Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   03 сарын 28, 2017

Апп тойм: Tinycards - Хүссэнээ, хурднаар цээжил

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Та интернет хэрэглэгчдийн хамгийн "хайртай" апп-уудын нэг Duolingo-г ашиглаж байсан уу? Тийм бол ямар ч эргэлзээгүй яг одоо энэ апп-ийг татаарай. Tinycards бол Duolingo-ийн ард байдаг багийн гаргаж буй өөр нэг апп юм. Duolingo-оор дамжуулж хамгийн үр дүнтэйгээр хэл сурах боломжийг олгож байсан тэд энэ удаад хүссэн бүхнээ, ямар нэгэн сэдэвт хязгаарлагдахгүйгээр сурах-цээжлэхийг танд санал болгож байна. Шинжлэх ухаан, түүх, газарзүй гэх мэт томоохон салбаруудын доторх олон дэд сэдвээс сонгон мэдлэгээ тэлэх зурагт тестүүдийг та бөглөх юм.

Жижиг цаасан дээр цээжлэх ёстой зүйлсээ биччихээд тэрийгээ харж шалгалтандаа бэлддэг байсан уу? Ядаж шипигээ тэгж бэлддэг байсан биз? Тэгвэл энэ апп-аар дамжуулж аливааг цээжлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэгт тооцогддог энэ аргыг гар утсандаа шууд суулгаж байна л гэсэн үг. Илүү ухаантай, илүү хялбар байдлаар баримт, тоо, үйл явдал, үгс тогтоох боломжийг энэ апп танд олгоно.

Ямар давуу тал, онцлогтой вэ?

Ямар нэгэн сэдэвт хязгаарлагдахгүй. Та энд хятад хэл, газарзүй, хими, физикээс эхлээд 2-р дайны төгсгөл хэсгийн тухай, улс орнуудын төрийн далбааны талаар аль эсвэл бүр Харри Поттер, Хаан ширээний төлөөх тэмцэл хүртэлх сэдвүүдээр шинэ зүйлс сурах боломжтой. Сонгосон хичээлээр тань танд шинэ карт нэмэгдвэл, эсвэл дутуу орхисон зүйлс байвал сануулж мессеж хүртэл ирнэ.

Цээжлүүлэх аргачлал. Эхлээд танд картууд үзүүлж тогтоолгоно. Дараа нь хооронд нь хольж байгаад асууна. Бас өөрөөр чинь бичүүлнэ. Үнэндээ ийм апп байсан бол ямар олон шалгалтанд бэлдсэн хугацаагаа "хэмнэж", "гайгүйхэн" дүн авчих байсан бол доо ч гэж бодогдох шиг. Үзсэн хичээлүүд, дуусгасан картуудаас чинь үндэслэн таны хэр их зүйл цээжилснийг тань хүртэл хэлээд өгнө. Төгс рүү их дөхсөн арга байх.

Тасралтгүй нэмэгдэх контентууд. Tinycards-ийн нэг давуу тал бол түүн доторх хичээлүүд, сэдвүүд юм. Та өөрийн хүссэн сэдвээ сонгоод түүн дотор агуулагдах цуврал хичээлүүдийг үзэх боломжтойгоос гадна яг л тан шиг шинийг сурч байгаа хүмүүсийн нэмж байгаа картуудыг ч үзэх боломжтой. Хүсвэл та өөрөө ч нэмж, бусдад "тус" болж болно гэсэн үг. Нэмж байгаа картуудынхаа байршил, үзэмж, зураглалыг чөлөөтэй сонгож болдог нь их таалагдав.

Үзэмж. Маш энгийн, маш цэгцтэй дизайнтай энэ апп бүх насны хэрэглэгчдэд тохиромжтой. Зөвхөн шалгалтандаа бэлдэж буй залуу хэрэглэгчдээс гадна шинийг сонирхож суръя гэсэн, эсвэл өмнөхөө сэргээж давтъя гэсэн хэн бүхэнд хэрэглэхэд тохиромжтой. Манай Ганзогийн өмнө бичиж байсанчлан энэ апп-ийг сайн ашиглаж байгаад "80 саяын уналт" нэвтрүүлэгт оролцоорой.

Зөвхөн утаснаас гадна веб дээр хэрэглэж болдог. Утсан дээр эхлүүлсэн хичээлүүдээ компьютер болон бусад төхөөрөмжүүд дээрээ үргэлжлүүлэн үзэж болно. Хэрэглээг маш хялбарчилж чадсан санагдав. Үүн дээр нэмээд хэд хэдэн нандин зүйлс ч бий. Картаараа өөрийгөө шалгах явцдаа буруу биччихлээ, алдчихлаа гэж санаа зовох хэрэггүй, "минийх зөв байсан" гэдэг сонголтыг л дарчих жишээтэй.

Ямар сул талтай вэ?

Хувь хүмүүсийн оруулсан хичээлүүд, картын чанар дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим үед хэн нэгний маазарч хийсэн, эсвэл дутуу орхисон хичээлд хамаг цагаа үрчих магадлалтай. Тиймээс ямар хичээл үзэх гэж байгаагаа сайн сонгож, хийсэн байгууллага, хэрэглэгчийг судлахад цаг гаргасан нь зөв.

Мөн одоогоор зөвхөн iOS хувилбараа л гаргаад байгаа нь маргаангүй сул тал.

Unread-ийн үнэлгээ

Duolingo үнэхээр "зөв" өргөжилт хийж, Tinycards-ийг гаргажээ. Хүссэнээ үр дүнтэйгээр, илүү хурдан сурах боломж олгосон энэ апп-д бид 7 оноо өглөө. Андройд хувилбартай байсан бол энэ оноо өсөх байсан шүү.

Татаж авах

25262   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.