Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 24, 2017

Сайн дурын ажлын ач холбогдол ба боломж

Сайн дурын ажил гэдгийг бол өөрийн эргэн тойронд хэрэгтэй, бусад хүмүүст тустай зүйлийг хариу нэхэлгүй хийх явдал хэмээн ойлгож болно. Мэдээж хүн бүр өөр өөр учраас янз янзын л шалтгаанаар сайн дурын ажил хийдэг. Зарим нь зүгээр л буян үйлдэх гэж, зарим нь хүмүүстэй танилцах гэж, зарим нь шинэ чадварт суралцах гэж өөрийн нөөцийг бусдад зориулдаг. Гэхдээ дийлэнх хүмүүс сайн дурын ажлын өргөн боломжуудын тухай түр бүр мэддэггүй. Өнөөдрийн нийтлэлээрээ бид сайн дурын ажил хийхийн ач холбогдол, сайн дурын ажлын сонирхолтой жишээнүүдийг харуулж, яг одоо шуудхан л бүртгүүлж болох сайн дурын ажлын боломжийг танилцуулж байна.

САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Тухайн орчин, эргэн тойрондоо гараа сунгаж сэтгэл өег болохоос гадна сайн дурын ажил хийх хэрэгтэй шалтгаанууд олон бий. Эдгээрийн заримаас дурдвал:

-Өөрийгөө илүү танин мэдэж, өөртөө итгэлтэй болно.
-Танилын хүрээгээ нэмэгдүүлнэ.
-Тухайн орчин, газар оронд тулгамдаж буй чухал асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулж, хүмүүст энэ талаар ойлголт өгнө. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг дээ.
-Ур чадваруудаа улам өнгөлж, шинэ зүйлсэд суралцаж, илүү сайн ажил, сургуульд орох боломжийг нээнэ.
-Төрөл бүрийн ажлын туршлагатай болж, аливааг харах өнцгөө тэлнэ.

Судалгаагаар мөн сайн дурын ажил хийх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг нь батлагдсан байдаг. Идэвхтэй сайн дурын ажил хийдэг хүн:

-Илүү урт насалдаг
-Стресст бага өртдөг
-Зүрхний шигдээс тусах магадлал нь багасдаг
-Эд эрхтэний ажиллагаа нь илүү сайжирдаг байна.

Нэг зүйлийг итгэлтэйгээр хэлэхэд, юу хамгийн их вэ гэвэл сайн дурын ажил хийх боломж гэж хариулж болно. Бид цас их орсон үед настай хүмүүсийн хашаа, гэрийн орчныг шүүрдээд цэвэрлээд өгч болно. Ахлах сургуулийн хүүхдүүдэд цаг гаргаад мэргэжлийн сонголтоо хэрхэн хийх талаар зөвлөгөө өгч болно. Гамшиг тохиолдсон газар тусламжийн гараа сунгаж болно. Өөрийн дуртай спортын тэмцээнийн зохион байгуулах багт орон ажиллаж болно. Эсвэл гадаад явж тэс өөр орчинд орж, амьдралдаа өмнө нь бодож төсөөлж байгаагүй сайн дурын ажлуудыг ч хийж болно. Сайн дураараа оролцож болох хачирхалтай, итгэмээргүй ажил, төслүүд ч байдаг.

Мөн өөрийн сайн хийж чаддаг зүйлсээр дамжуулан, эсвэл гойд сайн авьяас чадвар шаардахгүй ч зүгээр л хэрэгтэй газар нь хэрэгтэй хүнд нь тус болох байдлаар сайн дурын ажил хийж болно. Тэгвэл санаа өгөх үүднээс сонирхолтой зүйлс хийдэг зарим байгууллагуудыг танилцуулъя.

САЙН ДУРЫН АЖЛЫН СОНИРХОЛТОЙ ЖИШЭЭНҮҮД

Эмэгтэй "бөхчүүд"-ийн нийгэмлэг
clawusa.org - Энэ сайтаар дамжин эмэгтэйчүүд АНУ даяар болдог гар барилдааны тэмцээнүүдэд оролцдог, эдгээр тэмцээнээс хөрөнгө босгож "Хүчирхийллийн Эсрэг Боловсролын Төв" гэх мэт төрөл бүрийн төрийн бус байгууллагуудад хандив өргөдөг байна.

KaBOOM!
kaboom.org - Зарим газар хүүхдүүд цэвэр агаарт гадаа тоглож чаддаггүй. Тэгвэл KaBOOM! хэмээх энэ байгууллага сайн дурынхны хүчээр АНУ даяар тоглоомын талбайнуудыг шинээр байгуулж, шинэчлэн сайжруулдаг аж. Тэдний хэлж байгаагаар, 6 сая орчим хүүхэд ажлынх нь үр өгөөжийг хүртжээ. Тэдний ажил голдуу ядуу зүдүү дүүргүүд болон ногоон талбай багатай хотын хэсгүүдэд төвлөрдөг гэнэ.

Awesome Games Done Quick
gamesdonequick.com - Видео тоглоом тоглоод ч болов сайн дурын ажил хийж болдог байх нь. Энэ сайтаар дамжуулан видео тоглоом сайн тоглодог хүмүүс, тэмцээнд оролцож, тэгэх зуураа хөрөнгө босгон, төрийн бус байгууллагуудад хандив өргөдөг байна.

VocalID
vocalid.org - Та ярьж чаддаггүй хэн нэгэнд дуу хоолойгоо "зээлдүүлж" чадна. Үнэхээр шүү. Сайн дурынхан текстийг 2-3 цагийн турш уншин бичүүлээд, тэрийг нь ярьж чаддаггүй хүмүүс технологийн тусламжтайгаар дараа нь ашигладаг гэнэ.

Code for America
codeforamerica.org - "Технологийнхний Энх тайвны корпус" гэгддэг энэ байгууллага тухайн газар орондоо сайн дурын ажил хийх технологийн инженерүүдийг хайдаг. Улмаар сайн дурынхан тухайн орчинд хэрэгтэй төрөл бүрийн апп, вэбийг бүтээдэг байна. Гэхдээ энд хувь нэмрээ оруулахын тулд та заавал код бичдэг байх албагүй. Дизайнер, зохион байгуулагч, бүтээгдэхүүний менежер гээд холбогдох ажил үүргүүдийг ч хариуцаж авах боломжтой.

Wish Upon a Hero
wishuponaherofoundation.org - Энэ бол таны өдөр бүр баатар байх боломж юм. Энд сайн дурынхан "Хүслийн элч"-ээр бүртгүүлж, heronetwork.com сайтад бичигдсэн хүсэлтүүдийг биелүүлэхэд тусалдаг. (Өнчин амьтдад хөнжил, тоглоом өгөх" гээд л есөн жорын хүсэлтүүд энд бий.) Харин та эдгээр хүсэлтийг биелүүлэхэд тусалж чадах байгууллагууд руу имэйл бичих, утсаар ярих, цаасан захидал бичих гэх мэтээр хувь нэмрээ оруулах юм.

САЙН ДУРЫН АЖИЛ МОНГОЛД

Монголд бол хүмүүс төрөл бүрийн клуб, нийгэмлэгт элсэх замаар сайн дурын ажил хийх нь элбэг. Их сургуулиудын дотоод клубээс эхлээд нийгэмд тустай төслүүдийг хэрэгжүүлж, гишүүд нь сайн дураар ажилладаг JCI, Rotary, мод тарьж цөлжилтөөс хамгаалах "My club" гээд гээд дотор нь ороод сайн дурын ажил хийж болох клуб, нийгэмлэгүүд олон бий. Сайн дурын ажлыг сурталчлах, сайн дурынхныг байгууллагуудтай холбох гүүр болон ажиллах зорилготой залуусын iVolunteer санаачилгыг мөн энд дурдах учиртай.

Гэрэл зургийг sortoo.wordpress.com блогоос.

САЙН ДУРЫН АЖЛЫН БОЛОМЖ

Өнөөдрийн нийтлэлээрээ бид мөн нийгэмдээ тустай нэгэн сайн дурын ажлын боломжийг танилцуулж байгаадаа таатай байна. 2011 онд "Америкт сургууль төгсөгчдийн холбоо" (MASA) хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш ажиллаж, амьдрах боломжтой орчинг бүрдүүлэх, ажлын орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай ажил олгогчдыг дэмжиж сурталчлах, нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Бид чадна” цахим хуудасны төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Тэгвэл "Бид чадна" ТББ-аас сайн дурын ажил хийх сонирхолтой залуусыг хамруулах сайн дурын хөтөлбөр зохион байгуулж байгаа ба хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, багийн зохицуулагчаар ажиллах хүмүүсийг хайж байгаа ажээ. Сайн дурын хөтөлбөрийн хүрээнд цахим хуудасны мэдээ мэдээлэл бичих, видео оруулах зэрэг цахим хуудасны хөгжүүлэлт хийх ба үүнээс гадна тодорхой хугацаатай хөтөлбөр гаргаж сайн дурын ажлууд зохион байгуулах юм.

Ерөнхий зохион байгуулагчийн үүрэг:
-Багийн зохицуулагч нартай хамтран хөтөлбөрийн төлөвлөгөө гаргана.
-Хөтөлбөрийн санхүүжилтийг дэмжих, хамтран ажилллах байгууллагуудтай холбоо тогтоож ажиллана
-Долоо хоногийн 1-2 өдөр багийн зохицуулагч нартай тогтмол уулзаж, хийх гэж байгаа ажлууд, хийсэн ажлын тайлан мэдээллийн талаар ярилцана.
-Хөтөлбөрийн дагуу жилд тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулж, цахим хуудасны хөгжүүлэлтийг давхар хариуцна.
-Гадаад дотоодын байгууллагын хөтөлбөрт ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай, хөтөлбөрийг чиглүүлэн авч явах чадвартай, 1.5 жилээс дээш хугацаагаар ажиллах боломжтой байх

Багийн зохицуулагч нарын үүрэг:
-Санхүү, дотоод асуудал, вэбсайт гэх мэт 4-5 баг дотроос өөрийн багийн үүргийн дагуу ажлуудыг зохион байгуулна.
-Хөтөлбөрийн санхүүжилтийг дэмжих, хамтран ажиллах байгууллагуудтай холбоо тогтооход ерөнхий зохицуулагчтай хамтарч ажиллана.
-Багийн гишүүдийн оролцоог хянаж хөтөлбөрийн гишүүдэд оноо үнэлгээ өгч явна.
-Долоо хоногийн 1-2 өдөр ерөнхий зохицуулагч, бусад багийн зохицуулагч нартай тогтмол уулзаж, хийх гэж байгаа ажлууд, хийсэн ажлын тайлан мэдээллийн талаар ярилцана.
-Гадаад дотоодын байгууллагын хөтөлбөрт оролцож байсан, өөртөө итгэлтэй, багийг удирдан зохион байгуулах чадвартай байх.

Хэрвээ та сайн дурын ажлын энэ боломжийг сонирхож байвал 9974 1916, badam_otgoo@yahoo.com гэсэн утас, имэйлээр холбоо бариарай.

53869   9


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.