Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 30, 2017

7 хоногийн тойм: Эхний 100 өдөр + Боксийн шинэ хаан + 7.5 тэрбум хүн

Трампын эхний 100 өдөр

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Д.Трамп үүрэгт ажлаа хүлээн авсны 100 өдөр энэ амралтын өдөр тохиолоо. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг удирдах болсон улс төрийн туршлагагүй түүний хэрхэн ажиллах нь, өмнөх амлалтууддаа хүрэхийн тулд ямар ажлууд гүйцэтгэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм. Тэрээр 100 өдрийн баяраа өмнө зарласанчлан Пеннисилванид олон нийтийн өмнө хийж, "нэг тал руу хандсан" мэдээлэл хүргэж буй хэвлэл мэдээллийг голдуу шүүмжилсэн утгатай үгийг хэлсэн юм. 100 өдрийн дараагаар олон нийтийн дунд түүний рэйтинг 40-42 хувьтай байгаа нь түүхэн дэх хамгийн муу рэйтингтэй ерөнхийлөгчдийн нэгт тооцогдож байна. Обамагийн эрүүл мэндийн даатгалыг тогтолцоог шинэчлэх оролдлого нь бүтэлгүйтсэн ч тэрээр эдийн засаг, гадаад бодлогын хүрээнд амласан амлалтууддаа хүрэх эхний алхмуудаа амжилттай хийсэн гэж шинжээчид үзэж буй. Исламын бүлэглэлийн эсрэг цөмийн бус хамгийн хүчтэй зэвсэг ашиглаж, Сирид цохилт өгч, БНАСАУ-д анхааруулга хүргүүлээд буй түүний давших тактик ямар үр дүнд хүргэх нь тодорхойгүй байгаа ч түүнд саналаа өгөгсдийн 96 хувь нь дахиж саналаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь олонхын дунд буй хүлээлт өндөр байсаар байгааг илтгэнэ. Тэрээр жил бүр уламжлал болгон зохиогддог Цагаан ордны хамгийн том олон нийтийн арга хэмжээ болох "Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоог"-д оролцоогүй билээ.

Quartz: Трампын 28 амлалтыг дүгнэхүй
The Verge: Трампын 100 өдөр гэрэл зургийн дуранд

Дотоодын эргэн тойронд

Өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв гарагт Монголын тэргүүлэх телевиз, сонин, сайтууд "Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" хэмээх бичиглэлийг цацаж, орчин цагийн хэвлэл мэдээллийн түүхэн дэх хамгийн анхны, хамгийн том акцыг хийлээ. Монгол Улсын Их Хурлаас "Зөрчлийн тухай хууль"-ийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороогоор хэлэлцүүлэн дэмжлэг авсныг эсэргүүцэн, эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт хэмээн үзэж нэгдсэн арга хэмжээ авсан нь энэ аж. Уг хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд хувь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гаргасан зөрчилд 10-100 сая төгрөгийн торгууль ноогдуулахаар тусгасан нь ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл хэмээн дээрх арга хэмжээг авчээ. Мөн энэ долоо хоногт Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 аж ахуйн нэрсийг зарлалаа. 16 дахь жилдээ тодруулж буй энэ шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг учиртай. Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг "Эрдэнэт Үйлдвэр" ХХК, "Оюу Толгой" ХХК, "Хаан банк", "Худалдаа Хөгжлийн Банк" тус тус тэргүүлжээ. MCS группийн 11 компани эхний 100-д багтсан нь сонирхолтой үзүүлэлт байлаа.

UB.Life: Монголын телевизүүдийн түгшүүрийн дохио хангинуулсны учир
Ikon: ТОП 100-г тооны хэлээр

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Хятадын такси дуудлагын үйлчилгээний стартап Диди 50 тэрбумын үнэлгээтэйгээр 5.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг босгосон байна. Alibaba, Tencent-ийн дийлэнх хувийг эзэмшдэг Диди өнгөрсөн жил Uber China-г худалдаж авсан бөгөөд шинэ босгосон хөрөнгөөрөө олон улсын зах зээлд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Tesla, SpaceX-ийн "босс" Элон Маскийн твиттерээрээ зарласан шинэ төсөл "The Boring Company"-ийн үйл ажиллагааны эхний зураглал ил боллоо. Түгжрээнээс залхсан Маск газар доогуур туннел ухаж машинуудыг 130 км/цагийн хурдтайгаар явуулах технологийг бүтээж байгаа гэнэ. SpaceX-ийн инженер, дадлагын ажилтнууд хагас цагаар энэ төсөл дээр ажиллаж байгаа аж. Саяхан үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан Турк улс цахим нэвтэрхий толь Wikipedia-г хаасан байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой контентийг устгахаас татгалзсан тул хариу арга хэмжээ авч байгаа юм гэж эрх баригчид хэлж байна. Өнгөрсөн жил төрийн эргэлт хийх гэж оролдсон хэргээр 47 мянга гаруй төрийн албан хаагч, иргэнийг баривчлаад байгаа Турк Хятадаас өөр Wikipedia-г блоклосон 2 дахь улс л болж байгаа юм. Энэ долоо хоногт технологийн томоохон компаниуд улирлын тайлангаа зарлалаа. AWS-ийн өсөлт үргэлжилсээр Amazon 3.7 тэрбумын орлоготой ажилласан байна. Alphabet болон Microsoft ч шинжээчдийн таамаглалыг давсан амжилтыг үзүүлж, хувьцааны үнэлгээ нь өслөө.

CNN: Элон Маскийн дараагийн том санаа
The Verge: Турк Wikipedia-г хаажээ

Спортын ертөнцийн эргэн тойронд

Алдарт Уэмбли цэнгэлдэхэд хуран цугларсан 90 мянган үзэгч, дэлхий даяар үзсэн хэдэн зуун сая спорт сонирхогчид боксийн ертөнцийн нэгэн шинэ одыг өлгийдөн авлаа. Түүний нэр бол Энтони Жошуа. Энэ жил 28 настай Жошуа өмнө хийсэн 19 тулаандаа бүгдэд нь хүнд цохилтоор дуусгаж байсан, нутагтаа болсон Лондоны олимпод 23 настайдаа түрүүлж байсан, IBF-ийн аварга цолыг эзэмшиж байсан ч дэлхий даяар түүнийг "битүү морь" хэмээн тооцож байсан юм. Тэрээр Украйны алдарт боксчин, өнгөрсөн арваны боксийн ертөнцийн өнгийг тодорхойлогч, Владимир Кличкотой тоглож 11-р үед "дутуу гаргаснаар" хүнд жингийн дэлхийн шинэ аварга боллоо. 6-р үед Кличко өрсөлдөгчөө нокоутанд оруулсан ч Жошуа тулаанаа амжилттай үргэлжлүүлж, улмаар ялалт байгууллаа. Энэ жил 41 настай Кличко 2 дахь тулаандаа дараалан ялагдсанаар карьераа дуусгаж ч мэдэх нөхцөлд оров. Сонирхуулахад, 90 мянган үзэгч Уэмблид цугларсан нь 1939 онд тогтоогдож байсан дээд амжилтыг эвдсэн хэрэг болжээ. Энэ цаг мөчид NHL-ийн драфтын дарааллыг тодруулах сугалаа боллоо. Улиралд үзүүлсэн амжилтаараа сүүлээсээ 5-д бичигдэж байсан Нью Жерси Девилз драфтын нэгдүгээр сонголтыг хийх эрхтэй болсон бол 13-т эрэмбэлэгдэж байсан Филадельфи 2-р байрт бичигджээ. Лигийн хамгийн муу амжилтыг үзүүлсэн Колорадо 4-өөр, энэ жилээс шинээр өрсөлдөх Лас Вегас Найтс 6-р байраар сонголт хийнэ. Германы Бундеслигийн 31-р тойрогт өрсөлдөгч Вольфсбургийг 6:0-ээр бут ниргэсэн Байерн Мюнхен 5 дахь жилдээ дараалан аваргын цомыг хүртэх нь тодорхой боллоо. Өнгөрсөн долоо хоногт Аваргуудын лиг, Германы цомоос хасагдсан Байерн лигтээ хоёр л хожигдоод байгаа юм. Монголын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн "Хүрхрээ лиг" нээлтээ энэ долоо хоногт хийлээ. Энэ жил Монголын лигт нийт 10 баг өрсөлдөж байгаа бөгөөд 11 улсын 39 легионер тоглогч тоглож байгаа юм.

Eurosport: Э.Жошуа - Боксийн шинэ хаантай танилц
Gogo: Хүрхрээ үндэсний дээд лиг нээлтээ хийлээ

Дэлхийн хүн ам 7,5 тэрбумд хүрлээ

4-р сарын 25-ны өдөр дэлхийн нийт хүн амын тоо 7.5 тэрбумд хүрэв. "Дэлхийн хүн амын цаг"-ийн тооцоолсноор 2017 он гарснаас хойш 25 сая хүн төрсөн бөгөөд энэхүү статистикийг НҮБ, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Дэлхийн Банкны үзүүлэлт дээр тулгуурлан гаргадаг юм. Одоогоор дэлхий даяарх эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээсээ 65 саяар илүү байгаа гэнэ. Дэлхийн хүн амын тэн хагас нь 30 ба түүнээс доош насныхан байгаа бөгөөд Нигери хамгийн залуу, Монако хамгийн хөгшин улсаар тодорсон байна. БНХАУ, Энэтхэг, АНУ, Индонези, Бразил, Пакистан, Нигери гэсэн 7 улс нийт хүн амын талыг, нийт 20 улс 70 хувийг бүрдүүлдэг. НҮБ-ийн тооцоогоор дэлхийн хүн ам жилд 80 саяар өсөж байгаа бөгөөд 2024 оны дунд үед 8 тэрбумд хүрэх тооцоотой ажээ.

Worldometers: Дэлхийн хүн амын цаг

Алдалгүй унших сонирхолтой мэдээнүүд

CNN: М.Ле Пен Францын ерөнхийлөгч болж чадах уу?
BBC: Гурван хөлтэй хүүхдэд хийсэн хагалгаа амжилттай боллоо
Spin: Gorillaz 7 жилийн дараа шинэ цомог гаргалаа
Tennis: Б.Гэйтс, Р.Федерер хамтдаа теннис тоглолоо
TNW: Хиймэл оюун ухаан кино зохиол бичжээ
TEDx: TED2017 явагдлаа

21425   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.