Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   05 сарын 01, 2017

Онцлох бизнес: 93//KiDULT брэнд - "Күүл" залууст зориулав

Сүүлийн жилүүдэд хувцасны брэндүүд Монголд олноор төрөн гарч байна. Эдгээрийн дундаас содон өнгө төрх, өдөр тутмын гоёмсог загварууд, маркетинг сурталчилгаагаараа ялгарч буй брэнд бол 93//KiDULT юм. Хэзээд эрч хүчтэй байх залуусыг бэлгэдэж Kid, Adult гэх хоёр үгийг нийлүүлэн брэндээ нэрлэсэн тэд саяхнаас Австралийн онлайн дэлгүүрээр бүтээгдэхүүн борлуулах болжээ. Цөөхүүлээ ажилладаг боловч том продакшн мэт үр дүн гаргадаг 93//KiDULT-ийн залуустай ярилцсанаа хүргэж байна.

Бизнесийн нэр: 93//KiDULT Brand
Хаяг: Шангрила Молл, нэгдүгээр давхар
Үйл ажиллагааны чиглэл: Хувцасны брэнд
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 12-р сар
Үүсгэн байгуулагч: Г.Тэнүүн, Б.Батжаргал (Лида), М.Нямсүрэн (Нийма)
Фэйсбүүк: https://www.facebook.com/93KIDULTSTUDIO/

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Г.Тэнүүн: 2015 онд Kidult-ийн дизайнерууд болох Нийма, Лида хоёр маань их сургуулиа төгсөөд Модны 2-т өөрсдийн гэсэн жижиг урлантай болоод байсан юм. Урландаа Цагаан сард зориулсан янз бүрийн жижиг мөртлөө өвөрмөц чамин загварууд гаргаж захиалгаар хийж байсан. Би зураг авалтанд нь оролцох үедээ энэ загваруудыг ерөнхийд нь цөөн тоогоор, захиалгаар биш худалдаанд бэлнээр гаргая гэсэн санаа гаргатал манай хэдэд маш их таалагдаж, дэмжээд, тэгээд л 93//KiDULT брэнд үүссэн дээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Өөр өөрсдийн хуримтлалаа нийлүүлээд эхэлсэн.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Г.Т: Бид нар бие биенээ эртнээс мэднэ л дээ. Нийма, Лида бид 3 санаан дээрээ тохироод ажиллаж байх үед Г.Мишигбат (Ширако) маань нэмэгдэж орж ирсэн. Гэрэл зураг, видео, ер нь медиа талдаа сайтар анхаарч бүрэн цогц бүрэлдэхүүнтэй болъё гэж шийдээд хамтарч эхэлцгээсэн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

Манай хамгийн гол онцлог, давуу тал бол цөөн тоогоор гардаг, өдөр тутамдаа өмсөх боломжтой атлаа загварлаг, нэг гарсан загварууд дахин давтагддаггүй. Хүн бүр өмсөөд, форм болоод байхгүй гэсэн үг л дээ. Мөн дээр дурдсанчлан гэрэл зураг, медиа тал дээрээ илүү шинэлэг, бусдаас ялгарахуйц байхыг хичээдэг. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ч гэсэн бүтэн продакшны ажлыг хийж гүйцэтгэдэг шүү.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Брэнд хөгжүүлэлтээ маш сайн хийж гадаадын зах зээлд нэвтэрч орох, мөн гадны брэндүүд шиг тогтсон нэр хүндийг олж авч урт удаан хугацаанд оршин тогтнох зорилготой. Дээр нь бүтээгдэхүүнээ дотооддоо олон тоо ширхгээр үйлдвэрлэж, интернэтийн орчинд, онлайнаар олон улсад хүссэнээрээ чөлөөтэй борлуулалт хийх.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хэрэглэгчид нартаа загварлаг, дахин давтагдашгүй хувцсыг боломжийн үнээр хүргэхийг эрмэлздэг. Хувцас дизайны үнэ үнэлэмжийг ойлгуулж хүмүүст таниулах, сурталчлах гэж хэлж болно.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоо гарах зуны хувцасны коллекц, мөн Fall Winter 2017 (Basic Бичээс Chapter II) коллекц дээрээ төвлөрөн ажиллаж байна. Энэ жилдээ багтааж загварын шоу хийх төлөвлөгөөтэй байгаа. Үүнийхээ бэлтгэл ажилд давхар орсон.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Өөрсдийнхөө дуртай юмыг хийж байгаа маань хамгийн эерэг тал нь. Оюуны хүч, сэтгэл, мэдрэмж, цаг хугацаагаа зориулж хийсэн хувцас, загваруудаа хүмүүст үнэлүүлж, манай брэндийн хувцасыг өмсөөд явж байгааг нь харахад урамтай сайхан байдаг. Нөгөө талаасаа гэвэл төр засгаас энэ талын бизнест анхаарал хандуулж туслах, дэмжих хандлага хаалттай бага санагддаг. Мөн хүмүүс шинээр гарч ирж байгаа аливаа зүйлийг хүлээж авахдаа удаан. Ер нь бүх талаас шүүмжлэлтэй ханддаг, оюуны хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж нь огт байхгүй болчихсон юм уу гэмээр. Тэр их харамсалтай санагддаг.

Залуус ямар төрлийн загвар, хувцсыг ихээр худалдан авч байна вэ?

Ер нь гаргасан спорт загварын хувцаснууд их эрэлттэй байдаг шүү. Өмсөхөд биед эвтэйхэн жоггер, малгайтай цамц гэх мэт.

40916   2


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.