Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   04 сарын 15, 2017

Ажлын газартаа сэтгэл ханамжийг бий болгох 10 арга - Рус Слатерын "Шилдэг Удирдагч Болох нь" номын хэсгээс

Хүн, баг эсвэл компанийг удирдан зохион байгуулах үүргийг хүлээн авсан тэр цаг мөчөөс эхлэн та хүмүүсийн сэтгэл зүй, хоорондын харилцааны тухай, тэр битгий хэл өөрийнхөө талаар маш их зүйлсийг мэдэж авах шаардлагатай болдог. Амжилттай удирдагч болохын тулд юуны өмнө та өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл удирдахуйн ухаанд хамааралтай өөрийн хэв маяг буюу тогтсон чиг хандлагаа тодорхойлох ёстой юм. Харин энэхүү зорилгод тань Рус Слатерын "Шилдэг Удирдагч Болох нь" ном тус нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. 

Ажлын газартаа сэтгэл ханамжийг бий болгох 10 арга

1. Аливаа зүйлийг аль болох албан ёсны бус энгийн бодит баййлга. Хаалттай хаалга, тусдаа оффисийн өрөөнөөс зайлсхийж, ширээ тойрсон албаны маягийн хурал цуглаан биш, энгийн чөлөөтэй бүр зогсоогоор хийхээр зохион байгуулсан ч болно.

2. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу ажлынхаа онцлог нөхцөлд тохируулан ажлын байраа засаж тохижуулах боломж бололцоогоор хангаж өг.

3. Улиг болсон нэгэн хэвийн ажлыг ээлжлэн хийлгэ. Жишээлбэл та хэрвээ тогтмол тайлан гаргах шаардлагатай байдаг бол сар болгон өөр өөр хүнээр хийлгэхийг хичээ. Энэ нь дэмий мэт санагдаж болох боловч нэгдүгээрт шинэ чадвар дадалд хүмүүсийг сургах, хоёрдугаарт нэг хүнд нэг хэвийн уйтгартай зүйлийг байнга хийлгэж залхаахаас сэргийлэх , гуравдугаарт ажлаа хийх арга замаа хоорондоо харилцан ярилцаж шилдэг аргаа боловсруулах зэрэг боломжуудыг олгож байгаа хэрэг юм.

4. Бусдад хэрэг болох сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн ажлыг санаачлан явуулж үүнд ганц нэг хүнийг биш олон хүнийг татан оролцуул. Тийм ажил тэдэнд урамшуулал болдог юм. Бүр нээлттэй ажлын санал болгож хэн түүнд оролцох хүсэлтэй байгааг харж ч болно.

5. Цай кофе ууж суунгаа хов жив биш харин хөнгөн яриа өрнүүлэхийг нь дэмжих хэрэгтэй.

6. Санаандгүй гарч ирсэн хэцүү болоод бэрхшээлтэй даалгаврыг үүрэг болгон өгч, энэ ажилд зөвхөн гаршсан тэр хүнийг биш бусад хүмүүсийг татан оролцуулах хэрэгтэй. Энэ бол тэр хүмүүс юунд авъяастайг харуулах нэг боломж юм. Энэ даалгаврыг нээлттэй ажлын саналаар явуулж хэн энэ ажилд оролцох хүсэлгүй байгааг олж харж болох юм.

7. Хэн нэгнийг ч юм уу, баг хамт олныг бүгдийг шагнаж урамшуулах тэр жаахан ч гэсэн зүйлийг бодож ол. Хайрцагтай жигнэмэг, шоколад, ширээн дээр тавьдаг хөөрхөн тоглоом гээд жижиг дурсгалын зүйл өг. Шагналаа зөв хүнийг нь олж өгөхдөө урмын үгийг харамгүй хэл. (Энэ бүгд байгууллагын зүгээс биш, зөхвөн өөрийхөө өмнөөс өгч байгаа урамшуулал байх юм шүү гэдгийг анхаар)

8. Хүмүүсээ хөгжүүлэх боломжийг эрж хай. Энэ нь тэднийг зөвхөн сургалт дамжаанд явуулж сургана гэсэн үг биш юм. Өөрөө сурах бичиг ашиглаж мэдлэгээ дээшлүүлэн бусад багийн гишүүддээ танилцуулах, танай бизнесийн талбарт гарсан шинэ санаачилгыг олж зэрэг бие дааж ажиллах даалгавар өгч болох юм. Багийнхаа хийж гүйцэтгэдэг ажлын талаар байгууллагынхаа бусад салбар хэсгийн хүмүүст танилцуулж харилцан уялдаатай ажилла.

9. Баг хамт олноороо албан бусаар хамтдаа уулзах боломжийг эрж хай. Жишээ нь үдийн хоол хамтдаа идэх, аялал зугаалганд явах, аль эсвэр өөр өөрийн хийх дуртай хоолоо гэртээ бэлдэж ирээд ажил дээрээ хамт хооллож ч болох юм. Хүмүүсийг нийгэмшүүлэх, тэднийг ажлын бусад сэдвээр тухайлбал нийгэмд болж буй үйл явдал, ар гэрийн ахуй амьдрал, дурладаг зүйлийнх нь талаар харилцан ярилцахыг нь хөхиүлэн дэмж.

10. Grinch-үүдийг зохицуулан ажилла. Ерөнхийдөө хаа газар юм болгонд шаналж, зөвхөн өөрийгөө бодох атлаа үргэлж гомдол санал, хэрүүл уруул гаргаж "кайф" авдаг тийм хүмүүс байж л байдаг. Ийм хүн урам зориг дүүрэн шинэ залуу боловсон хүчинд муугаар нөлөөлөөд зогсохгүй, хамт ажилладаг нэгнийхээ заавал зөвлөгөөг үл ойшоох, ил болон далд таны хийх гэж оролдож байгаа юм бүхнийг эсэргүүцэж, бүхнийг өөрийн зөв мэтээр муйхарлан үг сонсохгүй хэцүү байдалд оруулдаг. Тийм хүмүүстэй аль болох сайхан харилцахыг оролдож, аливаа зүйлийг гэрэлтэй талаас нь харуулахыг хичээх хэрэгтэй болохыг өөрөө үлгэрлэн харуулах хэрэгтэй. Таны нөр их хичээл зүтгэлийн дараа тэд төдийлөн өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадахгүй байвал байгууллагаасаа гарга, ажлаас нь гарга, цомхотголд оруул, аль эсвэл тэтгэвэрт нь суулга.

Номын 118-121-р тал

44379   3


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.