Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 26, 2017

7 хоногийн тойм: Лондоны халдлага + Улаан iPhone + Эх дэлхийн цаг

60 минут л гэрлээ унтраахыг "Эх дэлхийн цаг" хөдөлгөөн танаас хүсч байна

Лондонд халдлага гарлаа

Өнгөрөгч долоо хоногт Их Британий нийслэл Лондон хотын хамгийн алдартай хэсэг болох Вестминстерийн гүүр, Биг Бен болон Парламентийн ордны ойролцоо халдлага болж, дэлхий нийтийг цочроолоо. 3-р сарын 22-ны өдөр, орон нутгийн цагаар 14:40 минутанд халдлага болсон бөгөөд ердөө 82 секундын дотор суудлын автомашин хөлөглөсөн этгээд гүүрээр зорчиж байсан явган иргэдийг дайрч, улмаар парламентийн ордны үүдэнд үүргээ гүйцэтгэж байсан ажилтныг хутгалсан байна. Цагдаагийн ажилтнууд түүнийг буудан аюулгүй болгожээ. Тэрээр нийт 5 иргэний амь насыг хөнөөсөн бөгөөд хамгийн багадаа 50 гаруй иргэдийг гэмтээсэн байна. Хэргийг 52 настай Кент хотноо төрсөн Халид Масуд хэмээх муслим шашинтай британи иргэн үйлдсэн байна. 2003 онд хутга эзэмшиж байсан хэргийн төлөө баривчлагдаж байснаас өөрөөр ямар нэгэн гэмт хэрэгт орооцолдож байгаагүй тэрээр Саудын Арабд англи хэлний багшаар таван жил ажиллаж байсан гэнэ. Британий ерөнхий сайд Т.Мэй түүнийг тусгай албаныхан "алан хядах ажиллагаанд холбоотой байж магадгүй хэмээн өмнө нь шалгаж байсан" гэж мэдэгдсэн билээ. Хэрэгтэй холбоотойгоор Английн тусгай албаныхан 3500 гаруй хүнээс байцаалт авч, 11 хүнийг баривчлаад байгаа боловч 9-ыг нь чөлөөлсөн байна. Энэхүү үйл ажиллагааг алан хядах ажиллагааны шинжтэй хэмээн үзэж, холбоотой этгээдүүд болон шалтгааныг нь эрэн сурвалжилж байгаа ажээ.

BBC: Бид одоогоор юу мэдэх вэ?
Daily Mail: Гэмт этгээдийн ээдрээт амьдралын тухай

Apple гэнэтийн бэлгээ задаллаа

Шинэ бүтээгдэхүүнээ ихэвчлэн томоохон арга хэмжээнүүд зарлан, сүртэйгээр танилцуулдаг Apple энэ долоо хоногт энэ уламжлалаа эвдлээ. Тэд шинээр гаргаж буй iPad болон улаан өнгөтэй iPhone 7 утаснуудаа онлайнаар "чимээгүйхэн" зарласан юм. Улаан өнгөтэйгээр гарч буй iPhone 7 болон iPhone 7 Plus-ийн орлогын тодорхой хувь нь ДОХ, хумхаа, сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн санд хандивлагдана гэдгээрээ онцлогтой. Apple 2006 оноос хойш тус санд 130 гаруй сая долларыг хандивлаад байгаа юм. Өнгөнөөс бусдаар онцгой өөрчлөлт байхгүй тус утас 3-р сарын 24-ээс эхлэн борлуулагдаж эхэлжээ. Харин iPad-ийн хувьд 329 доллараар зарагдах болсноороо хамгийн хямд iPad болон зах зээл дээр зарагдаж эхэллээ. Боловсролын зориулалттайгаар хэрэглэгдэхэд тохиромжтой гэж сурталчлагдаж буй тус төхөөрөмжийг сургуулиуд илүү хямд үнээр ч авах боломжтой гэнэ. Мөн Apple видео хийх ажлыг хялбарчлах, амархан байдлаар сошиал хуудсууддаа оруулах зориулалт бүхий Clips апп-аа танилцуулжээ.

CNN: Apple-ийн шинэ танилцуулгуудтай холбоотой мэдвэл зохих бүх зүйлс
Apple: Улаан загваруудаа танилцуулах нь

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Амазон Арабын ертөнцийн №1 онлайн худалдааны платформ Souq-ийг 650 сая доллараар худалдаж авлаа. 2005 онд байгуулагдсан цагаасаа хойш Souq 400 гаруй сая долларыг босгоод байсан бөгөөд нэгэн үе 1 тэрбум доллараар үнэлэгдэж байсан юм. Шинэ зах зээлүүд рүү үйл ажиллагаагаа тэлэх бодлого баримталж буй Амазоны хувьд Souq-ийн логистикийн сүлжээ болон Payfort нэртэй төлбөрийн систем нь үнэ цэн авчрах нь дамжиггүй юм. Тэгвэл Apple iOS үйлдлийн систем хэрэглэгчдийн хамгийн дуртай апп-уудын нэг Workflow-ийг эгнээндээ албан ёсоор нэгтгэлээ. 2015 оны Apple Design Award шагналыг хүртэж байсан Workflow нь апп хоорондын хэрэглээг нэгтгэх зориулалт бүхий автоматжуулалтын апп юм. Твиттерийн үүсгэн байгуулагчдын нэг Э.Уильямсын удирддаг блог платформ Medium төлбөртэй үйлчилгээгээ танилцууллаа. Сарын 5 долларын төлбөр төлсөн хэрэглэгчид зөвхөн өөрсдөд нь зориулсан "онцгой" нийтлэл, контентуудыг унших боломжтойгоос гадна оффлайн горимд ч нийтлэлүүдээ унших боломжтой болж байгаа гэнэ. Олон уншигчтай, алдартай бичигчид, байгууллагууд энэ үйлчилгээнээс орлого олох боломжтой болж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Твиттер бизнесийн байгууллага болон нөлөөтэй хэрэглэгчдэдээ зориулсан илүү статистик мэдээлэл хүлээн авах боломж олгосон төлбөртэй платформоо туршиж байгаагаа зарлажээ. Airbnb Хятадын зах зээлд "шинэ нэртэйгээр" нээлтээ хийлээ. Тэд Хятад ханзаар "Aibiying” (爱彼迎) буюу "нэг нэгнээ хайраар угтан авцгаая" гэсэн нэртэйгээр нэвтэрч байгаа юм. Зочлох газрууд, хоолны газруудыг санал болгодог Trips үйлчилгээгээрээ гадны жуулчдыг татах зорилготой байгаа Airbnb Хятад дахь оффисоо гурав дахин томруулахаар төлөвлөж байгаа ажээ. Uber-ийн ерөнхийлөгч Жефф Жонс компаниа орхиж байгаагаа зарлалаа. Ажлаа хүлээн аваад 6 сар л болж буй тэрээр сүүлийн үед компани дотор болж буй үйл явдлууд түүний үнэт зүйлстэй нийцэхгүй байгаагаа гол шалтгаан хэмээн тодорхойлжээ.

Reuters: Амазон Souq-ийг 650 сая доллараар худалдаж авлаа
Techcrunch: Medium төлбөртэй үйлчилгээгээ танилцууллаа

Дэлхий даяар гэрлээ унтраав

3-р сарын 25 буюу бямба гарагт орон нутгийн цагаар 20:30 дэлхий даяар гэрлээ унтрааж, 10 дахь удаагийн "Эх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Нийт 172 орны 7000 гаруй хот энэхүү аянд нэгдэж бүх гэрлээ нэг цаг унтраах, гэрлээ асаахгүй байх уриалгыг гаргасан юм. Сиднейн Дуурийн Ордон, Дубайн Бурж Халифа, Парисын Эйффелийн Цамхаг, Москвагийн Кремлийн ордон, Египтийн Пирамид зэрэг алдартай барилга байгууламжууд гэрлээ унтрааснаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм. WWF-ээс санаачлан хэрэгжүүлдэг энэхүү төсөл нь анх 2017 оноос хойш эхэлсэн бөгөөд интернетээр дамжуулан 40 мянга гаруй хүн нэгдэх хүсэлтээ гаргасан байна. Энэ жил тус байгууллагаас гэрлээ унтраалттай байх үедээ дэлхийн өнцөг булан бүр дэх уран бүтээлчдийн нэгдсэн онлайн концертийг үзэхийг уриалжээ. Улаанбаатар хотноо ч энэхүү санаачлагад монгол залуус нэгдэж, Сүхбаатарын талбайд лаа асаах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Үүнээс гадна энэ долоо хоногт "Дэлхийн Усны өдөр", "Дэлхийн ойн өдөр" зэрэг хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжилтэй холбоотой чухал ач холбогдол бүхий өдрүүд тохиолоо.

The Independent: Эх дэлхийн цаг яагаад чухал гэж?
CE: Эх дэлхийн цаг тооны хэлээр

Спортын ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн хурдтай спортын уралдаануудын нэгт тооцогдох Формула 1-ийн шинэ улирал албан ёсоор эхэллээ. Нийт 10 багийн 20 нисгэгч жил дамжин өрнөх 20 гараанд өрсөлдөнө. Хамгийн эхний буюу Австралин гараа Мельбурн хотноо явагдаж, Ферраригийн герман тамирчин, дэлхийн 4 удаагийн аварга С.Феттель аваргаллаа. Феттелийн хойноос Мерседесийн хослол Л.Хэмилтон болон В.Боттас нар оржээ. Дараагийн гараа Хятадын гараа 4-р сарын 9-нд явагдах. Монголын Үндэсний Олимпийн хорооны 7-р чуулган өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдаж, ирэх 4 жилд буюу Токиогийн олимпийн цикльд спортын хамгийн том байгууллагыг удирдах удирдлагын бүрэлдэхүүнийг сонголоо. МҮОХ-ны ерөнхийлөгчөөр нийт төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан Д.Загдсүрэн улиран сонгогдсон байна. Тэрээр 2001 оноос хойш МҮОХ-г удирдаж байгаа юм. Харин дэд ерөнхийлөгчдөөр Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон өмнөх дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар сонгогджээ. Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болсон байна. Австрийн 4 хотод 11 өдрийн турш явагдсан, 107 орны 3000 гаруй тамирчид оролцсон "Өвлийн тусгай олимпийн наадам"-д манай тамирчид амжилт арвинтай оролцлоо. 14 тамирчны бүрэлдэхүүнтэй Монголын багаас уулын цанын 100 метрийн зайд оролцсон Н.Уянга алтан медаль хүртсэн бөгөөд нийт 1 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтайгаар тамирчид тэмцээнээ дуусгалаа.

Eurosport: Феттель эхний гараанд түрүүллээ
News: Олимпийн аварга Э.Бадар-Ууганыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

Алдалгүй мэдвэл зохих бусад үйл явдлууд: 

- Трамп эхний ялагдлаа хүлээв!
- Tommy Hilfiger болон Hugo Boss анх удаа Андройд цаг гаргах болсноо зарлалаа
- Haribo анх удаа АНУ-д үйлдвэрээ нээх болсноо зарлав
- Хонгконгийг анх удаа эмэгтэй удирдагч тэргүүлэх боллоо, гэхдээ иргэд Бээжингийн сонголтонд ундууцсаар
- Гориллаз хамтлаг 6 жилийн дараа эргэн ирж, шинэ 4 дуугаа цацлаа
- Пол Мккартни Аделийн продюсертэй хамтарч ажиллаж байгаа гэнэ
- 10 сая долларын шагналын сантай Дубайн Дэлхийн Цомд Arrogate хурдаллаа
- Google Gchat-ын үйл ажиллагааг зогсоолоо

19481   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.