Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   04 сарын 22, 2017

"Япон өгүүллэг, тууж" номын тухай

Өнөө үед завгүй амьдралын хэв маягаас шалтгаалаад уншигчид романаас илүүтэйгээр харьцангуй богино тууж, өгүүллэг унших сонирхол, хандлагатай болоод байгаа билээ. Тиймээс чанартай богино зохиолуудыг сайн орчуулгатайгаар хүргэх зорилгоор Монсудараас "Япон өгүүлэг, тууж" номын эрхлэн гаргажээ. Энэ номд, япон уран зохиолын сор бүтээлд тооцогддог хэдий ч Монголд урьд нь хэвлэж байгаагүй, хэвлэж байсан ч одоо худалдаанд байхгүй байгаа 10 өгүүллэг, тууж багтжээ. Япон улсын 5000 иений мөнгөн дэвсгэрт дээр дүрээ мөнхөлсөн, Мэйжигийн хамгийн алдартай эмэгтэй зохиолч Хигүчи Ичиёогийн "Нэг үеийнхэн" гэх мэт эдгээр сонгодог бүтээлүүдийн есийг нь япон судлаач, нэрт орчуулагч О.Жаргалсайхан, нэгийг нь орчуулагч Ц.Онон хөрвүүлжээ. Өнөөдөр энэхүү номоос, Мэйжигийн үеийн шилжилтийн насны хүүхдүүдийн харилцаа, нийгэм, хүмүүсийн аж амьдралын мөн чанарыг уян зөөлөн, торгон мэдрэмжтэй хэрнээ энгийн хүүрнэлээр өгүүлсэн "Нэг үеийнхэн" туужийн бэсрэг хэсгээс хүргэе.

"Нэг үеийнхэн" туужийн хэсгээс

Эргэн харвал их хаалганы хажуугийн уд мод хүртэлх зам нэлээд хол. Гэрэл нь шуудуунд тусах гурван давхар цэнгээний газрын шуугиан дотор нь байгаа мэт тодхон сонсогдож, өглөө үдшийг ялгалгүй хөлхөлдөх хүн тэрэгний цуваа хэмжээлшгүй хөгжил цэцэглэлтийг санагдуулна. Дайонжи сүмийн өмнөх гудамж гэх нэр амирлангуйг санагдуулах боловч, "Ёстой бужигнаж байдаг газар даа" гэж тэр хавьд амьдардаг хүн хэлж байх юм. Мишима шүтээний дуганы буланг тойрвол гэр гэмээр гэр ганц ч үгүй, саравч нь хэлтийсэн намхан байшингууд арав хориороо эгнэн баригджээ. Зарим нь худалдаа огт явуулахаа больж, хагас дутуу битүүмжлэн хаасан борооны хаалганыхаа гадна цаасыг өвөрмөц хэлбэртэйгээр урж аваад, ард нь урт төмөр наан, цагаан оохроор будаж тавьсан нь яг л өнгө оруулсан шорлог шиг сонин харагдана. Үүнийгээ өглөө нар мандахад гаргаж хатаагаад, оройн нарнаар хураан янзлах айл ганц хоёроор зогсохгүй. Нэгнийд нь ороод "Энэ чинь юу юм бэ?" хэмээн асуувал "Үүнийг мэддэггүй гэж үү? Арван нэгдүгээр сарын тахиа өдөр Ошима сүмд хүмүүсийн уралдан худалдаж авдаг Күмадэ гэдэг чинь энэ шүү дээ. Күмадэ хийж байгаа юм" гэцгээнэ. Шинэ жилийн сүлд мод бэлтгэх үеэс эхлээд жилийн турш борви бохисхийлгүй ажиллах гэдэг үнэхээр л худалдаачин хүний хэрэг. Үндсэн ажлынхаа хажуугаар зунаас эхлэн ийн гар хөлөө будаг болгон, дээрх зүйлийг хийдэг аж. Гоёлын хувцасны бэлтгэл хүртэл үүний зарагдах эсэхээс хамаарах учир Отори шүтээний дуганд сүслэн мөргөнө.

"Худалдан авч байгаа хүнд аз жаргал өгдөг юм бол хийсэн бидэндээ хэдэн зуун саяын ашгийг..." хэмээн бүгд л ам нийлүүлэн хэлэх боловч, энэ хавьд баян хүн амьдардаг гэх цуурхал ч сонсогддоггүй билээ. Энд амьдрагсдын олонх нь цэнгээний газартай холбоотой хүмүүс байх агаад эр нөхрүүд нь тиймэрхүү газарт ямар нэгэн ажил эрхэлж гутлаа дуугарган яаруухан алхацгаана. Үдэш болонгуут тэднийг хүрмээ өмсөн гарахад, ард нь эсэн мэнд яваад ирээсэй хэмээн залбирч, галаа сахин үлдэх эхнэрийнх нь царайг ажвал "Сүүлчийн удаа харж байж ч магад. Элдвийн хүмүүстэй орооцолдон дарамтад орж, амиа хорлочих вий дээ" гэхчилэн санаа зовж буй нь илэрхий. Бусдад үзэн ядагддаг хүмүүс болохоор очих газар нь аюултай, амь насанд нь халтай ажил боловч нөгөөдүүл нь зугаацахаар явж буй мэт харагдах нь нэг л жигтэй. Охид нь томоохон цэнгээний газрын туслах юм уу, эгнэсэн байшингуудын аль нэг мухлагт зочдын гэрээр тойрон дэнлүү барин шогших ажилд суралцацгаана. Суралцаж дуусаад тэд юу болох бол гэвэл, "Ийм шүү дээ" гэцгээж, тоож үзэх нь үгүй. Гоёмсог торгон хувцсаар жигдэрч, хар хөх оймс арьсан ултай шаахай өмсөөд, жижиг боодолтой зүйл барин гүйлдэх, ганган хээнцэр гуч гаран насны хүүхнүүдийн талаар асуух ч хэрэггүй нь ойлгомжтой. Цайны газрын гишгүүрийг тог тог дуугарган "Бүгдийг тойрно гэдэг чинь хол юм аа. Эндээсээ л өгч байя л даа" гэж гомдоллох тэднийг хүмүүс захиалга хүргэгчид гэж дуудна.

Эндхийн дэг жаяг бусад газраас ялгаатай, бүсээ ардаа ном журмаар нь зангидсан эмэгтэй тун цөөн. Аль таарсан өргөн даавууг зангидалгүй ардаа ороочихно. Нас ахимаг нь ч яая гэх вэ. Арван тав, зургаатай их зантай юмнууд интоорын үр амандаа хийн дуугарган "ийм байвал ч харин..." хэмээн нүдээ ирмэцгээх юм. Аж төрж буй газар нь ийм болохоор яах ч арга алга.

Өчигдөрхөн эрэг хавийн нэгэн цэнгээний газарт ямар Мурасаки ч билээ дээ нэр гуншинтай байснаа, өнөөдөр эргэн тойрондоо нэг л дасал болоогүй шарсан тахианы шөнийн мухлаг нээгээд, хураасан хэдээ барагдаад ирэхээр эргээд хуучин газраа ирэх эзэгтэй нар зарим нэг сонирхогчоос илүүтэй дур булаам харагдаж, тэрхүү байдалд нь автахгүй өнгөрөх хүүхэд ч алга.

Намар есдүгээр сард болдог Нивака баярын үеэрх өргөн чөлөөний дүр төрхийг нэг хараадахъя. Хүмүүс үнэхээр сайн сургуулилж, эрэгтэй жүжигчдийн үзүүлбэрийг яг дууриаж байна. Хөгжимт жүжиг, олныг алмайруулах хурдан шаламгай хөдөлгөөн. Сайн байна хэмээн магтуулсандаа оодорч "Бүрэнхий болсон ч гэсэн ахиад нэг тойроодохъё" гэсээр долоо, наймуулаа цугларч, удалгүй мөрөн дээрээ алчуур тохон, амандаа дуу аялан явах арван тав, зургаан насны хөвгүүдийн байдал нэг л ёозгүй. Сургуулийнхаа сүлд дууг сүрхий айзам хэмнэлтэй дуулж байгаагаас нь харвал биеийн тамирын баяр зэрэгт бол гоцлоод дуулж ч чадахаар аж.

Угаасаа л сурна гэдэг хэцүү хэрэг байтал, багш нарынх нь хатуу чанга нь бас юу ч вэ дээ гэж бодогдохоор нэгэн сургууль Ириягийн ойролцоо байдаг байлаа. Хувийн сургууль боловч сурагчийнх нь тоо мянга гаруй. Олон сурагч жижиг байшинд хатуу сахилга баттай байдаг нь багш нарынх нь нэр хүндийг илэрхийлэх бөгөөд сургууль гэдэг ганц үгийг хэлбэл тэр хавьд энэ сургуулийг л заадаг билээ.

13-15 дугаар тал.

18568   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.