүүдийг гэр бүлээрээ өнгөрүүлэхээр хүрэлцэн ирсэн эцэг, эх, тэдний бяцхан хүүхдүүд гар гараасаа хөтлөлцөн, чин сэтгэлээсээ инээмсэглэн худалдааны төвөөр маань гүйлдэн алхахыг хараад хувьдаа чин сэтгэлээсээ аз жаргалтай болдог шүү.

ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН УРИА ҮГ ЮУ ВЭ?

Маркетинг, идэвхжүүлэлтийн менежер Г.Азжаргал

Хөрөнгийн менежментийн газрын хувьд бидний уриа үг гэвэл “Хором бүрт харилцагч, үйлчлүүлэгчдээ баярлуулна”. Харин Shangri-La Mall-ийн хувьд бол бид “Your Every Need is Under One Roof” буюу “Таны бүх хэрэгцээ нэгэн дээвэр дор” гэсэн уриа үгтэй ажилладаг. Олон улсын болоод дотоодын төрөл бүрийн брэнд дэлгүүрүүд, ресторан, зоогийн газрууд, IMAX кино театр, спорт клуб, спа, гоо сайхны газар, тоглоомын төв гээд чөлөөт цагаа сэтгэл ханамж дүүрэн өнгөрүүлэх бүх боломжийг нэг дор санал болгож байгаа гэдэг утгаараа бид энэхүү үгийг уриа үгээ болгон ажиллаж байна.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАДАГ ВЭ?

Аюулгүй Байдлын Албаны менежер Б.Энхбат

Шангри-Ла Төвийн барилга маань 24 цагийн хамгаалалттай учраас Аюулгүй Байдлын Албаныхан ээлжээр ажилладаг. Ажлын онцлогоос хамааран заримдаа өдрийн ээлжинд ажиллах бол зарим үед эсрэгээрээ өдөр нь амраад шөнө ажиллах үеүүд ч байна. Олон түрээслэгч байгууллага, орон сууцны оршин суугчдын аюулгүй байдлыг сахин хамгаалахаар ажиллаж байгаа тул маш хариуцлагатай, өндөр сонор сэрэмжтэй ажиллахыг чиглэл болгодог. Сонирхуулахад манай худалдааны төвд ажлын өдрүүдэд 1500-2500 хүн, амралтын өдрүүдэд 2500-аас дээш тооны үйлчлүүлэгч ирдэг. Ажлын өдрүүдэд 300 гаруй машин орж гардаг, амралтын өдрүүдэд энэ тоо 2 дахин нэмэгдэх хандлагатай байдаг юм.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ? 

Оффис түрээс хариуцсан ахлах менежер Б.Батбаяр

Манайх 3 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Ажиллаагүй үед буюу амралтын өдрүүдээрээ гэр бүлээрээ салхинд гарахыг л эрмэлздэг. Гэр бүлийнхэндээ цаг зарцуулахаас гадна ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ангийн оюутнуудад буюу төгссөн сургуулийнхаа оюутнуудад чөлөөт цагаараа “Мэргэжлээрээ хэрхэн ажиллах вэ” сэдвээр яриа хийх, зөвлөгөө өгөхийг хичээдэг. Багш маань тэнд тэнхмийн эрхлэгчээр ажилладаг юм.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аюулгүй Байдлын Албаны менежер Б.Энхбат

Ээж маань цагийн юмыг цагт нь хийж байх ёстой, чи ганцаараа амьдраагүй, бусад хүмүүст бүү саад болж бай гэж их захьдаг байсан нь надад нөлөөлсөн шүү. Одоо ажил дээр оногдсон үүрэгт ажлаа цагт нь хийж, бусдадаа ажлаа тасралтгүй буухиалахыг хичээдэг.

Аюулгүй Байдлын Албаныхан гомдол санал, гэнэтийн нөхцөл байдал үүссэн хүнд асуудлуудтай үргэлж тулгардаг учир удирдах ажилтны зүгээс ямар ч нөхцөлд тайван байж, гол асуудлыг нь олж харахыг зөвлөдөг. Үүнийг цаашдаа ч ажилдаа мөрдлөг болгож ажиллана.

ТА ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

Хөрөнгийн Менежментийн Газрын Захирал Д.Алтанчимэг

Өнөөгийн залуус өндөр боловсролтой, гадаад хэлний мэдлэг сайтай болсон. Гэхдээ нэг ажиглагддаг зүйл бол зарим залуучууд жаахан шантрамхай болсон юм шиг. Магадгүй шинэ үеийнхний онцлог ч байж магадгүй юм. Чамд тулгарсан асуудал өнөөдөр хамгийн хэцүү санагдаж болох ч энэ бол чамайг илүү чадавхжуулж байдаг. Тэгэхээр бэрхшээлийг бэрхшээл гэж биш сорилт бас боломж гэж хардаг болоосой гэж зөвлөе.

38035   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.