Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   04 сарын 24, 2017

Онцлох бизнес: Индранил шүдний эмнэлэг - 24 цагаар, хоёргүй сэтгэлээр

Бид онцлох бизнес буландаа шинэ, инновацилаг, бүтээлч, аль нэг талаараа ижил төрлийн бусад бизнесээсээ илтэд ялгарч буй бизнесүүдийг танилцуулахыг зорьдог. Энэ удаа 7 хоногийн 7 өдөр 24 цагаар тасралтгүй ажилладаг "Индранил" шүдний шинэ эмнэлгийг танилцуулж байна. Орчин үеийн шүдний эмнэлгийн шинэ өнгө төрх болсон энэ эмнэлэг мөн шүдний үзлэгийг үнэгүй хийдгээрээ онцлогтой.

Бизнесийн нэр: “Индранил” 24 цагийн шүдний эмнэлэг
Хаяг: 3-р хороолол, Ахуй үйлчилгээний гэрлэн дохиотой уулзварын чанх урд, Батбайгаль бэйкерийн зүүн талд Үйл ажиллагааны чиглэл: Шүдний эмчилгээ
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2017 оны 2-р сар
Үүсгэн байгуулагч: Ц.Үнэнтөгс, Б.Жаргалмаа, Т. Адъяатөмөр
Фэйсбүүк: 24 цагийн шүдний эмнэлэг Индранил

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Т.Адъяатөмөр: Улаанбаатар хотын хэмжээнд орой ажилладаг шүдний эмнэлгүүд байдаг ч яг бүтэн 24 цагаар, шөнө хонож ажилладаг шүдний эмнэлэг байдаггүйг анзааран судалж эхэлсэн. Ялангуяа ойр тойрны хүмүүс шөнө шүд өвдөөд нойргүй хонолоо, эмнэлэг хайгаад олдсонгүй, гэрээр яаж өвчин намдаах вэ гэх мэтээр ярихыгбайнга сонсдог байлаа. Өмнө нь манай эхнэр бид хоёр хувийн эмнэлэгтэй болох талаар төлөвлөж байсан юм. Гэтэл найзтайгаа таараад шүдний эмнэлэг байгуулахаар болсоныг дуулаад бид 3 нэг баг болж эмнэлгээ 24 цагаар ажилладаг горимтойгоор нээе гэж шийдсэн. Эхнэр, найз хоёр маань нүүр амны буюу шүдний эмч нар. Би өөрөө дотрын эмч хэдий ч эмнэлгийн удирдлага менежмент, маркетингийн чиглэлд илүүтэй сонирхон ажилладаг байсан тул өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан эмнэлгээ нээхэд харьцангуй дөхөм байлаа.

Т.Адъяатөмөр

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Б.Жаргалмаа: Шинээр эмнэлэг нээж байгаа учраас зардал мэдээж их гарсан. Анх төлөвлөснөөс ч давсан. Бид 3 бүх л арга чаргаа хэрэглэсэн. Санхүүжилтийн гол сурвалжаа ах эгчээсээ зээл хэлбэрээр авч, дээр нь өөрсдийн хуримтлал, найз нөхдийн дэмжлэг, банк гээд байж болох бүхий л боломжийг ашигласан.

Б.Жаргалмаа

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Т.А: Үнэнтөгс маань эрүү нүүрний мэс заслын нарийн мэргэжлийн эмч. Бид оюутан байхаасаа оюутны байранд хамт амьдарч дотно сайхан нөхөрлөсөн. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн ажил дээр олон хамтрагчидтай байж үзсэн ч энэ удаа дотны итгэлтэй хүнтэйгээ хамтарч байгаадаа илүү их баяртай байгаа шүү.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

Б.Ж: Нэгдүгээрт, цагийн хуваарийг хэлэх ёстой. Хотын хэмжээнд хонож ажилладаг 24 цагийн шүдний эмнэлэг гэдгээрээ манайх их онцлог. Орой 24 цаг хүртэл ажилладаг эмнэлгүүд байдаг ч манайх шиг жижүүрлэн хонож ажилладаг эмнэлэг одоогоор хараахан байхгүй байна. Хонож ажиллаж байгаагийн учир нь шүдний өвчний үед яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилготой.

Хоёрдугаарт, манай эмнэлэгт шүдний үзлэг, оношилгоо, зөвлөгөө багцаараа үнэгүй. Манай иргэдийн дунд шүд, амны хөндийн эрүүл мэнд тааруу, шүдний оношилгоо эмчилгээ үнэтэй байдаг гэсэн ойлголтоос үүдэн тоохгүй явсаар шүдээ улам муутгадаг хандлага нэлээд байдаг. Иргэд шүдээ заавал өвдсөн хойно биш өвдөхөөсөө өмнө эмнэлэгт хандаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадвал эрүүл мэнд талаасаа ч, эдийн засгийн талаасаа ч тэр маш их хэмнэлттэй тул бид нийгэмдээ илүү хариуцлагатай, ээлтэй байхыг хүссэн юм. Бусад эмчилгээний үнийн хувьд мөн харьцангуй дундаждаа орно. Бид боломжийн үнээр чанартай үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Эмчилгээ бол яг л стандартын дагуу явагдана. Шүдний эмнэлгийн хамгийн чухал хэсэг болох ариутгал, халдвар хамгааллаа бид онцгой анхаарч ажилладаг.

Гуравдугаарт, бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай байлгах талаар хичээнгүйлэн ажилладаг. Манайхаар үйлчлүүлж буй бүх хүн эмчилгээ хийлгэнгээ намуухан аяз сонсож, хүүхдээ дагуулж ирсэн бол тоглоомын хэсэгт тоглуулаад, халуун кофе, цай ууж сэтгүүл гарчиглангаа интернетээр аялан дуртай телевизийн сериалаа үзэх болох зэргээр аль болох тухтай байлгах гэж чармайж байна.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Т.А: Цаашдаа бизнесийн хувьд үйлчилгээгээ илүү сайжруулах, салбараа нээж үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилго мэдээж бий. Гэхдээ уг нь хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дээшилж шүдээ өвдөхөөс нь өмнө илүү анхаардаг болбол заавал шөнөөр 24 цагаар эмнэлэг ажиллуулах шаардлагагүй л дээ. Өндөр хөгжилтэй оронд бол ийм үйлчилгээ нэг их байдаггүй. Германд ажилладаг нэг эмч 24 цагийн эмнэлэгтэй байх шаардлагагүй гэх шүүмж хэлж байсан. Гэвч манай нөхцөлд хараахан тийм боломж үгүй байна. Ялангуяа шүд шөнө илүү өвддөг. Харин алс хэтдээ нүүр ам, шүдний анагаах ухааны салбарт шинээр нэвтэрч буй технологи, эмчилгээг Монголдоо нутагшуулахад илүү анхаарч ажиллана. Ерөнхийдөө шүдний салбарын хөгжил манай орны хувьд харьцангуй хурдтай хөгжиж байгаа нь хувийн эмнэлгүүдийн хөгжилтэй салшгүй холбоотой болов уу.

Мөн ойрын үед сайн үйлсийн аян хийж, дүүргийнхээ хүүхдүүдэд үнэгүй үйлчилгээ үзүүлэхээр холбогдох хүмүүстэй уулзаад явж байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Б.Ж: Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага харилцаа, мэргэжлийн өндөр ур чадвар, багийн тоглолтыг эрхэмлэдэг. Бидний хийдэг ажил иргэдийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой учраас маш хариуцлагатай байх ёстой.

Нөгөө талаас шүдний эмнэлэг, шүдний эмч гэхээр хүмүүст өвдөлт өвчнөөс хамааралт айдас байдаг тул ирсэн үйлчлүүлэгчдэдээ эерэг сэтгэгдэл төрүүлэх, айдсыг арилгах, тайван байлгах талаас нь илүүтэй анхаарч ажиллаж байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Т.А: Манайх үүдээ нээгээд удаагүй болохоор үйл ажиллагаагаа тогтворжуулах, эмхэлж цэгцлэх ахуйн ажлууд нэлээд байна. Саяхан хүүхдийн үзлэгийн хэсгээ тохижуулж дууслаа. Мөн зарим үйлчлүүлэгч нарынхаа хүсэлтээр тэдэнд зориулсан VIP карт, VIP үйлчилгээний өрөө нэмэлтээр тохижуулахаар төлөвлөж байна. Мөн ажилтнуудаа сургах, сайн баг болон ажиллахад анхаарч, асуудалтай тохиолдлуудыг бүртгэн түүнийгээ хэрхэн засах талаар судалж байна даа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Б.Ж: Хүнийг эмчилж анагаана гэдэг ямар сайхан үйл болохыг бүгд л мэдэх байх. Бидний хувьд ялангуяа 24 цагаар ажиллаж, шөнө яаралтай тусламж зайлшгүй шаардлагатай хүмүүст тусалж байгаадаа их баяртай байдаг. Үнэхээр шүдний өвчнөөсөө болоод тэсэхийн аргагүй болтолоо шаналсан хүмүүс их ирдэг. Бага зэргийн өвдөлтийг бол хүн тэвчдэг шүү дээ. Гэтэл шүдний өвчний хувьд хэцүү. Анх эмнэлгээ нээчихээд үйлчлүүлэгчээ хүлээгээд хана, хаалгаа дахин дахин угаагаад л байж байсныг бодоход одоо үйлчлүүлэгчид олонтой, орой шөнөдөө бол нэлээд ачаалалтай болсон байна.

Нөгөө талаас тасралтгүй 24 цаг ажиллана гэдэг амар биш. Нэн хариуцлагатай ажил. Одоогоор манай 6 эмч хуваарийн дагуу сувилагчтайгаа ээлжлэн жижүүрлэж хонодог. Шөнө хүн жижүүрлэхэд аюулгүй байдлаас эхлээд анхаарах асуудлууд нэмэгдэнэ.

Мөн эрүүл мэндийн боловсрол тааруугаас шүдээ юун түрүүнд хурдан авахуулах гэдэг, давтан эмчилгээ хийхэд их мөнгө авах гэлээ гэдэг асуудлууд гарна. Заримдаа захаас бараа авах гэж байгаа юм шиг наймаалцах гэнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ бол бараа биш гэдгийг манайхан ойлгомоор байгаа юм. Заримдаа манай эмч нарыг залуу байна гээд үл итгэх хандлага харуулна. Үүн дээр жич хэлэхэд, Монголд шүдний салбарынхан нэлээд залуужчихаад байгаа. Энэ салбар өөрөө хурдтай хөгжиж буй болохоор залуучууд энэ хурдыг дагаж чаддаг. Харин эмчлүүлсэн хойноо бол үйлчлүүлэгчид сэтгэл өндөр баярлалаа гээд гарах нь сайхан санагддаг даа.

МАНАЙ УНШИГЧДАД ШҮДЭЭ ХАМГААЛАХ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ ҮҮ?

Б. Ж: Сүүлийн үед кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн нь хүмүүсийн шүдэнд муугаар нөлөөлж байна. Кофе бол шүдэнд өнгөр тогтоодгоороо тамхитай л адил. Кола харин шүдний зузаан пааланг хэврэгшүүлж, муутгадаг. Уг нь хүний шүд өдөрт 5 удаа хоол идэхэд өөрийгөө хамгаалах хэмжээнд байдаг ч байн байн юм идээд байвал хамгаалж чадахаа болино. Ялангуяа хүүхдүүд байнга л идэж байдаг болсон тул шүд хорхойтох хандлага улам ихэссэн. Тэгэхээр юм идэж уучихаад амаа шингэн зүйлээр сайн зайлж байх нь чухал. Мөн оройны угаалт тун чухал.

Мөн сүүлийн үед хүүхдүүдэд зажлууртай хоол өгөх нь эрс багассанаас нь зажлуурын булчин хөгжихгүй, үүнээс үүдэн шинэ шүд ургахдаа наана цаана ургах гажиг ихсэж, шүдний аппарат зүүх хүмүүсийн тоо олширч байна. Тиймээс аль болох зажлууртай хоол хүүхдүүддээ өгч байгаарай.

Гэрэл зургийг С. Жаргалмаа

49685   12


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.