Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   04 сарын 08, 2017

Никколо Макиавеллигийн "Хунтайж" номын тухай

Сэргэн мандалтын үеийн Италийн улс төрийн зүтгэлтэн, дипломатч Никколо Макиавелли "Хунтайж" (The Prince) хэмээх энэ алдарт бүтээлийг туурвисан билээ. Ном бичигдсэн цаг хугацаа бол Итали орон нэгдсэн төргүй, олон жижиг хот-улсаас бүрдсэн, эмх замбараагүй үе байжээ. Флоренцийн төрд зүтгэж байсан Макиавелли, 1512 онд 10 гаруй жилийн дараа төрийн эрхийг эргэн барих болсон 2-р Лорензо де Медичийн гэр бүлийнхэн өөрсдийнх нь эсрэг бослого хийсэн хүмүүсийг шийтгэх үед хоморгонд нь орж хөдөө тосгонд цөлөгдсөн гэдэг. Тэрээр цөллөгт байхдаа энэ алдартаа бүтээлээ 2-р Лорензо де Медичид зориулан, түүнтэй харилцаагаа сайжруулж, улс төрийн албандаа эргэн очих зорилгоор бичсэн аж. Гэвч 1513 онд бичиж дуусгасан энэ номыг Медичи олж уншсан эсэх нь түүхэнд үлдээгүй бөгөөд Макиавеллиг 1527 онд өөд болсноос 5 жилийн дараа анх хэвлэгджээ.

Төрийг хэрхэн гартаа авах, гартаа авсны дараа хэрхэн жолоодох, ард түмэнд хайрлагдахын тулд ямар зан авир хэрэгтэй талаар, улс төрийн заль мэх, авхаалж самбаа, хүнлэг зан, догшин хэрцгий байдал зэрэг чанаруудаар өөрийгөө цэнэглэж улс орноо удирдах ухааны талаар өгүүлсэн учраас энэ номыг хэвлэгдсэн цагаас хойш олон хаад ноёд, улс төрийн лидерүүд "төр барих гарын авлага" болгон ашиглаж иржээ. Зохиогчийн зорилго нь юу байсан бэ гэдэг дээр олон таамаг байдаг бөгөөд нэг хэсэг нь түүнийг хаадыг улам хүчирхэг, мэргэн болгох гэж бичсэн гэдэг бол зарим нь хаад ноёдод зориулж бичсэн мэтээр өнгөлөн далдалж хүмүүст улс төрийн мөн чанарыг ойлгуулах гэсэн, улс төрчдийн башир заль мэхүүдийг ил гаргахыг зорьсон гэж үздэг байна.

Энэ номоор гаргасан Макиавеллигийн реализм барууны дараа дараагийн философичдод нөлөө үзүүлсэн бөгөөд үүнд Монтень, Декарт, Хоббс, Локк, Руссо зэрэг олон нэрсийг дурдаж болно. Мөн Английн Оливер Кромвель, Францын Наполеон зэрэг удирдагчдад нөлөөлж, марксист онол Антонио Грамши, фашист удирдагч Бенито Муссолони нарын үзэл санааг ч төлөвшүүлсэн гэдэг.

"Хунтайж" номын гаргаж тавьсан "зорилго нь аргаа зөвтгөх" философи нь улс төрийн реализм, олон улсын харилцааны реализмын үндэс суурь болсон бөгөөд улс төрийн сэтгэлгээний түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн юм. Ингээд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Нийгмийн ухаан” цувралын хоёрдугаар боть болж орчуулагдсан, түүхэн жишээгээр баялаг, илүү шулуухан үгээр бичигдсэн энэ бэсрэг номоос онцолсон зарим эшлэлийг хүргэе.

НОМЫН ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД

"Нийгмийг өөрчлөх шинэ дэг журмын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж, ялах эсэх нь эргэлзээтэй тийм үйл хэргийн төлөө зоримог хөдлөх шиг хэцүү зүйл үгүй."

"Тэгвэл Бүгд найрамдах улсын ард иргэд илүү эрх чөлөөтэй тул үзэн ядалт, өшөө авалт, хуйвалдаан илүүтэй их тохиолдоно. Хуучин цагийн эрх чөлөө, дур зоргоороо байсан тухай дуртатгал нь тэдний ой санамжаас хэзээ ч салдаггүй, салах ч үгүй болой."

"Оюун санааны дасгалын хувьд гэвэл Хунтайж хүн түүхэн бүтээл туурвилуудыг уншдаг байх ёстой бөгөөд ингэхдээ нэрт жанждын үйл ажиллагааг онцгойлон судлах хэрэгтэй. Хамгийн гол нь өнгөрсөн үеийн олон агуу хүнийг даган дууриахдаа эртний хамгийн нэр алдартай, хүндтэй хүмүүсийн хэн нэгнийг өөртөө үлгэр жишээ болгон авч, түүний үйл хэрэг, алдар гавьяаг байнга санаж бодож явах хэрэгтэй. Ам дамжсан ярианаас үзвэл, Агуу Александр Ахиллыг, Цезарь Александрыг, Сципион Кирийг дууриадаг байжээ."

"Ард иргэд Хунтайжийг өөрсдийнхөө үзэмжээр хайрлаж, харин Хунтайжийн өөрийнх нь үзэмжээр түүнээс айж байх ёстой юм. Тийм болохоор, ухаалаг мэргэн Хунтайж бусдаас биш, харин өөрөөс нь хамаарч буй зүйлд л найдаж байх нь зүйтэй. Дээр өгүүлсэнчлэн, ямар ч тохиолдолд харьяат ард иргэддээ өөрийг чинь үзэн ядах сэдэл л төрүүлэхгүй байх нь чухал болой."

"Дайсантай хоёр арга замаар тэмцэж болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Нэгдүгээрт, хууль цаазаар. Хоёрдугаарт, хүчээр. Эхнийх нь хүн төрөлхтөний арга, хоёр дахь нь араатан төрөлтнийх хэмээн ангилж болох юм. Үүнээс үзэхэд, хүний болон араатны төрөлхийн шинж чанарыг Хунтайж хүн ухаарч ойлгосон байх ёстой гэсэн үг. Ахилл болон эртний бусад баатруудыг кентавр Хиронд өгч хүмүүжүүлэн түүний ухаанаар сургасан тухай эртний зохиолчид бичсэн байдаг нь бидэнд үүнийг л хэлээд байгаа юм биш үү? Хунтайж хүн дээрх хоёр төрлийн шинж чанарыг өөртөө хослуулан нэгтгэсэн байх ёстой гэдэг нь энэхүү хагас хүн - хагас араатныг өөрийн хүмүүжүүлэгчээр сонгон авсан тухай дээрх жишээнээс тодорхой харагдана.

Тэгэхээр, араатан амьтадтай, тухайлбал арслан, үнэг хоёртой Хунтайж адил байх ёстой болж байгаа юм. Арслан хавхнаас айдаг бол үнэг чононоос айдаг, тэгэхээр хавхнаас холуур гарчихдаг байхын тул үнэг шиг, харин чоныг айлгадаг байхын тулд арслан шиг байх хэрэгтэй. Дандаа арслан шиг байдаг хүн хавхыг анзаарахгүй байж болох билээ. Үүнээс үзэхэд, хэрвээ хэлсэн үг, өгсөн амлалт ашиг сонирхолд нь харшилж байвал Хунтайж хэлсэн үгэндээ үнэнч байх боломж үгүй, бас заавал үнэнч байх ч албагүй."

"Хунтайж хүн ариун цагаан шинж чанар бүхнийг өөртөө шингээсэн байх албагүй, харин шингээсэн мэт харагдах зайлшгүй шаардлагатай."

"Хунтайж хүн хэн нэгнийг өөрийн нөхөр юм уу дайсан гэж ил тодоор зарладаг байвал бусдын хүндэтгэлийг хүлээдэг жамтай. Энэ нь түүнийг эрс шийдэмгий, зоригтой мэт харагдуулна. Яагаад гэвэл хоёр хүчирхэг төр баригч халз үзэлцэж байгаа үед болзошгүй ялагч нь нэг бол аюултай, эсвэл үгүй байж болно. Ямартаа ч аливаа дайнд ил тодоор, эрс шийдэмгий оролцох нь ашигтай."

"Хүмүүс өнгөрснийг гэхээсээ илүүтэй өнөөдрийг чухалчилдаг бөгөөд хэрэв өнөөдөр нь сайн сайхан байх аваас сэтгэл нь ханаж өөр зүйл эрэлхийлдэггүй билээ. Тэгээд ч зогсохгүй хэрвээ шинэ Хунтайжийн үг яриа, үйл хэрэг зөв зохистой байвал тэд түүнийг уул мэт хайцаална."

17402   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.