Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   04 сарын 01, 2017

Д.Урианхайгийн "Өвгөн үг" номоос


Монголын утга зохиолд Д.Урианхай хэмээх өвөрмөц ертөнц бий. Цал буурал үсээ намируулан, туж л дээлтэй явах содон төрхтэй түүний шүлэг зохиол нь ч бас гүн сэтгэлгээний, дахин давтагдашгүй билээ. Өнөөдөр түүний "Өвгөн үг" хэмээх өөрийнх нь тодорхойлсноор, эссээ, эссээ-өгүүллэг, туурь, ойллого, "дотоод ойллого", бодрол, "үр-бодол", уянгын өгүүлэмж, "гуниглуун", "халаглуун", "дотуур яриа", товчитууд бүхий номоос дараах бодролуудыг хүргэж байна.

АМЬДРАЛЫН ТОМЬЁО...

Өөрийгөө үнэнхээр аугаа төрсөн гэж нот бод! Гагцхүү хэнд ч бүү үг дурс!
Үнэмлэхүй аугаа үйлд зорь! Хонь мэт номхон хүлцэнгүйгээр, сэтгэл завсаргүй хичээн үйлд!
Үйлийнхээ үнэ цэнд үнэнхээр итгэ! Гагцхүү хэнд ч бүү ам бард!
Итгэлээ үгүйсгэгдэшгүй үнэнд барь! Ертөнцийн чанар дотор өөр үнэн үгүйд цээжээ ягштал үнэмш!
Үхэн үхтэлээ үйлийнхээ үргэлжлэлд бүү эргэлз! Үхэр мэт… яг л үхэр мэт бүү эргэлз!
Энэ бөгөөс жаргалтай амьдрлын #нууц томьёо”!

2000.03.06 Алтан тэвшийн хөндий

ЗӨВ АМЬДРАХУЙ

Зөв амьдрахуй гурван ёсонд буюу:
Үзэмжит эдийг биедээ “агсах” нь атаанд баригдахын даллага тул бусдын нүд асаах хэт хээнцэр гоёмсогт нэрмэгдэхгүй, бор жирд ханах лугаа нэг;
Үхээнц доройд угнагдах нь адаг шаагдахын даллага тул бусдын доромж дээрэнгүйг нэрдээ үл халдаах хэтий эрдэм чадалд ноён суух лугаа хоёр;
Өвдөх хийгээд зовох нь насад үл хүсэгдэх гаслан тул биедээ өвчин хуучгүй, сэтгэлдээ гэмээнээ хийснээ чамлах, хэмжээ хэрийн нь багад адган харуусахаас өөр гэмшил, зовуурьгүйгээр амьдын далайг гэтлэх лугаа гурав болой.

1992.10.28 Төмөр замын эмнэлэг
1993.01.13 “Нарлаг” хороолол 33-а байр 16-р өрөө

ЮУНЫ ТУЛД? …

Хүмүүнд амьдрахуйн эрчим бүл юуны тулд заяадаг буй? Хоёрхон тохиолд хэрэг буйн тулд буюу.
а. Өөрийн амьдралд өнөө тохиосон бэрхийг давахад зарах, хэтэд тохиох бэрхийг давахад зарахаар нөөцлөх;
б. Өрөөлийн амьдралд өнөө тохиосон бэрхийг давахад нь туслаар зарах, хэтэд тохиох бэрхийг нь давахад туслаар нөөцлөх;
“Өгүүлсэн бэрх эс тохиовоос яах?” хэмээн өчүүхэнээ ч бүү эсэргэц! Дэлхий-гараг тэнхлэггүй эс эргэхийн адил хүмүүний амьдрал өнөөд хийгээд хэтэд магад тохиох бэрхгүйгээр эс эмхрэх, хүн-гарагийн “тойрог”-т багтаж эс чадах аюу!

1991.12.07 Дамбадаржаа

Гэрэл зургийг www.zaluu.com

ГУРВАН “ДЭЭР” …

Насны хяраас “Болох”, “Болохгүй” хоёрын “мөр”-ийг эргэн ширтэж, бодлогошронгуйгаар санаа алдаж суухад, “ингэвэл ч дээр шиг, тэгвэл ч дээр шиг” бодогдох олон олон “бусдаасаа дээр” юм бодолд чихцэлдэхийг шүүрдэж шүүрдэж, эцэст нь, ердөө гуравханыг л сонгох нь дээр юм шиг санагдах нь:
1. Үхэх шалтгаан илт тодорсон цагт уйлсанаас үхтэлээ инээх нь дээр шиг;
2. Хориод эс дийлэх юмыг хорисноос үг дуугүй, дор нь зөвшөөрөх нь дээр шиг;
3. Тасралтгүй үргэлжилсэн хэврэг юм байснаас тасарч, нийлж, залгагдсан бөх юм байх нь дээр шиг!…

2001.04.17 Мэдээллийн төв

"ЗЭРЭГ ДЭВШИГЧ"

Хүний сэтгэлийн гол мөн чанар нь, -ямагт "зэрэг дэвшигч" чанар!
Халбал, заавал буцалтлаа!
Хөрвөл, заавал хөлдтөлөө!
Баярлавал, заавал магнай хагартлаа!
Гомдвол, заавал голоо тасартлаа!

Хүний Зовлон, Жаргал хоёрын далд сурвалж хийгээд нууц нь хүний сэтгэлийн энэхүү "зэрэг дэвшигч" мөн чанарт хадагдаюу!

1992.11.09 Төмөр замын эмнэлэг

ГУРВАН “ГАНЦ”…

Ухаантай хүн тэнэг хүндээ санаа зовохоо болих ганц нөхцөл: Сэтгэлийнхээ гэгээг хураах;
Ухаантай хүн тэнэг хүндээ тусалж чадахаа болих ганц нөхцөл: Хоёулаа авсанд зэрэгцээд хэвтэх;
Ухаантай хүн тэнэг хүнтэйгээ ав адил болох ганц нөхцөл: Дэлхий эргэхээ зогсох!

2001.04.18 Хүн чулууны хөндий

22908   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.