Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 30, 2017

Хүн бүрийн мэдвэл зохих 7 дизайнер

Аливаа зүйлсийг бид ерөөсөө тийм л байх ёстой мэтээр бодох нь бий. Сандал тухтай зөөлөн байх учиртай, гар утас гэхэд хурдан, эвтэйхэн, чамин байх ёстой гээд л. Гэвч сайн дизайн, эргономик бүтээгдэхүүнүүдийг таны амьдралын салшгүй нэг хэсэг болгохын тулд ард нь хэн нэгэн өдөр шөнөгүй ажиллаж байдаг нь нууц биш. Гаргасан дизайн нь бидний амьдралд өөрчлөлт авчирсан, та бүхний зайлшгүй мэдвэл зохих 7 бүтээгдэхүүний дизайнерыг өнөөдөр танилцуулахаар бэлдлээ. 

Цааш нь дэлгэрүүлэн Гүүгл-дэн хайж мэдээлэл авахад тань хялбарыг бодож нэрсийг нь англи хэлээр бичлээ.

Charles and Ray Eames

Модерн дизайны хамгийн нөлөө бүхий энэ хос тавилга ертөнцийг өөрчилж байсан гэхэд нэг их буруудахгүй. Чамин хийцтэй, эрхэмсэг, тав тухтай гэдэг үгийг та Eames lounger сандал дээр сууж байж л хэлэх ёстой гэдэг хэлц хүртэл гарч байжээ.

Dieter Rams

Германы алдарт Braun брэндийн дизайныг 30 жил чиглүүлсэн Дитер Рамс орчин цагийн хамгийн нөлөө бүхий дизайнеруудын нэг. Түүний барьдаг "Цөөнийг, гэхдээ сайныг" консепт орчин үеийн бүх бүтээгдэхүүнд шингэсэн байдаг гэхэд хилсдэхгүй.

Richard Sapper

АНУ-ын Модерн Урлагийн Музей буюу MoMA-д Ричард Сапперын 15 индустриал дизайныг хадгалан, байнгын үзмэр болгон тавьсан байдаг гэхээр хэр чансаатай дизайнер болох нь харагдана. Түүний 1979 онд хийсэн “Tizio” ширээний чийдэн нь халоген ламп ашигласан анхны тохиолдол байсан төдийгүй, утаснуудыг бүрэн халхалсан гар бүхий их биетэй байсан нь шуугиан тарьж байв. Ширээний чийдэнгийн зах зээлийг бүрэн өөрчилсөн энэ бүтээл одоо ч хамгийн их зарагддаг чийдэнгүүдийн нэг байсаар байна.

Jonathan Ive

Нэгэн цагт дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниар тодорч байсан Apple-ийн гол амин сүнс нь дизайн байдаг билээ. Design-oriented буюу дизайн хандлагатай компани гэж өөрсдийгөө тодорхойлдог уг компанийн гол чиглүүлэгч хөшүүргүүдийн нэг бол алдарт бүтээгдэхүүний дизайнер Жонатан Айв. Хэрвээ та Apple-ийн бүтээгдэхүүн хэрэглэдэг л бол Айвын дизайн таны амьдралд нөлөөлжээ гэж ойлгож болох нь.

Mark Newson

Энэхүү залуу австрали дизайнер консепт дизайнаар төгс мэргэшсэн гэж болно. Үнэтэй консепт машин, завь, тавилга, үнэт эдлэл гээд хийдэггүй зүйлс гэж бараг үгүй. Түүний бүтээсэн Lockheed Lounge сандал 2006 оны дуудлага худалдаанд $968,000-аар зарагдаж рекорд тогтоож байжээ.

Raymond Loewy

Алдарт Time сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны дизайнер Рэймонд Ловиг олон хүн индустриал дизайны загалмайлсан эцэг гэж тооцдог. 70 жилийн урт карьерынхаа турш тэрээр автомат Кока Коланы машин, галт тэрэгний локомотив зүтгүүр, Грэйхаунд автобуснууд зэрэг бидний амьдралыг өөрчилсөн олон зүйлсийг бүтээжээ.

Yves Behar

Тогтвортой хөгжлийг тууштай дэмжигч дизайнер Иив Бехарыг Хүүхэд Бүрт Компьютер төслийн дизайны багийг удирдсанаар нь дэлхий даяар мэддэг болжээ. Sustainable Design буюу тогтвортой хөгжлийн дизайнер хэмээн өөрийгөө нэрийддэг тэрээр fuseprojects дизайны агентлагийн ерөнхийлөгчөөр ажилладаг.

24784   5


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.