Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   04 сарын 12, 2017

Бид хэрхэн ажилладаг вэ? - Шинэ үеийн залуу мэргэжилтнүүд #1

"Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагынхаа тогтсон хэв маягийг бид энэ удаа эвдэж, нэг дор төрөл бүрийн салбарын 15 шижигнэсэн залуу мэргэжилтнийг урилаа. Ажил мэргэжлийн талбарт гараад тийм ч олон жил болоогүй, шинэ залуу үеийн төлөөлөл болсон эдгээр залуус ямар арга барилаар ажиллаж, хэрхэн өөрсдийгөө хөгжүүлж, ямар ямар саад бэрхшээлийг туулж, нийгэмдээ яаж хувь нэмрээ оруулж буйг та энэ нийтлэлээс уншаарай. 

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Skinny Studio-ийн гүйцэтгэх захирал/архитектур Г.Золбоо,

Өдөр бүхэн шинийг эрэлхийлэх шаардлагатай салбарт ажилладаг хүний хувьд ганцаараа бүхнийг шийдээд явна гэж байдаггүйг яс махандаа шингэтэл ойлгосон. Тиймээс чадварлаг хамт олны зангилаа нь болж ажиллах, багийхандаа бүтээлч байх урам зориг, орон зай, эрх чөлөө, цаг хугацааг өгөх нь хамгийн үр дүнтэй санагдсан. Тиймээс аливаа ажлыг хамтын хүчээр даван туулах, үүнд шаардлагатай бүх нөхцөл байдлыг эерэгээр бүрдүүлэх нь миний ажлын онцлох арга барил юм болвуу.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн ахлах мэргэжилтэн Д.Яруу, 25 нас

Саяхнаас Xiaomi-ийн RedMi4 утсыг хэрэглэж байгаа. Хүчин чадал сайтай, хэрэглэхэд цэгцтэй, 2 сим кард ордог хэрнээ үнэ нь тун боломжийн учир таалагдсан. Миний хувьд Xiaomi-ийн MiFit-ийн апп-ийг өдөр тутам хэрэглэдэг. MiBand-ийг нь зүүж, алхалт, зүрхний цохилт, нойр зэрэг эрүүл мэндийн гол үзүүлэлтүүдээ хэмждэг. Авсан зургуудаа Snapseed ашиглаж янзална. Төрөл бүрийн бичиг баримтууд, хууль тогтоомжуудтай өдөр бүр харьцах шаардлагатай учир Legalinfo-г тогтмол хэрэглэдэг. Мөн анхаарлаа төвлөрүүлэх үедээ эсвэл толгойгоо амраах үедаа Whitenoise Lullaby гэдэг апп-ийг хэрэглэдэг. Ой шугуйд навч сийгэх, гол нуурын ус хоржигнох гээд байгалийн дуу чимээг сонгоод сонсож болдог апп юм л даа.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ээж аппликэйшний үүсгэн байгуулагч О.Ундрам

3 хүүхэдтэй болохоор маргаашийн ажлаа орой нь төлөвлөхгүй л бол бүтдэггүй. Өглөө том охин маань сургуульдаа явдаг тул 6-д босож, хүүхдүүдээ хооллож, нүүр амаа будах болдог. Ажлынхаа 50 хувьд нь оффис дээр байж, 50 хувьд нь гадуур явдаг. Гадуур явахдаа сүүлийн үед машиндаа TEDTalk сонсож, англи хэлээ сайжруулахыг эрмэлзэж байна даа.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн туслах Б. Энхболор, нас 24

Төрийн ажил тэр тусмаа шүүхийн ажил цаг хугацаатай уралддаг. Үүнээс гадна ачаалал ихтэй учраас хийхээр төлөвлөсөн ажлуудаа жагсааж бичиж, тэмдэглэх нь маш чухал. Хуучинсаг санагдаж магадгүй ч би ихэнх ажлын төлөвлөгөө, хийх ёстой зүйлсээ тэмдэглэлийн дэвтэр дээр гараараа жагсааж бичээд, биелсэн тохиолдолд улаан үзгээр дардаг юм. Ингэх нь дараагийн ажлыг эхлүүлэхэд урам өгдөг. Нэн даруй буюу тухайн өдөр хийх ажлуудын хувьд наалддаг цаасан дээр бичээд эргэн тойрондоо наачихдаг. Зарим тохиолдолд мартаж болзошгүй, өөртөө сануулах шаардлагатай, цаг хугацаатай ажлуудаа утасныхаа Reminders апп-ийг ашиглан тэмдэглэдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хүний Эрх, Залуучууд, Эрүүл Мэндийг Дэмжих Төв ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Нямпүрэв, нас 28

2009 оноос хойш бэлгийн цөөнхийн эрэгтэйчүүдийн дунд зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг зохион байгуулалцаж ирсэн. Энэ дундаас миний хамгийн сайн хийж дадсан зүйл бол стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажил. Мөн багаар хамтарч ажиллахдаа муугүй гэж бодож байна. Энэ хугацаанд олон улсын болон үндэсний зөвлөхүүдтэй хамтран төсөл хөтөлбөрүүд, судалгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн нийт хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн зөвлөгөө өгөх, оюутнуудыг мэргэжлийнх нь дагуу дадлагажуулах чиглэлээр сайтар мэргэшсэн шүү.

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хавдар Судлалын Үндэсний Төвийн химийн эмчилгээний их эмч Ц.Цолмонтуяа, нас 30

Манай байгууллага улсдаа тусгай мэргэжлийн ганц төв учир бүх л тасаг, нэгжүүд өвөрмөц эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Хими эмчилгээ гэдэг нь хортой хавдрын үед хийгддэг “Хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээ” юм. Манай Химийн тасаг Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд химийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, улсдаа ганц гэж хэлж болохоор тасаг байсан. Сүүлийн жилүүдэд аймаг, дүүргийн хэмжээнд химийн эмчилгээний тасгуудыг шинээр байгуулан ажиллаж эхэлж байна. Би дунд сургуулийн 6-р ангид байхаас эхлэн эмч болохыг мөрөөдсөн болохоор энэ мэргэжлээрээ ихэд бахархдаг. Миний ажилд эерэг сайн тал олон бий. Хорт хавдар гэдэг өвчнөөр өвдөж шаналсан хүмүүсийг эдгээж, заримынх нь амьдралыг уртасгах боломжийг олгодог. Эргээд эмчлүүлсэн хүмүүсийн урмын үг, "Эмч ээ танаар их бахархаж байна", "Эмч тандаа баярлалаа" гэх мэт урмын үгсийг сонсоод хамгийн их сэтгэл ханамж авдаг. Ачаалал ихтэй ажилладаг болохоор бага цагт ихийг амжуулах, алдаагүй чанартай тусламж үзүүлэх, мэргэжлээрээ тасралтгүй сурч боловсрох гээд олон чадварыг надаас шаарддаг учир өөрийгөө хүмүүст хэрэгтэй, сонирхолтой, бас хариуцлагатай ажил хийдэг гэж боддог.

Эрүүл мэндийн салбар, тэр тундаа хавдрын тусламж үйлчилгээнд тулгамдаж буй бэрхшээлүүд бий бий. Тэр бүгдээс хамгийн бэрхшээлтэй зүйл нь үйлчлүүлэгчид таагүй мэдээ хүргэх байдаг. Тавилан муу өвчний төгсгөлийг, ойрын ирээдүйд болох үхлийн тухай ярилцахад үргэлж хэцүү, зарим үед шантармаар байдаг. Мөн улс орны хөгжлийн түвшингээс хамаараад зөвхөн эмчийн ажил хийхээс гадна өртөг өндөртэй эмчилгээ, үйлчилгээг хүмүүст ойлгуулах, эмнэлгийн орны хүрэлцээ муу, хүлээгдэл ихтэй, эм тарианы хүрэлцээгүй байдлыг тайлбарлах нь өдөр тутам тохиолддог, эмч, эмчлүүлэгч хоёрын аль алинд түвэгтэй байдал үүсгэдэг асуудал юм. Гэсэн хэдий ч Хавдар судлалын салбар өдрөөс өдөрт хөгжиж, тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч байгаа нь мэдрэгддэг. Манай эмч, мэргэжилтнүүдын ур чадвар олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүрсэн гэж би боддог. Улсынхаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг өөдрөгөөр харж байна.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Чөлөөт уран бүтээлч, зураач Н.Баасандорж, нас 28

Уран бүтээлчдээ дэмжихээс гадна энгийн үзэгчдэд урлагийн боловсрол олгох нь их чухал юм байна гэдгийг сүүлийн хэдэн жил галерей, соёл урлагийн байгууллагуудад ажилласнаар ойлгосон. Энэ чиглэлээр хэд хэдэн төслүүд дээр ажиллаж үзсэн. Гэсэн ч бас л хангалтгүй. Жил гаруйн өмнөөс ярилцаж эхэлсэн санаагаа “юм” болгочих санаатай ажиллаж байна.

Юу вэ гэвэл: Бүтээлч салбарын залуу уран бүтээлчдийн үзэл бодлын огтлолцол, зөрүүтэй байр суурь, салбарын онцлог болон Монголд хүлээн зөвшөөрөгдсөн байдал (олон нийт юу гэж харж байна), хараат бус байдал (захиалагчаас шалтгаалдаг эсэх), ер нь өөрийн уран бүтээлээр юуг илэрхийлэхийг зорьдог, ач холбогдол нь юу юм, энэ замаасаа яаж хазайлгүй яваад байгаа талаар (ялангуяа Монголд) хувь уран бүтээлчдийн үзэл бодлуудыг баримтжуулж, Монголын өнөөгийн урлагийн салбарууд болон орчин үеийн урлагийн талаар цэгцтэй ойлголтыг олон нийтэд хүргэх видео контентийг хамтрагчидтайгаа хийхээр ид төлөвлөж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

NPC&Mandal-ийн сэтгэлзүйч Б.Ганзул, нас 25

Яг ажлаа хийж, сургалт, хөтөлбөрүүдийн агуулга дээр ажиллаж байхдаа дан аяз сонсох дуртай. Төгөлдөр хуурын эгшиг төвлөрөхөд их тустай байдаг. Бусад үед бол ёстой янз бүрийн хөгжим сонсоно. Би ер нь олон төрлийн хөгжим сонсож, туршиж үзэх дуртай. Coldplay, Kodaline, Passenger-т дуртай. Монголоос бол Никитоны фен шүү.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙГАА ВЭ?

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын дэд зохицуулагч, хүний эрхийн активист О.Гэрэлээ

Сонирхол, мэргэжлийн хүрээнд, хүний эрх, хөгжлийн чиглэлийн болон ээжийн хувиар хүүхдийн эерэг хүмүүжилтэй холбоотой номуудыг, бас “эмо”-рох үедээ шүлгийн ном уншдаг. 12 сараас хойш Ц.Дэлгэрмаагийн “Дотоод тэнгис”-ийг, хайр гэдэг ойлголтыг гаднаас нь харах боломж олгож байгаа Эрих Фроммын “Хайрлах урлаг” хоёрыг эрт харьсан өдрөө, хүүгээ унтуулчихаад унших дуртай болоод байгаа. Би багаасаа зохиолчоор нь дагнаж ном уншаад сурчихсан. Одоо Виржиниа Вүүлфийн номнуудыг уншиж эхлээд байна. “Өөрийн гэсэн өрөө” ном аливаа хүн өөрийгөө мэдрэхэд, бүтээж туурвихад оюуны эрх чөлөөнөөс гадна физик орон зай бодитоор нөлөөлдөг талаар өгүүлсэн ном. Хосын харилцааны талаар “Гэрэлт цамхаг” (The Lighthouse)-ыг нь уншихаар авсан байгаа. Олон ажилтай цаг бага үед зуршил, дадал хэвшил хамгийн чухал гэдгийг ойлгоод байгаа тул “Зуршлийн хүч” номыг уншиж эхлэх гэж байна. Мөн буддист философийг капиталист өнцгөөс тайлбарласан “Очир огтлогч”-ыг уншиж байна. Ингээд харсан чинь олон номыг зэрэг уншдаг юм байна. Би номыг уншаад дотроо хадгалаад явахыг хүсдэггүй фэйсбүүк дээр хамтран ажиллуулдаг Modern Mongolian Family хуудсаар уншсан мэдээллээ хуваалцдаг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

iKon.mn сайтын сэтгүүлч Б.Бямбасүрэн, нас 24

Миний хувьд энэ хоёр үгний аль нэгэнд харьяалагдах боломжгүй. Би танихгүй хүмүүсийн хувьд их дотогшоо, чимээгүй хүн. Хувийн амьдралаа илүү хаалттай байлгах сонирхол бас байдаг. Харин ажлаа хийх явцад нээлттэй байх шаардлагууд гарч ирнэ. Ялангуяа үг дуу цөөтэй, эмзэг иргэдээс ярилцлага, мэдээлэл авахын тулд орчиндоо мэдрэмжтэй хандаж, тэдний сэтгэлийг нээх хэрэгтэй болдог. Мэргэжлийн ажлаа сайн хийхийн тулд бусдад хаалттай, нээлттэй байна гэхээсээ илүү мэдрэмжтэй, орчиндоо дасан зохицох чадвартай болох тал дээр өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэж явдаг.

Түүний хөтөлдөг булан

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хөлбөмбөгийн "Дэрэн" клубийн ахлагч Б.Гарьдмагнай, нас 30

Бэлтгэл хэр их хийснээс хамаарч унтах цаг маань өөрчлөгдөнө. Гэхдээ аль болох эрт унтаж, эрт босохыг хичээдэг. Оройдоо бол 22 цаг гэхэд унтаж амрахыг бодно. Өглөө харин 8 гэхэд боссон байдаг. Бэлтгэл ихтэй үедээ 10 цаг унтах нь ч бий. Өдөр хүртэл унтаж, эрч хүчээ нөхөх шаардлага гарна шүү.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Байгаль орчин судлаач Н.Энхзул, нас 25

Ажиллаагүй үед талбайн теннисний кортноос олж болно. Долоо хоногтоо нэг удаа заавал талбайн теннис тоглохыг эрмэлздэг. 10 жилд байхдаа софт, талбайн теннис тоглох их дуртай байсан. Мөн амттай хоолны газар тухтай кофе шопд сууж байх магадлал өндөртэй шүү.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Бату Дижитал ХХК-ийн iOS хөгжүүлэгч Д.Баясгалан, нас 24

Ажлын хамт олон болон хийж бүтээж байгаа зүйлсээсээ өдөр бүр урам зориг авдаг. Мөн 10 жилээсээ дотно найзалж ирсэн 3-4 найзтайгаа ярилцаж уулзахад эерэг энергийг цэнэглэгддэг юм. Сүүлийн хэдэн сар манай 1 нас 8 сартай нагац дүү өглөө ажилдаа явахад "үнсье, баяртай" гэж хэлж байгаа болохоор өглөө их л эрч хүчтэй гэрээсээ гардаг болоод байна.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хөвсгөл аймгийн Түнэл сумын бага ангийн багш Д.Цогбаяр, нас 28

Аав ээж, анд найз, багш нар, эхнэр хүүхэд, ажлын хамт олон гээд миний амьдралд олон зөвлөгч бий. Багш гэх алдрыг өдий зэрэгт авч яваа маань аав ээжийн зөвлөгөөнөөс үүдсэн. Ээж минь надад: Ардын олон үрсэд эрдэм мэдлэг түгээх нь хүн болж төрсний хамгийн гэгээн үйл, миний хүү заавал багш болоорой гэж захьсан нь миний сэтгэлд хоногшиж, улмаар энэ сайхан мэргэжлийг сонгон ажиллаж байна даа.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, ажил хайж буй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах, зөвлөгөө өгөх ажил эрхэлдэг М. Хүрэлтогоо, нас 28

Орон нутагт амьдарч байгаа учраас тэр бүр янз бүрийн лекц арга хэмжээнд оролцож чаддаггүй юм. Харин Unread-ийн "Би хэрхэн ажилладаг вэ?" буланг уншиж олон мундаг хүмүүсийн ажлын арга барилтай танилцаж, заримаас нь шинэ санаа, зөвлөгөөг авч, ажиллах хүч нэмэгддэг. Unread-ээс зохион байгуулсан Unplug арга хэмжээнд зорьж очин оролцсон. Маш өгөөжтэй арга хэмжээ болж, сэтгэл ханамжтайгаар нутагтаа ирсэн шүү. Дараа дараагийн дугаарт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Энхжаргал эгчийг энэ ярилцлагад уриасай гэж хүсэж байна.

Уншигч та бас сонирхолтой, өвөрмөц байдлаар ажилладаг бол бидэнтэй имэйлээр болон сэтгэгдлээр дамжуулан хуваалцаарай. Энэхүү нийтлэл үргэлжлэн гарах болно.

68533   13


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.